Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулан

Гомдол гаргагч: Д.Б,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-д   холбогдуулан гаргасан,

Татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Н, хариуцагч татварын улсын байцаагч М.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.Э /цахимаар/,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Д.Б нь тус шүүхэд Увс аймгийн Татварын хэлстийн татварын улсын байцаагч М.Т-д  холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

2. Хариуцагч татварын улсын байцаагч М.Т 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч Д.Б нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 529 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

4. Гомдол гаргагч Д.Б шүүхэд гаргасан  гомдолдоо : “Д.Б миний бие Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 15-р тойрогт буюу Увс аймагт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн.Миний бие Увс аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 24-р хэсгийг буруу хэрэглэсэн тухайд:

Д.Б миний бие нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн. Увс аймагт сонгуулийн сурталчилгаа хийгээгүй, мөн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй болно. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3 дахь хэсэгт "нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг" гэж нэр дэвшигчийг тодорхойлсон байх бөгөөд мөн энэ хуулийн 32 дугаар зүйл 32.14 дэх хэсэгт "Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно." гэж тус тус заасан байна. Б миний бие Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх гардаж аваагүй байхад энэхүү зөрчлийн тухай хуулийн заалтаар торгож буй нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бус явуулсан, мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөний хувьд:

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.4 дахь хэсэгт "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.", Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно." гэж тус тус заасан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансны дугаарыг Төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний Аудитын газарт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл Д.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 24 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна" гэж заасны дагуу Үндэсний аудитын газрын албан ёсны хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт буюу Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч энэхүү зөрчлийг харьяаллын дагуу шалгах ёстой.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөний хувьд:

Татварын улсын байцаагч М.Т нь зөрчлийн хэргийн холбогдогч болох Д.Б- д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх, үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй атлаа зөрчил ногдуулж буй нь хүний эрхийг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна.

0176473 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн тухайд:

Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөл бүхий захиргааны акт юм. 

Татварын улсын байцаагч М.Т нь сөрөг нөлөөл бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй. Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай "Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

5.Хариуцагч татварын улсын байцаагч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбатаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй  нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан "Нам, эвсэл, болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн талаарх гомдол мэдээлэлтэй танилцаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан

Д.Б -ыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр, 3.6 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг утсаар тайлбарлан өгч [email protected] мэйл хаягруу нь илгээсэн боловч хүлээн авсан болон танилцсан тухай хариу ирээгүй.

2020 оны 2-р сарын 03-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг анх хүлээн авч тэр өдрөө тухайн холбогдогчийг цахим орчноос хайх ажлаа эхлүүлэв. Хэрэгтэй мэдээллээ олоогүй. Хүн намын дарга Д.Г-ын утсыг олж ярьсаар намын хуулийн ажилтнаар дамжуулан холбогдогчийн фэйсбүүк хаяг олж чат бичив. 1 л удаа Сайн уу гэсэн хариу ирсэн. 2-р сарын 8-нд утсыг нь олж залгаж ярив. Улаанбаатар хотод амьдардаг, 15-р тойрогт дэвшсэн боловч Увс аймагт ирж сонгуулийн сурталчилгаа хийгээгүй гэв. Утсаар мэйл хаяг ирснээр эрх үүргийг танилцуулсан тэмдэглэл явуулж хариу хүссэн боловч үүнээс хойш дахин утсаа авахгүй, хариу өгөхгүй, өдөр бүр залгаж мөн мессеж бичиж байв. Холбогдогчтой цар тахлын улмаас хөл хорио тавигдаж, биечлэн уулзах боломжгүй байв. Үүнээс хойш хэлтсийн дарга болон прокурорын тогтоолоор хэргийн хугацааг сунгаж өдөр бүр холбогдогчтой утсаар болон цахимаар /чат, мессеж/ холбогдох гэсэн боловч огт холбогдоогүй. Энэ хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд холбогдогчийн хаяг холбоо барих утас, ажил эрхлэлтийн талаар мэдээлэл авах хүсэлт гаргаж мэдээлэл авах, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн мэдээлэл хүргүүлсэн эсэх, зардлын тайлангаа хүргүүлж аудит хийлгэсэн эсэх талаар албан бичгээр хандаад холбогдогч нь тайлагнаагүй, дансаа бүртгүүлээгүй гэсэн хариуг авав. Прокурорын зөвшөөрлөөр бүх банкнаас данс нээсэн эсэх талаар мэдээлэл авахад ХААН банкинд данс нээсэн боловч дансаараа гүйлгээ хийгээгүй байв. ХААН банкинд 54........ дугаартай данс нээсэн, Үндсэний аудитын газарт тайлангаа хүргүүлээгүй нь дээрхи байгууллагуудаас ирсэн нотлох баримтаар дансаа бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Гомдол гаргагч Д.Б Улсын Их Хурлын сонгуульд 2020 онд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн.Маргааны үйл баримтын хувьд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.Энэ талаар гомдол гаргагч үгүйсгэж маргаагүй.Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн талаар гомдлын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан. Хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж маргасан.Татварын улсын байцаагч Туулын хувьд зөрчлийн гомдол хүлээж аваад Болд-Эрдэнэтэй холбогдох гэж үзсэн.Утсаар болон фейсбүүк хаяг, мэйл хаяг,утсаар удаа дараа холбогдсон.Гомдол гаргагч өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос зайлсхийсэн.Оролцоог нь хангах боломжоор хангасан.Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд  үйлчлэхгүй...” гэх тайлбар гаргаж хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцов.

7. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Н “Нэр дэвшигч Д.Б сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлээгүй зөрчил гаргасан тул Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

8. Шүүх хуралдаанд гомдол гаргагч Д.Б “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул гомдол гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Гомдол гаргагчаас “1.Улсын Их Хурлын сонгуулийн 15-р тойрогт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшин бүртгүүлсэн ч Увс аймагт сонгуулийн сурталчилгаа хийгээгүй,мөн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй байхад зөрчлийн тухай хуулиар торгосон,

“2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансны дугаарыг Төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний Аудитын газарт/Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг/ өгөх ёстой.Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч энэхүү зөрчлийг харьяалан шалгах ёстой”,

“3. Татварын улсын байцаагч М.Т нь зөрчилд холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх, үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй,хэргийн материалтай танилцуулаагүй”,

“4 .Шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий акт байхад сонсох ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр маргаж байна”.

11. Хариуцагч улсын байцаагч М.Таас “Д.Б нь сонгуулийн зардлын дансыг ХААН банкинд нээсэн боловч Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн нь нотлогдсон бөгөөд холбогдогчид эрх үүргийг утсаар тайлбарлан өгч мэйл хаяг руу илгээсэн боловч хариу ирүүлээгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон болно.

12. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын үйлдсэн  2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсаар  иргэн Д.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Үндэсний аудитын газарт мэдэгдэж,бүртгүүлээгүй болох нь Үндэсний аудитын албан бичиг, ХААН банкны мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

13. Д.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2879 дугаар “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичиг сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалт бүхий хавсралт, эрх бүхий албан тушаалтны холбогдогчийг хайсан тухай тэмдэглэл,холбогдогчтой утсаар ярьсан, мессэж бичсэн тэмдэглэл,Үндэсний аудитын газрын 2021.03.11-ний өдрийн 01/772 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, ХААН банкны Увс салбарын 2021.03.15-ны өдрийн 5822/141 дугаар Д.Б-ийн сонгуулийн зардлын дансны мэдээлэл бүхий албан бичиг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 0176473 дугаар шийтгэлийн хуудас болон бусад холбогдох баримтууд авагдсан байна.

14. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам эвсэл,нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах,зардлын тайланд аудит хийх,хянах,дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ын 3.4-т “Нам эвсэл,нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам,эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газар бичгээр мэдэгдэж,бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

15.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2879 дугаар албан бичгийн хавсралт болох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нэр дэвшигчид гэсэн жагсаалтын 38 дахь хэсэгт 15-р тойрогт нэр дэвшсэн Д.Б гэсэн нэр бичигджээ.

“Зөв хүн электорат” эвслийн 2020.05.16-ны өдрийн 7 дугаар төлөөлөх зөвлөлийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс,нэр дэвших тойргийг батламжлах тухай” тогтоолын хавсралтын 24-рт Д.Б-ийн нэр багтсан,Д.Б нэр дэвшигчийн зөвшөөрлөө өгч гарын үсэг зуран нэр дэвшигчийн намтар,Цагдаагийн ерөнхий газар Улсын Дээд Шүүхийн холбогдох лавлагаа,материалуудыг сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн,Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 99 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэж,үнэмлэх олгох тухай” тогтоолоор “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшүүлсэн хавсралтад дурдсан 51 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсний хавсралтын 20-рт Д.Б-ийн нэр бүртгэгдсэн,Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвсэл, нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон баримтад “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигчдийн нийт 53 үнэмлэхийг хүлээлгэж өгсөн, Д.Б ХААН банкинд хандаж 2020.05.28-ны өдөр Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшигчийн зардлын дансыг нээлгүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргаж, сонгуулийн зардлын 54...... тоот дансыг нээлгэсэн байна.

16. Гомдол гаргагч Д.Б Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэж,сонгуулийн зардлын дансыг ХААН банкинд нээлгэсэн боловч хуульд заасны дагуу дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэж, бүртгүүлээгүй зөрчил гаргасан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагчаас дансны дугаар,банкны нэрийг бүртгүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй болно.

17. Зөрчлийн хэргийн холбогдогч Д.Б сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан  зөрчлийн шинжийг хангаж байх тул татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

18. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.13-т “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” гэж заасан тул нэр дэвшигч нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан үүргийг биелүүлэх ёстой бөгөөд хуулийн 32.14-т “Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно” гэж заасан нь нэр дэвшигчийг үүргээс чөлөөлөх зохицуулалт биш юм.Иймд гомдол гаргагчийн “Увс аймагт сонгуулийн сурталчилгаа хийгээгүй,мөн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй байхад зөрчлийн тухай хуулиар торгосон” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй.

19.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр, мөн зүйлийн 1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр,энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Д.Б Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн бөгөөд уг тойрог Увс аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байх бөгөөд “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй” сонгуулийн хуулийн зөрчлийг тус Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт үйлдэгдсэн гэж үзнэ.

          Иймд тус сонгуулийн 15 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын Увс аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч уг зөрчлийг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан тул гомдол гаргагчийн “нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй, мөн 3.1, 3.3-т тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсан эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан  холбогдогчтой утсаар ярьсан тэмдэглэлүүд, цахимаар холбогдсон баримтуудаар нотлогдож байх тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй тул гомдол гаргагчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх,үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй.

21. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт,түүнд тавих прокурорын хяналт,нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” -д холбогдох харилцаанд энэ хууль үйлчлэхгүйг зохицуулсан тул гомдол гаргагчийн “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй” гэх гомдлын шаардлага үндэслэлгүй болно.

22. Дээр дурдсан дүгнэлтүүдээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “гомдол гаргагч зөрчил гаргасан гэм буруутай” талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

23. Иймд Д.Б-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

24. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Б-ийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176473 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.