Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2019/03733/И |
Дугаар | 3365 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 3365
2019 оны 11 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/03365 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК-д холбогдох,
17,478,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, өмгөөлөгч Г, хариуцагчийн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний Г нь 2018.08.28-ны өдөр Н ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 1-р байрны 2-орцны 7 давхар 710 тоот орон сууцны зориулалттай 40.18 мкв талбай бүхий 2 өрөөг орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа 17,478,300 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар өгсөн 17,478,300 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийн барьж буй Амар амгалан 1,2,3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Гэтэл Чингис хаан банкнаас 1.9 тэрбум төгрөгийг манай зөвшөөрөлгүй татсан байгаа. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа. Одоогоор шийдвэр гараагүй байна. Мөн Амар амгалан 3 төслийг нүүдэлчин группээс худалдан авч, 700 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд суурийн ажлаас хийж байхад тэрбум 600 саяд зарсан газраас 200 сая төгрөгөөр зарсан гэж НӨАТ шивж өгсөнөөр маргаан үүсэж, тухайн барилга байгуулах боломжгүй болоод өгсөн авсан зүйлээ буцаан үүсэж, тухайн барилга байгуулах боломжгүй болоод өгсөн авсан зүйлээс буцаан өгөхөөр тохирсон боловч буцааж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Уг төсөл хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор одоо баригдаад явж байгаа барилгууд руу шилжүүлж байгаа. Шууд мөнгийг буцаах боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г, хариуцагч Н ХХК-д холбогдуулан 17,478,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч өөр байр санал болгох боломжтой одоо бэлэн мөнгө өгөх боломжгүй гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа татгалзлаа илэрхийлжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г, хариуцагч Н ХХК нар 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдөр 83 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Амар амгалан 3” орон сууцны 1 дүгээр байрны 2 дугаар орцны 7 дугаар давхрын 710 тоот хаягт 40.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, хариуцагч уг орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнэ 58,261,000 төгрөгийг төлөхөөр гэрээний 2.1, 3.6-д тус тус заажээ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхын зэрэгцээ ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан.
Гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч 17,478,300 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “орлогын ордер”-ын баримтаар хариуцагчийн тус банкинд дахь 426010888 тоот дансанд мөнгийг шилжүүлжээ.
Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй явдал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргийн зөрчлийг бий болгосон нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тухай үүргийн суурь зарчмыг зөрчсөнөөр тайлбарлагдана. Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйг Амар амгалан 3 орон сууцны барилгын ажил эхлээгүй шалтгаанаар гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардсан үндэслэлийг хариуцагч тал маргаагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байхаар зохицуулсан ч хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь түүний буруугаас болоогүй бодит шалтгаан, үйл баримтыг баримтаар нотлоогүй.
Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй нь зохигчийн харилцан тохиролцож тогтоосон гэрээний үүрэг биелэгдэхгүй боломжгүй болсон, гэрээг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчид хугацаа алдах хохиролтой үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардсан нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцнэ. Мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан журмаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, үр дүн гарахгүй нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож тодорхой болсон гэж үзэхээр байна.
Иймд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3-т заасан нөхцөл хангагдсан гэж үзэж дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Н ХХК-иас 17,478,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 17,478,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н ХХК-иас 245,341 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ