Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00069

 

“Х Б” ХХК-ийн Сэлэнгэ салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

 

“Х Б” ХХК-ийн Сэлэнгэ салбар /“Шар усны эх” тооцооны төв/-ын нэхэмжлэлтэй

П.С, Д.Ж нарт холбогдох

 

Зээлийн төлбөр 13,481,605.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч П.С, Д.Ж нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч П.Солиос 3.734.572.50 төгрөг, хариуцагч Д.Жаас 3.734.572.50 төгрөгийг гаргуулж Х Бны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.012.460.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Бны Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 225.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Солиос 67.228 төгрөг, Д.Жаас 67.228 төгрөгийг гаргуулж Х Бны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэжээ.

 

2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Сайхан дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3-т зааснаар хариуцагч П.С, Д.Ж нараас зээлийн гэрээний үүрэг 13.481.605.86 төгрөг гаргуулан Х Б ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай. гэж 2 дахь заалтыг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 225.281 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.С, Д.Ж нараас 225.281 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч П.С хяналтын гомдолдоо: Би 11-13 насны 2 охинтой. Тэтгэвэрээс өөр орлогогүй. 2014.07.02-нд Орхонтуул Шар ус тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад графикийн дагуу төлж байгаад 2015.03 сард ажлаасаа гарсан. 2015 оны 06 сараас хойш төлж чадаагүй ба давхар орон сууцны зээлтэй байсан тул нэг зээлээ төлж байсан. Х Б нь хугацаа хэтэрсэн зээлийг 90 хоногоос хойш шүүхэд өгөх байтал удааж 5 жилийн дараа шүүхэд өгч 6,341,397.24 төгрөгийн хүү хүү бодож нэхэмжилж байгаа нь харилцагчийг хохироож байгаа. Энэ нь үлдсэн зээлийн 90%-тай тэнцэж байна. Мөн хавтаст хэрэгт миний гарын үсэггүй мэдэгдэл хавсаргасан ба удаа дараа зээл төлөх талаар өгсөн гэж буруу тайлбар өгсөн. Х Б өөрийн хариуцлагагүй улмаас харилцагчийг хохироож байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Д.Ж хяналтын гомдолдоо: Миний ээж П.С 2014.07 сард Х Бнаас 10,000,000 төгрөгийн зээл авч төлж байгаад ажлаасаа гарч төлөх боломжгүй болсон ба хамтран зээлдэгчээр орсон боловч өөрөө орон сууцны зээлтэй тул цалингаас илүү гардаггүй. Ээжийн зээлийг шүүхэд өгч хүүг нь зогсоогоогүй 5 жил болгож 6,341,397.24 төгрөгний хүү бодуулж харилцагчийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Сэлэнгэ салбар /“Шар усны эх” тооцооны төв/, хариуцагч П.С, Д.Ж нарт холбогдуулан зээлийн үүрэгт 13,481,605 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч тус бүрээс 3,734,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй хяналтын шатны шүүх үзэв.

 

8. Х Б ХХК-ийн Сэлэнгэ салбар /“Шар усны эх” тооцооны төв/, П.С, Д.Ж нарын хооронд 2013.08.02-ны өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, цалингийн орлого барьцаалж, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээний төрөл, гэрээний хугацааг 2017.06.10 хүртэл сунгасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийжээ. Гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

10. Харин хариуцагч П.С нь ажилгүй болсноор цалин орлогогүй болж, үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон маргааны бодит үндэслэлээс үзэхэд гэрээнд заасан үүрэг буюу 12,532,519 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, магадлалд өөрчлөлт оруулав.

 

11. Зээлдүүлэгч зээлийн үүргийг санаатайгаар нэмэгдүүлсэн гэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй боловч зээлийн гэрээний онцлог, цалин орлогогүй болсны улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг үндэслэн гэрээний хугацаагаар үүргийг хязгаарлаж, энэ утгаар хариуцагч нарын гомдлын зарим хэсэг хангагдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...13,481,605...” гэснийг “...12,532,519...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож, нэхэмжлэлээс 949,086 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...хариуцагч П.Солиос 67.228 төгрөг, Д.Жаас 67.228...” гэснийг “...хариуцагч нараас 215,470...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.01-ний өдөр төлсөн 225,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД