| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0030/З |
| Дугаар | 221/МА2025/0470 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0470
П.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч П.Н
Нэхэмжлэгч: П.Н
Хариуцагч: Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 251 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Ч.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0030/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Нас “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н-н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд даалгах, П.Н-н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлагыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдуулан гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 251 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: 1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 35.3.3 /2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинэчилсэн найруулга/ Газрын төлбөрийн тухай хуулийн 4, 9.1, 9.2 /1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан/-д заасныг тус тус баримтлан П.Нас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаанд П.Н-н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, П.Н-н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газар дээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаан газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд даалгаж,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Нд ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, П.Н-н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж,
4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа азар ашиглах гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулаагүй шалтгаан нь Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүй гаргасан эсэхээс шалтгаалсан эсэх, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн хэмжээ олон удаа өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчид газрын төлбөрийн хэмжээг нэг мөр тодорхой төлөх нөхцөл байдал байгаагүй эсэхийг тус тус тодруулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаар шийдвэрээр дүгнэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг судлан газрын төлбөр бууруулах нөхцөл боломж байгаа эсэхийг судлах замаар дахин шинэ акт гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж,
5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П.Н-с дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. …Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тушаалаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авсан. Байгаль орчин, аялал жуулчлал сайдын 2021 оны А/79 дугаар тушаалаар газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр тус газрын ашиглах эрхийг цуцалсан байдаг.
3.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаартай шийдвэрээр тус газрын ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлал сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг хүчингүй болгож, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Уг шүүхийн маргаантай байх хугацаанд газар ашиглах эрхийн хугацаа дууссан байсан тул газар ашиглах эрх сэргэсний дараагаар газар ашиглах эрхээ сунгуулахаар нэхэмжлэгч миний бие хөөцөлдөж эхэлсэн. Газар ашиглах эрхээ сунгуулахаар Богдхан уулын захиргаанд хандахад Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын өр, төлбөргүй тухай тодорхойлолт авч ир гэсэн.
3.3. Гэтэл Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд очиход газрын төлбөр үүсгэсэн байсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж энэхүү шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Тус хэрэг маргааныг урьд нь анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0509 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул, давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0508 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.
Тус магадлалын үндэслэх хэсгийн 3.2.2-т “ … Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн 2019.11.13-ний өдөр хүртэл үйлчилж байсан хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан…”, 3.2.3-т “ … гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглахтай холбоотой эрх, үүрэг газар ашиглагчид үүсгэх тул гэрээ байгуулагдаагүй нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэх боломжгүй болох нь харагдана...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн байна.
3.4. Энэ удаагийн анхан шатны шүүх буюу 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0251 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаарт дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн дагуу 2016 оны 04 сарын 14-ний өдрөөс 2019 оныг дуусах хүртэл хугацааны П.Н-н ашиглах эрх бүхий газар ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй болохыг тогтоож, газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг Газрын албанд даалгаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т.”... 2019 оны 11 сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Газрын нэгдмэл Сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг Газар эзэмших, ашиглах эрхийг Улсын бүртгэлд бүртгэдсэн буюу Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 9,11-д заасан дундын мэдээллийн санд Улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан Газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны нэгдүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд Л.Нямлхагвын ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын Дархан цаазат Газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болох нь хуулийн дээрх зохицуулалтуудаар тогтоогдож байна. гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 2 дугаар хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан.
3.6. Нэхэмжлэгч талаас 2022 оны А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсний дагуу Татварын албанаас тодорхойлолт авахаар очих хүртэл газар ашигласны төлбөр төлөх өртэй гэдгээ огт мэдээгүй байсан. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0508 дугаартай магадлалын үндэслэх хэсгийн 3.3.1-д “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27 өдрийн 128/ШШ2022/0054 дугаартай шийдвэрээр газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг газрын төлбөр төлөх үүрэггүй, түүнийг төлөөгүй гэж буруутгаж болохгүй гэж сонирхлыг зөрчсөн байна... Өөрөөр хэлбэл ... 54 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч дүгнэсэн байхад анхан шатны шүүх газрын төлбөр төлөх ёстой гэсэн дүгнэлт хийж, яг ижилхэн хэргийн үйл баримтыг шүүх өөрөөр дүгнэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.” гэж тус дүгнэсний дагуу П.Н нь газар ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна.
3.7. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “… “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг...” газар ашиглах гэж тодорхойлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Н нь хуульд заасны дагуу гэрээ байгуулаад. гэрээнд заасны дагуу тухайн газар аялал зуучлалын байгууламж барьж, жуулчин хүлээн авч, ашигтай чанарыг нь гаргахыг “газар ашиглах” гэж ойлгохоор байна.
3.8. Хариуцагч нарын зүгээс Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд өөрчлөлт орж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр татвар тооцогдсон гэж тайлбарласан. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжуудад маш олон удаа нэмэлт өөрчлөлтүүд оруулсан бөгөөд тухайн хуулиудыг уншихад, 2002 онд анх хууль батлагдсанаас хойш хуулиудын хоорондын уялдаа холбоогүй, хоорондын нийцэлгүй, хуулийн зөрчилдөөн үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлтүүдийг хийсэн болох нь харагдаж байна.
3.9. Хууль болон хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь Улсын Их хурлаар батлагдсан цаг хугацаанаас хойшоо дагаж мөрдөгдөх, эсвэл тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг зохицуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор тус нэмэлт өөрчлөлт буюу мэдээллийн сан хөтөлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахын тулд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/180 нэгэн тоот тушаалын дагуу “Газрын кадастрын Мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг баталж хэрэгжүүлсэн байна.
3.10. Тус журмын 13 дугаар зүйлийн 13.1.7-д “ ... Эрх зүйн харилцаа үүсээгүй нэгж талбарын мэдээллийг мэдээллийн санд оруулах ...”-ыг хориглохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.Нтай адилхан газар ашиглах гэрээ байгуулаагүй, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй этгээдийг “мэдээллийн сан”-д бүртгэхгүй байхаар тухайн журмаар зохицуулсан байна.
Гэтэл хуулийн хэрэгжилтийн явцад, тухайн журамд заасан "мэдээллийн сан"-ийн бүртгэл хөтлөх, Төрийн Захиргааны байгууллагын эрх бүхий мэргэжилтнүүдийн алдаатай үйл ажиллагааны улмаас, “Мэдээллийн сан”-д бүртгэл оруулсны улмаас, газар ашигласны татвар ногдох, буюу энэхүү маргаан үүсэх гол шалтгаан болсон гэж дүгнэж байна.
3.11. Тусгай хамгаалалтай Газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон өөрчлөлтөөр “... Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, Улсын бүртгэлд бүртгэнэ...” гэж өөрчлөн найруулсан байна.
3.12. Энэхүү хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн зохицуулалтын дагуу Засаг даргатай “гэрээ байгуулах” зохицуулалтыг байхгүй болгож, ямар нэгэн шалтгаанаар гэрээ байгуулагдахгүй байх нөхцөл байдлыг байхгүй болгосон байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээрт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулаагүй шалтгаан нь Баянзүрх дүүргийн Засаг даргын гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүй гаргасан эсэхээс шалтгаалсан эсэх, мөн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн хэмжээ олон удаа өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчид Газрын төлбөрийн хэмжээг нэг мөр тодорхой нөхцөл байдал байгаа эсэхийг тус тус тодруулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр дүгнэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг судлан Газрын төлбөр бууруулах нөхцөл боломж байгаа эсэхийг судлах замаар дахин шинэ акт гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгасугай...” гэжээ.
3.13. Шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ дээрх 4 дүгээр заалтад заасан “Засаг дарга гэрээнд яагаад гарын үсэг зураагүй шалтааны” талаар, “газрын төлбөрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн” талаар, “54 дүгээр шүүхийн шийдвэрт заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг” судлан, шийдвэрлэхийг Газрын албанд “даалган” шийдвэрлэсэн нь Захиргааны Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “ … Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3.14. Нэхэмжлэгч талаас төлбөрийн хэмжээний асуудлаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй бөгөөд Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй талаар дүгнэлт гаргах, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байгаа эсэх асуудлаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх бүрэн боломжтой байтал уг асуудлыг Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэж байна.
Иймд дээр дурдсан тайлбар, гомдлыг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0251 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах, 3 дах, 4 дэх хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Н-с Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н-н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд даалгах, П.Н-н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Маргааны үйл баримтын тухайд: Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын ******* аманд иргэн П.Нд 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгохоор шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/00**дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон.
3.1. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 тоот шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, иргэн П.Н-н газар ашиглах эрхийг сэргээх тухай А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг буцаан сэргээжээ.
3.2. Үүний дараа нэхэмжлэгчээс газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулахаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад газрын төлбөрийн тооцоогүй тухай тодорхойлолт шаардсанаар 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд хандахад тус албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаар албан бичгээр “...газрын төлбөр төлөх ногдуулалт хийгдэн нэхэмжлэл үүссэн байна, ...газар ашиглах тухай гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэх хариуг өгсөн.
3.3. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан “...газрын төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт гаргаж өгнө үү” гэх гомдлыг гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/946 дугаар албан бичгээр “...өр төлбөргүй гэх тодорхойлолтыг гаргаж өгөх үндэслэлгүй байна” гэх хариуг өгчээ.
3.4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байхад газрын төлбөр үүсэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...газар ашиглах эрх олгосон тушаалыг газрын мэдээллийн санд оруулдаг. Сайдын уг тушаалыг газрын мэдээллийн санд оруулснаар автоматаар газрын төлбөрийн нэхэмжлэл үүсдэг, ...хууль тогтоомжийн дагуу ногдуулсан газрын төлбөрийн нэхэмжлэлийг харьяалах татварын байгууллагад дундын мэдээллийн санд үүсгэдэг нь хууль бус үйлдэл гэж үзэхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Мөн Газрын төлбөрийн тухай хууль /1997он/-ийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”, 9.2-т Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, 2020 оноос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар газар ашиглах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэг хүлээхээргүй байхаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч П.Н нь анх газар ашиглах гэрчилгээ авсны дараа 2016/060 тоот “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж тамга дарсан, харин тус гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурж, тамга дараагүй учир гуравласан гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
4.2. Иймээс анхан шатны шүүхээс “... 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оныг дуусах хүртэл хугацаанд П.Н-н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, П.Н-н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгаж” шийдвэрлэсэн нь зөв байна.
5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
5.1. Нэхэмжлэгч П.Нд анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/116 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатай олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар уг газар ашиглах эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг буцаан сэргээсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Анхан шатны шүүхээс “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Н-н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
5.3. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, мөн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг буцаан сэргээсэн уг хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу газар ашиглах эрх зүйн харилцаа цуцлагдсан байсан гэж үзэх тул дээрх хугацаанд газрын төлбөр үүсэх хууль зүйн үндэслэлгүй.
5.4. Харин Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар маргаан бүхий газрын эрхийг цуцлах хүртэлх хугацааны газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.5. Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар маргаан бүхий газрын эрхийг цуцлах хүртэлх хугацааны газрын төлбөрийг төлөх үүрэгтэй, харин 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаанд газрын төлбөр үүсэх хууль зүйн үндэслэлгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай албан бичгээр “...2020, 2024 оны “Газрын үнэлгээний зэрэглэлийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25, 13 дугаар тогтоолын дагуу тооцоологдсон, ... газар ашиглах гэрээ байгуулах, батлах эрх нь тус албаны хуулиар олгогдсон эрх биш учир та газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаа холбогдох албан тушаалтан болон байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
6.1. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...төлбөрийн хэмжээний асуудлаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй бөгөөд Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй талаар дүгнэлт гаргах, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байгаа эсэх асуудлаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх бүрэн боломжтой байтал уг асуудлыг Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” хэмээн маргаж байх хэдий ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаар шийдвэрээр ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д газрын төлбөрийг төлөөгүй, газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
6.2. Иймд анхан шатны шүүхээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар П.Н-н газар ашиглах эрхийг сэргээснээс үзвэл хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоох шаардлагатай, …захиргааны байгууллагын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаснаас шалтгаалан төлбөрийг төлөх боломжгүй, газрыг ашиглах боломжгүй байсан эсэх, газрын төлбөрийн тогтоосон итгэлцүүрийн хэмжээ олон удаа өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчид газрын төлбөрийг нэг мөр зөв төлөх боломж байгаагүй эсэхийг тодруулах, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг дүгнэж газрын төлбөрийг бууруулах боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай” гэж дүгнэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаар албан бичгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 251 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “...******* аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Нд ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/00**дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших ******* аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар 70,200 төгрөгийг нөхөн төлүүлж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН