Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00049

 

                                           

“УБ Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалтай,

 

“УБ Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э Б И” ХХК, А.Б, Д.Бнарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 211,176,652.47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч А.Бгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Эх булагийн ихэр ХХК болон хариуцагч А.Б, Д.Бнараас үндсэн зээл 162 376 987,52 төгрөг, зээлийн хүү 48 391 815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407 849,23 төгрөг, нийт 211 176 652,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБ Х Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох хариуцагч Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах ҮҮ-0000000000дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000000000 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч А.Б хяналтын гомдолдоо: ...Батчулууны өмчлөлийн 4 үл хөдлөхийг үүргийн гүйцэтгэлээр 211,176,652.47 төгрөгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улаанбаатар банк тухайн зээлийг олгохдоо Батчулууны өмчлөлийн 4 үл хөдлөхийг зээлийн барьцаанд үнэлэхдээ 63,000,000 үнэлж зээлд барьцаалж олгосон. Одоо үүргийн гүйцэтгэлд шийдвэр гаргахдаа 211,176,652.47 төгрөгөөр хангуулахаар шийдвэр гарч байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Бгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Нэхэмжлэгч “УБ Х Б” ХХК нь хариуцагч “Э Б И” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу үүргийг хамтран хариуцах ёстой гэх үндэслэлээр, хариуцагч А.Б, Д.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 162,376,987 төгрөг, зээлийн хүү 48,391,815 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407,849 төгрөг, нийт 211,176,652 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “УБ Х Б” ХХК болон А.Б, Д.Бнарын 2017.06.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор мөн өдөр Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах ҮҮ-0000000000дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-0000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000000000 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээ тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуульд заасан хэд хэдэн аргыг сонгож болох бөгөөд барьцааны гэрээнээс гадна 2017.06.14-ний өдөр “УБ Х Б” ХХК, “Э Б И” ХХК-ийн байгуулсан батлан даалтын гэрээ Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

8. Зээлдэгч А.Б, Д.Бнар тус банкнаас 2017.06.14-ний өдөр 175,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,30, жилийн 27,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэн авсан боловч 2018.04.06-наас хойш хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, банкны зүгээс үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн, гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан үйл баримт тогтоогджээ. Хариуцагч нар нь үндсэн зээлд 12,623,012.48 төгрөг, хүүд 32,213,782.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,232,229.48 төгрөг тус тус төлсөн байв.

9. Банкнаас зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хоёр шатны шүүх үндсэн зээл 162,376,987 төгрөг, үндсэн хүү 48,391,815 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407,849 төгрөг, нийт 211,176,652 төгрөгийг хариуцагч “Э Б И” ХХК болон хариуцагч А.Б, Д.Бнараас гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн байна. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заасан, батлан даалтын гэрээний 4.2.1-д “зээлдэгчийн нэгэн адил зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх...” үүрэг хүлээсэн байх тул “Э Б И” ХХК нөхөх хариуцлага бус зээлийг хамтран хариуцах үндэслэл тогтоогджээ.

 

10. Хариуцагч А.Б хяналтын гомдолдоо “...барьцааны гэрээнд 4 үл хөдлөх хөрөнгийн үнийг 63,000,000 төгрөгөөр үнэлсэн, гэтэл биелүүлэх үүргийн хэмжээ 211,000,000 төгрөг болохыг шүүх шийдвэрлэсэн...” гэсэн нь агуулгын хувьд хяналтын шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлд хамаараагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар хариуцагч гомдол гаргаагүй тул хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 838 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД