Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 206

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбар /РД:2693321/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, сонсголон 22 дугаар гудамжны 768 тоотод оршин суух цахим үнэмлэхийн хаягтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Баянхаан, 5 дугаар хэсэг, 78 тоотод оршин суух, Бөх хаан овогт Нямдоржийн Бат-Эрдэнэ /РД:МЭ-88092737/ ,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 21 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Ургац агро ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Барчуул овогт Бадарчийн Сэргэлэн /РД:ТИ74101933/ нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр болон нотариатын зардал нийт 8.378.945,94 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтуяа, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Н.Батэрдэнэ, Б.Сэргэлэн нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 06-р сарын 07-ний өдөр №201843645740 төот зээлийн гэрээ байгуулан 10,300,000 /Арван сая гурван зуун мянган / төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,997,522.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,226,042.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлборт 6,554.74 төгрөг, нийт 5,230,120 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ссоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, / 75 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөи тул Зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

I. 2018 оны 06-р сарын 07-ны өдөр №201843645740 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

II. 2020 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

Үндсэн зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 214.088,26 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.356 төгрөг

Нотариатын үйлчилгээний төлбөр 11.500 төгрөг. Нийт 8,378,945.94 төгрөг гэх.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 203 дугаар байрны 14 тоотод оршин суух, Хаан банк-ны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвийн захирал ажилтай, Булган овогт Нямсүрэнгийн Отгонтуяа, РД:/МЬ-83111200/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн нь уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, Н.Бат-Эрдэнийн гуйлтын дагуу гэрээн дээр гарын үсэг зурсан гэж яриад байгаа. Гэвч банкны зүгээс Б.Сэргэлэнг хүчээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаагүй. Тиймээс хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасах ямар нэгэн үндэслэл байхгүй тул Сэргэлэнгээс дээрх зээлийг хамтран төлүүлэхээр шаардаж байна гэх.

 

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10,300,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай зээл авч байсан. Тухайн үед ажилтай байсан боловч зээл авсны дараа ажилгүй болсон болохоор зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй хугацаа хэтрүүлсэн үнэн. Хаан банкны зүгээс нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Миний авсан зээлээс Б.Сэргэлэн нь нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Бид хоёр садан төрлийн холбоо байхгүй. Банкнаас зээлж авсан мөнгөө би өөрөө захиран зарцуулсан. Би өөрөө зээлээ төлж барагдуулна. Тиймээс Б.Сэргэлэнг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасч өгнө үү... гэх.

 

Хариуцагч Б.Сэргэлэн нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Н.Бат-Эрдэнэ нь 2018 оны 06 дугаар сард зээл авахдаа Цалингийн зээл аваад 5,000,000 төгрөгөөр машин авах гэсэн юм. Эхнэр маань 2 сарын дараа ажилдаа орохоор нь таныг батлан даагчаас хасуулаад өгнө одоо яаралтай мөнгө авах хэрэгтэй байгаа тул та түр хугацаанд батлан даагаад өгөөч гэж гуйгаад байхаар нь батлан даасан. Би эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч юун сүртэй юм бэ ах аа эхнэр маань удахгүй ажилдаа орчихоор таныг хасуулаад эхнэрээрээ батлан даалгуулчихна гээд байна шүү дээ гээд удаа дараа гуйгаад салахгүй байсан. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд за чи тэгвэл удахгүй намайг батлан даагчаас хасуулаарай гэж хэлсэн юм. Н.Бат-Эрдэнэ нь өмнө нь зээлтэй байсан бөгөөд тухайн үед нэмж 2,000,000 төгрөг авсан байсан. Хэрэв намайг зээлийн батлан даагч гэж үзэх юм бол би 2,000,000 төгрөгийг л батлан даасан гэдгээ хэлмээр байна. Би Н.Бат-Эрдэнийн зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл уг цалингийн зээлийг Н.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Түүнээс гадна зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй олон хоног хэтэрсэн талаар банкны зүгээс надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Тиймээс намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасч өгнө үү... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын тус шүүхэд гаргасан ... хариуцагч Н.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн нараас 2018 оны 06-р сарын 07-ны өдөр байгуулагдсан №201843645740 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг, зээлийн хүү 214.088,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.356 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 11.500 төгрөг, нийт 8,378,945.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь; Зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбараар ... зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд хүчин төгөлдөр эсэх, авсан зээлийн хэмжээ болон хугацаа, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, тооцоо зэрэг дээр маргаангүй гэх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч Н.Бат-Эрдэнэ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа ба харин хамтран үүрэг гүйцэтгэгч, хариуцагч Б.Сэргэлэн нь тайлбартаа ... уг зээлийн гэрээнд гарын үсгийг Н.Бат-Эрдэнийн гуйлт хүсэлтээр зурсан, уг зээлээс би аваагүй, надад өгөөгүй тул хамтран үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэхийг хүсч байгаа боловч тэрээр тус банктай дээрх зээлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсанаас гадна хавтаст хэргийн 1-19, 37-38, 40, 46- 55, 57-62 дугаар талд авагдсан нэхэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, нотариатын төлбөрийн баримт, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн нарын Хаан банкнаас зээл хүсэгчийн анкет, Хаан банкны 5675/96 тоот тайлбар, зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, банкны мэдэгдэх хуудас, зээлдэгч Б.Сэргэлэнгийн зээл төлсөн хугацааны жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн тооцооллын тухай зээлийн бүртгэлийн карт, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын № 68 албан тоот, зээлдэгч нартай тус банкнаас холбоо барьсан тэмдэглэл зэргээр дээрх зээлдэгч нар нь тус банкнаас хамтран зээл авсан болох нь нотлогдож, уг зээлийг хамтран хариуцах үндэслэлтэй байна.

Харин хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Сэргэлэнгээс шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр өгсөн /хх-ийн 38, 46 тал/ тайлбартаа ... Н.Бат-Эрдэнийн авсан зээлийг миний бие хэрэглээгүй, мөн хуурч мэхлэх замаар батлан даалтад гарын үсэг зуруулсан тул зээлийг хариуцахгүй, төлөхгүй, зээл төлүүлэх талаар тус банк надтай холбогдож, мэдэгдэж байгаагүй гэх боловч хавтаст хэргийн 7-12, 57-58 дугаар талд авагдсан зээл хүссэн анкет, зээлийн болон барьцааны гэрээнд тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, мөн Б.Сэргэлэнгийн 5068155097 тоот дансаар 1.093.320 төгрөгийг 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 сарын 30-ны өдрийн хугацаанд зээлийн төлөлтөд суутгаж төлж байсан баримт, зээл төлөлтийн тооцооны хуудас зэргээр дээрх эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал нь няцаагдаж байхаас гадна, мөн тэрээр ... Н.Бат-Эрдэнэ намайг хүч хэрэглэж, хуурч мэхлэх замаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх боловч дээрх баримтуудаар энэ байдал нь үгүйсгэгдэж байхаас гадна, үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Мөн дээрх зээлийн гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д ... хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /гэрээний 4.1.1. болон 4.1.4-д зааснаас бусад/ эдэлж, үүрэг хүлээх, гэрээний 5.1.2, 5.1.5-д ... зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд тэд хамтран зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон гэж үзнэ.

Иймд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэйгээс гадна Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т зааснаар ... үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1 -д зааснаар ...үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар ...гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал гэрээг цуцлахаар тус тус зохицуулжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 -д зааснаар ... дээрх зээлдэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд хуулийн 242.2-т ... хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэхээр зохицуулсан нь мөн хуулийн 242.3, 242.11-д ... үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх ба тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар тус тус заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1-д зааснаар ... зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хавтаст хэргийн 5-12 дугаар талд авагдсан зээлийн гэрээ зэрэг баримтаар нотлогдож, талууд зээлийн гэрээг байгуулсан хийгээд түүний хүчин төгөлдөр эсэх, авсан зээлийн хэмжээ, хугацаа, үлдэгдэл төлбөр зэрэг дээр маргаангүй байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас дээрх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 8.367.445,94 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, баримт / хх 1-2, 4 тал / - аас үзэхэд; банк нотариатын зардалд төлсөн гэх 11.500 төгрөгийг хариуцагч нарыг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, зардал мөн эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бусаас гадна энэхүү зардлыг банкнаас бусдад үйлчилгээ үзүүлэхдээ төлсөн зардал гэж үзэж, нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал буюу хохирол / иргэний хууль 227.3 / -д тооцохгүй тул дээрх 11.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8.367.445,94 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Хэргийн 63-74 талд авагдсан Б.Сэргэлэнгийн дансны хуулга нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй .

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.013 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 8.367.445,94 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 148.829 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.3, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч ХААН Банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн нарын хооронд 2018 оны 06-р сарын 07-ны өдөр байгуулагдсан №ЗГ/201843645740 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843645740 тоот барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, Н.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг, зээлийн хүүд 214.088,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.356 төгрөг, нийт 8.367.445,94 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/- д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149.013 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 148.829 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/- д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн 63-74 талд авагдсан Б.Сэргэлэнгийн дансны хуулга гэх 12 хуудас баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тул нотлох баримтаас хассугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.ЭНХТАЙВАН