Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0505/З |
Дугаар | 128/ШШ2021/0877 |
Огноо | 2021-12-16 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0877
2021 12 16 128/ШШ2021/0877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Л, Т.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч татварын улсын байцаагч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалтыг хийж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргасан. Уг нөхөн ногдуулалтын актаар 50,332,642.7 төгрөгийн нөхөн татвар, 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.14 төгрөгийн алданги, нийт 96,898,443.74 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. "Б" ХХК нь татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 16 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Иймд эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн эхний үндэслэл нь хариуцагч нар татварын хяналт шалгалтыг явуулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн агуулгатай. Дээр дурдсан нийт 96,898,443.74 төгрөгийн торгууль, алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой байсан. Энэ нь нөхөн ногдуулалтын актын үндэслэлтэй хамааралтай эсэхээс үл хамааран тухайн Өршөөлийн хуулийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн зөрчлийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан. Нөхөн ногдуулалтын акттай холбоотой тогтоогдсон зөрчил нь 2010, 2011, 2012 онуудад гарсан. Иймд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудад заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой буюу 46,565,801 төгрөг нь татварын нөхөн ногдуулалтын актаар тавигдсан торгууль, алдангиас хасагдах ёстой байсан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн хоёрдугаар үндэслэл нь татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Хариуцагч нар нь "Б" ХХК-ийн 2009 оноос эхлэн 2012 он хүртэлх хугацааны татварын ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийсэн үндэслэлийн тухайд тайлбарлая. 2013 онд Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нараас уг зөрчилтэй холбоотойгоор хяналт шалгалт хийж, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 тоот актыг тавьсан. Уг акттай нэхэмжлэгч "Б" ХХК нь маргаж, шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг үндэслэж, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 тоот татварын улсын байцаагчийн актыг татварын байгууллагаас дахин хяналт шалгалт хийж, шинэ акт тогтоох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс захиргааны байгууллагыг дахин уг асуудлаар хяналт шалгалтаа хийтэл захиргааны актын түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 2015 оны 11 дүгээр 09-ний өдрийн шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс хойш хяналт шалгалт явуулалгүй 4 жил, 10 сарын хугацаа өнгөрсний дараа нөхөн ногдуулалтын акт тавьсан. Иймд татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байсан. Харин 2019 онд батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацааг 4 жил гэж заасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил, 10 сарын дараа нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа нь 2020 оноос хэрэгжиж буй Татварын ерөнхий хуульд заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд уг актыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан. Энэ заалт нь Иргэний хуулийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил, гэм хортой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 6 жил байна гэсэн зохицуулалт нь Татварын ерөнхий хуульд хамаарахгүй гэсэн агуулгатай. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн заалт байдаг. Монгол Улсын хууль тогтоомжид хөөн хэлэлцэх хугацаа тасалдахтай холбоотой заалт зөвхөн Иргэний хуульд байдаг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан.
"Б" ХХК-ийн зөрчилтэй холбоотойгоор анх 2013 онд Нийслэлийн Татварын газраас акт тавьж, тухайн акттай маргасан. 2015 оны 11 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу бусад хэлбэрээр дуусгавар болсны дараагаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдоно гэсэн ойлголт яригдаж байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт 4 жилийн хугацааг тооцвол 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусаж байна. Гэтэл хариуцагч талын зүгээс 2020 оны 09 дүгээр сард нөхөн ногдуулалтын акт тавьсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад акт тавьсан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн гуравдугаар үндэслэлд 2015 оны шүүхийн шийдвэр дурдагдаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өмнөх хуульд хугацаа заагаагүй байсан буюу хариуцагч нар хэдий хугацаанд биелүүлэх нь тодорхойгүй байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга батлагдсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалт нь /2016 оны/ хуульд 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “... захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан буюу 6 сарын хугацаанд хариуцагч тал шинэ акт гаргах ёстой, хэрэв гаргаагүй бол өмнөх акт нь хүчингүй болохоор зохицуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2016 оны/ хуулийн дагуу явагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухайд хэзээ ч өмнөх хууль хэрэгжинэ гэж байхгүй. Батлагдсан хугацаанаасаа хойших бүхий л асуудлыг зохицуулна. Тийм учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 761 дүгээр шийдвэрийг батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор хариуцагч байгууллага нь шинэ акт гаргах ёстой байсан гэж үзэж байна. Уг 6 сарын хугацааг тооцвол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шинэ акт гаргах ёстой байсан. Шинэ актаа тухайн хугацаанд гаргалгүй 4 жил 10 сарын хугацаа өнгөрсний дараа гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.О шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 46,565,801.0 төгрөгийн алданги, торгууль нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж татвараас чөлөөлөх ёстой гэжээ. Тус компани нь өмнөх татварын хяналт шалгалтаар тухайн зөрчлийг нь Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн.
Нэгдүгээрт. Шийдвэрүүдээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэр нь “Б” ХХК нь 2009 оноос 2012 оны санхүүгийн баримтад дахин хяналт шалгалт хийж шинэ акт тогтоох зүйтэй гэж шийдвэрлэсэн байгаа нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22200900106 тоот татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулаллтын актыг үйлдэх үндэслэл болсон.
Хоёрдугаарт: 2220900106 тоот нөхөн ногдуулалтын актыг шүүхийн шийдвэрийн дагуу татварын улсын байцаагч нарын актыг үндэслэн дахин татварын хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн процесс нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухайн хуульд дахин татварын хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тогтоосон процесс нь хамаарахгүй болно.
Тухайн гомдол нь илт 2009 оноос 2012 оны бүх татварын албаны татварын байцаагч нарын хяналт шалгалтаар ногдуулсан бүх татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй хэмээн үзсэнтэй адил байна.
Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны Татварын ерөнхий хуулиар 5 жил, 2019 оны Татварын ерөнхий хуулиар 4 жил гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Өмнөх татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагч нар татварын өр үүсгэсэн байсанг 761 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу дахин татварын хяналт шалгалт хийж татварын өр үүсэж байгаа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 15.2-т хамаарч байна.
Гуравдугаарт: 2002 оны Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон үүнээс хойш захиргааны акт шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор шийдвэрлэх ёстой гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний 761 тоот шийдвэрт 2009-2012 оны санхүүгийн баримтад дахин хяналт шалгалт хийж дахин шинэ акт тогтоох хүртэл шийдвэрлэх гэж үзсэн учраас тухайн 6 сар гэсэн ойлголт нь 761 тоот шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22200900106 тоот татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь нөхөн ногдуулалтын актын зөрчил, нөхөн ногдуулалтын актын татварын ногдуулалтын процессын хувьд хамаарахгүй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актыг гаргахдаа татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг Иргэний хуулийн заалт үйлчлэхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны шийдвэрийн дагуу дахин шинэ акт тогтоох хугацаагаар актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Иймд уг шийдвэрт хугацаа тоологдохгүй зогсдог хуулийн зохицуулалттай. Шинэ акт гаргах хүртэл хугацаагаар актыг түдгэлзүүлсэн шийдвэрийг биелүүлж, татварын улсын байцаагч нар нь холбогдох актыг гаргасан. Татварын хөөн хэлэлцэх хугацааг татварын хяналт шалгалтыг зохион байгуулах үед тооцно. Энэ маргааны тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа зогссон буюу урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хариуцагч байгууллага нь хөөн хэлэлцэх хугацааг шалгаж, актыг гаргасан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлээгүй гэдэг тайлбарын хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, холбогдох торгууль, алдангийг буюу нөхөн ногдуулалтыг төлөхөө илэрхийлсэн тохиолдолд татварын улсын байцаагч нь уг хуульд хамруулж шийдвэрлэх боломжтой.
Нөхөн ногдуулалтын актаа зөвшөөрөлгүй маргаж, түүнтэй холбоотойгоор түдгэлзүүлэх шийдвэр гарсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2016 оны/ хуулиар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацааг заасан өөр зохицуулалтыг дурдаж байна. Уг 6 сарын дотор шинэ акт гаргах гэсэн хуулийн зохицуулалтаа тухайн шүүхийн шийдвэрт дурдсан байвал 6 сарын дотор шинэ акт гаргана гэж ойлгоно. Харин "Б" ХХК-ийн тохиолдолд тухайн байгууллага нь татвар төлөгчид дахин шинэ шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу холбогдох хяналт шалгалтыг зохион байгуулж, татварын улсын байцаагч нар акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Актын тооцоололд маргаагүй гэж үзэж байна. Иймд хууль хэрэглээний асуудлын тухайд дээрх тайлбар гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ Б” ХХК нь тус шүүхэд “Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.О нар нь Нийслэлийн татварын газартай харьцдаг “Б“ ХХК-ийн 2009, 2010, 2011, 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийтийн тээврийн үйлчилгээний орлого олохтой холбоотойгоор “Х-Э” ХХК-иас болон импортоор 2010 онд 40,426,500.0 төгрөгийн, 2011 онд 95,324,927.0 төгрөгийн, 2012 онд 367,527,000.00 төгрөгийн автобус худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2011 онд 6,494,500.6 төгрөгийн, 2012 онд 18,839,300.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2011 онд 7,349,200,0 төгрөгийн, 2012 онд 100,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй /нийт 636,009,427 төгрөгийн/ зөрчил илэрснийг тус тус тэмдэглээд шалгалтаар илэрсэн нийт 636,009,427 төгрөгийн зөрчилд 50,332,642.7 төгрөгийн нөхөн татвар, 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.14 төгрөгийн алданги, нийт 96,898,443.74 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын оногдуулсан нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... нөхөн ногдуулалтын акттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан 4 жилээр тооцох бөгөөд нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил нь 2010, 2011, 2012 онуудад хамаарах зөрчил учраас татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алданги, нийт 46,565,801 төгрөг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10,1, 10,2 дахь заалтуудад заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой. ... 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ... 6 сарын дотор шинэ акт гаргах ёстой ... “ гэж тодорхойлон маргажээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Х-Э” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 009777367 дугаартай падаанаар 95,324,909.09 төгрөгийн, 009777393 дугаар падаанаар 23,806,545.45 төгрөгийн, 009777393 дугаартай падаанаар 92,826,727.28 төгрөгийн, нийт 211,958,200.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж, мөн импортоор 2012 оны 4 дүгээр сард 182,458,047.6, 11 дүгээр сард 185,116,931.93 төгрөгийн үнийн дүнтэй автобус худалдан авсныг тус тус тухайн сарын НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа”-ны хэсэгт тусган, албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан, 2011 онд 6,494,500.6 төгрөгийн, 2012 онд 18,839,300.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг, 2011 онд 7,349,200.0 төгрөгийн, 2012 онд 100,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй болох нь НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлан, ногдуулсан төлбөрийн тооцоо, худалдан авалтын дэвтэр, борлуулсан автобусны бүртгэл, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг /импортолсон автобусны гаалийн мэдээ,/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн үнийн дүн, татварын тооцоололтой маргаагүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2016 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “ Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.6.13-т “Авто тээрийн тухай хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.4.3-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус зааснаар нийтийн тээврийн үйлчилгээг /зорчигч тээврийн болон такси үйлчилгээ/ үзүүлж олсон орлогыг л нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ба харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор автобус худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч “Б“ ХХК-ийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс хасаж тооцохгүй гэж үзнэ.
Иймд 2010, 2011, 2012 онуудад импортолсон болон худалдан авсан автобусыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.1.6-д зааснаар суутгагч нь хуульд заасан албан татварыг тухай бүр нь ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй байна.
Маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийг 2011 онд 6,494,500.0 төгрөгийн, 2012 онд 18,839,300.0 төгрөгийн, хувь хүний орлогын албан татвар, 2011 онд 7,349,200.0 төгрөгийн, 2012 онд 100,000,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, торгууль алданги ногдуулсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын улсын байцаагч Л.М, Б.Ц нар шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 дугаар актаар шалгалтаар илэрсэн 3 төрлийн буюу 2,7138141.9 мянган төгрөгийн зөрчилд 61,996.0 төгрөгийн нөхөн татвар, 78,590.1 мянган төгрөгийн торгууль, 37,713.8 мянган төгрөгийн алданги, нийт 178,299.9 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан, дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус зөвлөл хэлэлцээд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 220989 дугаар актыг хэвээр баталсан, татвар төлөгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 дугаар акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, гомдол гаргагч “Б” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд “Нийслэлийн татварын улсын байцаагч Л.М, Б.Ц нарын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 367 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 тоот актыг дахин хяналт, шалгалт хийж, дахин шинэ акт тогтоох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар нь 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс “Б” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2009-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 онд татварын хяналт шалгалтыг хийж, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 220989 дугаар акт үйлдсэн байх тул энэ маргааны тохиолдолд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль хэрэглэгдэнэ.
2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ”, 79.3-т “Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно”, 79.4-д “Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана”, 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно”, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус зааснаас үзэхэд татварын улсын байцаагч нарыг татвар нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал энэ маргааны тохиолдолд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар нь анх хуульд заасан хугацааны дотор буюу 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр татвар нөхөн ногдуулсан 220989 дугаар акт үйлдсэн, татвар төлөгч “Б” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шинээр тоологдож эхлэх боловч, шүүхийн шийдвэрээр татвар нөхөн ногдуулсан дээрх актыг дахин хяналт, шалгалт хийж, шинэ акт тогтоох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул ийнхүү шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор татварын хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдаж, шүүхийн шийдвэрийн дагуу татварын улсын байцаагч нар нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дахин хяналт шалгалтыг эхлүүлснээр татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа эхэлж тоологдох тул дээрх хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “ ... нөхөн ногдуулалтын акттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ -д заасан 4 жилээр тооцох бөгөөд нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил нь 2010, 2011, 2012 онуудад хамаарах зөрчил учраас татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан”, 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд захиргааны зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх, зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийн зөрчил нь мөн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байх хуулийн урьдчилсан 2 нөхцөл зэрэг хангагдаж байж өршөөлд хамаарахаар байна.
Энэ маргааны тохиолдолд татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, өмнөх татварын улсын байцаагч нарын ногдуулсан алданги, торгуулийн хэмжээ өөрчлөгдсөн байх тул дээрх зөрчлийн алданги, торгуулийн хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон гэж үзэж, дээрх хуулийн үйлчлэлд буюу өршөөлд хамааруулах үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн “ ... торгууль, алданги нь өршөөлд хамрагдах ёстой буюу 46,565.801 төгрөг нь татварын нөхөн ногдуулалтын актаар тавигдсан торгууль, алдангиас хасагдах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 761 дүгээр шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хариуцагч захиргааны байгууллага нь шинэ акт гаргах ёстой” гэсэн агуулгаар маргаж байх ба тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д “ ... захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх”-ээр заасан, харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн / Шинэчилсэн найруулга /106 дугаар зүйлийн 106.3.11-д “ ... захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зохицуулалт шинээр тусгагдсан тул өмнөх харилцаанд одоогийн дагаж мөрдөж байгаа процессын хууль буцаан хэрэглэгдэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн “ ... шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор шинэ акт гаргах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, дээрх актын улмаас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3, 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Блюбус” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН