Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00085

 

“Х Б” ХХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

 

“Х Б” ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Н.Б, Б.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр болон нотариатын зардал нийт 8,378,945.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.3, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч Х Б ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Н.Б, Б.С нарын хооронд 2018 оны 06-р сарын 07-ны өдөр байгуулагдсан №ЗГ/201843645740 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843645740 тоот барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, Н.Б, Б.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8.150.001,68 төгрөг, зээлийн хүүд 214.088,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.356 төгрөг, нийт 8.367.445,94 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж “Х Б” ХХК /Сэлэнгэ салбар/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Бэс зээлийн гэрээний үүрэг 8.378.94594 төгрөг гаргуулан Х Б ХХК /Сэлэнгэ салбар/-д олгож, хариуцагч Б.Сд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал хяналтын гомдолдоо: 1. Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан, үүрэг үүссэн байхад давж заалдах шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй.  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Энэхүү хуулийн заалтаар банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох бөгөөд талуудын хооронд нэг зээлийн гэрээ байгуулж байгаа нь нэг зээлийн данс үүсгэж зээл олгох агуулга бөгөөд нэг зээлийн гэрээнд нэг л зээлийн хувийн хэрэг бүрдэх зохицуулалттай. 2. Хариуцагч Б.Сгийн хувьд уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах талаар шүүхэд шаардлага гаргаагүй байхад дор хаяж 2,000,000 төгрөгийг хариуцаж болох талаар тайлбар гаргасаар байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. НэхэмжлэгчХ Б ХХК-ийн Сэлэнгэ салбар, хариуцагч Н.Б, Б.С нарт холбогдуулан 2018.06.07-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8,378,945.94 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Б хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.С мөнгийг хүлээж аваагүй, ашиглаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нараас 8,367,445 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Бэс 8,378,945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Б.Сд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018.06.07-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээг нэг талаас Х Бны салбар нөгөө талаас зээлдэгч Н.Б байгуулсан, Б.Сг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

9. Хариуцагч Н.Б нь 10,300,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан, хуваарийн дагуу төлөлт хийхгүй, үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, 8,378,945 төгрөг нэхэмжилснийг маргаагүй байна. Гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн үндэслэл болсон байхад анхан шатны шүүх гэрээг цуцлах шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д нийцээгүй, давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь хэлбэрийн хувьд талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч Б.С гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх, хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь агуулгын хувьд тогтоогдсон байж гэрээний дагуу үүрэг үүснэ гэж үзнэ. Зээлийн гэрээнд Б.С хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч зээл авах хүсэл зориг байгаагүй, зээлдүүлэгч өмнө нь Н.Бд зээлдүүлсэн 8,283,599.77 төгрөг дээр нэмж 2,016,400 төгрөгийг зээлдүүлэхдээ аль үүргийг хэрхэн хамтран гүйцэтгэхийг Б.Сд тайлбарлаж, энэ талаар тохиролцоогүй, зээлийн барьцааны зүйл нь Н.Бат-Эрдэнийн цалин, зээлдүүлэгч зээлийг зөвхөн Н.Бд шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Б.Сг хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

 

Хариуцагч Б.С нь шүүхэд 2 удаа “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус зээлийг миний бие хэрэглээгүй. Мөн хуурч мэхлэх замаар батлан даалтанд гарын үсэг зуруулсан. Энэ талаар удаа дараа банканд хандаж байсан боловч арга хэмжээ авч чадаагүй өнөөдрийг хүрсэн...” гэх агуулгатай тайлбар гаргасан ба “хамтран хариуцагчаас хасуулах хүсэлтийг хариуцагч гаргаагүй, шүүх маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 149,013.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Х.ЭРДЭНЭСУВД

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ