Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0496

 

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0496

Улаанбаатар хот

 

 

 

 

                            “О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О***” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Гуравдагч этгээд: “Г***” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “О***” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0268 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч***.

Хэргийн индекс: 128/2023/0004/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан О***” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0268 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх/-ийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О***” ХХК-аас, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “О***” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 ... Анхан шатны шүүх “гаргасан хүсэлттэйгээ холбогдуулан эс үйлдэхүйтэй маргаагүй” гэж дүгнэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй, хариуцагч хүсэлтийг шийдвэрлэж, татгалзсан хариу өгсөн. Мөн хариуцагчаас хүсэлтэд холбогдуулан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн хариу өгөөгүй, гаргасан хүсэлтийг агуулгаар нь дүгнэж, бичгээр татгалзсан хариу өгсөн байхад “эс үйлдэхүй”-тэй холбогдуулан маргаагүй гэж маргааны үндсэн нөхцөлийг буруу дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ямар аж ахуй нэгж байгууллагын цуцлагдсан газартай давхцалтай байсан гэдгийг нотолж чадаагүй тул татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй байсан болох нь тогтоогдсон.

3.2. Шийдвэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “хариуцагчийг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь 9 сарын өмнө хүсэлтээ гаргасан, гуравдагч этгээдэд эрх олгосон нь үндэслэлгүй гэж маргаж байхад “харьцуулан сонгох” уг заалтыг ямар агуулгаар хэрэглэж, хэнд зориулан тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.

3.3. Газар ашиглах хүсэлтийг нэхэмжлэгч нь түрүүлж гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож буй энэ тохиолдолд гуравдагч этгээдэд маргаан бүхий газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн.

3.4 Мөн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтийг гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хэрхэн шийдвэрлэсэн гэж үзсэн болохоо нотлох баримтад үндэслэн тодорхой дүгнээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ийм баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчид ийм агуулгаар мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 5000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтээ төсөл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлангийн хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасныг тус газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 160 болон 161 дугаартай албан бичгээр дэмжсэн саналтай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13/2029 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “О***” ХХК-д “...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай ... эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, 2019 оны 3 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэх...”-ийг мэдэгдсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн.

Улмаар “О***” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/01 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан “...байгаль орчны төлөв байдлын тайланг эрх бүхий байгууллагаар хийлгэж, ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан болно. Иймд хүсэлтийг харгалзан үзэж газар ашиглах эрх олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

3.2. Энэ хооронд гуравдагч этгээд “Г***” ХХК-иас дээрх маргаан бүхий газартай давхцуулан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 12736.7 м.кв газрыг ашиглахаар хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2051 дүгээр албан бичгээр дэмжсэн саналтай Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлснийг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/144 дугаар тушаалаар Хан уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгохоор шийдвэрлэж, мөн оны 3 дугаар сарын 04-ний өдөр 0201415 дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон.

3.3. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуг авахаар хариуцагчид хандахад хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дугаартай албан бичгээр “...Тус хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг шалгуулахад иргэн ААН байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан” гэж цахим системд тэмдэглэсэн байна” хэмээн хариу өгсөн. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин хүсэлт гаргасныг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчихөөр байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдсон.

4. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн[1] 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-д “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж,

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг;”, 5-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг, 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан газар ашиглах хүсэлтийг хариуцагч 30 хоногийн дотор /хугацаа сунгасан тохиолдолд 60 хоногийн дотор/ шийдвэрлэж, хариуг өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий газрыг ашиглах эрх хүссэн өргөдлийг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр өгсөн нь,

мөн цаг хугацааны хувьд нэхэмжлэгч түрүүлж маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргасан байхад сүүлд хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийг түрүүлж олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хуульд заасан журмын дагуу газар ашиглах хүсэлтийг нэхэмжлэгч түрүүлж гаргасан байхад тухайн хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээдээс сүүлд нь буюу 10 сарын дараа гаргасан хүсэлтийг түрүүлж шийдвэрлэн, гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

6. Харин “хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 Нэхэмжлэгч О***” ХХК-иас анх Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-нд холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжид хууль тогтоогчоос нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 5-д “Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.4-т заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар энэ хуульд заасны дагуу явуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” хэмээн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх олгох асуудлыг “сонгон шалгаруулалт”-ын үндсэн дээр олгох эрх зүйн зохицуулалттай болсон.

 Түүнчлэн, хуульд заасан газар ашиглах хүсэлтэд холбогдох бүрдүүлбэр, шаардлагыг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр газар ашиглах эрхийг олгох эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарах тул нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 8. Түүнчлэн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Г***” ХХК-иас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 24 минутад “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс ХБНГУ-руу зорчсон, шүүх хуралдаанд ирж амжихгүй байх тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлийг нотолсон баримтыг хавсарган ирүүлээгүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0268 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “Г***” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийн “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, “О***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 70200 гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА 

 

 

 

 

 

[1] 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх байдлаар