Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0075

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0075

Ула******* хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

1. Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах;

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Гыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах,

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие Т овогтой Г нь 1962 онд төрсөн 59 настай, эрэгтэй, Хими, биологич мэргэжилтэй. Улсад 36 жил үүнээс сүүлийн 7 жил байгаль орчны салбарт ажиллаж байна. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан тангараг өргөсөн, Төрийн жинхэнэ албан хаагч хүн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 061 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, албан тушаал эгүүлэн томилох тухай Б/10 дугаар тушаалаар Их богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар эгүүлэн томилогдон 9 сар ажиллаж байхад 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн Хангалтгүй гэж үнэлэн албан тушаал бууруулсныг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Хамгаалалтын захиргааны ажлыг дүгнэхдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн тувшинг үнэлэх журам"-ыг мөрдөж дүгнээгүй, бодит байдалд нийцээгүй улирал бүр буюу 2020 оны 2, 3 дугаар улиралд дүгнээгүй, 2020 оны 4 дүгээр улиралд дүгнэж үнэлгээний талаар танилцуулж гарын үсэг зуруулаагүй, дүгнэсэн талаар хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй;

Бүтэн жилийн ажлыг зөвхөн 4-р улиралд нэг удаа дүгнэчихээд Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 4.11.3-т заасан "Хангалтгүй үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд: а. сургалтад хамруулах; б. албан тушаалын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан хангалтгүй үнэлэгдвэл); г. төрийн албанаас халах (3 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл) арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн нь зохих хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна.

Албан тушаал бууруулсан гол үндэслэл нь Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан. Б.Б*******г байгаль орчны салбарт ашиг сонирхол үүсгэдэг, ажлаа хангалтгүй хийж байгаа гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл Б.Б******* нь миний эрхэлж байсан албан тушаал дээр орохоор 2021 оны 11-р сард Улсын Их Хурлын гишүүн С.Г******* болон бусад гишүүдийн нөлөөллөөр Авлигатай тэмцэх газар урьдчилан мэдүүлэг өгч улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Сарангэрэл болон албаны хүмүүст нөлөөлснөөр тус хамгаалалтын захиргааны 2020 оны ажлын гүйцэтгэл үр дүнг санаатай Хангалтгүй" дүгнүүлж Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан тушаалд томилогдсон нь улс төрийн нөлөөлөл орж, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2 дэх хэсгийг зөрчиж гэж үзэж байна.

Миний бие Т.Г нь 2017 онд Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас буурч Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанд мэргэжилтэн, 2019 онд Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халагдаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлж албан тушаал бууруулсан, ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоож байсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Миний бие нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Х*******аас хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 зүйлийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргаж Баянхонгор аймгийн Шуудангийн үйлчилгээний газраар 2021 оны 04- р сарын 08-ны өдөр хүргүүлснээр Төрийн албан зөвлөлд 2021 оны 04-р сарын 15-ны өдөр хүргэгдсэн байна. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс зохих хариу ирээгүй байх тул хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/1315 тоот албан бичгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас хүлээн авч уг албан бичгийг нотариатаар батлуулан шүүхэд шуудангаар хүргүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндэслэлээ дүгнээд ярихад Т.Г нь Төрийн жинхэнэ албан тушаалд хууль ёсны дагуу томилогдсон, төрийн жинхэнэ алба хаагч байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхдээ Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журмыг мөрдөж дүгнээгүй.

Үнэлгээг алба хаагчид танилцуулах, гарын үсэг, зуруулах, батлах зэрэг процессын ажиллагаа хийгдээгүй. Хийсэн ажлыг нь хагас жилээр үнэлээгүй. Учир нь 2020 оны 4 дүгээр сард ажилд орсон учраас хагас жилээр үнэлээгүй, 2020 оны бүтэн жилийг үнэлж нийтдээ 9 сарын хугацааны ажлыг дүгнэхдээ журамд заасан процесс ажиллагаа хийгдээгүй.

Мөн нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсан тушаалтай маргаад холбогдох хууль хяналтын байгууллагуудаар явж байхад Т.Гыг байгаль хамгаалагчаар томилогдох уу гэдэг санал ирсэн. Хамгаалалтын захиргааны дарга байсан хүн байгаль хамгаалагчаар томилогдох боломжгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Т.Гын хувьд 2021 оны 9 дүгээр сард айл гэрийн өрхийн тэргүүн тул амьжиргаагаа залгуулахын тулд зайлшгүй ажил хийх шаардлагатай болж аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн хийх санал ирээд тус ажлыг одоог хүртэл хийж байгаа. Мөн Т.Гын хувьд 1 жил гарангийн хугацааны дараа тэтгэвэр тогтоолгох нас нь болж байгаа. Хэрэв ажилгүй байвал тэтгэвэр тогтоолгох болон 1 удаагийн буцалтгүй тусламж зэрэг үүнтэй холбоотой дараа дараагийн үр дагавар үүсэх тул нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн гол шаардлага нь албан тушаал бууруулсан маргаан бүхий тушаал нь Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчсөн. Уг тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан авах арга хэмжээг яг хэвээр нь тогтоож зааж өгсөн байгаа. Үүний дагуу авах процессын арга хэмжээг аваагүй. Процессын алдаа гаргасан учир ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, 218 дугаар тогтоолыг зөрчсөн тул албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгож, хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эргүүлэн томилж, цалин хөлсний зөрүү олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг олгож бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.Гын 2021 оны 6 сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 12 дугаар 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 30 хамгаалалтын захиргаадын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт гарган, хяналт шинжилгээ хийсэн.

Тус хяналт, шалгалтаар Их Богдын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны гүйцэтгэлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулаагүй, зорилт, арга хэмжээ нь хоорондоо уялдаагүй хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг тухайн жилдээ хэрэгжих боломжтой тоон болон чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц, үр дүнг харуулаагүй, шалгуур үзүүлэлт нь бодлогын баримт бичиг, статистик тоон мэдээлэл салбарын мэдээлэлд үндэслээгүй, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эс үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр тусгаагүй төдийгүй зарим арга хэмжээний биелэлтийг бичиж ирүүлээгүй, баримт бичгийн боловсруулалт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн.

Иймд Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Гын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр, дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээ нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу үнэлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолтод Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрүүд болон тухайн хамгаалалттай газрын менежмент болон бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Байгаль орчны болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горим, дэглэм зэрэг эрх зүйн актын хэрэгжилт, мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангах, Тухайн хамгаалалттай газрын байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлийн хувьсал, өөрчлөлтийн мэдээллийг менежментийн үндсэн суурь болгох, Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс болон орчны бүсийн байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг хангах, Хамгаалалтын захиргааны бүтэц зохион байгуулалт, хамгаалалтын захиргааны төсөв, санхүү, захиргааны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг гэх мэтчилэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Гэтэл нэхэмжлэгч Т.Г нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд биелэлт тусгагдаагүй нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах үндэслэл болсон.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Т.Год 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутад сонсох ажиллагаа хийж Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг бүрэн олгосон төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, 75.2-д Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана гэж заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 12 дугаар 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 30 хамгаалалтын захиргаадын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэг Засгийн Газрын 2020 оны 206 дугаар тушаалаар бодлогын баримт бичиг хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих журмын хүрээнд хяналт шинжилгээг хийсэн.

Засгийн газрын 2020 оны 206 дугаар журмаар хяналт шинжилгээг юунд хийх, тайланд юуг тусгах зэргийг тодорхой зааж өгсөн байгаа. Тус журмын 10.2-т хариуцлага хүлээлгэх талаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасны дагуу хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд хариуцлага тооцно гэж тодорхой заасан байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлтийг сайдад танилцуулаад сайд баталгаажуулсан. Их Богдын хамгаалалтын захиргаа 63.81 хувь D буюу, хангалтгүй үнэлгээ авсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/48 тоот албан бичгээр үнэлгээний дүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн. Аль аль арга хэмжээнд 0 оноо авсан бэ гэдэг нь төлөвлөгөөний 1.1, 3.2.2-т 0 арга хэмжээ, 30 оноогоор 2.4, 2.5, 3.1.1, 3.1.2, 4.2.4-т 0 оноо авсан тухай баримтыг хүргүүлсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдох байх.

Т.Гын хувьд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хүлээлцэж өгсөн. Ажил хүлээлцэх явцад тэмдэглэлд тусгаснаар ажлын хэсгийн ахлагчид 2 зүйл хэлье. Би төрийн албанд 35-36 жил ажиллаж байна. 2020 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нь үнэн, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байдлаар нэхэмжлэгч хэлсэн. Энэ нь хавтаст хэргийн 77 дугаар хуудаст байгаа.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар хуудаст хамгаалалтын 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан гэж байгаа. Энэ дээр хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг тушаалд Т.Г 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээтэй танилцаж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч танилцаад хүлээн зөвшөөрсөн нь тайлангийн үнэлгээний хурлын тэмдэглэл болон, үнэлгээтэй танилцаж гарын үсэг зурснаар батлагдаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны Б/04 дүгээр тушаалын тухайд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13,39 дүгээр зүйлийн 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасныг тус тус удирдлага болгосон. 37 дугаар зүйлийн 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 45 дугаар зүйлийн 45.1.1-т хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 45.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж албан тушаал бууруулах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд албан тушаал бууруулах талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Иймд 2020 оны байгууллагын үйл ажиллагааны тайланг хангалтгүй биелүүлсэн тул дээрх албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй байна.

2021 оны Б/04 тушаалтаар Т.Гын албан тушаалыг бууруулж тус хамгаалалтын захиргаанд ажлын байраар хангахыг даалгасан. Үүний дагуу хамгаалалтын захиргааны дарга н.Б******* нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т.Гыг байгаль хамгаалагчаар ажилд аваад, нэг сарын дараа байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлсөн. Тухайн хамгаалалтын захиргаанд газар зохион байгуулалт, ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаал дээр 1 сарын дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар томилсон.

Уг албан тушаалд томилогдоод ажиллаж байх хугацаандаа Т.Г 4 сарын дараа өөрөө өргөдлөө өгсөн. Тус өргөдөлдөө Баянхонгор аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Үүний дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсан. Улмаар нэхэмжлэгч ажлын байраар хангагдсан. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, цалин төрийн байгууллагаас ямар нэгэн байдлаар хасагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. Үүнд:

1. Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг буруу үнэлсэн болохыг тогтоолгож, уг үнэлгээг хүчингүй болгуулах,

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Гыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай" Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах,

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг Т.Гын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Гыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай Б/04 дүгээр тушаалаар ...2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд Хангалтгүй дүгнэгдсэн ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Гын албан тушаалыг бууруулсан байх ба тус тушаалыг гаргахдаа:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.8өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;, 37.1.13албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 39 дүгээр зүйлийн 39.1.2албаны эрх мэдлээ хэтрүүлэх;, 45 дугаар зүйлийн 45.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;, 45.1.2үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;, 52.2-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ., 52.3-д Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ. гэж заасан хуулийн зохицуулалтуудыг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Гыг албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна. Үүнийг тайлбарлавал,

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 45.1.1хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;, 45.1.2үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;, 45.1.3хуульд заасан бусад үндэслэл. гэж заасан ба хуульд заасан эдгээр үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/04 дүгээр тушаалаар 2020 ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд Хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгын хавсралт 1-ийн хүснэгтийн[1] 11-д зааснаас үзэхэд Их богдын хамгаалалтын захиргаа нь 63.81 оноогоор дүгнэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална. гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын  гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталсан байна.

  Дээрх журмын   4.14.4-д D буюу Сайжруулах шаардлагатай үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:, а. сургалтад хамруулах;, б. хугацаатай үүрэг даалгавар өгөх;, в. сануулах арга хэмжээ авах., 4.14.5-д F буюу Хангалтгүй үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд: а. сануулах арга хэмжээ авах;, б. албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;, в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан F буюу хангалтгүй үнэлэгдвэл) г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш F буюу хангалтгүй үнэлэгдвэл) гэж заасан байна.

Мөн дээрх Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал- ын гуравт: Журмын 4.3-т заасны дагуу Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж А буюу Маш сайн, B буюу Сайн, C буюу Хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:

-       90 100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ

-       80 89 оноотой бол В буюу Сайн гэсэн үнэлгээ

-       70 79 оноотой бол С буюу Хангалттай гэсэн үнэлгээ

-       60 69 оноотой бол D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ

-       59 онооноос доош бол F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлнэ гэж заасан байна.

Мөн дээрх аргачлалын Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн,
мэргэшлийн түвшинг үнэлэх хэсэгт: Төсвийн шууд захирагч 6, 12 дугаар сарын 20-ны дотор нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу Хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээний нэгийг өгнө. гэжээ.

Дээрх Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн гарсан журам, аргачлалаас үзэхэд 63.81 оноо авсан тохиолдолд хангалтгүй буюу F гэж үнэлэхгүй, харин сайжруулах шаардлагатай буюу D гэж үнэлэхээр байна.

D буюу Сайжруулах шаардлагатай үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах арга хэмжээ авахгүй, харин сургалтад хамруулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, сануулах арга хэмжээ авахаар дээрх журамд заасан байна.

Иймд Их богдын хамгаалалтын захиргаа нь 63.81 буюу сайжруулах шаардлагатай үнэлгээ авсан байхад хангалтгүй гэж дүгнэсэн нь дээрх журамд нийцэхгүй байна.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 10 дугаар хавсралтаар батлагдсан Ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас-ын загварын нэгжийн даргын үнэлгээний хуудасны загвараас үзэхэд, үнэлгээний хуудаст үнэлгээ өгсөн төсвийн шууд захирагч болон уг үнэлгээтэй нэгжийн дарга танилцаж гарын үсэг зурахаар байна.

Гэтэл хариуцагчаас Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлсэн үнэлгээтэй холбоотой баримтуудыг ирүүлэхдээ дээрх үнэлгээний хуудасны загварын дагуу үнэлсэн үнэлгээг ирүүлээгүй, үнэлгээ хийсэн болон үнэлгээтэй танилцсан албан тушаалтны гарын үсэг байхгүй зэрэг шаардлага хангаагүй баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №1/8640 тоот ...Хамгаалалтын захиргааг үнэлсэн үнэлгээний талаар Т.Год танилцуулсан эсэх баримтууд, тус хамгаалалтын захиргааг үнэлсэн үнэлгээтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий албан бичгээр хариуцагчаас үнэлгээтэй холбоотой бүх баримтуудыг шаардсан ба хариуцагчаас өөрт хадгалагдаж байгаа баримтуудаа ирүүлсэн болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд Байгаль орчны яаманд хадгалагдаж байгаа Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажлыг үнэлсэн үнэлгээтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Иймд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах үндэслэл болсон үнэлгээ нь холбогдох журамд нийцээгүй, шаардлага хангаагүй байна гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын Б/04 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 39.1.2-д албаны эрх мэдлээ хэтрүүлэх; гэж заасныг үндэслэсэн байх боловч Т.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч албаны эрх мэдлээ хэтрүүлсэн талаар тайлбарлаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд дээр тайлбарласан хууль зүйн үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Гыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Гыг урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурсны зөрүү цалин хөлсийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, Т.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэлээ.

Т.Гын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгын 1 дүгээр хавсралтын хүснэгт болон Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн бусад баримтуудаас үзэхэд уг үнэлгээгээр тус хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг буюу нийт албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлсэн агуулгатай байх ба уг үнэлгээг зөвхөн Хамгаалалтын захиргааны даргад хамааралтай гэж үзэх боломжгүй, тус хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдад хамааралтай байх тул уг үнэлгээг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь тус хамгаалалтын захиргааны ажлын гүйцэтгэлийг 63.81 оноогоор үнэлсэнтэй маргаагүй, харин 63.81 оноог хангалтгүй буюу F гэж үнэлсэнтэй маргаж байгаа болно.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Гыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Гыг урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурсны зөрүү цалин хөлсийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, Т.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгаж,

үлдэх Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.БАТЗОРИГ

 

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас