Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 543

 

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг 132 тоотод оршин суух, Рашаантынхан овогт Дашжамцын Эрдэнэбат /РД:МЮ-70060468/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр 2 дугаар хэсэг 201-б тоотод оршин суух, Хаш авто сэлбэгийн дэлгүүр ажлуулдаг гэх, Ээжин овогт Дашдоржийн Чулуунбаатар /РД: ДЮ77032810/-т холбогдох

 

Гэм хор учруулсны хохирол 4.270.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат, хариуцагч Д.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Би энэ хүний ажиллуулдаг дэлгүүрээс 2018 оны 10 дугаар сард 20 литр 2 сав тосол авсан юм. Ямар ч хаяг шошго байхгүй, сав нь шалчийсан байсан тул сав нь яагаад шалчийсан юм бэ гэж асуухад юманд дарагдсан байх гэж хэлсэн. Гэтэл миний худалдаж авсан тосол нь тосол биш ус байсан. Би 09 дүгээр сарын сүүлээр машиныхаа усыг асгасан байсан тул машинд ус үлдээгүй байсан. Би үлдсэн тосолыг нь аваачиж өгсөн. Анх худалдаж авахдаа ус гэдгийг нь мэдэхгүй машиндаа шууд хийчихсэн. 3 хоногийн дараа хөлдсөн байсан. Ингээд бидний хооронд маргаан гарч эхэлсэн. Би энэ талаар Д.Чулуунбаатарт хэлэхэд туслахаа явуулж миний машиныг үзсэн. Би анх тосол авахдаа 11 литрийг авъя гэж хэлсэн боловч заавал бүтнээр нь л зарна гээд байсан. Тосол биш ус хийсэн учраас миний машин эвдэрч ажиллагаагүй болсон. Би өмнө нь байнга л Хятад тосол хийгээд өдийг хүрсэн. Ийм асуудал огт гарч байгаагүй. Ус хийчихсэн байсан болохоор л хөлдсөн гэж үзэж байгаа. Би машинтайгаа түлээ нүүрсэнд явж амьдралаа залгуулдаг байсан. Сард ойролцоогоор 800.000 төгрөгний ашиг олдог байсан. Иймд миний машины үнэлгээ болон ажилгүй байсан хугацаанд олох боломжтой байсан орлого 2.400.000 төгрөг нийт 4.270.000 төгрөгийг Д.Члуунбаатараас гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч Д.Чулуунбаатар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Д.Эрдэнэбат ах 2018 оны 10 дугаар сарын 28-нд миний ажиллуулдаг дэлгүүрээс тосол худалдаж авсан. Анх тосол авахаар ирэхдээ хятад тосол 1 савыг авъя гэж хэлсэн. 1 савыг өгтөл ахиад жаахан хэрэгтэй байна багаар авч болох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх задгай тосол зардаггүй, танд ахиад хэрэгтэй байгаа бол бүтэн савыг л өгөх боломжтой гэж хэлсэн. Ингээд Д.Эрдэнэбат ах 2 сав тосол авсан. Шалчийж хэлбэр дүрс алдагдсан байдалтай байсан нь үнэн. Учир нь бараанууд ирэхдээ ачилтнаас болоод дарагдсан байх боломжтой. Гэхдээ лац нь бүрэн бүтэн байсан. Хятад тосол бол дулаан гражид өвөлжих машинд л хэрэглэх боломжтой, Орос болон Герман тосолнуудын хэмжээнд хүрэхгүй гэдгийг сануулж хэлсэн. Гэтэл энэ ах өөрөө би байнга Хятад тосол хэрэглэдэг гэж хэлээд авсан юм. Би лац ломбыг нь сайн шалгаж үзүүлээд өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа танайхаас авсан тосол хөлдсөн байна гэж хэлж ирсэн. Тэр үед цаг агаар -10 градус ч хүрээгүй байсан болохоор одоо тосол хөлдөх ямар ч хүйтэн байхгүй, хятад тосол муу байсан ч гэсэн одоохондоо хөлдөхгүй гэхэд очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ явуулж үзүүлэхэд дүү маань ирээд тосол хөлдсөн байна гэж хэлсэн. Харин би огт итгэхгүй байгаа. Энэ ах өөрөө би дандаа Хятад тосолтой өвөлждөг гэж яриад байгаа. Гэтэл Хятад тосолтой өвөлждөг ямар ч машин байхгүй. Тэр тусмаа байнга гадаа байдаг портер бонго машинуудын хувьд бүр ч боломжгүй. Сүүлд энэ ах танайх ус савлаж зардаг, ашиг олох гэж хүн юу ч хийж болно гэж хэлсэн. Мэдээж ашиг олохын тулд дэлгүүр ажиллуулж байгаа. Гэхдээ тосолны саванд ус хийж зарах бодол надад огтхон ч байхгүй. Тухайн үед Д.Эрдэнэбат ах ирээд тосол чинь хөлдчихлөө гэхэд би та өмнөх усаа яаж асгасан юм бэ гэж асуухад яах юу байхав доогуур нь радиоторынх нь боолтыг тайлаад асгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь өөр зөндөө олон боолт тайлдаг гэхэд юм хэлэхгүй байсан. Тэгсэн хэрнээ маргааш нь орж ирээд би бүх юмныхаа боолтыг тайлсан гээд бүх юмыг мэддэг юм шиг болоод ирсэн. Миний бодлоор энэ ах өөрөө машиныхаа усыг дутуу асгаж хөлдөөчихөөд надад буруугаа тохох гээд байна гэж байгааг ойлгохгүй байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй! ... гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь хариуцагч Д.Чулуунбаатарт холбогдуулан Гэм хорын хохиролд 4.270.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Зохигчид 2018 оны 11 дүгээр сард Хаш авто сэлбэгийн дэлгүүрээс 2 сав /20 летр/ тосол худалдан авсан талаар маргаагүй бөгөөд уг худалдан авсан тосолыг машинд хийснээр Д.Эрдэнэбатын эзэмшлийн Kia Bongo маркын 2893 СЭА авто машины мотор, радиатор /усны/ паарны радиатор хөлдсөн гэж маргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т: Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахад уг гэм хорыг учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай юм. Гэтэл ийм байдал мөн тогтоогдохгүй байна.

Тухайлбал: Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан ... тухайн үед тосол хөлдөхөөр хүйтэн байгаагүй, дулаахан байсан... гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй ба уг тосолыг машинд хийсны улмаас мотор, радиатор /усны/ паарны радиатор хөлдсөн, машинууд их хүйтэн байсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дүгнэлт, АМБЕР ХХК-ний Сорилтын үр дүнгийн тайлан, 2018 оны 10, 11 дүгээр сарын цаг агаарын хоногийн хамгийн бага темтературын судалгаа зэргээр няцаагдаж байна.

Мөн түүний ... уг тээвийн хэрэгслээр сард 2.000.000-3.000.000 төгрөг олдог, орлогоо дунджаар буюу сарын 800.000 төгрөгөөр тооцоход 3 сарын хугацаанд 2.400.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан үүнийг Б.Ганболд, Тулга нар гэрчилнэ... гэж байгаа ч гэрч Ганболд шүүхэд өгсөн ... намар болгон Д.Эрдэнэбатаас мод авдаг, 3 жил дараалан авч байсан. Өнгөрсөн жил аваагүй, машин нь яваагүй болохоор авч чадаагүй. Таньдаг болохоор түлээ нүүрсээ авдаг. Тэр нь амар байдаг.. гэж, гэрч Д.Тулга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би гэрийнхээ галын түлээний модыг хувиараа мод зардаг байсан Д.Эрдэнэбатаас худалдаж авдаг байсан.Д.Эрдэнэбатаас 2018 оны өвөл 3 портер мод худалдаж авсан. 2017 оны өвөл бас нэг удаа гэрийнхээ галын түлээг худалдаж авсан. Сарыг нь сайн санахгүй байна. Д.Эрдэнбат нь тухайн үед өөрийнхөө цагаан өнгөтэй Портер маркийн автомашинаар модоо бэлтгэж ирээд уг машинаараа зардаг байсан Би худалдаж авсан галын түлээнийхээ мөнгийг бэлнээр Д.Эрдэнэбатад өгдөг байсан. Дансаар өгдөггүй байсан. Тухайн үед би нэг Портер галын түлээг Д.Эрдэнэбатаас 200.000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Хэд хэдэн удаа бас шуудай нүүрс худалдаж авдаг байсан. Нэг уут шуудай нүүрсээ 4000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө бэлнээр өгдөг байсан ... гэж мэдүүлсэн ба түүнийг сарын дундаар 800.000 төгрөг олдог талаар гэрчлээгүй ба тэрээр олсон орлогоосоо татвар төлж байгаагүй гэдгээ мэдүүлсэн зэргээр шүүх түүнийг сард 800.000 төгрөгийн орлоготой гэж үзэх боломжгүй бөгөөд тэрээр үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын эзэмшлийн 28-93 СЭА дугаартай Bongo маркийн автомашинд гэмтэл учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолж, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй бол гэм хорыг хариуцах бөгөөд харин гэм буруугүй болохыг нотлоогүй нь хариуцагч гэм буруутай болох-ыг нотлох нэхэмжлэгчийн үүргийг чөлөөлөхгүй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байгаа бол өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх ба түүний гэм буруутай эсэхийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь хариуцагч Д.Чулуунбаатараас гэм хорын хохиролд 4.270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь шүүхэд ...аавын минь бие муу, миний бие сахиж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Өмнө гаргасан дүгнэлтээ дэмжиж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунбаатарт холбогдох эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.270.000 төгрөг гаргуулах тухай Д.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлитйн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ               Л.СОЁЛМАА

ШҮҮГЧИД                     Л.ЭНХТАЙВАН

                                Б.МӨНХЗУЛ