Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00134

 

                              “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1555 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Батлан даалтын гэрээний үүрэгт 490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 490,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК /РД:27373,,,/-аас батлан даалтын гэрээний үүрэг 490,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК /РД:55062,,,,/-нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1555 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.5.01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 1555 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж чадаагүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл хууль зүйн хувьд тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгтэй нийцээгүй. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-тай байгуулсан 2019.06.28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу тус компанид нийлүүлсэн шатахууны үнэ 490,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжилсэн. Ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь үүрэг гүйцэтгэгч “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-ийг үүргээс чөлөөлж, батлан даагчид холбогдуулан шаардлага гаргаж буй нь гүйцэтгээгүй үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах талаарх Иргэний хуулийн үүргийн болон гэрээний эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д заасны дагуу “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнө батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах буюу “нөхөх хариуцлага” хүлээх ёстой.

4.2. Харин худалдах-худалдан авах гэрээний дагуу “шатахууны үнэ” төлөх үүрэг хүлээх ёсгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа худалдах- худалдан авах гэрээний дагуу 490,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байдаг. Батлан даалтын гэрээ байгуулагдсан нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийг шилжүүлэн авч байгаа эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаа явдал биш байтал шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага биш үүргийг хамтран хариуцах хариуцлагыг хүлээсэн учраас хариуцагч байх боломжтой гэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...батлан даагчийн хариуцлага нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу “нөхөх хариуцлага” биш, үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан байна” гэжээ. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Батлан даалтын гэрээний 3.1, 3.16-д үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхаар, үүргээ гүйцэтгээгүй гэдгийг гэрээнд заасан хугацаа өнгөрснийг ойлгохоор, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг нотлохгүйгээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцах агуулгатай нийцнэ” гэх дүгнэлтийг хийсэн.

4.3. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсгийн “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол...” гэх хэм хэмжээний нөхцөл заасан хэсэг хангагдсан тохиолдолд (а) үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, (б) эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг батлан даагчаас шаардах эрхтэй” болохыг хуульд заажээ. Харин батлан даагч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч биш бол (а) болон (б)-д заасан нөхцөл байдал бий болсон ч үүргийг батлан даагчаас шаардах боломжгүй байхаар зохицуулжээ. “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК оролцоогүй буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу шатахууны үнийг төлөх үүргийг хамтран хүлээгээгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс батлан даалтын гэрээнд худалдах-худалдан авах гэрээний үүргийг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хүлээхээр заасан учраас үүргийг хамтран хариуцна гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь батлан даалтын гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг үүсгэхгүй учраас батлан даагч нь худалдах-худалдан авах гэрээний буюу үндсэн гэрээний оролцогч тал биш байх тохиолдолд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан “нөхөх хариуцлага”-ыг хүлээнэ гэж үзэж байна.

4.4. Үндсэн үүрэг үүсэхгүйгээр батлан даалтын гэрээний үүрэг, хариуцлага гэж байхгүй бөгөөд шатахууны үнийг шаардах эрх “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д батлан даалтын гэрээний дагуу бус худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн нь ойлгомжтой. Гэвч шүүх батлан даалтын гэрээний 3.1, 3.16 дугаар зүйлийг иш татан эдгээр зүйл, заалтын дагуу “хамтран үүрэг гүйцэтгэгч” болсон гэх агуулгатай дүгнэлт хийсэн буюу Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсгийн “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол...” гэх хэм хэмжээний нөхцөл заасан хэсгийг буруу тайлбарлан, дээрх үндэслэл бүрдээгүй байхад уг зүйлийг үндэслэсэн нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэдэг үндэслэлээр тус компанийг төлбөр төлөх чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-ийн бичгийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудаар тус компани шүүхэд хариуцагч байж чадахын зэрэгцээ үүргээ гүйцэтгэх чадвартай болох нь нотлогдож байгаа буюу нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байгааг шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 490,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас батлан даалтын гэрээний үүрэг 490,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2022.01.18-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулахаар 2022.01.20-ны өдөр шүүхэд хүсэлт гаргажээ.

9. Талуудын байгуулсан 2022.01.18-ны өдрийн  ХГ/ШТ-01 Т/15 тоот “Эвлэрлийн гэрээ”-нд:

Энэхүү гэрээг нэг талаас 5506239 регистрийн дугаартай “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК (цаашид “нэхэмжлэгч” гэх) түүний нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,, , нөгөө талаас 2737302 регистрийн дугаартай “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК (цаашид “хариуцагч” гэх) түүний нэрийн өмнөөс ерөнхий захирал ,,,,,,,,,,, нар (хамтад нь “талууд” гэх) Иргэний хуулийн 189.1, 189.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон хүсэл зоригоо харилцан чөлөөтэй илэрхийлж, дор дурдсан нөхцөл болзлоор хэлэлцэн тохиролцож байгуулав.

1. Ерөнхий зүйл

1.1. Талууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.5.01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 1555 дугаар магадлалтай иргэний хэргийг хяналтын шатны шүүх хуралдааны өмнө эвлэрэн хэлэлцэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцов.

2. Эвлэрлийн гол нөхцөл

2.1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гаргасан 2019.06.28-ны өдрийн Т/401 тоот батлан даалтын гэрээний дагуу “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-д нийлүүлсэн шатахууны төлбөрт 490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр багасгаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 450,000,000 (дөрвөн зуун тавин сая) төгрөгийг дараах журмаар төлж дуусгавар болгохоор талууд эвлэрч байна.

2.1.1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн харилцан хамаарал бүхий 6531342 регистрийн дугаартай “,,,,,,,, ,,,,,,,,,”    ХХК нь 2021.11.25-ны өдрөөс 2023.11.25-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн КВ тауэр барилгын 6 дугаар давхрын 1226 м.кв оффисыг нэг сарын 75,000,000 (далан таван сая) төгрөгөөр түрээслэх гол нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээслэгч “,,,,,,,, ,,,,,,,,,”    ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д нэг сарын түрээсийн төлбөрт төлөх ёстой 75,000,000 төгрөгийн 50 хувь буюу 37,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нийт 12 сарын турш (37,500,000x12 сар=450,000,000) нийт 450,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн нэхэмжилж буй 450,000,000 төгрөгийн төлбөрт тооцож уг үүргийг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцов.

2.1.2. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,, ,,,,,,,,,”    ХХК-тай байгуулсан “Оффисын талбай түрээслүүлэх гэрээ”-ний дагуу уг компаниас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50 хувийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан хугацаанд, уг хугацаанаас хойш түрээсийн төлбөрийг 100 хувь шаардах “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрхэд саад болохгүйг талууд тэмдэглэн тохиролцов.

2.1.3. Талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээр нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2019.06.28-ны өдрийн Т/401 тоот батлан даалтын гэрээ, 2019.06.28-ны өдрийн Т/400 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдийн үүрэг дуусгавар болох бөгөөд эдгээр гэрээний асуудлаар талууд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэжээ.   

10. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрсэн, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

11. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1555 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гаргасан 2019.06.28-ны өдрийн Т/401 тоот батлан даалтын гэрээний дагуу “,,,,,,,, ,,,,,, ,,,,,, ,,,,,,” ХХК-д нийлүүлсэн шатахууны төлбөрт 490,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр багасгаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 450,000,000 (дөрвөн зуун тавин сая) төгрөгийг дараах журмаар төлж дуусгавар болгох. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн харилцан хамаарал бүхий 6531342 регистрийн дугаартай “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь 2021.11.25-ны өдрөөс 2023.11.25-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн “КВ тауэр” барилгын 6 дугаар давхрын 1226 м.кв оффисыг нэг сарын 75,000,000 (далан таван сая) төгрөгөөр түрээслэх гол нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээслэгч “,,,,,,,, ,,,,,,,,,”    ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д нэг сарын түрээсийн төлбөрт төлөх ёстой 75,000,000 төгрөгийн 50 хувь буюу 37,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нийт 12 сарын турш (37,500,000x12 сар=450,000,000) нийт 450,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь өөрийн нэхэмжилж буй 450,000,000 төгрөгийн төлбөрт тооцож уг үүргийг дуусгавар болгох;

Хоёр. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,, ,,,,,,,,,”    ХХК-тай байгуулсан “Оффисын талбай түрээслүүлэх гэрээ”-ний дагуу уг компаниас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50 хувийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан хугацаанд, уг хугацаанаас хойш түрээсийн төлбөрийг 100 хувь шаардах “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрхэд саад болохгүйг талууд тэмдэглэн тохиролцож;

талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээр нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2019.06.28-ны өдрийн Т/401 тоот батлан даалтын гэрээ, 2019.06.28-ны өдрийн Т/400 тоот худалдах-худалдан авах гэрээнүүдийн үүрэг дуусгавар болох бөгөөд эдгээр гэрээний асуудлаар талууд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар харилцан хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 2,607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ