Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01146

 

2020 оны 5 сарын 01 өдөр                                        Дугаар 183/ШШ2020/01146                                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, байрлах, Ш ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хаан банк цамхаг, Хурд оффис, 8-р давхарт байрлах, Х ХХК /РД:/-д холбогдох,

 

Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 490 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Т/401 тоот Батлан даалтын гэрээгээр Х ХХК нь Ш ХХК болон С ХХК хоорондын газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үүргийн гүйцэтгэлийг батлан даасан. Үүрэг гүйцэтгэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлбөр төлөх үүргийг хүлээсэн бөгөөд 2019 оны 8-р сарын 4-ний өдөр төлөлт хийж эхлэх ёстой байсан. Гэвч, өнөөдрийн байдлаар зээлээр худалдан авсан шатахууны төлбөр болох 392 058 600 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 5 сар болж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу 2019 оны 12-р сарын 3-ны өдрийн байдлаар 214 949 478 төгрөгийн алданги үүссэн. Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй болсон тул батлан даалтын гэрээнд заасан үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийг хариуцах батлан даагчийн үүрэг Х ХХК-д үүссэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч С ХХК болон батлан даагч Х ХХК-д гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр шаардлага тавьсан боловч үр дүн гарсангүй. Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хангуулах эрхтэй бөгөөд үүргээ гүйцэтгээгүй гэдгийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрсөн г ойлгож, үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг нотлохгүйгээр батлан даагчаас шаардах эрхтэй. Мөн зүйлийн 3.16 дахь хэсэгт батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болохыг нотлохгүйгээр, үл маргах журмаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө шууд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын хэмжээ нь               490 000 000 төгрөг бөгөөд үүнд үндсэн төлбөр болон анз багтана. 2019 оны 6-р сарын         28-ны өдрийн Т/400 тоот худалдах, худалдан авах гэрээ ний дагуу үүссэн үндсэн төлбөр 392 058 600 төгрөг, 2019 оны 12-р сарын 3-ны өдрөөр тооцсон алданги 214 949 478 төгрөг, нийт 607 008 078 төгрөгөөс батлан даалтын гэрээнд заасан хэмжээнд буюу 490 000 000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ШХХК нь СХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээний дагуу тус компанид нийлүүлсэн шатахууны үнэ 490 000 000 төгрөгийг ХХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХК нь 2019 оны 6 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ШХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан хэдий ч СХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалтын тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс цуцалсан гэнэтийн хүчин зүйлээс хамаарч манай компани үүрэг гүйцэтгэгч СХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул манай компани батлан даагчийн үүргээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь СХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу жинхэнэ үүрэг гүйцэтгэгч тус компаниас нийлүүлсэн шатахууныхаа үнийг нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

           

            Гуравдагч этгээд СХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу ШХХК-иас шатахуун худалдаж авсан. Дээрх гэрээний дагуу ШХХК-иас нийт 593 062 400 төгрөгийн шатахуун авснаас 201 003 800 төгрөгийг төлж 392,058,600 төгрөгийн өглөгтэй гэх тооцоо байгаа. Мөн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ш ХХК, Х ХХК болон С ХХК гэсэн 3 талт батлан даалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч С ХХК нь шатахууны үнийг төлж чадаагүй тохиолдолд 490 000 000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг Х ХХК хангахаар тохиролцсон. Гэрээнд үндэслэн Ш ХХК нэхэмжлэл гаргасан. Харин үндсэн үүрэг гүйцэтгэгч манай компанийн тухайд компанийн үйл ажиллагаа түр доголдсоны улмаас гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж байгаа боловч нэхэмжлэгч компанийн өмнө гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзаагүй болно. Ш ХХК-иас худалдан авсан шатахууны өр төлбөрөө ойрын хугацаанд өөрсдөө төлж барагдуулна. Ш ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тус компани 607 008 078 төгрөгийн авлагатай гэсэн байх ба манай компани алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Батлан даалтын гэрээний зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг бууруулах. Иймд үүрэг гүйцэтгэгч бус Х ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэв.

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 490 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            ШХХК, С ХХК-ийн хооронд 2019 оны 06 сарын 28-ны өдөр Т/400 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ш ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг худалдан авагч С ХХК-ийн захиалгаар нийлүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр тохиролцож, гэрээг 2019 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна. /хх-11-16/

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ш ХХК, С ХХК, Х ХХК нарын хооронд 2019 оны 06 сарын 28-ны өдөр Т/401 тоот батлан даалтын гэрээ байгуулж, дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангах зорилгоор батлан даагч Х ХХК нь СХХК-ийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг 490 000 000 төгрөгийн хэмжээгээр хүлээхээр тохиролцжээ. /хх-8-10/

 

Зохигчид батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ба тус гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг.

 

Хариуцагч ХХХК-ийн “...СХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэнэтийн хүчин зүйлээс хамаарч цуцлагдсан. Манай компани үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах нь компанийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул батлан даагчийн үүргээс татгалзах эрхтэй. Жинхэнэ үүрэг гүйцэтгэгчээс нийлүүлсэн шатхууныхаа үнийг нэхэмжлэхгүйгээр, ХХХК-иас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Батлан даалтын гэрээ байгуулснаас хойш батлан даагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас эд хөрөнгийн байдал доройтсон үед үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор батлан даагч үүргээсээ татгалзах тохиолдолыг Иргэний хуулийн 464 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд энэ зохицуулалт нь батлан даалтын гэрээний үндсэн дээр үүсэхгүй, харин үндсэн үүрэг гүйцэтгэгч ба батлан даагчийн хоорондын дотоод харилцаанд хамаарна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргах татгалзал биш юм.

 

Батлан даалтын гэрээний 3.1-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хангуулах эрхтэй. Үүргээ гүйцэтгээгүй гэдгийг гэрээнд заасан хугацаа өнгөрсөнг ойлгох бөгөөд үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг нотлохгүйгээр батлан даагчаас шаардах эрхтэй.”, 3.16-д “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болохыг нотлохгүйгээр, үл маргах журмаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө шууд хариуцлага хүлээх үүрэгтэй.” гэх тохиролцооноос дүгнэхэд батлан даагчийн хариуцлага нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлага биш, үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан байна.  

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч СХХК нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч Шухлай трейдинг ХХК-ийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн т/1460 дугаар албан бичгээр СХХК-д 2019 оны 08 сарын 02-ны өдөр төлөгдөх ёстой байсан 392 058 600 төгрөг болон худалдах, худалдан авах гэрээний 5.2-т заасны дагуу тооцогдсон алданги 23 115 437 төгрөгийг яаралтай төлж барагдуулах талаар шаардлага хүргүүсэн, энэ хугацаанаас хойш мөн алдангийн тооцоололд өөрчлөлт оруулах гэрээний үүргээ хэд хэдэн удаа шаардаж байсан албан бичгээр тогтоогдож байна.  /хх-24-25/

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ШХХК нь хариуцагч ХХХК-иас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

Үүрэг гүйцэтгэгч СХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 392 058 600 төгрөг, алданги 196 029 300 төгрөг, нийт 588 087 900 төгрөг байх ба батлан даалтын гэрээний 2.1-т “батлан даалтын хэмжээ 490 000 000 төгрөг” гэж тохиролцсон тул нэхэмжлэгч ШХХК-ийн хариуцагч ХХХК-иас 490 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасантай нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХХК /РД./-иас батлан даалтын гэрээний үүрэг 490 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ШХХК /РД:/-нд олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 607 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 607 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХЦЭЦЭГ