| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/0291/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 107
Л.Эн-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр, хохирогч Х.Га-, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дүгээр цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлалтай 1725000000098 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Л.Эн- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан шатны шүүх хэргийн бодит үнэнд нийцүүлэн хэрэгт авагдсан бие биенээ дэмжсэн нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж, харилцан зөрүүтэй баримтуудыг үнэлсэн үндэслэлүүдээ цагаатгах тогтоолдоо зааж өгсөн. Шүүгдэгч Л.Эн- нь зам тээврийн осол болоход гэм буруугүй нь гэрч Б.Эр-, М.Эн-, О.Сү-, хохирогч Х.Га- нарын мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем болон фото зураг зэргээр нотлогдоно. Мөн осол нь хохирогчийн хэт болгоомжгүй байдлаас үүссэн гэдэг нь харагддаг. Явган зорчигч Х.Га- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д заасан үүргийг зөрчсөн нь тодорхой байсаар байхад жолооч Л.Эн-ийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай юм. Анхан шатны шүүх Л.Эн-ийг цагаатгаж шийдвэрлэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалтыг тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн №137, 147 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй байх Шүүхийн шинжилгээний тухай зарчмыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдсон. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг хэлсэн саналдаа “Хохирогч нь явган хүний гарцаар гарах явцад тээврийн хэрэгслийн жолооч хурдаа хасах, шаардлагатай тохиолдолд зогсох арга хэмжээ авах ёстой. Гэтэл шүүгдэгч нь тухайн үед явган зорчигчийг машиныхаа баруун урд талаараа мөргөж хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдана. Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг Орхон аймгийн замын цагдаагийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, бэхжүүлж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Л.Эн-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Л.Эн-ийг 2017 оны 09 сарын 18-ны өдөр 1634 ОРО улсын дугаартай “Хюндай Соната-5” маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг болон Уртбулаг багийн дунд байрлах замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Га-ийг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх хохирогч Х.Га-, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, прокурор Б.Бүжинлхам нарын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх Л.Эн-ийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр хэргийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий яллах талын нотлох баримтууд болох шинжээчийн 137, 147 дугаар дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмээр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох, эрх, үүрэг зэргийг зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.
Түүнчлэн анхан шатны шүүх Л.Эн-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг огт дурдаагүй орхигдуулсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эн-ийн өмгөөлөгч Н.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН