Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 109/2016/0032/З |
Дугаар | 263 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 263
Б.Баянхүүгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0346 дугаар магадлалтай, Б.Баянхүүгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдож байх тул Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргад томилуулах тогтоолыг /саналыг/ аймгийн Засаг даргад уламжлахыг Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан нь хууль бус байх тул Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал, 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0346 дугаар магадлалаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.2-т заасныг баримтлан Б.Баянхүүгийн Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахыг даалгах, Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Б.Баянхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0346 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, тус сумын Засаг даргад нэр дэвшигч Г.Даваанямыг томилуулахаар уламжилсан боловч Архангай аймгийн Засаг дарга томилохоос татгалзсан. Ингээд дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зарлан хуралдуулж, уг хурлаас олонхийн санал авсан Б.Баянхүү миний нэрийг тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр /шийдвэрийн төслийг баталсан/ гаргасан. Ийнхүү хурлаас шийдвэрээ гаргасан байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттөр нь шийдвэрийг албажуулан сумын Засаг даргыг томилох эрх бүхий Архангай аймгийн Засаг даргад уламжлахгүй хууль зөрчсөн юм.
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Булган сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Баянхүүг нэр дэвшүүлэх тогтоолын төслийг баталж шийдвэр гаргасны дараа сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Баянхүүг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэх шалтаг хэлж Хурлын шийдвэрийг ёсчлон баталгаажуулж, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, томилох эрх бүхий Архангай аймгийн Засаг даргад уламжлах үүргээ биелүүлэхгүй байгаа Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттөрийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэр гарснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол бий болж байх учиртай. Нэгэнт сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Баянхүү намайг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг томилох эрх бүхий этгээд л нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргах эрх нь байхад давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.2 дахь заалтыг баримтлан Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн хууль ёсны хурлын шийдвэрт /Б.Баянхүүг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн/ халдаж Б.Баянхүү намайг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4 дэх заалтуудыг зөрчиж байна.
Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа болон анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг баримталж шийдвэр гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Б.Баянхүүг сумын Засаг даргаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Хурлын дарга Д.Баттөр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түүнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлэлгүй, дахин сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулжээ.
Иймээс Б.Баянхүү нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан, 07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах, Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Баянхүү нь нас барсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан...”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Б.Баянхүүгийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0346 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан Б.Баянхүүгийн “Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахыг даалгах, Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Архангай аймгийн салбарын 180000280976 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ