Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/02496

 

2019 оны 11 сарын 20 өдөр

    Дугаар 183/ШШ2019/02496

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, Ориент центр, 0 дугаар давхарт байрлах, М ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...М ХХК нь Х ХХК, захирал Ц.Э-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Драгон төвийн ард байрлах нэгж талбарын 30/0000 тоот дугаартай, 0000000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1566 м.кв талбай бүхий газарт 2013-2016 онуудын хооронд эхний ээлжийн 16 давхар барилгыг 100%-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтанд оруулсан бөгөөд Х ХХК нь уг барилгад хөрөнгө оруулсан нийт үнийн дүндээ 13 ширхэг орон сууцыг өөрийн мэдэлд авч худалдан борлуулах эрхтэй болсон үлдэх хэсгийг М ХХК борлуулан барилга дуустал хөрөнгө оруулалтаа оруулан тус барилгын өмчлөгчөөр бүртгүүлж Ү-00000000 дугаар бүртгэгдсэн №000000000 гэрчилгээтэй 7815,36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Х ХХК-ийн захирал Ц.Э- нь иргэн Ж.Ч-той шүүхэд маргаантай байсан, уг маргаан нь шүүхийн журмаар эвлэрэн хэлэлцэж дуусгавар болсон байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Ц.Э-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53.85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч Ц.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны 6 давхарын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхарын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар  давхарын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрэлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ц.Э-н өмчлөлийн бус, талбайн хэмжээ илт зөрүүтэй 60,55 м.кв бүхий 37 тоот, 65,11 м.кв бүхий 00 тоот, 65,84 м.кв бүхий 00 тоот орон сууцнуудыг дур мэдэн битүүмжилж, Ж.Чийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган шилжүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж, М ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөвхөн биелүүлэх гэж буй шийдвэрт дурдсан хөрөнгийн хэмжээнд гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. М ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гомдол, санал гаргаж өдийг хүрсэн боловч гомдлыг хүлээж аваагүй тул шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд дээрх шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанаас шалтгаалан М ХХК нь төлбөр авагч Ж.Ч, төлбөр төлөгч Ц.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй атлаа эд хөрөнгөөрөө хохирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэрт заасан хөрөнгөд бус өөр хөрөнгөд дур мэдэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль бус үйлдлийн улмаас М ХХК-ийн өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн байх тул  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.   

 

            Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дүгээр захирамжаар Ц.Э нь Сонгинхайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 00 дүгээр байрны 0 давхарын 66,21 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхарын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 0 давхарын 63.73 м.кв талбайтай гурван  өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, Ц.Э-эс 516 228 төгрөгийг гаргуулж Ж.Ч-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Э-д төлбөр төлөхийг мэдэгдэж, шүүгчийн захирамжинд дурдсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 190/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/00 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190/17-00 тоот төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоолоор төлбөр авагчид шилжүүлэн өгсөн байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол Эрхэс хотхон 00 дүгээр байрны 3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв, давхрыг тодорхой заасан, 3 орон сууцны талбайн хэмжээ Ж.Чт өмчлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000, Ү-000000000, Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй зөрүүгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НШШГГт холбогдуулан гаргасан М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь шүүхийн шийдвэр болон түүний дагуу хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүгд хуульд заасны дагуу явагдаж хэрэг маргааны зүйл болох 3 өрөө бүхий 3 ширхэг байр нь иргэн Ж.Ч миний өмч болсон билээ. М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг дэмжиж байна. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь НШШГГт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүгчийн эвлэрэл баталсан захирамжид дурдагдсан Ц.Э- гэж хүний хөрөнгө биш М ХХК-ийн хөрөнгөд халдсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан, хураах ёстой хөрөнгөө хураагаагүй, битүүмжлэх ёстой хөрөнгөө битүүмжлээгүй, нэхэмжлэгчийн өмчид халдаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгохоор шаардсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр байрны 3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв давхрыг тодорхой заасан байсан тул 3 орон сууцыг Ж.Ч-т шилжүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ж.Чт тухайн барилгын 6 давхарын 0 байр, 0 давхрын 0 байр олго гэж шийдвэрлэж, эдгээр байрууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжиж ирсэн. Өөр байр битүүмжилсэн эсхүл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Хэргийн материалд байгаа нэхэмжлэгчийн гаргасан тухайн барилгын зургийг харвал нэг давхар 9 айл байгаагаагийн зөвхөн 2 байр нь 3 өрөө, бусад нь 2 өрөө. Тиймээс шүүхийн шийдвэрээс зөрүүлсэн зүйл байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн” гэж тус тус маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ж.Ч нь Ц.Э-д холбогдуулж хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд “...нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Ц.Э-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53.85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч Ц.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 00 дүгээр байрны 0 давхарын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 00 дугаар давхарын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхарын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр” эвлэрэн хэлэлцэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 299 тоот гүйцэтгэх хуудас олгож, хариуцагч байгууллага уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шүүхийн шийдвэрийн биелүүлэхийг Ц.Э-д 2016 оны 9 дүгээр сарын 27, 2016 оны 10 дугаар сарын 07, 04, 10, 11-ний өдрүүдэд мэдэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 190/07 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон 0 дугаар давхарын 66,41 м.кв талбайтай орон сууц, 0 дүгээр давхарын 62,2 м.кв талбайтай орон сууц, 10 дугаар давхарын 62,2 м.кв талбайтай орон сууц, 0 дугаар давхарын 62,2 м.кв талбайтай орон сууц, 6 дугаар давхарын 66,41 м.кв талбайтай орон сууцуудыг тус тус битүүмжилсэн, ийнхүү битүүмжлэхдээ М ХХК-ийн ажилтан Э.Б-г байлцуулж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/00 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон 0 дүгээр байрны 6 дугаар давхарын 63.73 м.кв, 66.21 м.кв 3 өрөө 2 орон сууц, 0 дугаар давхарын 66.21 м.кв 3 өрөө 1 орон сууцыг тус тус хурааж, уг тогтоолд “...М ХХК-ийн ажилтан Э.Б-д мэдэгдэж, захиран зарцуулахгүй, бусдад шилжүүлэхгүй байхыг дахин мэдэгдсэн болно” гэж тэмдэглэжээ.

 

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж /00000/, 00 дүгээр байрны 00 тоотод байршилтай 63.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, 38 тоотод байршилтай 66.21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, 00 тоотод байршилтай 66.21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.Ч-т олгогдсоноор, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 000 тоот тогтоолоор шийдэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд үүссэн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар гүйцэтгэх ёстой. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 21.3-т “Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус зааснаас үзвэл төлбөр төлөгч нь Ц.Э- байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  “...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд м.кв-г М ХХК-ийн ажилтан Э.Б гэдэг хүнээс тодруулж бичсэн”, “...ажиллагаа явуулахаар очиход М ХХК-ийн ажилтнууд байсан учраас даалгасан” гэх тайлбараас үзвэл тэрээр уг хөрөнгийг төлбөр төлөгчийн хөрөнгө биш болохыг мэдсэн байх боломжтой.    

 

Гэтэл хариуцагч нь М ХХК-ийн ажилтныг байлцуулж, хөрөнгийг битүүмжилж, хураан авснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 36.1.3-т “төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.  

 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 00 дүгээр байрны 6 давхарын 63.73 м.кв, 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 2 ширхэг, 00 дугаар давхарын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг тус тус улсын комиссоор оруулан хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн атал шийдвэр гүйцэтгэх байгууллага Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хороолол, 6 дугаар давхарын 62.2 м.кв, 66.41 м.кв талбайтай 3 өрөө 2 орон сууц, 00 дугаар давхарын 62,2 м.кв талбайтай орон сууцуудыг битүүмжилснийг шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгөд ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэрэгт хавсаргаж өгсөн орон сууцны талбайг хэмжсэн Э ХХК-ийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоот орон сууцны нийт талбай 60.55 м.кв, 38 тоот орон сууцны нийт талбай 65.11 м.кв, 00 тоот орон сууцны нийт талбай 65.84 гэж тогтоосныг хариуцагч тал няцаагаагүй, мөн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11-000000 тоот “...анх удаа дуусаагүй барилгын гэрчилгээг олгохдоо зөвхөн уг барилгын нийт талбайг бичиж олгодог бөгөөд уг орон сууцны давхар, тоот, орон сууцны хэмжээ тус бүрийг гэрчилгээнд бичих боломжгүй, ...жагсаалтын дагуу өгөгдсөн байрны м.кв гэрчилгээнд өөрөөр бичигдэх боломжгүй бөгөөд зөрсөн тохиолдолд зохих албан бичиг, нотлох баримтыг шаардан авч бүртгэдэг болно” гэх агуулга бүхий албан бичиг, Х ХХК-ийн Эрхэс хотхон, 126 айлын орон сууцны барилгын зурагт 3 өрөө орон сууцнуудын талбай “...62.2, 65.6” гэж тусгасан зэрэг үйл баримтаар барилгын зурагт тусгагдаагүй м.кв хэмжээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.   

 

Нэхэмжлэгч М шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо удаа дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/0000 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2/000 тоот хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.      

 

Иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-т “төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

 

Ийнхүү хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хураан авч буй эд хөрөнгийг төлбөр төлөгчийн хөрөнгө биш гэдгийг мэдсэн, шүүгчийн захирамжид дурдсан хөрөнгө төлбөр төлөгчид байхгүй атал 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна”, 53.3-т “Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна” гэж заасан ажиллагааг хийгээгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00000 дугаар шийдвэрт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.  

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ