Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 190

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нгазарт холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Энхмаа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Бат-Ялалт, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ундрах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Оюунцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганзориг,

Гуравдагч этгээд: У.Ч,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ц.Бахархал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Х” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард байрлах нэгж талбарын 30/0007 тоот дугаартай, 01732590 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1566 м.кв талбай бүхий газарт 2013-2016 онуудын хооронд эхний ээлжийн 16 давхар барилгыг 100%-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд “Х” ХХК нь уг барилгад хөрөнгө оруулсан нийт үнийн дүндээ 13 ширхэг орон сууцыг өөрийн мэдэлд авч худалдан борлуулах эрхтэй, үлдэх хэсэг буюу 7815,36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М” ХХК бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл “Х” ХХК-ийн захирал У.Э нь иргэн У.Чтой шүүхэд маргаантай байсан, уг маргаан нь шүүхийн журмаар эвлэрэн хэлэлцэж дуусгавар болсон байх ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч У.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар  давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрэлийг баталж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ц.Эрдэнийн өмчлөлийн бус, талбайн хэмжээ илт зөрүүтэй 60,55 м.кв бүхий 37 тоот, 65,11 м.кв бүхий 38 тоот, 65,84 м.кв бүхий 74 тоот орон сууцнуудыг дур мэдэн битүүмжилж, У.Чийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган шилжүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж, “М” ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

“М” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч гомдлыг хүлээж аваагүй. “М” ХХК нь У.Ч, У.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй атлаа эд хөрөнгөөрөө хохирч байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дүгээр захирамжаар У.Э нь Сонгинхайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 6 давхрын 63.73 м.кв талбайтай гурван  өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, У.Ээс 516 228 төгрөгийг гаргуулж У.Чт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч У.Эд төлбөр төлөхийг мэдэгдэж, шүүгчийн захирамжид дурдсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 190/07 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/08 тоот тогтоолоор хурааж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190/17-01 тоот тогтоолоор төлбөр авагчид шилжүүлэн өгсөн.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол Эрхэс хотхон 21 дүгээр байрны 3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв, давхрыг тодорхой заасан, 3 орон сууцны талбайн хэмжээ У.Чт өмчлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201050242, Ү-2201050211, Ү-2201050243 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй зөрүүгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нгазарт холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй.

Учир нь шүүхийн шийдвэр болон түүний дагуу хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүгд хуульд заасны дагуу явагдаж хэрэг маргааны зүйл болох 3 өрөө бүхий 3 ширхэг байр нь иргэн У.Ч миний өмч болсон.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шийдвэрт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/07939 дүгээр захирамжаар У.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол Эрхэс хотхон 21 дүгээр байрны 6-н давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, У.Ээс 516.228 төгрөгийг гаргуулж У.Чт олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч У.Эд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 190/07 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/08 тоот тогтоолоор хурааж, шийдвэрт нэрлэн заасан хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 190/17-01 тоот тогтоолоор төлбөр авагчид шилжүүлэн өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг төлбөр төлөгч “Х” ХХК болон нэхэмжлэгч “М” ХХК мэдэж байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол Эрхэс хотхон 21 дүгээр байрны 3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв, давхрыг тодорхой заасан, 3 орон сууцны талбайн хэмжээ У.Чт өмчлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201050242, Ү-2201050211, Ү-2201050243 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй зөрүүгүй.

Мөн төлбөр төлөгч болон гуравдагч этгээд хуульд тусгайлан заасан хугацаанд гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгөнд ажиллагаа явуулсан, өмчлөх эрх бүртгэн гэрчилгээ олгодог эрх бүхий Улсын бүртгэлийн байгууллага нь зөрүүгүй баримт, мэдүүлгийг хүлээн авч төлбөр авагч У.Чт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х” ХХК-ийн захирал У.Э Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд баригдах барилга барих хөрөнгө оруулалт авахдаа эхлээд У.Чтой, дараа нь “М” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг тус бүртэй нь байгуулж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон 21 байрыг барьж дуусгасан.

Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар захирамжаар У.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон 21 дүгээр байрны 6 давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхгийг тус тус улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, У.Ээс 516 228 төгрөгийг гаргуулж У.Чт олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 3 удаа хөрөнгө битүүмжлэх сануулга шаардлага хүргүүлсэн бөгөөд тухай бүрт нь “Х” ХХК- ийн захирал У.Э болон “М” ХХК-ийн төлөөлөгч Э.Баяржаргал нар оролцож байсныг баримт нотолно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүгчийн захирамжид нэрлэж заасан орон сууцнуудад хийгдсэн.

“Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хүсэлт “Улсын бүртгэлийн газар”-т гаргаж “М” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Ү-2201038671 дугаартай 60%-ийн гүйцэтгэл дуусаагүй 7815,36 м.кв талбайтай Орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-г 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргуулан авсан байдаг. Гэсэн хэдий ч тухайн барилга өөрсдийн хувь эзэмшлээ тодорхойлоогүй хөрөнгө холилдсон шинжтэй байсан. 3 ширхэг орон сууцны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаас хойш “М” ХХК нь “Х ХХК”-ийн “Орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу бусдад 13 ширхэг орон сууцыг өмчлүүлж байсан.

Хэрвээ хүссэн бол “М” ХХК нь Ц.Эрдэнийн өгсөн шүүхийн шийдвэртэй 3 орон сууцыг хөрөнгө хуваарилсан 13 байрнаасаа суутгах боломжтой буюу дотооддоо зохицуулах боломж бүрэн байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь Нгазарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөр маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар захирамжаар У.Э нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг У.Чт өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Хариуцагч байгууллага 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 190/07 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон 2 дугаар давхрын 66,41 м.кв талбайтай орон сууц, 9 дүгээр давхрын 62,2 м.кв талбайтай орон сууц, 10 дугаар давхрын 62,2 м.кв талбайтай орон сууц, 6 дугаар давхрын 62,2 м.кв, 66,41 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190/08 тоот тогтоолоор мөн байрны 6 дугаар давхрын 63.73 м.кв болон 66.21 м.кв талбай бүхий 3 өрөө 2 ширхэг орон сууц, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбай бүхий 3 өрөө 1 ширхэг орон сууцыг тус тус хураажээ.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор хураан авсан дээрх 3 орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэн өгсөн, Улсын бүртгэлийн газар уг орон сууцнуудыг У.Чийн өмчлөлд бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 258 тоот тогтоолоор шийдэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000348154 тоот гэрчилгээгээр “М” ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн 23 дүгээр хороо, Москвагийн гудамж, 21 байр, 0 тоот хаягт байршилтай 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг Ү-2201038671 дугаарт бүртгэсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь Ц.Эрдэнийг 21 дүгээр байранд орон сууц өмчлөх эрхтэй талаар тодруулах ажиллагааг хийлгүй маргаан бүхий 3 орон сууцыг У.Чт шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3-д төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах гэж заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн “М” ХХК, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр уг 21 дүгээр байрны 13 ширхэг орон сууцыг “Х” ХХК өмчлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд уг 13 ширхэг орон сууцад шүүгчийн захирамж болон шийдвэр гүйцэтгэгчийн хураасан 10 давхрын 66.21 м.кв, 6 давхрын 66.21. м.кв, 66.73 м.кв талбай бүхий тус бүр 3 өрөө орон сууцууд “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоогүй байна.

 

Иймд Ц.Эрдэнийн өмчлөлд байхгүй орон сууцыг У.Ээс гаргуулж У.Чт олгосон нь хариуцагч байгууллагын буруу болжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА