Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 857

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00857

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЦА” ХХК-д холбогдох,

 

Нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт нийт 10 107 703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Алтангадас

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “ЦА” ХХК-тай 7850 тн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “С” ХХК нь 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг “ЦА” ХХК-д нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21 853 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179 738 468 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хуваарийн дагуу шилжүүлсэн.

Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас “С” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны 33/179 тоот албан бичиг болон “Шивээ овоо” ХК-ийн Санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна.

Нийт 179 738 468 төгрөгийг шилжүүлэх байснаас “ЦА” ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Гэрээний 2.4, 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 6 738 468 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр болох 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх алдангид 3 369 235 төгрөг, нийт 10 107 703 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь “С” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан.

Манай компани 6424.5 тн нүүрс аваагүй. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 тоот албан бичигт “ЦА” ХХК-нь 4390 тонн нүүрсийг хүлээж авсан талаар бичсэн. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус хэсгийн ачилт буулгалтын талбайд 520 тонн нүүрсний үлдэгдэл байгаа болно гэсэн тодорхойлолтыг өгсөн. Манайх 4390 тонн нүүрсийг хүлээж авсан. Мөн дээр нь энэ талбайд үлдэгдэл байсан 520 тонн ачааг манайх 1 жилийн дараа хүлээж авсан. 1330 тонн нүүрсийг Зүүнбаянгийн өртөөнөөс хүлээж авсан. Нийт 6240 тонн нүүрс авсан юм. Үүний үнийг 21 853 төгрөгөөр бодоод 136 362 720 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн манайх 6240 тонн нүүрс авсан учраас энд 184.5 тонн нүүрсний тээврийн зардлыг үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. 184.5 тонн нүүрс бол 10 тонны даацтай 3 вагонд дунджаар ачих хэмжээний нүүрс байгаа. Энийг Төмөр замын байгууллагаас авсан тодорхойлолтоор 66 тонн хүртэл ачааны тээврийн үндсэн зардал нь 401 400 төгрөг гэж тодорхойлсон байгаа тул 3 вагоны тээврийн зардал 1 204 200  төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна.

ЦА” ХХК нь нийт 174 720 920 төгрөгийг нүүрсний үнэ болон тээврийн зардалд төлөхөөс, төлсөн 173 000 000 төгрөгийг хасаад төлбөл зохих үүрэг бол 1 720 920 төгрөг гэсэн тооцоо гаргаж байна. Гэрээнд зааснаар “С” ХХК нь манай компаниас нүүрсний үнийг нэхэмжлэх эрхтэй. Харин тээврийн зардлыг шаардах эрхгүй юм. Иймд алданги нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн “С” ХХК-иас “ЦА” ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4 849 348 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ЦА” ХХК-иас нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9 626 927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480 776 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч “ЦА” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 650 төгрөг, хариуцагч “ЦА” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “ЦА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168 981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээний дагуу хүлээн авсан нүүрсний тооцоо болон тээврийн хөлсийг буруу дүгнэсэн.

Шүүх нүүрсний тооцоог гаргахдаа, 2015 он 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шивээ овоо” ХК болон “С” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Улаанбаатар ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33/13 дугаар тодорхойлолт, хавсралт, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 33/47 тодорхойлолт, хавсралт, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг буруу дүгнэсэн.

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шивээ овоо” ХК болон “С” ХХК-ийн тооцоо нийлсэн акт бол “Шивээ овоо” ХК-аас “С” ХХК -нд хүлээлгэн өгсөн нүүрс болон тээвэрлэлтийн зардлын тооцоо болохоос “ЦА” ХХК-ийн хүлээн авсан нүүрсний тооцоо биш юм.

 “ЦА” ХХК нь 2014 оны 09 дүгээр сард УБТЗ-ын Толгойт өртөөнөөс “С” ХХК-ийн 4390 тн нүүрс, 10 дугаар сард Зүүн баян өртөөнөөс 1330 тн нүүрс авснаас хойш 2015 оны 08 дугаар сард Толгойт өртөөний ачих буулгах хэсгийн талбайд байсан 520 тн, /нийт 6240 тн/ нүүрсийг авч, дахин нүүрс аваагүй.

Улаанбаатар ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015.07.20-ны 33/179 тоот албан хариу, 2018.01.11-ний өдрийн 33/13 дугаар тодорхойлолт, хавсралт ачаа олголтын дэвтрийн хуулбар, 2018.02.20-ны өдрийн 33/47 тодорхойлолт, хавсралт гэсэн бичгийн баримтууд нь Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс 2014 оны 09 дүгээр сард авсан нүүрсний тооцоо бөгөөд тодорхойлолт, хавсралт баримтуудын дүн өөр өөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, “С” ХХК /хуучнаар “Сутай эрчим” ХХК/-ны нүүрсийг хүлээлгэн өгсөн, ачаа олгосон дэвтрийн хуулбар, хүлээн авагчид олгосон эх баримтыг үндэслэн “ЦА” ХХК нь “С” ХХК-иас 6240 тн нүүрс хүлээн авсан. Энэ баримт нь УБТЗАБТЭМА-ийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 33/47 тодорхойлолтын хавсралтын баримттай таарч байгаа бөгөөд тус ангийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33/13 тоот тодорхойлолтод дурдсан 695 тн нүүрсийг манайд компанид хүлээлгэн өгсөн баримт байхгүйг шүүх анхаарч үзээгүй. Үүнээс 2014 оны 09 дүгээр сарын 08, 10-ны өдрийн нүүрсний жин 22 тн-оор илүү байгааг ачаа буулгаж, тавьж олгосон санамж гэх баримтаар тогтоосон тул 4412-22=4390 тн ачаа хүлээн авсан юм.

            Шүүх шийдвэрийнхээ үндэслэх баримтад 2014 он ы 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг дурдсан нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь ачаа хүлээлцсэн бодит баримт байхад хоёрдогч шууд бус баримтыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль болн шударга ёсны шаардлагад нийцэхгүй.

            Түүнчлэн гэрээний 2.4, 3.5 дахь хэсэгт зааснаар нүүрсний төлбөрөө төлөөгүй бол алданги төлөхөөр зааснаас өөрөөр тээврийн зардлыг төлөөгүй бол алданги төлөх талаар тохиролцоогүй. Манай компани нийт 6 240 тн нүүрс хүлээн авсан бөгөөд тээврийн зардлыг шүүх тооцохдоо хүлээн аваагүй нүүрсний тээврийн зардлыг оруулсан. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ЦА” ХХК-д холбогдуулан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 10 107 703 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзсан байна. 

 

“Сутай эрчим” ХХК нь “ЦА” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Сутай эрчим” ХХК нь Шивээ-Овоогийн орд газрын нүүрсэнд тогтоосон стандарт, техникийн нөхцөлд тохирсон чанарын үзүүлэлттэй 7850 тн нүүрсийг 1 тн-ийг нь 21 853 төгрөгөөр тооцож, “ЦА” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь тухайн сарын нүүрсний төлбөрийг ачилт хийхээс өмнө шилжүүлэх, тээвэрлэлттэй холбоотой зардлыг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. 

 

“Сутай эрчим” ХХК-ийн оноосон нэр “С” ХХК болж өөрчлөгдсөнийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, тус компанид 173 000 000 төгрөгийг “ЦА” ХХК нь төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй.

           

Талууд гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний хүлээн авсан хэмжээний хувьд нэхэмжлэгч нь 6424.5 тн нүүрс хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 6240 тн нүүрс хүлээн авсан гэж тус тус маргасан бөгөөд энэхүү маргаантай байгаа 695 тн нүүрсийг нийлүүлсэн хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт хамаарч байна.

 

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 33/179 тоот албан бичигт 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 695 тн нүүрсний талаар огт дурдагдаагүй, тус ангийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33/13 тоот албан бичигт “...2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 вагон буюу 695 тн нүүрс хүлээлгэн өгсөн” гэж бичсэнээр зөрүү гарсан байх боловч 33/13 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ачаа олголтын дэвтрийн хуулбарт 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Техник импорт” ХХК-ийн нэр дээр ачаа ирсэн талаар тэмдэглэсэн нь талуудын маргаанд хамааралгүй, хариуцагч талаас нүүрс хүлээн авч байсан Ж.Цэнгэл болон “Сутай эрчим” ХХК-ийн нэр дээр ачаа ирсэн талаар тэмдэглээгүй.

 

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 104/ШЗ2018/00273 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр эскпедицийн механикжсан ангиас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 33/47 тоот албан бичгийг ирүүлжээ. Уг албан бичигт хавсаргасан баримтаас үзвэл 2014 оны 9 сард “Сутай эрчим” ХХК-ийн нэр дээр ирсэн вагоны 7 удаагийн ирсэн хугацаа, ачааны жинг тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтод 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 695 тонн нүүрсийг хариуцагч “ЦА” ХХК буюу түүний ажилтан Ж.Цэнгэл хүлээж авсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. /хх 209-212 дахь тал/

 

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр эксдедицийн механикжсан ангийн 33/179 тоот албан бичиг, Улаанбаатар төмөр замын Сайншанд өртөөний 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 тоот хамтран ажиллах тухай албан бичиг зэргээс үзэхэд хариуцагч “ЦА” ХХК нь 6240 /4390+520+1330/ тн нүүрс хүлээн авсан ба нүүрсний төлбөрт 136 362 720 /6240Ч21.853/ төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Харин тээвэрлэлтийн зардлын хувьд нэхэмжлэгч хэдэн төгрөг төлсөн талаар баримт өгөөгүй боловч ачааны хэмжээ, нэмэлт үйлчилгээнээс хамаараад харилцан адилгүй үнэ төлж байсан байна. Хэргийн 221-231 дэх талд авагдсан Улаанбаатар төмөр замын падаануудад маргааны зүйл болсон нүүрсний бүх зардал тусгагдаагүй, зарим хэсэгт хамаарах зардал тул нийлбэрээр нь зардлыг дүгнэх боломжгүй. Хэргийн 209-210 дахь талд авагдсан Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр эскпедицийн механикжсан ангиас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 33/47 тоот албан бичгийг үндэслэн үйлчилгээний хөлсийг тарифын тээвэрлэлтийн зардалд тооцох боломжгүй. Учир нь 1 мм нүүрсний тарифаас гадна нэмэлт үйлчилгээ болох вагон ашиглалттай холбоотой зардлыг нүүрс ачилтын тухай бүрт тодорхойлох боломжгүй байна. Ийм нэхэмжлэгчийн тодорхойлсон 39 562 400 төгрөгийн зардлыг хариуцагч 695 тн хэмжээнд зөвшөөрөхгүй гэснээс өөрөөр зардлыг тодорхойлоогүй тул 39 562 400 төгрөгийг 6424.5 тн-д хувааж 1 тн нүүрсний дундаж тээврийн зардлыг 6 158 төгрөгөөр тооцож 38 425 920 /6.158төгЧ6240тн/ төгрөгийн тээврийн зардал гарсан гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч “ЦА” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 174 788 640 /136.362.720+38.425.920/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээс төлсөн 173 000 000 төгрөгийг хасч тооцвол 1 788 640 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Гэрээний 2.4, 3.5 дахь хэсэгт зааснаар нүүрсний төлбөрөө төлөөгүй бол хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон боловч нүүрсний үнийг төлөх үүрэг хэдийд үүсээд, хэдийд зөрчигдсөн гэдэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл төлсөн төлбөрийн аль нь нүүрсний төлбөрт, аль нь тээврийн зардал болох нь тодорхойгүй тул алдангийг тооцох боломжгүй юм.

 

Иймд хариуцагч “ЦА” ХХК-иас 1 788 640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 319 063 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч татгалзсныг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “9.626.927” гэснийг “1.788.640” гэж,

3 дахь заалтын “168.981” гэснийг “43.568” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА