Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00154

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147/ШШ2020/00107 дугаар шийдвэртэй,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 222/МА2020/00007 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 215,000 төгрөг, нийт 1,715,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч үндсэн зээлээс 300,000 төгрөг төлнө, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

2. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147/ШШ2020/00107 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,гаас 420,000 (дөрвөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,295,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 222/МА2020/00007 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 420,000 төгрөг гэснийг 395,000 төгрөг гэж, 2 дахь заалтын 1,295,000 төгрөг гэснийг 1,320,000 төгрөг гэж, 3 дахь заалтын13,250 төгрөг гэснийг 12,500 төгрөг гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.14-ний өдрийн 222/МА2020/00007 дугаар магадлал, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 147/ШШ2020/00107 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх нь “Анхан шатны шүүхийн шийдвэрийн” алдааг олж хараагүй бөгөөд үндэслэлгүйгээр 25,000 төгрөг надаас нэмж гаргуулж хохироосон шийдвэр гаргасан учир маш их гомдолтой байна. Учир нь ,,,,,,,,,,,,,,,тай 2019.01.23-нд 1,500,000 төгрөг, сарын 8 хувийн хүү болох 120,000 төгрөг, нийт 1,620,000 төгрөгийг 2019.02.23-ны өдөр авахаар тохиролцож, тохиролцлын гэрээ байгуулсан. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, өөрөө хүү төлөх саналаа тавьж, надаас гуйж авсан. Гэтэл 2019.02.23-нд мөнгөө, хүүтэйгээ нэхэхэд үндсэн зээлийг чинь өгч чадахгүй гэдгээ хэлж,  би төрсөн, хүүхэд өвдсөн, дэлгүүрийн засвар хийгдэж байгаа гэх шалтгаан чатаар тоочиж, үндсэн зээлийн хүүг төлөх санал тавьсан тул олон удаа сунгах боломжгүй гэдгийг хэлж байсан. Үндсэн зээл болох 1,500,000 төгрөгийг 2019.11.23-ыг хүртэл өгөөгүй. Харин 2019.02.23-аас 2019.11.23-ыг хүртэл 10 сарын хугацаанд 1,105,000 төгрөгийг үндсэн зээл болох 1,500,000 төгрөгийн хүүд төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх 1,225,000 төгрөгийг үндсэн зээлийн хүүнд төлсөн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,, 1,225,000 төгрөг надад өгсөн тухай ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, би аваагүй.

4.2. ,,,,,,,,,,,,,,, 2019 оны 12 сар хүртэл шалтаг тоочиж үндсэн зээлээ төлөөгүй учир үндсэн мөнгөө нэхэмжилж эргэж сунгах боломжгүй болохыг хэлэхэд “зээлсэн мөнгөнөөс чинь давсан хүү төлчхөөд байхад мөнгө нэхлээ” гэх тайлбар тавьж, утсаа авахгүй болсон учир үндсэн 1,500,000 төгрөг болон 11 дүгээр сард өгөх хүүний үлдэгдэл 95,000 төгрөг, 12 сарын хүү болох 120,000 төгрөг, нийт 1,715,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ,,,,,,,,,,,,,,,гийн 1,200,000 төгрөг өгсөн гэх тайлбарын хариуд “чи надаас 2019.01.23-нд 1,500,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлэх санал тавьж, 2019.02.23-нд үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 120,000 төгрөг, нийт 1,620,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2019.02.23-2019.11.23-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 1,500,000 төгрөгийн хүүг төлж байсан. Би чамд 2019.01.23-нд 1,500,000 төгрөгийг гэрээ байгуулж зээлүүлсэн учир энэ сард хүү бодогдоогүй. Харин дараа сар буюу 2019.02.23-аас эхэлж хүү бодно. Гэтэл чи 2019.01.23-нд зээлчхээд хүү төлсөн гэж ярих юм” гэж хэлж тайлбарласан. Надад 1,200,000 төгрөг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй, ,,,,,,,,,,,,,,, тохиролцлын гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө зөрчсөн, зээл болон хүү төлөх хугацаагаа сунгаж, үндсэн зээлийн хүү төлөхөө өөрөө санал болгосон. Дээрх 10 сарын хугацаанд төлсөн мөнгөө “чиний 1,500,000 төгрөгийн хүүд төлж байгаа шүү” гэдгээ хэлж байсан учир би үндсэн зээлийн хүү төлөөд явж байна гэж ойлгосон.

4.3. Анхан шатны шүүх гэрээнд тусгагдсан он, сараар нь хөөж олгоогүй бөгөөд илүү 1 сарын 120,000 төгрөг нэмж буруу бодсон. 2019.01.23-аас буюу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүү бодсон. Учир нь 2019.02.23-ны өдрөөс эхлэн хүү бодогдох бөгөөд гэрээний дагуу хүү авах эрх үүсэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан тохиролцлын гэрээ нь зээлийн гэрээнд тавигдах үндсэн нөхцөлүүдийг тохиролцсон, зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээг бичгээр байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа хуулийг буруу хэрэглэж, үндсэн зээл төлөгдсөнөөр тооцож тайлбарласан. Зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан учраас хүү авах эрх сунгагдсан гэж үзэж байна. ,,,,,,,,,,,,,,, өөрөө ч хүлээн зөвшөөрч хүүгээ төлж байсан. Тодруулбал,  “Зээлсэн мөнгөө хугацаандаа хүүгийн хамт төлж чадахгүй, худал үнэн шалтаг тоочоод яваад байхад нь би чатаар холбогдож, хугацаа сунгагдаад яваад байна шүү, төлөөгүй сарынхаа хүүг төл гэхэд өөрөө зөвшөөрсөн. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,гийн надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй, хугацааны хүү тохиролцсоноор сунгагдаад явж байгаа хүсэл зоригийг шүүх дүгнэх боломжтой байсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,гаас 1,200,000 төгрөгийг надад шилжүүлсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5.-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүрэгтэй”, 42.1.-д “3охигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх дэмжиж хэвээр үлдээн, 420,000 төгрөгөөс 25,000 төгрөг хассаныг шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.  Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хууль шударга ёсыг тогтоон хэрэгжүүлж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,иас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүүд 215,000 төгрөг, нийт 1,715,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 420,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,295,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 395,000 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон, талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан гэх үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэгч 1 сараас илүү хугацааны хүү авах, мөн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхой заагаагүй тул алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй.

9. Анхан шатны шүүх “талууд 1,200,000 төгрөг өгч авалцсан болох нь талуудын тайлбаруудаар нотлогдсон” гэж дүгнэн, үндсэн зээлийн 1,500,000 төгрөг, 1 сарын хүү 120,000 төгрөг, нийт 1,620,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, 420,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь, нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “...10 сарын хүү 1,200,000 төгрөг болж байгаа. Би бараа авч байсан. 1,200,000 төгрөг өгснийг зөвшөөрч байгаа...” гэсэн тайлбар өгснийг хариуцагч үгүйсгээгүй байна.

10. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн атлаа түүний эрх зүйн байдлыг дордуулж, анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээг “шүүх дутуу тооцсон” гэж дүгнэн 25,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь талуудын буюу диспозтив зарчимд нийцээгүй гэж үзнэ.

11. Иймд, “... давж заалдах шатны шүүх нь “Анхан шатны шүүхийн шийдвэрийн” алдааг олж хараагүй бөгөөд үндэслэлгүйгээр 25,000 төгрөг надаас нэмж гаргуулсанд гомдолтой...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

12. Шүүх анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбарыг (хариуцагч 1,200,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн) үнэлсэн, талуудын хэн аль нь өөр  баримт гаргаагүй тул “...хариуцагч 1,105,000 төгрөгийг үндсэн зээл болох 1,500,000 төгрөгийн хүүд төлсөн, би буруу тооцоолсон байна, анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.2) гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авч, үнэлэх боломжгүй, учир нь хэрэгт авагдаагүй, талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт өгөхгүй юм. 

13. Талуудын бичгээр байгуулсан гэрээний (сунгасан 1 сарын) хугацаа дууссан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээ сунгасан 1 сараас илүү хугацааны хүү, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар алданги шаардах эрхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “...шүүх зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээг бичгээр байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа хуулийг буруу хэрэглэж үндсэн зээл төлөгдсөнөөр тооцож тайлбарласан. Зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан учраас хүү авах эрх сунгагдсан гэж үзэж байна. ,,,,,,,,,,,,,,, өөрөө ч хүлээн зөвшөөрч хүүгээ төлж байсан...” гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Хэдийгээр хавтаст хэрэгт талуудын харилцан ярианы хуулбар авагдсан байх боловч энэ нь зохигч зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан гэж үзэх боломжгүй, иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэгт заасан “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэсэн шаардлагыг хангаагүй тул хүү авах эрхээ алдсан, иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримт (чат)-ыг “нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн үнэлэлгүй орхисныг буруутгахааргүй байна.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 222/МА2020/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147/ШШ2020/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 36,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД