Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

                                   

С.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор Б.Бүжинлхам,  

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулж,

                      

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч С.А-д холбогдох 1802005850312 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           С.А  1991 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Хүүхдийн төв номын сангийн ай ти /IТ/ инженер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо,

 

С.А нь:

-2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий Нэгдсэн Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай 29 ширхэг эм мэт хэлбэр бүхий экстази гэх нэршилтэй /гялгар уутны хамт 10,1 грамм жинтэй/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй хатуу, шахмал хэлбэртэй 10 ширхэг /гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй/ MDMA агууламжтай Ecstasy гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад  орсон MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

- 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй /1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм/ гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий Нэгдсэн Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 6-ны Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA буюу Ecstasy агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон/ эм мэт зүйл гялгар уутын хамт 14.3 грамм, цагаан өнгийн дугтуйтай ягаан өнгийн дугуй хэлбэртэй 29 ширхэг эм мэт зүйл, гялгар уутны хамт 14.3 грамм экстази гэх нэршилтэй марсууруулах сэтгэцэд нөлөөт бодис, цагаан өнгийн дугтуйтай нийт 19.9 грамм шавар гэх нэршилтэй тетрагидроканнибинол агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шаргал өнгийн дугдуйтай саарал өнгийн нэг талдаа Plomo, нөгөө талдаа Plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг 4.9 грамм экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу худалдаалах зорилгоор олж авсан, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтэрүүлсэн гэх зүйл ангиуд нь ямар ч үндэслэлгүй. Учир нь, хэрэг гардаг өдөр шуудангаар илгээмжээ ирж аваарай гэхэд айфоне  гар утасны гэр ирчихсэн байна гэж бодож байна. Тэгээд уг илгээмжийн дотор нь юу байгааг мэдээгүй гар хүрч амжаагүй байхад цагдаагийн албан хаагч нар ирж баривчилсан. Миний бие надад холбогдуулж байгаа эдгээр хар тамхины төрлийн зүйлийг огт захиалаагүй, мөрдөн байцаалтын явцад миний хэрэглэдэг гар утас, компютер бүх банкны дансны хуулга, e mail хаягийг зэргийг нэг нэгэнгүй шалгаж уг шуудангийн хаягийг ашиглан миний бие гар утасны гэр гадаад улсаас захидаг болсон нь батлагдаж хавтас хэрэгт бүртгэгдсэн. Мөн анх баривчлагдсан өдөр шээсний шинжилгээ авахад миний биеэс ямар нэгэн хар тамхи илрээгүй бөгөөд ахин шинжилгээний үр дүнд өвсний төрлийн хар тамхи илрэхэд би уг шинжилгээг хүлээн зөвшөөрөөгүй дахин усны шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу ирээгүй.

Уг хэрэг нь анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шат руу буцахдаа тус шүүхийн шийдвэрээс гарсан миний нэр дээр ирсэн илгээмжийг илгээсэн хүнийг хайж хэрэгт холбогдолтой мэдээллийг олж авах ажиллагаа байцаалтын явцад огт явагдаагүй. Би энэ үйлдлийг намайг хорлох гэсэн, манай гэр бүлийнхэнд хор уршиг учруулж өөрсдийнхөө эрхшээлд оруулах муу хүмүүсийн үйлдэл гэж таамаглаж байна. Надад илгээмж ирсэн гэсэн ганц үндэслэлээр намайг шууд буруутгаж ялтан болгосонд маш их гомдож байна. Та бүхэн миний хэргийг сайтар хянаж намайг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү.  

Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 гр жинтэй MDMA буюу ecstasy миний нэр дээр уг хэрэгт холбогдсоноос хойш илгээмжээр ирсэн. Энэхүү илгээмжийг би шууданд очиж аваагүй бөгөөд цагдаагийн ажилчид олж авч надад хамаатуулж, намайг зарах зорилготойгоор хадгалсан хил давуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол шуудан ХК-ийн 24 дүгээр салбарын шуудан хүргэгчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хүлээн авагчийн хаяг гэсэн хэсэгт 1 ширхэг илгээмж 12 дугаар сарын 5-ны өдөр миний нэрийг ашиглан илгээмж авсан тэмдэглэл байгаа гэх бөгөөд уг өдөр миний бие шуудан дээр очиж илгээмж аваагүй мөн гарын үсэг зураагүй.

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны 1802005850312 дугаартай Эрүүгийн хэргийн шүүгдэгч С.Аын өмгөөлөгч нар болох О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нар нь шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд үүнийг шүүхийн тогтоолд огт дурдаагүй. Анхан шатны шүүх нь шүүхийн тогтоолдоо цагаатгах байр суурьтай оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчидийг үгүйсгэж няцааж чадаагүй, үндэслэлгүйгээр хоёр хүнд зүйл ангид зааснаар миний биед хамаатуулж ялласан.

Анхан шатны шүүхээс гарсан тогтоолд миний шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн үгийг минь гуйвуулж бичсэн.  Би уг илгээмж дотор юу байгааг тодорхой мэдэлгүй айфоне гар утасны гэр байж магадгүй гэж бодон шуудан руу очиж илгээмжинд гар хүрээгүй байх үед цагдаагийн ажилчдад баригдсан. Мөрдөн байцаалтын явцад эд мөрийн баримт болгож авсан 20,000 төгрөгийг эргүүлж өгөөгүй. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.А нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай, хөдөлбөргүй нотлох баримтаар нотлож чадаагүй. С.Аыг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британи, Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан гэдэг боловч С.Апдуул нь өөртөө олж авсан зүйл байдаггүй. Энэ нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1-р хавтаст хэргийн 3-р хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл байх ба тухайн хэрэгт холбогдуулж Эрүүгийн ахлах мөрдөгч дэд хурандаа Баасанхүү гомдол гаргасан. Үндэслэх хэсэгтээ DREAM MARKET интернет сайт ашигласан гэж үздэг. Гэтэл DREAM МАРКЕТ интернет сайтаар С.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх захиалсан гэх баримт байдаггүй.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтас хэргийн 8 дугаар хуудсанд байх бөгөөд тухайн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нь С.Аын нэр дээр ирсэн илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл болохоос биш шүүгдэгч С Алдуулыг шуудан илгээмжээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авсан гэх баримт биш юм. Мөн шуудан хүргэгчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шуудангийн дэвтэрийг нотлох баримтын үндэслэл болгож байгаа боловч тухайн баримтад С.Аыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан талаарх баримт байдаггүй.

Мөн С.Аын шуудангийн хаягаар Их Британи, Нидерланд улсаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис ирсэн гэх боловч хэн гэдэг этгээд хаанаас явуулсан нь байхгүй тодорхой хаяггүй газраас ирүүлсэн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд интерполын шугамаар хариу ирүүлсэн албан тоотод “...Цагдаагийн бүртгэлд Linda Kastennaker гэсэн овог, нэр болон Норlein 32 3011 AJ Rotterdam гэсэн хаягийн талаар мэдээлэл байхгүй байна. Норlein 32 гэх хаяг байдаггүй болно...” гэсэн байдаг.

Монгол улсын шуудангийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т шуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан , хаягласан эзэнд нь хүргүүлэхээс захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн баримт зүйлийг ойлгоно...” гэж мөн хуулийн 17.2-р зүйлийн 17.2.1-д зааснаар үйлчлүүлэгч нь илгээж байгаа зүйлийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дугаар тушаалаар батлагдсан Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.9-д “...Дэлхийн шуудан холбооны конвенци, түүний хавсралтууд, шуудангийн тухай хуулийн 24.1-д заасан болон бусад хууль тогтоомжоор хориглосон барааг илгээмжээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно. 4.1-д Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна. мөн 5.1-д Шуудангийн байгууллага дараах тохиолдолд илгээмжийг илгээгчид буцаана, 5.1.1 гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй гэж тус тус заасан байдаг.

Гэтэл Их Британи, Нидерландын нэгдсэн вант улсаас илгээмж ирсэн гэх боловч илгээгч тал тухайн шуудангийн талаар юу гэж мэдүүлсэн болох гаалийн байгууллагад хэн хэрхэн мэдүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Илгээмж явуулсан гэх хаяг нь хуурамч болох нь нотлогддог.

Мөн С.Аыг www.ebay.com сайтыг ашиглаж гар утасны гэр, дагалдах хэрэгсэл, компьютерийн дагалдах хэрэгсэл авдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Үүнд:

2-р хавтаст хэргийн 201-р хуудсанд мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл шүүгдэгч С.Аын www.ebay.com сайтаас гар утасны гэр, эд зүйл худалдан авч борлуулдаг байсан эсэхийг шалгасан тэмдэглэл, 2-р хавтаст хэргийн 21 хуудсан гэрч Амирда “...ах С.Апдуул нь интернет сайтаас гар утасны гар утасны дагалдах хэрэгсэл, компьютерийн дагалдах хэрэгслүүд захиалж авч зардаг www.ebay.com сайтаас ямар ч байсан гар утасны гэр захиалж авдаг, ахыг захиалж байхад нь би хажуугаас нь загвар өнгө зэргийг нь харж байгаад сонгоход нь тусладаг...” гэх мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 23 хуудас гэрч Хулан: “...С.Амирдагаас iphone 6 загварын гар утасны гэр 2 удаа худалдан авч байсан. Тухайн үед С.Амирда манай анх интернэтээс захиалж авдаг гэж байсан...Миний хувьд гар утасны гэр л 2 удаа авсан...” гэх мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 25 хуудсанд гэрч С.Норжинсүрэн “...www.ebay.com сайтаас гар утасны гэр болон компьютерийн гар гэх мэт зүйл захиалж аваад зардаг. Гэхдээ байнга захиалж аваад зарж борлуулаад байдаггүй. Өөрт хэрэгцээтэй зүйлсээ захиалахдаа нилээн хэдийг захиалж аваад өөрийн хэрэглэхээс бусдыг нь зарж борлуулдаг. Мөн манай дүү С.Амирда бид 2 зарах гар утасны гэрнээс авч яваад найз нөхөддөө зарж борлуулдаг...” гэх мэдүүлэг зэргээр нотлогддог.

Мөн С.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй. Харин тухайн шуудан илгээмжээр ирсэн гэх зүйлүүдийг Монгол Шуудан ХК ажилтан илрүүлж олж авсан байдаг. Үүн дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Тухайлбал: 2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байх бөгөөд тухайн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэн шалгаж олж авсан байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 69 дугаар хуудсанд “...битүүмжилсэн, хөрөнгө, эд зүйлсийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэх тухай тэмдэглэл...” 30 ширхэг нийт 20гр экстазиг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ялгагч Цэцэгээд хүлээлгэн өгсөн. 2 дугаар хавтаст хэргийн 27 хуудсанд гэрч Сарангэрэл: “...Олон улсын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтаар оруулж Дэлхийн шуудан холбооны конвенцид заасан хориглосон бараа илгээмж байгаа эсэхийг нь нэг бүрчлэн шалгадаг. Мөн гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгана. Хэрэв зөрчилтэй илгээмж байх юм бол гаалийн байгууллагад шилжүүлдэг. Гаалийн байгууллага зөрчилтэй илгээмжийг өөрсдийн хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэдэг. Илгээмж хүлээн авагч тодорхойгүй, мөн хүлээн авагч өөрөө илгээмжээ хүлээн авахаас татгалзсан тохиолдолд буцаана...” гэх мэдүүлэг, гэрч Чинбатын “...Улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтын бүсэд рентген аппаратаар шалгахад сэжигтэй илгээмж бараа байвал тэр даруй шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу буюу Гаалийн тухай хуулийн 222-р зүйл Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх баримтлан тухайн сэжигтэй илгээмжийг саатуулан шалгаж, арга хэмжээ авдаг...илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий наалт тууз наан битүүмжилдэг...С.Аын нэр дээр ирсэн илгээмжийг задалж үзэхэд дотор нь юу байсныг сайн санахгүй байна ямар ч байсан нэг дугтуйд нь 2 ширхэг баримлын шавар мэт зүйлсийг хүнсний скочоор ороосон нөгөө 2 дугтуйд нь эм мэт зүйл байсан...” гэх мэдүүлэг, зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.А нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэдэг нь нотлогддоггүй. Өөрөө очиж тухайн илгээмжийг авч олж авсан зүйл байдаггүй. Харин Монгол шуудангийн ажилтан олж авч илрүүлэн тухайн эд зүйлийг хариуцан өөр дээр байлгаж холбогдох байгууллагад шилжүүлсэн байдаг.

Гэтэл миний үйлчлүүлэгч С.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд “...С.Аыг 2018 оны 12 дугаар 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон дельта 9 тетрагидроканнбинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэн нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан МОМА-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бүсаар биедээ хадгалсан...” гэж буруутгадаг. Гэтэл анхан шатны шүүх тухайн үйлдэлд буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хуупь бусаар биедээ хадгалсан гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байдаг.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3-т заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

Мөн шүүгдэгч С.Аын өмгөөпөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурылаи оропцсон бөгөөд анхан шатны шүүхээс тогтоол гаргахдаа өмгөөлөгч нарын цагаатгах байр суурийг үгүйсгэсэн талаар үндэслэлийг тогтоолд дурдаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 31 хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын тогтоол байх бөгөөд уг тогтоолоор эд мөрийн баримтаар гар утас, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 100-тын дэвсгэрт 1 ширхэг иргэний үнэмлэх зэргийг тооцсон боловч эдгээр эд мөрийн баримтыг буцаан хүлээлгэж өгсөн талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн шүүгдэгч С.Аыг 2018.12.06-ны өдөр 2018.12.12-ны өдрүүдэд Монгол улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэж үздэг боловч он сар өдрийн хувьд зөрүүтэй нотлогдон тогтоогдоогүй. Энэ талаар өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэж оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дугнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” зааж бичнэ гэж заасан хуулийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Гэтэл шүүх дүгнэлт гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар С.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Монгол улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байхад түүнийг өөрийн шуудангийн хаягаар ирсэн гэх үндэслэлээр түүнийг гэм буруутай тооцож дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжипгэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан.

Иймд С.Аын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар С.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэзээ, хэрхэн яаж, хаана үйлдсэн гэдгийг нотлоогүй байхад эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Аыг интернет ашиглан худалдааны сайттай харилцан сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, шуудан илгээмжээр Нидерланд, Их Британи улсаас Монгол улсад оруулан ирсэн гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч С.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг онлайнаар хэзээ хэрхэн яаж захиалсан, интернет банк ашиглан ямар валютаар /доллар, биткойн гэх мэт/ хэдий хэмжээг төлж, төлбөр тооцоог хийсэн гэдгийн огт нотолж чадаагүй. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерланд, Их Британи улсаас шуудангаар илгээгч нь албан байгууллага, хувь хүн аль нь болохыг тогтоож тэднээс С.Аын нэр дээр илгээмж явуулсаныг баталсан нотлох баримтыг гаргуулан авч чадаагүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд “сэтгэцэд нөлөөт бодисыг захиалсан" болон “сэтгэцэд нөлөөт бодисыг илгээсэн" гэдгийг нь огт нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нь шүүгдэгч С. Алдуулыг “Монгол улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн” гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “ шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжпэн судалсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно" гэсэн бол ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогттохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байгаа. Шуудангийн хаягаар нь гадаад улсаас илгээмж ирсэн гэсэн ганц үндэслэлээр хүнийг улсын хилээр хууль бусаар хартамхи нэвтрүүлсэн гэж буруутгах нь дэндүү юм.

2. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн: С.А нь 2018 оны 12-р сард Монгол улсын хилээр гарч, ороогүй мөн хэн нэгэн хүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис захиж мөнгө төгрөг өгөөгүй. Ийм тохиолдолд С.Аыг “Монгол улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн” гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын хилээр хууль бусаар хориглосон барааг нэвтрүүлэх гэдэг ойлголт нь тухайн хүн өөрөө гаалийн шалгалтаас нуун далдалж оруулах, эсвэл хилийн боомтгүй газраар оруулах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих, худал бичих зэрэг үйлдлийг хамааруулж ирсэн байдаг.

            3. Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан: С.Аын шуудангийн хаягаар ирсэн илгээмжүүд нь Нидерланд, Их британи улсаас ирсэн гэдэг нь хөдөлбөргүй тоггоогдоогүй. Их британийн вант улсаа ирсэн гэх илгээмж нь ямар ч буцах хаяггүй байдаг. Анхан шатны шүүх энэ байдлыг магадлаж нягтлаагүй.

            4. Монгол улсын “Гаалийн тухай хууль”-д улсын хилээр оруулахыг хориглосон бараа гаалийн шалгалтаар илэрвэл тухайн барааг илгэгч орон руу нь буцаах буюу боломжгүй тохиолдолд гаалийн түр агуулахад 3 хоног хадгалаад устгах тухай заасан байна. Гэтэл Монгол улсын “Гаалийн тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, “Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг ноцтой зөрчиж бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжуулан өгсөн гаалийн болон шуудангийн ажилтнуудын үйлдэлд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй.

            5. Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан ЧД-ийн ЭХАШШ-ийн шүүгчийн 2019 оны 3-р сарын 07- ны өдрийн 372 тоот захирамжинд дурьдагдсан “Их хэмжээний мансууруулах бодисыг яаж олж авсан, хэн Монгол улс руу шуудан илгээмжээр илгээсэн, гэмт хэрэгт бүлэглэж болон хамжигчаар оролцсон этгээд байгаа эсэхийг зайлшгүй тогтоох шааардлагатай” гэсэн заалт хэрэгжээгүй байхад эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

            6. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт/9-р нүүр/ шүүгдэгч С.А нь 2018 оны 12-р сарын 07-ны өдөр болон 12-ны өдөр 19,9 грамм жинтэй гашиш, 10,1 грамм болон 4,9 грамм жинтэй экстази гэх бодисыг худалдаалах зорилгоор шуудан илгээмжээр Их британи, Нидерландын нэгдсэн вант улсаас олж авсан, 2018 оны 12-р сарын 07-ны өдөр 19,9 грамм жинтэй гашиш, 10,1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор “олж авсан” гэм буруутайд тооцсон нь “хадгалсан” үйлдлийг орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

            7. Шийтгэх тогтоол шүүгдэгч С.Аыг 2018 оны 12-р сарын 12-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэж дүгнэж бичсэн. Гэтэл дээрх илгээмж 12-р сарын 13- ны өдөр шууданд ирж, 14-ний өдөр гаалийн хяналтанд орсон. Ийм байхад 12-р сарын 12-ны өдөр С.А уг бодисыг олж авах боломжгүй юм. Мөн цагдаагийн ажилтнууд С.Аыг шуудан холбоон дээр дуудан авчирч түүнийг байлцуулж байгаад өөрсдөө илгээмжийг задалж энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байдаг. Уг бодисыг С.А нь өөрийн болгож аваагүй, түүнд гар хүрээгүй байхад “олж авсан” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

            8. Шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгах тухай заахдаа энэ ажлыг хар тамхитай тэмцэх газар болон шүүхийн тамгын газрын аль нэгэнд даалгаагүй эзэнгүй орхигдуулсан. Энэ нь эд мөрийн баримт устаж алга болох, ашиглагдах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримт үйлдэж шүүхэд ирүүлэхийг аль нэгэн газарт даалгаагүй.

            9. Хорих ялуудыг нэгтгэхдээ ЭХ-ийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах талын байр суурьтай оролцсон өмгөөлөгч нарын гомдлыг шийтгэх тогтоолд дурдаагүй гэж байна. Гомдлоо өмгөөлөгч нар өмгөөллийн үг хэлэхдээ хэлсэн болохоос нотлох баримтаар тооцуулсан зүйл байхгүй.

Шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчид гомдолдоо хар тамхийг захиалаагүй, биеэс илэрсэнд нь эргэлзэж байна гэх мэтээр гэмт хэрэг үйлдснээ ямар ч нотлох баримтгүй, үгүйсгэж байгаа нь хууль зүйн шаардлага хангахгүй байна.

С.А нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис шуудан, илгээмжээр ирсэн даруйд нь очиж авсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэсэн заалтыг баримтлан гаалийн ажилтан таслан зогсоосон үеийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан байгаа.

С.А нь хилээр оруулж ирээгүй гэдэг боловч, намайг худалдаалах зорилготойг яаж тогтоогоод байгаа юм гэж мэтгэлцэж байгаа нь логик уялдаагүй байна.

Гар утасны хэрэгслүүд захиалсан гэж мэдүүлдэг ч 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шуудангаар хэчнээн тооны, ямар бараа хаанаас захисан, хаашаа ямар валютаар төлбөр тушаасан зэргээ баримтаар нотолж чаддаггүй. Интернет сайт ашиглаж хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэсэн үг, өгүүлбэр шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд байхгүй. Олон улсын шуудан илгээмж ашиглаж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн байгаа. Тиймээс ямар интернет сайт ашигласныг тогтоох гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурорын зүгээс хэрэгт цагаатгах баримтуудыг цуглуулсан боловч С.Аыг гэмт хэрэг үйлдээгүй гэх баримт тогтоогддоггүй. Хэдийгээр шүүгдэгч “би шуудан, илгээмжээр гар утасны хэрэгсэл захиалдаг” гэсэн боловч энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй.

С.А нь “намайг болон манай гэр бүлийг хорлох гээд өөр хүн явуулсан” гэж мэтгэлцдэг боловч үүнийгээ тодорхой баримтаар нотолж чаддаггүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцэж байснаасаа өөр байр суурьтай буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж мэтгэлцэж байна. Гэвч ямар ажиллагаа хийж, ямар нотлох баримтууд цуглуулбал нотолбол зохих байдал нотлогдох талаар дурдсангүй.

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаалдаг маш олон сайтууд байдаг. Эдгээр нь богино хугацаанд захиалгаа аваад, харилцагчдаа илгээгээд сайтаа хаачихдаг. Үүнийг бид тогтоох гэж оролдсон.

Олон улсын шуудан илгээмж нь хаанаас, хэн илгээснийг тогтоох боломжгүй байдаг юм байна. Бид интерполоор хандаж шалгалт, ажиллагаа хийхэд илгээгч хаягаа үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд аль улсаас илгээснээс бусад мэдээлэл тогтоогдох боломжгүй гэдэг хариу ирсэн. Тиймээс өмгөөлөгчийн мэтгэлцэж байгаа хэн, хаанаас явуулсан зэргийг тогтоогоогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

С.А нь өөрийн нэр дээр, өөрийн нэрээр хаяглагдсан шуудангийн хаягаар Нидерланд, Их Британи улсаас 3 удаагийн давтамжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хилээр оруулж ирсэн. Энэ нь гаалийн үзлэг, шалгалтаар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан, тогтоогдож байгаа үйл баримт гэвэл С.А нь өөрийн нэр дээр 3 удаагийн давтамжтай шуудан илгээмж авсан. Илгээмжээр авсан зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь шинжилгээгээр болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. С.А нь тухайн илгээмжээс тодорхой хэсгийг нь очиж авсан. Мөн хүн болгон шуудан илгээмжийн хаяггүй. Шуудан илгээмжийн хаягтай байлаа гэхэд хүн болгонд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис ирдэггүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн дээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан, Монгол Улсын агаарын хилээр нэвтрүүлсэн нь нотлогдсон. Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд “...гаалийн болон эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсынгаалийн хилээр нэвтрүүлэхэд тарифийн бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор уг барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэж болно...” гэж зааснаар тус мансууруулах бодисын хууль бус эргэлтийг нь тогтоох арга хэмжээг Цагдаагийн газрын дэргэдэх хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газартай санамж бичиг байгуулаад, байгуулсан төлөвлөгөөнийхөө хүрээнд илгээгч этгээдийг илрүүлэх, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр илгээмжийг С.Аын нэрээр илгээсэн хаягт нь хүргүүлж гэмт этгээдийг илрүүлсэн. Үүнд өмгөөлөгчийн хэлж байгаачлан гэм буруугийн талаар нотлогдоогүй, эргэлзээтэй, цагаатгах үндэслэлтэй баримт байхгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гаалийн ажилтнууд чинь түрүүлж олж аваад байгаа юм биш үү гэж байна. Гаалийн болон шуудангийн ажилчид хүлээж аваад бие биедээ дамжуулж байгаа нь албан үүргээ биелүүлж байгаа үйлдэл юм.

Өмгөөлөгч нараас эд мөрийн баримтыг устгах эсэхийг мөрдөх байгууллагад даалгаагүй гэж байна. Энэ нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсхүл шүүхэд дахин буцааж хэлэлцүүлэх хэмжээний үндэслэл болохгүй.

Гомдолдоо дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэдгээ өмгөөлөгч үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй энэ гомдлоосоо татгалзаж байх шиг байна.

Хамгийн гол үндэслэл нь С.Аыг яллагдагчаар татаад шалгаж байх явцад түүний биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу THC илэрсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Өмгөөлөгч Баярбаясгалангаас худалдаалах зорилготой байсныг нь яаж тогтоогоод байгаа юм гэж байна. Зорилго гэдэг нь хүний гэмт хэрэгт хандаж буй сэтгэл зүйн хандлага. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх давтамж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, хадгалсан, худалдсан гээд хэд хэдэн объектив талын шинжүүд байгаагаас С.Аын үйлдэлд 2 шинж нь хадгалагдаж байна. Шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа нь олж авсан үйлдэл,  дараа нь хорооллын эцэст байрлах шуудангийн салбараас очоод авч байгаа үйлдэл нь олж аваад хадгалсан байна гэж дүгнэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хадгалсан үйлдлийг нь дөнгөж авсан байна гэж дүгнээд зөвхөн олж авсан гэдгээр нь шийтгэх тогтоолд дүгнэжээ гэж ойлгосон. Худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, хадгалсан гэх эдгээр шинжүүд нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт аль аль нь багтаж байгаа. Энэ нь зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй.

Энэ хэрэгт 20.000 төгрөг болон гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол байхгүй. Энэ хэрэг нь шалгагдаад 1-2 жил болж байхад миний утас, мөнгө алга байна гэж гомдол гаргаж байсан удаа байхгүй. Хэрвээ үнэхээр утас, мөнгө нь алга болсон бол тусад нь тусгай субъект шалгах ёстой. Монгол Улсын хилээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлж, олж авсан энэ хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт өгсөн, ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгоно уу. ...” гэв.  

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

С.А нь:

-2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий Нэгдсэн Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай 29 ширхэг эм мэт хэлбэр бүхий экстази гэх нэршилтэй /гялгар уутны хамт 10,1 грамм жинтэй/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй хатуу, шахмал хэлбэртэй 10 ширхэг /гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй/ MDMA агууламжтай Ecstasy гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Их Британий Нэгдсэн Вант Улсаас, 2018 оны 12 дугаар сарын 6-ны Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA агууламжтай экстази /Ecstasy/ гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас тус тус шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:

 

гэрч Б.Эрдэнэбилэгийн: “...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Истамбул Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Нидерланд улсаас ирж Төв шуудангийн 9041 УБС улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн ирсэн 0140 дугаартай богцыг албаны рентген төхөөрөмжөөр шалгаж байхад “Mongolia Ulaanbaatar 16066 postoffice-24 PObox 510 Alduul Sanragchaa 91912983” гэсэн хүлээн авагчийн хаягтай 22*41 см цагаан өнгийн дугтуйнд байгаа зүйл сэжигтэй байхаар нь задалж үзэхэд “sample phobi dose” гэсэн бичигтэй уутанд савласан нэг бүр нь дугуй хэлбэртэй чернилэн ягаан өнгөтэй 9 мм-ийн диаметр, 5 мм-ийн зузаантай 30 ширхэг “Экстази” гэх мансууруулах бодис байж болзошгүй бөөрөн дээрээ өөд, өөдөөсөө харсан 3 сумны дүрстэй зүйл гарсан. Уг зүйлсийг гялгар уутнуудынх нь хамт Монгол шуудан ХК-ийн бичиг захидал ялган боловсруулах хэсгийн жин дээр жинлэхэд 20 грамм зааж байсан. Мөн 30 ширхгээс 1 ширхгийг авч CORE TEST нэртэй мансууруулах бодисын тестеер шалгахад эерэг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгаж, 29 ширхгийг буцаан хийж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгсөн. Мөн Их Британи Улсаас 20 грамм шавар мэт өнгөтэй, үдээс хойш нь С.А гэсэн хаягтай Нидерланд улсаас ирүүлсэн 25 ширхэг, ногоон саарал өнгөтэй хосолсон эм мэт, дөрвөлжин хэлбэртэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлс ирснийг зохих журмын дагуу шалгаж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгсөн... уг илгээмжийн оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь хүргүүлсэн...” /2 хх 56-59/,

 

гэрч С.Чинбатын: “...Гаалийн тухай хуулийн 222 дугаар зүйл “Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” баримтлан тухайн сэжигтэй илгээмжийг саатуулан шалгаж, арга хэмжээ авдаг. Мөн хяналт шалгалт хийж буй гаалийн байцаагч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дүгээр тушаалаар “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу илгээмжид гаалийн шалгалт хийсэн тухайн тэмдэглэл үйлдэж, гаалийн болон шуудангийн байгууллагын ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан, задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий туузан наалтаар битүүмжлэн, гаалийн байцаагчийн тэмдэг дарж, материалжуулан гэмт хэргийн шинжтэй байвал хуулийн байгууллагад шилжүүлнэ ... Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үйлдэл маань өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг учир, Улс хоорондын шуудан илгээмж ашиглан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд холбогдох хяналт шалгалтын ажиллагааг тэр даруй хийж гүйцэтгэн хуулийн байгууллагад холбогдох материалыг хүргүүлэх ёстой. Мөн Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор уг барааг гаалийн хяналтын дор хүргэж болно. Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичиг, Хар тамхитай тэмцэх газар, Албаны нэгдсэн сургалтын төв, Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга нарын баталсан хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын иргэн С.Аын нэр дээр Англи, Нидерланд улсаас ирсэн 3 ширхэг дугтуйнд “хар тамхи болон мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй” холбоотой эд зүйл байж болзошгүй байсныг гаалийн хяналтаар илрүүлж, танай байгууллагын ажилчидтай хамтран уг барааны оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь уг зүйлсийг хүргүүлсэн ... нэг дугтуйд нь 2 ширхэг баримлын шавар мэт зүйлсийг хүнсний скочоор ороосон, нөгөө хоёр дугтуйд нь эм мэт зүйлс байсан ... Улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг илгээсэн улсыг нь мэдэх боломжтой, харин хэн хаанаас яаж илгээснийг нь тогтоох боломжгүй...” /2 хх 53-55/,

 

гэрч Н.Есүхэйгийн: “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өглөө 08 цаг 30 минутын үед над руу манай найз Алдуул залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлэхээр нь би шубээ аваарай гэж захиад, гэрээсээ гараад машиныхаа хучлагыг аваад машинаа асаагаад халаагаад сууж байх үед Алдуул залгаад хаана байгаа талаар асуухаар нь Алтан төгрөг дэлгүүрийн харалдаа машинаа халаагаад сууж байна гэж хэлэхэд машин дотор орж ирээд би Алдуулын шубийг өмссөн шубийг өмсөөд өөрийнхөө өмсөж байсан куртикийг Алдуулд өгөөд сольж өмсөөд халаасанд байсан эд зүйлсээ сольсон. Ингээд Алдуул би шуудан орчихоод буцаад хүрээд ирье гэж хэлээд буугаад явсан. ...Алдуул шуудан орчихоод ирье гээд буусан шуудан орж яг яах гэж байгаа талаараа хэлээгүй. Хаанаас ямар эд зүйл ирсэн болох талаар нь мэдэхгүй байна...” /1 хх 91-92/,

 

гэрч О.Сарангэрэлийн: “...Олон улсын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтаар оруулж, Дэлхийн шуудан холбооны конвенцид заасан хориглосон бараа /илгээмж/ байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгадаг. Мөн Гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгана. Хэрэв зөрчилтэй илгээмж байх юм бол гаалийн байгууллагад шилжүүлдэг. ...Тухайн илгээмжийг явуулж буй хүн нь өөрийн хаанаас явуулж байгаагаа тодорхой бичихгүй бол аль улсын ямар хотоос, хэн гэдэг хүн явуулсан нь тодорхой харагдахгүй. Зөвхөн улс л харагдана. Гэхдээ илгээмж явуулахдаа, явуулж буй хүн нь өөрийн биеийн байцаалт болон яг хаанаас явуулж байгааг үнэн зөв бичсэн эсэхийг тогтоох боломжгүй ... Илгээмж хүлээн авагчийн хаяг нь тодорхойгүй, мөн хүлээн авагч өөрөө илгээмжээ хүлээн авахаас татгалзсан тохиолдолд буцаадаг...” /2 хх 29-30/,

 

гэрч Ч.Байгалмаагийн: “...Шуудангийн хайрцаг нээлгэхэд ямар нэгэн тодорхой шалгуур байхгүй. Албан ёсны бичиг баримт буюу иргэний үнэмлэхтэйгээ ирсэн хүн бүрт шуудангийн хайрцаг нээж болдог ...Уг шуудангийн хайрцгийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр С.А өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлж, гэрийн хаяг болон холбоо барих утсаа бүртгүүлсэн. ...Тухайн хүний нэр дээр ирсэн илгээмжүүдийг холбогдох шуудангийн хайрцагт хийж, тухайн хүнд нь хүлээлгэн өгдөг. Илгээмж ирсэн хүнд өөрт нь бичиг баримтыг нь харж байгаад өгдөг. Илгээмж хүлээн авагчаас өөр хүнд өгдөггүй. Илгээмж дээр илгээмж явуулагч нь хаягаа тодорхой бичсэн байвал яг хаанаас хэн гэдэг хүн явуулсныг мэдэх боломжтой. С.Аын нэр дээр ирсэн илгээмж нь аль улсаас ирүүлсэн нь тодорхой боловч яг аль хотын хаана оршин суудаг хэн гэдэг хүн, байгууллага илгээмж ирүүлсэн нь тодорхой бус...” /1 хх 98-101/,

 

шинжээч Б.Цогбаярын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 тоот дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд Санрагчаа Алдуул 2018.12.07 УШ91080257 гэж хаягласан шээсэнд стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж илэрсэн... Тестийн үр дүнг эцсийн үр дүн гэж үзэхгүй. Манай шинжилгээнд баримталдаг аргачлалын дагуу шинжилгээ хийхэд ТНС буюу тетрагидроканнабинол илэрсэн. Тест бол анхан шатны, тандалд хийх үүрэгтэй... ТНС буюу тетрагидроканнабинол, дельта 9 тетрагидроканнабинол хоёр нь нэг төрлийн бодис. Дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг хүн хэрэглэж, бодисын солилцоонд орсон үед илэрч байгааг нь ТНС буюу тетрагидроканнабинол гэж нэрлэдэг...” /1 хх 112-113/,

 

шүүгдэгч С.Аын яллагдагчаар мэдүүлсэн “...Надад уг нь шуудан илгээмжээр Ай фоне гар утасны гаднах гэр Герман, Хятад улсаас ирэх ёстой байсан...” /1 хх 202-204/ гэх мэдүүлгүүд,

 

“...сайтаас бараа худалдаж аваад төлбөрөө хийхдээ өөрийн онлайн данснаасаа төлбөр тооцоогоо хийдэг гэж хэлээд www.paypal.сom сайт руу орлоо. Уг сайтын нэвтрэх хэсэг рүү ороход С.Аын хэлснээр нэвтрэх нэр, нууц үгийг хийж орлоо. С.Аын 2017 оноос одоог хүртэл дансны хуулгын activity гэсэн хэсэгт орж 2018-09-01-ээс 2019-08-09-ний өдрий хүртэл сонгож хайлт хийхэд 6 удаагийн гүйлгээний утга гарч ирлээ: 2018 oct 22 Tumendemberel Davaadorj /repeat this transaction/-$0.30, aug28 eBay-…/onfine2008/ -3.39, aug28 eBay…/itj2tes-1/ -$238.15, aug28 ebay Zhou Lun -$18.96, aug28 eBay-Liu Wei /buy inbox/-$18.94...” гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2 хх 189-194/,

 

“2019.07.29 ...Утга: Хар тамхи, мансууруулах хууль бусаар хил нэвтрүүлсэн, хууль бусаар олж авсан хэргий талаар. Хариу: Цагдаагийн бүртгэлд Linda Kastennaker гэсэн овог, нэр болон Hoplein 3203011 AJ Rotterdam гэсэн хаягийн талаар мэдээлэл байхгүй байна. Hoplein32 гэх хаяг байдаггүй болно. Гэвч тус хаяг нь Hofplein32 гэсэн хаяг байж болох бөгөөд тус хаягт албан газар байрлаж байна.  Хариунд агуулагдсан мэдээллийг ашиглах нөхцөл: Нидерланд Улсын хуулийн дагуу дээрх мэдээлэл нь зөвхөн цагдаагийн хэрэгцээнд зориулагдсан тул зөвхөн мөрдөх ажиллагааны зорилгоор ашиглагдаж болно...” гэх Интерполын шугамаар ирүүлсэн хариу /2 хх 196/,

 

 “...С.Аын биед үзлэг хийж хурааж авсан эд зүйлс:

1. 12х17 см харьцаатай, нүүр хэсэгт нь Alduul Sanragchaa PObox510 Postoffice24 160666 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, international Nederland 2014 PrioRITY гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг марк наасан, ар талд нь гаалийн хяналтад байгаа 2018-12-06, Монгол шуудан 2018-12-07  гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй байлаа. Дугтуйг онгойлгож үзэхэд, цагаан өнгийн цаасыг нугалж эвхсэн байх ба дэлгэж үзэхэд гялгар ууттай эм мэт зүйлс байсныг гялгар уутнаас гаргаж үзэхэд 25 ширхэг ногоон, саарал өнгө хосолсон эм мэт зүйл ...байлаа.

2. 14х22см харьцаатай, нүүр хэсгийн зүүн талд Linda L Kasternmaker Hofplein 32 3011 AJ Rotterdam Nederlands гэсэн бичиглэлтэй, баруун дээд хэсэгт нь International Nederland 2014 PRIORITY гэсэн 2 ширхэг марк наасан, гол хэсэгт нь Alduul Sanragchaa PObox510 Postoffice-24 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, ар талд нь гаалийн хяналтанд байгаа 2018-12-06, монгол шуудан 2018-12-07 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй байлаа. Уг дутгуйг онголгож үзэхэд, 13х20.5 см харьцаатай, хар өнгийн зип лок  түгжээ бүхий Phobe dose гэсэн бичиглэлтэй гялгар уут байх ба уутыг онгойлгож үзэхэд 16х25 см харьцаатай өнгөгүй гялгар уутанд ягаан өнгийн дугуй эм мэт зүйл хийсэн байлаа. Уг уутыг онгойлгоход 13х7см харьцаатай зип лок түгжээ бүхий Phobi Dosa гэсэн бичиглэлтэй, гялгар уут байх ба уутыг онгойлгож үзэхэд 16.25 см харьцаатай өнгөгүй гялгар уутанд ягаан өнгийн дугуй эм мэт зүйлс хийсэн байлаа. Уг уутыг онгойлгоход 13х7 см харьцаатай зип лок түгжээ бүхий уутанд ягаан өнгийн эм мэт зүйлс байв. Уутнаас нь гаргаж тоолоход 29 ширхэг байх ба бүгд Ү гэсэн дардастай байлаа. Албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 14.3 грамм байх бөгөөд ягаан өнгийн эм мэт зүйлсийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг албаны Trunarc багажаар шалгахад НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан MDMA-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авав.

3. 32х26 см харьцаатай, нүүр хэсэгт нь Alduul Sanragchaa 91912983 PObox510 Postoffice-24, 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, ар талд нь гаалийн хяналтад байгаа 2018.12.06, монгол шуудан 2018-12-07 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй байлаа. Уг дугтуйг онгойлгож үзэхэд:

-13х20.5 см харьцаатай, хар өнгийн зип лок түгжээ бүхий, Phobi Dosa гэсэн бичиглэлтэй гялгар уут байх ба уутыг онгойлгож үзэхэд 15х10 см харьцаатай, зип лок түгжээ бүхий хар өнгийн гялгар уут гарч ирэх бөгөөд онгойлгож үзэхэд 2 ширхэг хүнсний скочоор ороосон баримлын шавар мэт зүйл гарч ирэх бөгөөд 1, 2 гэж дугаарлан албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм гэж тус тус зааж байлаа.

Уг баримлын шавар мэт зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хурааж авав.

Үзлэгийн явц, үр дүнг Huawei загварын гар утсаар 32 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв ...” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 8-9/, гэрэл зургууд /хх 10-17/,

 

2018 оны 12 дугаар 13-ны өдрийн “...Монгол шуудан компанийн гаалийн хяналтын бүсэд ирсэн, иргэн Санрагчаагийн Алдуулын нэр дээр Нидерланд Улсаас ирсэн 1 ширхэг дугтуйтай, саарал өнгийн 10 ширхэг экстази байж болзошгүй эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч тусад нь үзлэг хийхээр тогтов...” гэсэн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  /1 хх 46/, гэрэл зургийн үзүүлэлт,

 

“...Нидерланд Улсаас С.Аын нэр дээр шуудан илгээмжээр ирүүлсэн эд зүйлс:  

1. 12.5х17 см харьцаатай, нүүр хэсэгт нь Alduul Sanragchaa PObox510 Postoffice-24, 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, дугтуйны баруун дээд буланд Pinellaan 2016 LH Bloemendaal Nederland гэсэн наалттай, мөр Гаалийн хяналтад 2018-12-14 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан шаргал өнгийн дугтуй байлаа. Уг дугтуйг онгойлгож үзэхэд:

- 14.6х10 см харьцаатай хатуу цаас байх ба цаасны нэг талд 5х7 см харьцаатай мөнгөлөг өнгийн цаасыг ухаж суулган хоёр талаар нь скочоор наасан байх ба тугалган цаасыг зүсэж онгойлгосон байлаа. Уг зүсэж онгойлгосон хэсгийг нээж үзэхэд дотор нь саарал өнгийн нэг талдаа PLOMO, PLATA гэсэн бичиглэлтэй, 10 ширхэг эм мэт зүйлс байсныг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 4.9 грамм байв. Уг эд зүйлсийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов.

Үзлэгийн явц, үр дүнг Huawei загварын гар утсаар 32 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв...” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1 хх 49-60/,

 

“...дэвтэрт үзлэг хийхэд 139 дугаар бүртгэгдсэн, хаанаас гэсэн хэсэгт нь “Нидер”, хүлээн авагчийн хаяг нэр гэсэн хэсэгт “ШХ-510 (91912983)”, төрөл гэсэн хэсэгт нь э/з, дугаар гэсэн хэсэгт нь 1 ш, хүргэгчид хүлээлгэн өгсөн сар өдөр гэсэн хэсэгт нь lX/05, 700, эзэнд нь олгосон гэсэн хэсэгт нь 1200, хүлээж авсан хүний гарын үсэг, нэр гэсэн хэсэгт Алдуул гэж бичсэн байлаа.

Мөн дэвтрийн 172 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 2 ширхэг илгээмж гадаадаас хүлээн авч Алдуул гэсэн гарын үсэг зурсан,

187 дугаартай 2018 оны 11-р сарын 21-ний өдөр 1255 минутанд гадаадаас ирсэн илгээмжийг 2018 оны 1-р сарын 22-ны өдрийн 0830 минутанд Алдуул гэсэн гарын үсэг зурж илгээмж хүлээн авсан.

203 дугаарт 3 ширхэг шуудан илгээмж ирснийг 2018 оны 12 сарын 07-ны өдөр 912 минутанд хүлээн авч гарын үсэг зурсан байлаа. ...” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Шуудан ХК-ний 24 дүгээр салбарын “шуудан хүргэгчийн дэвтэрт” үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-33-34/, уг үзлэг хийсэн дэвтрийн гэрэл зургууд /1 хх 35-39/,  

 

“...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ТК42 Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Нидерланд Улсаас ирж төв шууданд 9041УБС улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн ирсэн 0140 дугаарын богцыг 2018 оны 12 дугаар сарын 6-ны  өдөр “Mongolia Ulaanbaatar 16066 post office-24 PObox510 Alduul Sanragchaa 91912983” хүлээн авагчийн хаягтай “Netherlands 3011AJ Rotterdam Hofplein 32 Linda I. Kastennaker” илгээмжийн хаягтай 22смх14см цагаан өнгийн дугтуйг нээж шалгахад хар өнгийн “sample phobi dose” гэсэн бичигтэй уут гарсаныг нээхэд өнгөгүй эржгэр хээтэй уутанд давхар ам дарагчтай уутанд савласан нэг бүр нь дугуй хэлбэртэй чернилэн ягаан өнгөтэй 9мм диаметр, 5мм зузаантай 30 ширхэг “Экстази” гэх мансууруулах бодис байж болзошгүй бөөрөн дээрээ өөд өөдөөсөө харсан 3 сумны дүрстэй зүйл гарсаныг тэмдэглэлд бэхжүүлэн авлаа. Мөн дээрх зүйлийг CORE TEST нэртэй мансууруулах бодисын тестээр шалгахад эерэг буюу мансууруулах бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгав. БЗЯБХ-ийн жин дээр тавьж жигнэхэд 20 гр-ыг зааж байлаа. Үзлэгийг дуусгаад тоо ёсоор буцаан хийж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгөв.” гэсэн гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 65-66/ гэрэл зургууд /2 хх 67-68/,

 

“..."Монгол шуудан" ХК-ны гаалийн хяналтын бүсэд Недерланд улсаас Монгол Упсын иргэн Алдуул Санрагчаа 91912983 гэж хаягаар ирсэн бичиг захианд байсан "нэг бүр нь дугуй хэлбэртэй, чернилэн ягаан өнгөтэй, 9 мм-ийн диаметртэй, 5мм-ийн зузаантай "Экстази" байж болзошгүй 30 ширхэг зүйлийг мансууруулах бодисын агууламжтай эсэхийг тогтоох зорилгоор Хар тамхины "Соге test” маркын “Мulti Drug Screen Test Cup” тестээр шалгаж тэмдэглэл үйлдэв.

 Хар тамхины "Соге test” маркийн “Мulti Drug Screen Test Cup” тестийн бүрэн бүтэн байдлыг гэрч нарт үзүүлж цагаан өнгийн уутыг задлан илрүүлэгч хуванцар саванд "дугуй хэлбэртэй, чернилэн ягаан өнгөтэй, 9 мм-ийн диаметртэй" бодисноос бага зэрэг үйрүүлэн авч бүлээн усанд найруулан хийж шалгахад тестийн 2,3,4 дахь баганын харалдаа мансууруулах бодис байгааг зааж нэг улаан зураастай байв. ...” гэсэн дээж авч шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2 хх 71-79/,

 

“...2018 оны 12 дугаар сарын 5 өдрийн КА 906 аялалын онгоцоор Төв шууданд 94-43 улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн ирсэн 0348 дугаарын богцыг 2018 оны 12 сарын 6 өдөр нээж шалгахад

“Mongolia Ulaanbaatar 16066 post office-24 Pobox 510 Alduul Sanragchaa 91912983” хүлээн авагчтай Англи улсаас ирүүлсэн буцах хаяггүй шар өнгийн боодолд дээрээ "20egg" гэж тосон балаар бичсэн, хар өнгийн гялгар уутанд хийж хүнсний нимгэн скочоор битүү ороосон 2 ширхэг хүрэн өнгийн, өндөг хэлбэртэй шавар зүйл байсныг тэмдэглэн авч жигнэж үзэхэд 0,020 кг-ийг зааж байсныг фото зургаар бэхжүүлэн авлаа. Мөн СОРЕ ТЕSТ нэртэй мансууруулах бодисын тестээр шалгахад эерэг буюу мансууруулах бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг дуусгаад тоо ёсоор буцаан хийж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгөв. ...” гэсэн Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 83-84/, гэрэл зургууд /хх 85-88/,

 

“...Алдуул Санрагчаа 91912983 гэж хаягаар ирсэн бичиг захианд байсан 2 ширхэг зууван хэлбэртэй, бор өнгөтэй гялгар цаасаар ороосон тус бүр 10 грамм жинтэй шавар мэт зүйлээс хар тамхины орцтой байж болзошгүй үндэслэлээр  шинжилгээ хийх зорилгоор Хар тамхины "Соге test” маркын “Мulti Drug Screen Test Cup” тестээр шинжилгээ хийж тэмдэглэл үйлдэв.

Хар тамхины "Соге test” маркын “Мulti Drug Screen Test Cup” тестийн бүрэн бүтэн байдлыг гэрч нарт үзүүлж цагаан өнгийн уутыг задлан илрүүлэгч хуванцар саванд “гялгар цаасаар ороосон шавар мэт зүйл"-ээс бага зэрэг авч бүлээн усанд майруулан хийхэд тестийн 3,5 дахь баганын харалдаа илрүүлэгчид мансууруулах бодис байгаа нь тогтоогдов. ...” гэсэн Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /2 хх 89-90/, гэрэл зургууд /2 хх 91/,

 

“...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ТК342 Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Нидерланд улсаас ирж төв шууданд 9041УБС улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн ирсэн 0140 дугаарын богцыг 2018 оны 12 дугаар сарын 6-ны  өдөр “Mongolia Ulaanbaatar 16066 post office-24 PObox510 Alduul Sanragchaa 91912983” хүлээн авагчийн хаягтай 17смх12см цагаан өнгийн дугтуйг нээж үзэхэд А4-ийн цагаан цаасыг 6 нугалан ороож, гялгар уутанд цаасны скочоор бэхэлсэн 1 смх0,5смх0,4см-ийн хэмжээтэй дээрээ 2 талдаа UBER,  EА/TS бичээс бүхий ногоон өнгийн шахмал 25 ширхэг “Экстаси” гэх мансууруулах бодис байж болзошгүйг тэмгдэглэн авч, “CORE TEST” нэртэй мансууруулах бодисын тестээр шалгахад эерэг буюу мансууруулах бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгав. ...Үзлэгийг дуусгаад тоо ёсоор буцаан хийж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгөв. ...” гэсэн гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 97/, гэрэл зургууд /2 хх 99-100/,

 

“...Монгол шуудан ХК-ний гаалын хяналтын бүсэд Нидерланд улсаас Монгол Улсын иргэн Алдуул Санрагчаа 91912983 гэж хаягаар ирсэн бичиг захианд байсан дөрвөлжин хэлбэртэй, нэг талдаа ногоон, нөгөө талдаа саарал өнгөтэй, 1 см-ийн урттай, өргөн 5 мм, өндөр 4 мм-ийн экстази байж болзошгүй 25 ширхэг зүйлийг мансууруулах бодисын агууламжтай эсэхийг тогтоох зорилгоор Хар тамхины "Соге test” маркын “Мulti Drug Screen Test Cup” тестээр шалгаж тэмдэглэл үйлдэв.

 Хар тамхины "Соге test” маркын “Мulti Drug Screen Test Cup” тест тестийн бүрэн бүтэн байдлыг гэрч нарт үзүүлж цагаан өнгийн уутыг задлан илрүүлэгч хуванцар саванд дөрвөлжин хэлбэртэй, нэг талдаа ногоон, нөгөө талдаа саарал өнгөтэй, 1 см-ийн урттай, өргөн 5 мм, өндөр 4 мм-ийн экстази байж болзошгүй бодисноос бага зэрэг үйрүүлэн авч бүлээн усанд найруулан хийж шалгахад тестийн 2,3,4 дахь баганын харалдаа мансууруулах бодис байгааг зааж нэг улаан зураастай байв. ...” гэсэн Дээж авч шалгалт хийсэн тухай тэмдэглэл /2 хх 109/, гэрэл зургууд /2 хх 111/,

 

Монгол шуудан ХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08/39 тоот албан бичиг, илгээмж хүлээн авч шилжүүлсэн тэмдэглэл /1 хх 167-172/,  

 

“...С.Ааас биологийн дээж авахын өмнө С.Ад хандан биологийн дээж өгөхөд буюу шээс өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад миний хувьд татгалзах зүйл байхгүй, би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулахад бэлэн гэснээр ажиллагааг эхлэв. ...С.Аын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. ...” гэсэн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх 18-21/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Алдуул 2018.12.07 УШ91080257” шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Алдуул 2018.12.07 УШ91080257” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцед багтдаг болно...” /1 хх 107-108/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон, саарал өнгө хосолсон 25 ширхэг эм мэт зүйл, Ү гэсэн дардастай 29 ширхэг ягаан өнгийн эм мэт зүйлс, 1 гэж дугаарласан 10 грамм, 2 гэж дугаарласан 9.9 грамм баримлын шавар мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн эм мэт зүйлээс Ecstasy /MDMA/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон, саарал өнгө хосолсон эм мэт зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, Ecstasy /MDMA/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” /1 хх 117-118/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн эм мэт зүйлээс MDMA /Methylenedioxymethamphemine/ буюу Ecstasy нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /1 хх 123-124/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Аын:

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гаших гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Их Британий Нэгдсэн Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай эм мэт хэлбэртэй 29 ширхэг экстази гэх нэршилтэй /гялгар уутны хамт 10,1 грамм жинтэй/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон MDMA агууламжтай экстази /Ecstasy/ гэх нэршилтэй 10 ширхэг /гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ...-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн...” гэмт хэргийн шинжийг,

- 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Их Британий Нэгдсэн Вант Улсаас, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг //гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй/ MDMA агууламжтай экстази гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерландын Вант Улсаас тус тус шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн “...Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаа нэвтрүүлж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус агуулжээ.

 

Шүүгдэгч С.Аын Нидерланд Вант Улсаас, Их Британий Нэгдсэн Вант Улсаас тус тус мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад оруулж ирж байгаа буюу гадаад улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсад өөрийн нэр дээр оруулж ирж авч байгаа үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, С.Аын бусад улсаас  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсад өөрийн нэр дээр оруулж ирж, тухайн бодисуудыг хүлээн авч байгаа үйлдэл нь нотлогдсон байх ба С.А уг бодисыг шуудангаас өөртөө авснаар тухайн зүйлийг ашиглах, хэрэглэх зэргээр захиран зарцуулах боломжийг олж авах учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ...-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангана.   

 

Харин прокурор болон анхан шатны шүүхийн С.Аын үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан” гэмт хэргийн “худалдаалах зорилгоор...” гэсэн шинж нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

С.Аын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, уг бодисыг гадаад улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хэд хэдэн удаа хийж байгаа нь С.Аыг “худалдаалах зорилгоор уг бодисыг олж авсан /бэлтгэсэн/” гэдгийг баталсан нотлогоо биш гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчмын 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан нь С.Аын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болж байна.   

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан...” үйлдлийг нотлогдсон гэж дүгнэсэн байх боловч С.А нь шуудангаар ирсэн илгээмжээ /мансуруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоо/ хүлээн авсан дариуд нь цагдаагийн байгууллагын эрх бүхий этгээдүүд С.Аыг саатуулсан, уг бодисуудыг нь үзлэг хийж хураан авсан байх тул “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан...” гэж үзэх нь хэргийн бодит байдал нийцэхгүй, таамагласан шинжтэй дүгнэлт болохоор байна.

 

Гэхдээ анхан шатны шүүх С.Аыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдлээр гэм буруутайд тооцоогүй байх ба давж заалдах шатны шүүх  С.Аыг “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан...” гэх үйлдлээр гэм буруутайд тооцох шаардлагагүй, С.Аын үйлдэлд гэмт хэргийн энэ шинжийг байхгүй гэж дүгнэж байгаа тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн тус гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолд дээрхи С.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, түүний үйлдлээс “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан...” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтөөс гадна:

- анхан шатны шүүх С.Ад оногдуулсан хорих ялыг ямар үндэслэлээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэх болсноо дүгнээгүй байх тул С.Аын анх удаа гэмт хэрэг үйлдсэнг болон С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх ёстой тул устгахаар заасан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтуудыг устгах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг тус тус давж заалдах шатны шүүхээс оруулахаар шийдвэрлэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчил болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнд нийцжээ.  

 

Иймд шүүгдэгч С.Аын “гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “...гэмт хэрэг нотлогдоогүй, эргэлзээ бүхий тул С.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...”, Н.Намжилцогтын “...мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, гэмт хэргийн шинжийг буруу дүгнэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзээд, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолын:

 

А. Тогтоох хэсэгт:

“Прокуророос С.Ад холбогдуулан ирүүлсэн үйлдлүүдээс “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад  орсон MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан...” гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалтыг,

“Прокуророос зүйлчлэн ирүүлсэн С.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,

 

Б. Тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “...Шүүгдэгч Есхүн овгийн Санрагчаагийн Алдуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, ...” гэснийг “...Шүүгдэгч Есхүн овгийн Санрагчаагийн Алдуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, ...” гэж,

 

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

 

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, С.Аын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

 

4 дэх заалтад “...С.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг “...С.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэж,

 

6 дахь заалтад “...Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон/ эм мэт зүйл гялгар уутын хамт 14.3 грамм, цагаан өнгийн дугтуйтай ягаан өнгийн дугуй хэлбэртэй 29 ширхэг эм мэт зүйл, гялгар уутны хамт 14.3 грамм экстази гэх нэршилтэй марсууруулах сэтгэцэд нөлөөт бодис, цагаан өнгийн дугтуйтай нийт 19.9 грамм шавар гэх нэршилтэй тетрагидроканнибинол агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шаргал өнгийн дугтуйтай саарал өнгийн нэг талдаа Plomo, нөгөө талдаа Plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг 4.9 грамм экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай...” гэснийг “...1802005850312 дугаартай эрүүгийн хэрэгт хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа экстази гэх нэршилтэй цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон, гялгар уутын хамт 14.3 грамм/ эм мэт зүйлийг, цагаан өнгийн дугтуйтай 29 ширхэг /гялгар уутны хамт 14.3 грамм/ ягаан өнгөтэй, дугуй эм мэт хэлбэртэй зүйлийг, шаргал өнгийн дугтуйтай 10 ширхэг / саарал өнгийн нэг талдаа Plomo, нөгөө талдаа Plata гэсэн бичиглэлтэй, 4.9 грамм/ эм мэт зүйлийг, цагаан өнгийн дугтуйтай шавар гэх нэршилтэй гялгар скочоор ороосон шавар мэт бодис /нийт 19.9 грамм/-ыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ