Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2755

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02755                               Улаанбаатар хот

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хүү, алдангийн төлбөрт 34,850,000 /гучин дөрвөн сая найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн байрыг Ц.Солонгод барьцаалж, 2014 оны 01 сарын 17-ны өдөр 20,0 сая  төгрөг, 2014 оны 11 сарын 11-ний өдөр 15,0 сая зээлж С.Уд өгсөн. С.У уг мөнгийг орон сууцаа томруулна гэж авсан. Ингээд би Ц.Солонгоос 35,0 сая төгрөг зээлж, үндсэн зээлээ төлж чадаагүй тул алданги 17,5 сая төгрөг, зээлийн хүү 17,2 сая төгрөг, нийт 69,7 сая төгрөгийн барьцаанд өөрийн байрыг шүүхийн шийдвэрийн дагуу хураалгаж хохирсон тул С.Уас 69.700.000 төгрөг гаргуулж өгнө үү. Би Ц.Солонгоос авсан 35,0 сая төгрөгийг С.Уд буцаан өгөх нөхцөлтэй хугацаагүй зээлдүүлсэн гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Д.О гэх хүнтэй ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй, бидний хооронд эрх, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Д.О нь өөрийн найз Ц.Солонготой зээлийн гэрээ байгуулж, зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс би уг төлбөрийг барагдуулах үндэслэлгүй. Орон сууц худалдан авах зорилгоор мөнгө өгсөн гэж байгааг би дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй. Учир нь Д.Оы төрсөн хүү Б.Энхжаргал, түүний хүү Э.Энхбаясгалан нар нь тухайн үед надтай гэр бүл байсан. Иймд төлбөрт гэр бүлийн гишүүд ижил тэнцүү хариуцлага хүлээх үүрэгтэй. Д.Оы гаргасан 69.700.000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс багасгасан нэхэмжлэлийн шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд бэр С.У, хүү Б.Энхжаргал нар “өөрийн гэсэн орон байртай болмоор байна, та өөрийн байраа барьцаанд тавьж зээл авч өгөөч, бид 2 зээлийг хугацаанд нь хүүтэй нь төлөөд өгөх болохоор танд ямар ч эрсдэлгүй” гэж гуйсан тул зөвшөөрч өөрийн орон байраа 35,0 сая төгрөгийн барьцаанд зээл авч өгсөн. Гэтэл С.У, Б.Энхжаргал нар уг зээлийг төлөхгүй явсаар үндсэн 35,0 сая, алданги 17,5 сая, хүү 17,2 сая буюу нийт 69,700,000 төгрөгийн өр үүсч төлж чадаагүйн улмаас байр хураагдаж, би түрээсийн өрөөнд амьдарч байна. Дээрх төлбөрийг С.У, Б.Энхжаргал нараас нэхэмжлэх эрхтэй боловч С.У нь Б.Энхжаргалыг гэрээсээ хөөж явуулсан. С.У Б.Энхжаргалаас гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр хүнтэй амьдарч хүүхэд гаргасан. Энхжаргал өөрийн гэсэн орон гэргүй, өөрийн хүү Э.Энхбаясгалангийн хамт надтай амьдарч байна. Надаар байрыг маань барьцаалуулж авсан зээлийн мөнгөөр авсан байр \түүнийгээ 3 өрөө байр болгон томруулсан С.Уд үлдсэн. Би С.У, Б.Энхжаргал нарт орон сууц авахад нь авч өгсөн зээл болон зээл авч өгсөнтэй холбоотойгоор хүү алдангийн өр төлбөрт орж, түүнээс үүссэн хохирлыг С.Уд ногдох хэмжээнд нэхэмжилнэ. Миний авсан зээлийн хүү, алданги 37,700,000 төгрөг үндсэн зээл 35,000,000 төгрөгийн хамт 69,700,000 төгрөгийн өрөнд би өөрийн хураалгасан. Иймд С.Уас зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг хохиролд 17,350,000 төгрөг, нийт 34,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.О нь нэхэмжлэлтэй, С.Уд холбогдуулан зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэл болон хүү, алдангид 69,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид тал хувиар хариуцуулна гэж 34,850,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ бэр, хүү нарт байртай болоход нь хүнээс зээл авч, зээлдүүлсэн тул бэрээс ногдох хувийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь орон сууц худалдан авах зорилгоор мөнгө өгсөн гэж байгааг дангаар хариуцах үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Д.О нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг,  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийг зээлж, С.У, Б.Энхжаргал нар нь орон сууц авахдаа зориулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.

 

С.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй, гэр бүлийн гишүүд ижил тэнцүү хариуцлага хүлээх үүрэгтэй гэж тайлбарласнаар дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, өөрт ногдох хэсгээр хариуцахаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

С.У, Б.Энхжаргал нар нь орон сууц худалдан авахаар зээл шаардлагатай талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, Д.О бусдаас зээл авсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч дээрх зээлийг С.У, Б.Энхжаргал нарт өгснөөр тэд орон сууц худалдан авсан, энэ талаар хариуцагч маргахгүй байх тул зээлдэгчийг зээлдүүлэгчийн өмчлөлд зээлийг шилжүүлсэн гэж үзэх юм.

 

С.У, Б.Энхжаргал нар нь зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү зээлийн тал хувийг С.Уаас нэхэмжмлж байгааг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Баязүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/05416 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69,700,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталгаажуулжээ.

 

Ц.Солонго нь үндсэн зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, хүүний төлбөрт 17,500,000 төгрөг, алдангид 17,500,000 төгрөг нэхэмжилснийг Д.О хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдахаар зохицуулсан бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон байна.

 

Талууд зээлийг буцаан төлөх хугацааг тохиролцсон байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх  тул алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Б.Энхжаргал, С.У нар нь 93,000,000 төгрөгийн орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаанд 41,500,000 төгрөг төлж, 51,500,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас зээлсэн, гэрээний үүргээ зөрчсөний улмаас тухайн зээлийн барьцаанд тавьсан орон сууцны өмчлөл тус банкны салбарын харилцагчийн менежер Л.Дамдинжавт шилжсэн байна.

        

Гэрчээр оролцсон Б.Энхжаргал нь “тухайн байрыг зарах талаар итгэмжлэл надаас С.У авсан” мэдүүлсэн ба хариуцагч энэ талаар маргаагүй, банкнаас орон сууцыг хэдээр үнэлж, зөрүү мөнгийг С.Уд төлсөн талаар нотлох баримтыг ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С.Уас 17,500,000 төгрөг гаргуулж, Д.Од олгож, шаардлагаас үлдэх 17,350,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 506.450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 44,750 төгрөгийг гаргуулан орлогод орууллаа.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн багасгасан хувийг 2019.08.20-ны өдөр гардуулан өгсөн боловч хуульд заасан хугацаанд татгалзсан тайлбарыг баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

С.Уд шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлэхэд Анхбаяр хүлээн авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.6-д иргэн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэнд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж зааснаар хүлээн авсан гэж үзнэ.

 

Мөнх хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн 80447044 дугаарын утсанд мэссежээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.У зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, Д.О олгож, шаардлагаас үлдэх 17,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжид 506.450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 44,750 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ