Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2674

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02674                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хт холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15,952,980 /арван таван сая есөн зуун тавин хоёр мянга есөн зуун ная/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хт 2013 оноос 2017 онд 4 жил ажиллаж байгаад тус газрын даргын 2017.02.15-ны өдрийн Б/117 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгасан. Энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хэрэгжих хууль эрх зүйн үндэс бүрдсэн ч хариуцагчаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.19-ний өдрийн 128/Гх2018/0276 дугаар “Гүйцэтгэх хуудас”, 128/Ш32018/6857 дугаар болон 2019.02.02-ны өдрийн 128/Ш32019/0887 дугаар шүүгчийн захирамж гарсан. Харин би одоо 2017.07.16-ны өдрөөс эхлэн 2019.08.16-ны өдөр хүртэл 25 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг тус тус үндэслэн дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас нэхэмжилна. Миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 01 сараас 2017 оны 3 сар хүртэл сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцоход 1 сарын дундаж цалин 590,029 төгрөг байгаа бөгөөд ажлын 1 өдөрт 29,652 төгрөг болох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар 2017.07.16-2019.08.16 өдрийг хүртэл ажлын 544 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 15,952,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М нь шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн биеэр Засаг даргын Тамгын газрын байранд хүрэлцэн ирж дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар 2017.05.26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар ТЗ-4-З ангиллаар томилогдон ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцан орохгүй, харин шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөний асуудлыг шийдэж өгөөч хэмээн удаа дараа амаар хүсэлтээ илэрхийлсэн. Ийнхүү хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрийг үндэслэн тус газрын даргын 2017.11.24-ний өдрийн Б/588 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт заасан тооцооллын дагуу 775,783 олговрыг 2017.12.06-ны өдөр ХААН банкны 5026822845 дугаар дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Б.М нь 2017.05.29-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй ажиллаж, тогтмол цалин авч нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөхийн зэрэгцээ буцалтгүй тусламж болон 2017 оны ажлын үр дүн, 2018 оны хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлж мөнгөн урамшууллыг удаа дараа авч байсан учраас ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.М нь намын бүлэг хариуцсан ажилтнаар одоог хүртэл ажиллаж байгаа, шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөн олговор авахыг хүсч удаа дараа аман хүсэлт гаргаж байсан нь ажилдаа эргэн томилогдохдоо гол нь бус ажил эрхэлж байх хугацаандаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.М нь Хт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15,952,980 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж, хариуцагч нь шийдэрийн дагуу цалинг олгосон, одоо ажил хийж цалин, буцалтгүй тусламж, мөнгөн урамшууллыг авч, нийгмийн даатгалын шимтгэл нь тасралтгүй төлөгдөж байгаа учраас ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

Б.Мыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн Төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

 

 Х нь Б.Мыг ажилд нь эгүүлэн авсан талаар баримтгүй буюу тушаал гаргаагүй, энэ талаар маргаагүй, ажил олгогч хуульд заасан ажилд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байгаа үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй байх буюу ажилтныг өөр ажил, хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрт 5 сарын хугацааны цалин олговорыг 2,503,294 төгрөгөөр тооцсон байх тул /2,503,294:5/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалинг 500,568 төгрөг буюу 1 өдрийн 22,753 төгрөг байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017.07.16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 28 сар 17 хоногийн /500,568 х 28 + 22,753 х 17/ цалин олговорт 14,015,904+386,801 14,402,705 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шаардлагаас үлдэх 1,550,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,715 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 229,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14,402,705 /арван дөрвөн сая дөрвөн зуун хоёр мянга долоон зуун тав/ төгрөг гаргуулан, Б.М олгож, шаардлагаас үлдэх 1,550,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237,715 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 229,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ