Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,                                     

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Д.Долгормаа, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

Шүүгдэгч П.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинэ айл овогт Дуламын Долгормаа, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Отгонжаргал нарт холбогдох эрүүгийн 201625022027 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Цэнхэр сум, Цэнхэр баг, Цэнхэрийн 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол 1-р байр 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АЯ 91032203 /, Шинэ айл овогт  Дуламын Долгормаа,

  2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Заводын 1 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: АР 94041205 / Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Отгонжаргал нар нь:

- 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүлэглэн шунахай сэдэлтээр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Чингисийн талбайн урд талын автобусны буудал дээр хохирогч Б.Халиунаагийн гар цүнхийг " Барьж байя " гэж итгэл эвдэх аргаар, хуурч мэхлэн авч улмаар цүнхэн дотор байсан Ху Вэй маркийн гар утас, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг виза карт зэргийг нь залилан мэхлэж авч бусдад нийт 1.740.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Халиунаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Миний бие 2016 оны 07 дугаар сарын 21-ний орой 02 цагийн үед гэртээ байж байтал Гончиг залгаад “ Гараад ир. Хоёулаа бааранд орьё “ гэхээр нь би зөвшөөрч хороололд нэг бааранд орсон. Бааранд ороод нэг ширээн дээр сууж  байтал Гончиг хашаа ч юм явчихсан байсан. Тэгээд би хажуу талын ширээн дээр сууж байсан 2 эмэгтэй хүнтэй танилцаад юм ярьж байтал “ Баар хаалаа гараарай " гэж хэлсэн. Бид гурав баарнаас гараад Чингисийн талбайн урд талд байрлах " Мийтинг " бааранд 03 цагийн үед орцгоосон. Бааранд ороод бид гурав хүний 1-2 Сэнгүр пиво ууцгаасан.  Бааранд хэсэг хугацаанд бүжиглэж байгаад баарнаас гарцгаагаад автобусны буудал руу явж байтал тэр хоёр охин үл таних хоёр эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёр эмэгтэй хүнд нь хандаж “ Та хоёр боль “ гэхэд над руу дайраад байсан. Энэ үед надтай хамт явж байсан хоёр охины нэг Д.Долгормаа нь " Цүнхээ өгч бай. Барьж байя " гэж хэлэхээр нь би цүнхээ өгсөн. Тэгээд нөгөө хоёр эмэгтэйтэй хэрэлдэж байх үед миний цүнхийг аваад явчихсан.

Миний цүнхэн дотор Ху Вэй маркийн гар утас, монетон бөгж, алтан бөгж, банкны картууд зэрэг эд зүйлүүд байсан гэжээ. / хх 23-24, 134-135 /,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 19, 42, 44-46, 48 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 6, 139 /,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай / хх  20, 47, 49 /

Шүүгдэгч  Д.Долгормааг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 30-31 /, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 57-58 /,

Шүүгдэгч П.Отгонжаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 52 /, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 53-56 /,

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: П.Отгонжаргал бид хоёр 2 жилийн өмнө оюутан байхдаа танилцсан. Өнгөрсөн зун уулзаж, нэг сар хамт амьдарсан. Тэр өдөр бид хоёр уулзаад хамт бааранд орж пиво уусан. Тэгээд Халиунаа гэдэг эмэгтэйтэй танилцсан. Бид хамт пиво ууж суугаад баар хаах болоод гарсан. Тэр баахан залуучуудтай хэрэлдээд байхаар нь би түүнээс “ Цүнхээ өгчих. Барьж байя “ гээд авсан. Тэгээд шууд П.Отгонжаргалын хамт хажууд байсан таксинд суугаад манайд ирсэн. Маргааш өглөө нь цүнхийг онгойлгож үзээд гар утсыг би авсан. Цүнхийг “ Дажгүй цүнх байна. Би авчихъя “ гээд П.Отгонжаргал авсан. П.Отгонжаргал намайг түүний цүнхийг аваад явахыг мэдсэн. Дотор нь бөгж байсныг би мэдээгүй. Хохирогчид гар утсыг буцаан өгч, 30.000 төгрөг төлсөн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Шүүгдэгч П.Отгонсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид оюутан байхдаа найзалсан. Би хотод ажил хийхээр ирсэн. Д.Долгормаа тэр өдөр намайг утсаар дуудаад бид хамтдаа бааранд орж пиво ууцгаасан. Бааранд нэг охинтой танилцаад түүнд пиво авч өгч дайлсан. Баар хаах болоод бид гартал нөгөө охин хэсэг хүмүүстэй маргалдаад байхаар нь би очиж салгах гэтэл Д.Долгормаа тэр охины цүнхийг үүрчихсэн байсан ба надад “ Наад охиноо хая. Явъя “ гэхээр нь би түүнтэй хамт таксинд суусан. Бааранд байхад Д.Долгормаа надад “ Энэ охины утсыг авмаар байна “ гэхээр нь би “ Яах юм бэ “ гэж зөндөө хэлсэн.

Маргааш өглөө нь бид хоёр сэрээд цүнхийг уудлаад утас, виза картыг Д.Долгормаа аваад 2 ширхэг эмнэлгийн бичгийг урчихсан. Д.Долгормаа цүнхийг хаях гэхээр нь би дараа хэрэг болох байх гээд авсан. Цүнхэн дотор нь 2 ширхэг бөгж байхаар нь би нутаг буцах зардалгүй учир Д.Долгормаад худлаа хэлээд түүний бичиг баримтаар ломбарданд тавьж, 48.000 төгрөг авсан. Түүгээрээ бид 2 идэж, уугаад дуусгасан. Хохирогчид цүнх, бөгжийг буцаан өгч, 148.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.Долгормаа, П.Отгонсүрэн нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Чингисийн талбайн урд талын автобусны буудал дээр хохирогч Б.Халиунаагийн гар цүнхийг " Барьж байя " гэж итгэл эвдэх аргаар, хуурч мэхлэн авч улмаар цүнхэн дотор байсан Ху Вэй маркийн гар утас, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг виза карт зэргийг залилан мэхлэж, нийт 1.740.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Үүнд: …Бааранд хажуу талын ширээнд сууж байсан 2 эмэгтэйтэй танилцсан. Баар хаасан тул " Мийтинг " бааранд 03 цагийн үед орж, 1-2 Сэнгүр пиво ууцгаасан.  Бид баарнаас гараад автобусны буудал руу явж байтал тэр 2 танихгүй хоёр эмэгтэйтэй маргалдаад байхаар нь би тэднийг нь “ Та хоёр боль “ гэхэд над руу дайраад байсан. Энэ үед надтай хамт явж байсан хоёр эмэгтэйн нэг Д.Долгормаа " Цүнхээ өгч бай. Барьж байя " гэж хэлэхээр нь би цүнхээ өгсөн. Тэгтэл миний цүнхийг аваад явчихсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Халиунаагийн мэдүүлэг / 23-24, 134-135 /, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 19, 42, 44-46, 48 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 6, 139 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх  20, 47, 49 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Долгормаа, П.Отгонжаргал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Долгормаа, П.Отгонжаргал нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Отгонжаргалын өмгөөлөгч Б.Эрдэнэсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт П.Отгонжаргал нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Д.Долгормааг гэмт хэрэг үйлдэж олсныг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр цүнхийг авсан. Дотор нь бөгж байгааг мэдээгүй. Иймд түүний зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-р зүйлчилж, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул П.Отгонжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

1. Шүүгдэгч П.Отгонжаргал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Д.Долгормаа бааранд байхдаа хохирогчийн гар утсыг авмаар байна гэж хэлж байсан. Түүний цүнхийг үүрчихсэн явъя гэхээр нь хамт таксинд суусан  гэж мэдүүлсэн. Хэрвээ бусдын эд хөрөнгийг авах санаа зорилго байгаагүй бол түүний энэ үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан.

2. Шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг нь авах зорилгоор түүнийг  дайлж, итгэлийг нь олж авсны үндсэн дээр эд хөрөнгийг нь өөрсдийн эзэмшилдээ авсны гадна П.Отгонжаргал нь хохирогчийн цүнх, бөгжийг авч, Д.Долгормаад өөрийн бөгж гэж итгүүлэн ломбарданд тавиулсан.

3. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь хэн алиныхаа үйлдэл оролцоог хүлээн мэдүүлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Дуламын Долгормаа, Пүрэвсүрэнгийн Отгонжаргал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр Д.Долгормааг 2 жил 1 сарын хугацаагаар хорих, П.Отгонжаргалыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Долгормаа, П.Отгонжаргал нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж,  Д.Долгормаа, П.Отгонжаргал нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Д.Долгормаад оногдуулсан 2 жил 1 сарын хорих, П.Отгонжаргалд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Д.Долгормаа, П.Отгонжаргал нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.ОЮУНЧИМЭГ