Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 232

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Наранбулаг, Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, хохирогч Д.З, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат, Б.Баяраа, П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 201401040336 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Наранбулаг, Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 75,194,307 төгрөгийг гаргуулж хохирогч Д.З-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Б-гийн Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг, Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “...2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш мөн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлээр ял авсан эхний бөгөөд эцсийн хүн байгаасай гэсэндээ, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай хүмүүсийн эрх ашгийг улайм цайм хамгаалж, жирийн иргэдийн эрх ашиг, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэхээр олгогдсон эрхэнд минь бүдүүлгээр халдсанд итгэж ядан энэхүү гомдлыг бичиж байна. Манай компанийн барьсан, намайг чанаргүй барьсан гээд эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа өргөтгөлийн барилгаа “Х” сургуулийн удирдлагууд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс бүрэн дүүрэн хууль бусаар ашиглаж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр НМХГ-ын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, хууль бусаар ашиглаж байгаа тул Ашиглалтыг зогсоох акт тавьж байсан юм. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс хуралдаж, хүлээн авч, хүүхдүүдээ сурган ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, “ХХХ” ХХК болон иргэн Б.Б миний бие “Х” сургуульд ямар ч хохирол, хор уршиг учруулаагүй болно. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйл буюу “Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйл буюу “Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах” гэсэн зүйл ангид зааснаар намайг гэм буруутай гэж улсын яллагч, анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн. Энэ зүйл ангид заасан обьектив гурван шинжүүдээс “...батлагдсан зураг төслөөс өөрөөр” гэж намайг буруутгасан. Гэтэл бодит байдалд “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг дуустал нь буюу 100 хувь манай компани хариуцаж хийлгээгүй юм. Энэ нь манай компанийн туслан гүйцэтгэгч “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн “нийт ажлын 40 хувийг хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “60-70 хувьтай байсан” гэх мэдүүлэг, гэрч А.А-гийн “Барилгын ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байсан” гэх мэдүүлэг, манай компанийн явсан үеийн буюу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлыг харуулсан гэрэл зураг, мөрдөн байцаагч Д.Б-гийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийсэн үзлэгийн гэрэл зураг, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д тэргүүтэй таван хүний 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт гаргахдаа авсан гэрэл зураг зэргээс харахад 100 хувь хийж гүйцэтгээгүй нь батлагдана. Өөрөөр хэлбэл, манай компанийг явснаас хойш “Х” сургуулийн захирал Д.З нь цахилгааны ажлаа өөрөө болон янз бүрийн хүмүүс, бригадуудаар хийлгэсэн. Энэ нь гэрч Г.Ш-ийн “Гэрэлтүүлэгч, унтраалга, разетка зэргийг “Х” сургууль өөрөө хийсэн” гэх мэдүүлгээр батлагдана. “Х” сургуулийн дотор цахилгааныг гүйцээж хийж, Улсын комисст хүлээлгэн өгсөн “М” ХХК-ийн инженер Э.Г нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө цахилгааны ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд “Х” сургуулийн захирал Д.З нь өөрөө болон өөр хүмүүс, бригадуудаар буруу хийлгэснийхээ бурууг одоо надад тохож, эрүүгийн хэрэгт гүтгэж байна. Намайг “батлагдсан зураг төслөөс өөрөөр хийсэн” гэдгийг нотолж байгаа баримт “А” ХХК-ийн цахилгааны инженер Б.Б-гийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д-гийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлага, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нарын таван хүний гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт зэрэгт дурдсан 8-10-н зургийн дагуу хийгээгүй гэх асуудлын тухайд манай туслан гүйцэтгэгч “ХХ” ХХК-ийн захирал Т.Г нь зөвхөн цахилгааны шийтийг зоорийн давхраас нэг давхар руу зөөсөн, 2х2.5 мм2 цахилгааны гэрэлтүүлгийн 800 м утсыг 2х1.5 мм2 утсаар солихдоо “Х” сургуулийн захирал Д.З, дэд захирал З.Э нартай ярилцаж шийдээд сольсон, бусад ажлыг манайхаас хойш орсон хүмүүсийн хийсэн алдаа, дутагдал гэж мэдүүлсэн байдаг. Мөн “Х” сургуулийн захирал Д.З шийтийг зоорийн давхраас нэг давхар руу зөөснийг автортай ярилцаж шийдсэн гэдгээ 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргээс харахад энэ асуудлыг Д.З, З.Э нартай ярилцсан нь тодорхой байна. Ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д захиалагч зураг төсөлд өөрчлөлт оруулах эрхтэй гэж заасны дагуу Д.З нь эдгээр асуудлыг ярилцаж тохирсон мөртлөө одоо болохоор намайг буруутгахын тулд зориуд худал мэдүүлэг өгч байна. Дээр дурдсан дүгнэлт, албан шаардлагад заасан 8-10-н зургийн дагуу хийгээгүй өөрчлөлтийг “А” ХХК-ийн цахилгааны инженер, зураг зохиогч Б.Б 2016 оны 07 дугаар сарын 06, 22-ны өдрүүдэд зөвшөөрч, зургандаа өөрчлөлт оруулснаа Барилгын ажлын тэмдэглэлд бичсэнийг “М” ХХК-ийн инженер Э.Г 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн. “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн “Х” сургуулийн захирал Д.З, З.Э нартай ярилцаж хийсэн 2х2.5мм2 цахилгааны гэрэлтүүлгийн 800 м утсыг 2х1.5мм2 утсаар сольсон гэх туслан гүйцэтгэгчийн үйлдэлд “Х” сургуулийн өмгөөлөгч нарын ярьдгаар Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар захиалагчийн өмнө хариуцлага хүлээх ёстой гээд намайг гэм буруутай гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа билээ. Гэтэл энэ гэмт хэрэгт гурван субьект буюу барьсан, бариулсан, хяналт тавих гэж байдаг бөгөөд барьсан “ХХ” ХХК-ийн захирал Т.Г, бариулсан буюу хяналт тавих “Х” сургуулийн захирал Д.З, дэд захирал З.Э, хяналт тавих зураг зохиогч Б.Б нарт хариуцлага тооцохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдаж байна. Үнэхээр намайг энэ гэмт хэргийг үйлдсэн буруутай гэж үзэж байгаа бол улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйл буюу торгох ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэж, зүйл ангийг өөрчилж, хорих ялтай зүйл анги буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсгээр, давж заалдах шатны шүүх хорих ялтай зүйл анги буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар ялласан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх өршөөлд хамруулснаа эрх зүйн байдал дээрдсэн гэж тайлбарладаг боловч энэ нь хоёр өөр ойлголт юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан болохоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан ялаас чөлөөлснөө эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байгааг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг гэм буруутай гэж үзэхдээ дараах нотлох баримтуудыг үндэслэсэн. Үүнд, хохирогч Д.З, гэрч Б.Б, Б.Н, Т.Г, П.Д, Г.Ш, Э.Г, О.А нарын мэдүүлгүүд, “А” ХХК-ийн цахилгааны инженер Б.Б-гийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д-гийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлага, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нарын таван хүний гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, “Э” ХХК-ийн гэрээт цахилгааны тэргүүлэх төсөвчин Г.Ш-ийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлын төсөв, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ЦИ-ийн салбарын ахлах Я.С-ын гаргасан шинжээчийн дүгнэлт, “М” ХХК-ийн инженер Э.Г, Б.О нарын “Х” сургуулийн өргөтгөлийн барилгад хийсэн үзлэгийн дүгнэлт, “М” ХХК-ийн “Х” сургуулийн өргөтгөлийн барилгад цахилгаан угсралтын ажил гүйцэтгэсэн талаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно. Гэвч бодит байдалд Д.З-гийн мэдүүлгийн тухайд. 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой Д.З утсаар ярьж маргаашнаас гэрээгээ цуцаллаа. Харуул хамгаалалтаа сольсон тул танай ажилчдыг оруулахгүй. Маргаан байгаа бол хуулийн байгууллага, шүүхээр шийдүүлье гэж хэлсэн. Маргааш өглөө нь очтол харуул хамгаалалтаа сольсон, манай ажилчдыг талбайгаас хөөж байсан. Иймд бид Ажил гүйцэтгэх гэрээний 10.3 дахь заалтын дагуу ажлаа хүлээлгэж өгөхийн тулд комисс томилж, №13/125 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч хүлээж авалгүй хөөсөн билээ. Энэ тухайгаа Д.З 2016 оны 07 дугаар сарын 25-ны анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 7.1 буюу “Зөрчлийг арилгах” заалтад “Захиалагч нь гэрээний хавсралтад заагдсан хугацааны дотор дуусаагүй байгаа ажлыг дуусгах, гарсан зөрчлийг арилгах талаар гүйцэтгэгчид зөвхөн бичгээр мэдэгдэнэ” гэж байдаг. Гэвч Д.З нь манай компанийг ажиллах хугацаанд нэг ч удаа доголдлын талаар мэдэгдэж байгаагүй болно. Мөн Д.З нь манай компанийг хөөж явуулснаас хойш 20 хоногийн дараа “Г” ХХК-тай үлдэгдэл ажлыг хийж дуусгахаар 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №13/14 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрч Б.Б-гийн мэдүүлгийн тухайд. Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “энэ хуулийн 15.1.2-т заасны дагуу барилгын ажлын явцад Зохиогчийн хяналт тавих эрх үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, захиалагч байгууллагатай тусгайлсан гэрээ хийлгүйгээр хянах ёстойг заасан. Гэтэл “А” ХХК-ийн ерөнхий инженер Б.Б нь шүүх болон цагдаад өгсөн мэдүүлгэндээ Зохиогчийн гэрээг тусгайлан байгуулаагүй учраас очиж үзээгүй гэж хэлсэн нь Барилгын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ Зохиогчийн хяналтын гэрээ хийгдээгүй гэсэн байтал “А” ХХК болон “Х” сургууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зохиогчийн хяналтын гэрээ хийсэн байдаг. 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “А” ХХК-иас “Х” сургуулийн захиргаанд явуулсан албан бичигт зөвхөн 1,5 мм утсыг 2.5 мм-ээр солих шаардлагатай гэж бичсэн. Тухайн үед цахилгааны ажлууд нь дуусаагүй, “Г” ХХК ажлыг гүйцээж хийж байсан. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Зохиогчийн хяналтын дүгнэлт нь албан ёсны биш, “Х” сургуулийн дэд захирал З.Э-гийн хүсэлтээр гаргаж өгсөн гэдгээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн. Гэтэл шүүх хуралдаанд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Зохиогчийн хяналтын дүгнэлтдээ 10 гаруй асуудлыг зөвхөн “ХХХ” ХХК-д хамаатай гэж ярьсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Барилгын ажлын тэмдэглэлд 2016 оны 07 дугаар сарын 06, 22-ны өдөр бичилт хийхдээ 10 асуудлаар зөвлөмж, зөвшөөрөл өгсөн байдаг. Тэр дунд намайг эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа асуудал буюу Ерөнхий самбарын өөрчлөлт, 2 болон 3 давхрын гэрэлтүүлгийн өөрчлөлт, галын самбаруудын цэнэг шавхагч, автоматуудыг хасах, гал тогоо, ХС байрлах өрөөнүүдийн хүрээ, газардуулгыг хийх шаардлагагүй, штепсель залгуурын групп хуваалтыг хэвээр нь үлдээх зэрэг асуудлыг бичиж зөвшөөрлийг “М” ХХК-д өгсөн байдаг. Үүнийг баталж “М” ХХК-ийн инженер Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн юм. Тэгсэн мөртлөө өөрөө зөвшөөрөл өгснөө нууцалж, 2016 оны 07 дугаар сарын 25, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд зураг төсөл өөрчилсөн гэж зөвхөн намайг буруутгаад байгаа нь ашиг сонирхлоор буюу хохирогч гэх Д.З-тэй үгсэн хуйвалдсан нь тодорхой юм. Гэрч Б.Н-ын мэдүүлгийн тухайд. Гэрч Б.Н нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” сургуульд холбогдох иргэний хэрэгт томилогдсон шинжээч юм. Тийм ч учраас давж заалдах шатны шүүхээс иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон юм. Гэрч П.Д-гийн мэдүүлэг болон албан шаардлага, дүгнэлт зэргийн тухайд. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 340 дүгээр шийдвэрээр Албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус актаар тогтоосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0417 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 310 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүх тогтоолдоо “...Нэхэмжлэгчийн “албан шаардлага, дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, үр дагавар учруулсан” гэх гомдлын тухайд улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтэд нэхэмжлэгчид “эрүүгийн хэрэг үүсгэх” тухай дүгнээгүй тул нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар учруулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь тусдаа хуульд заасан журмаар хэрэгждэг, өөр эрх зүйн харилцаа байна. Тодруулбал, уг албан шаардлага, дүгнэлт нь барилгын ажлыг бүхэлд нь шалгаагүй, зөвхөн тодорхой хэсгийг шалгасан байдал “чанаргүй барилга” гэх ойлголтод шууд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх үр дагаврыг агуулаагүй болно” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхээс ингэж дүгнэсэн байхад эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д-гийн гаргасан улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтээр намайг эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа нь Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн “ХХХ” ХХК-д ирүүлсэн МХЕГ-ын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот гомдлын хариунд “...Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нь 2015 онд “Х” сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй, албан шаардлагын хувийг нэр дурдсан компанид хүргүүлээгүй, мөн 2016 онд тус сургуулиас өмнөх асуудлаар дахин хандсан хүсэлтийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ удирдамжид тусгавал зохих асуудлыг бүрэн тусгаагүй, ямар асуудлын хүрээнд хяналт шалгалт хийх тухай дурдаагүй зэрэг зөрчил дутагдал гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг хангаагүй байна. Иймд П.Д, Х.Б, Г.М нарыг хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг мөрдөж ажиллаагүй тул тэдний улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасан болохыг мэдэгдье” гэжээ. Эдгээр улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг мөрдөж ажиллаагүй учраас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг нь 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл, П.Д, Г.М, Х.Б нар нь “Х” сургуулийн захирал Д.З-гийн гуйлт, хүсэлтээр эрүүгийн хэрэгт намайг буруутгахын тулд албан шаардлага, дүгнэлтийг бичсэн нь тодорхой болсон юм. Гэрч Г.Ш-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, төсвийн тухайд. Гэрч Г.Ш нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” сургуульд холбогдох иргэний хэрэгт томилогдсон шинжээч юм. Тийм ч учраас давж заалдах шатны шүүхээс иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж заасан байхад улсын яллагч, анхан шатны шүүх биелүүлэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Гэрч Т.Г-гийн мэдүүлгийн тухайд. “ХХ” ХХК-ийн захирал Т.Г нь “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгаан монтажны ажлыг гардан хийсний хувьд мэдүүлэг өгөхдөө “А” ХХК-иас хяналтын хүмүүс ирж үзэж байсан. Тухайн үед ямар ч хэл ам гарч байгаагүй. Зургийн дагуу хийгдсэн. Зөрсөн юм гэвэл өрөөний зохион байгуулалт өөрчлөгдсөнөөс болж, таазанд бетон зүсэж, 2х1,5 мм утсыг 3 салаа болгож хийсэн. Үүнийг З.Э, Д.3 нарын хүсэлтээр хийсэн, зөвхөн гэрэл хооронд ухсан хэсэгтээ 2х1,5 мм утсыг хийсэн. Зурган дээр 2х2,5 мм тусгагдсан байсан. Бид нар хоёрыг салаалж хийсэн. Яагаад гэвэл захиалагчийн хүсэлтээр олон янзаар хэсэгчлэн асаахын тулд хийж өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл автор Б.Б нь Барилгын ажлын тэмдэглэлд 2016 оны 07 дугаар сарын 06, 22-ны өдрүүдэд бичилт хийхдээ 10 асуудлаар зөвлөмж, зөвшөөрөл өгсөн байдаг. “А” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №07/13 тоот албан бичгийн тухайд. “А” ХХК-иас “Х” сургуулийн захиргаанд явуулсан албан бичигт зөвхөн 1,5 мм утсыг 2,5 мм-ээр солих шаардлагатай гэж бичсэн. Тэгээд ч автор “А” ХХК-ийн инженер Б.Б нь 2x1,5 мм утсыг гэрэлтүүлэгт хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 06, 22-ны өдрүүдэд Барилгын ажлын тэмдэглэлд бичиж баталгаажуулсан байдаг. Үүнийг нь ч “М” ХХК-ийн инженер Э.Г баталж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө хэлсэн юм. “А” ХХК-ийн инженер Б.Б-гийн “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны угсралтын ажлын зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт. Улсын комисс хүлээн авахын тулд зохиогч надаас зохиогчийн хяналтын дүгнэлт авах ёстой, аваагүй. Энэ дүгнэлтийг гаргаж өгөхийн тулд гэрээ байх ёстой тул гэрээ байгуулаагүй учир гаргаж өгөх боломжгүй болсон. Харин “Х” сургуулийн удирдлагаас надад цахилгааны угсралтын ажилд ямар алдаа дутагдал, өөрчлөлт байгааг хэлж өгнө үү гэсэн хүсэлтээр 10 гаран алдаа дутагдлыг бичиж өгснөөс албан ёсны дүгнэлт биш юм гэж мэдүүлсэн ба “Х” сургуулийн дэд захирал З.Э-гийн хүсэлтээр гаргаж өгсөн гэдгээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн. Гэтэл эдгээр асуудлыг өөрөө 2016 оны 07 дугаар сарын 06, 22-ны өдрүүдэд Барилгын ажлын тэмдэглэлд бичиж зөвшөөрснөө нууцалж, шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн юм. “Х” сургуулийн захирал Д.З нь “ХХХ” ХХК-ийн захирал Б.Б надад болон манай компанид доголдолтой ажлын талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд энэ эрүүгийн хэрэгт намайг буруутгаад байгаа гэрч Б.Н, Г.Ш нарын шинжээчийн дүгнэлт, төсөв, гэрч П.Д-гийн улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, гэрч Б.Б-гийн зохиогчийн хяналтын дүгнэлт, “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын үзлэгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд олж тогтоогоогүй бөгөөд “Х” сургуулийн захирал Д.З-гийн гаргаж өгсөн баримтууд юм. Шинжээчээр томилогдсон Я.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулсан баримт байдаггүй. Я.С-ийн хариуцдаг анги танхимыг “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг гүйцээн хийж, улсын комисст өгсөн “М” ХХК нь тохижуулж өгсөн байдаг. Мөн дүгнэлтээ “М” ХХК-ийн төсөвчин Н.Г, О.А нартай хамт гаргаснаа мэдүүлсэн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэхээр “М” ХХК-ийг томилсон. “Х” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг гүйцээн хийж, улсын комисст өгсөн “М” ХХК-ийн төсөвчин Н.Г, О.А нар төсвийг 75,194,437 төгрөг гэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээ тодорхой бус байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа “Ха” ХХК-ийг хохирлын хэмжээг тодруулахаар томилж, “Ха” ХХК-ийн захирал Ж.Л нь хохирлын хэмжээг 12,084,418 төгрөгөөр тогтоосон байтал анхан шатны шүүх хохирлын хэмжээг 75,194,437 төгрөгөөр тогтоосон нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 349 дүгээр магадлал буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж байна. Намайг чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар татсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 11 дүгээр тогтоол үйлдэн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон, цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар дээд шатны прокурорт хандсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэрийг хэрхэн гаргуулах тухай зохицуулалт байдаггүйгээс прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Яагаад би хэрэгсэхгүй болгосон тогтоолоо бариад шүүхээс цагаатгах тогтоол гаргуулж болдоггүй юм бэ. Би 2055 хоног сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нэртэй явж ажил, амьдралаа алдчихаад цагаатгах тогтоол гаргуулж болдоггүй юм уу. Яагаад би барилгыг нь чанартай сайн барьж өгчихөөд мөнгөө авч чадахгүй байж ялтан болох ёстой юм бэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх “…хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилсөн”, 75,194,307 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Гэтэл хэрэгт хохирлын 8 өөр дүн байдаг. Шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 218 дугаар захирамжаар хэрэг мөрдөн байцаалтад буцаж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга “Ха” ХХК-ийн төсөвчин н.Л-ийг томилж 12,084,418 төгрөгийн хохирол гаргаж байсан. Тэгэхээр “Х” сургуульд учруулсан хохирлын хэмжээ 12,084,418 төгрөг гэж үзэхээр байгаа ч дээрх хохирол учирсан гэхэд эргэлзээтэй, одоо ч тухайн 2х1.5 мм цахилгааны утсыг хэрэглэж байгаа талаар гэрч Э.Г шүүх хурал дээр мэдүүлсэн. Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж үзэж болохоор байна. Иймд Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...“ХХХ” ХХК-ийн захирал Б.Б, “Х” сургуультай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин барилгын дотор цахилгааны монтажны ажлыг “ХХ” ХХК-ийн захирал Т.Г 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс гүйцэтгэсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барилгын үйл ажиллагааг “Х” сургуулийн зүгээс зогсооход нийт цахилгааны ажлын 40-45 хувь, барилгын нийт ажлын 90 хувь хийгдсэн, дотор өрөөний заслын ажил хийхэд гэрэлтүүлэг шаардлагатай байсан учир түр гэрэл хооронд 1.5 мм утсыг “Х” сургуулийн З.Э-гээс зөвшөөрөл аваад “ХХ” ХХК-ийн захирал Т.Г түр тавьж өгсөн, автороос зөвшөөрвөл тэр чигээр нь тавина, зөвшөөрөхгүй бол буцаагаад авна гэж байсан талаар Т.Г гэрчээр мэдүүлсэн байдаг. “ХХ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг “Х” сургууль болон Б.Б-гийн хэн хэн нь хүлээн аваагүй, ажлыг хүлээн авах боломж олголгүй “Х” сургууль 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Б.Б болон “ХХ” ХХК-ийн захирал Т.Г нарыг сургуулийн хашаагаар оруулахаа больсон. Гэтэл шүүх “ХХ” ХХК-ийн дутуу хийгээд үлдээсэн ажилд Б.Б-г буруутгахдаа “Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “ХХХ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Х” сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас 75,194,307 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “ХХХ” ХХК-ийн  захирлаар ажиллаж байсан Б.Б цахилгааны ажлыг гүйцэтгээгүй, “ХХ” ХХК-ийн захирал Т.Г хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Давж заалдах шатны шүүх Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8 дахь заалтыг үндэслэн “ХХХ” ХХК-ийн захирал Б.Б-д ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг зөрчихөд хүргэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлд заасан чанар муутай барилга бариулах ашиглалтад оруулах, шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйл буюу чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах гэдэгт зөвхөн батлагдсан зураг төслөөс өөрөөр барьж ашиглалтад оруулсан байх, барилгыг зориуд гэмт хэргийн санаа зорилготойгоор барьж түүнийгээ илэрнэ гэж нуун, ашиглалтад оруулснаар бусдад хохирол учруулсан санаатай үйлдэл байхыг шаардсан байдаг. Гэтэл Б.Б-д ямар ч гэмт хэргийн санаа зорилго байхгүй. Уг барилгыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Х” сургууль “ХХХ” ХХК-ийг байлцуулахгүйгээр, огт мэдэгдэлгүйгээр улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулахдаа гэрэл хооронд хийсэн 1,5 утсыг солилгүй зургандаа өөрчлөлт оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн дутуу хийгээд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40-45 хувьтай үлдээсэн ажлыг 2016 оны 06 дугаар сард “М” ХХК гүйцэтгэхээр гэрээ хийгээд ажиллахад 90 орчим хувьтай байсан байдаг. Гэрч Э.Г-гийн “намайг очиход цахилгааны ажил 90 гаруй хувьтай байсан” гэх, Т.Г-гийн “дутуу хийсэн ажлыг 90 хувь хүртэл бусдаар гүйцэтгүүлсэн” гэх мэдүүлгээр нотлогдоно. Хэн хийсэн нь огт мэдэгдэхгүй эргэлзээтэй ажилд хамгийн анх зургийн автор “А” ХХК-ийн захирал Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн ажил дууссанаас хойш 2 жилийн дараа зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан. Мөн мөрдөн байцаалтаар үнэхээр хэрэг гарсан гэх газарт зөрчил дутагдал байсан эсэх, уг ажлыг хэн гүйцэтгэсэн талаар ямар ч нотлох ажиллагаа хийгээгүй. “ХХ” ХХК-ийн захирал Т.Г гэрэл хоорондын 1,5 мм 800 метр утсыг 1 метрийг 570 төгрөгөөр авсан бөгөөд нийт 456,000 төгрөг, харин 2,5 мм утас 1 метр нь 900 төгрөг бөгөөд нийт 720,000 төгрөг, эдгээр нийт утасны зөрүү 264,000 төгрөг болж байна. Ийм хэмжээний ашиг гаргах гэж энэ гэмт хэргийг үйлдсэн үү гэдгийг мөн тогтоох ёстой, Д.З шүүх хуралд 1,5 мм 800 метр утсыг Д.З сольсон, надад байгаа гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс уг утсыг нотлох баримтаар авахуулахаар мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл уг утас байгаагүй бөгөөд “М” ХХК-ийн инженер Э.Г “бүх утас солигдоогүй. Авторын зөвшөөрлөөр гэрэлтүүлгийн автоматыг багасгаж зарим хэсгийг хэвээр үлдээсэн” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн хийгээд дутуу үлдээсэн ажлыг “М” ХХК гүйцэтгэхдээ 1,5 утсыг зургийн дагуу 2,5 болгон өөрчлөөгүй, зургийн автор зургандаа өөрчлөлт оруулж ажлын улаан дэвтэртээ бичээд гэрэл хоорондын 1,5 утсыг “ХХ” ХХК-ийн захирал Т.Г-гийн хийснээр үлдээсэн болох нь нотлогдсон. Үүнээс гадна гэрч Э.Г “М” ХХК-ийн хийсэн ажил нь засвар болон дутуу хийсэн ажлын нийлбэр төлбөр 75 сая төгрөг болохыг нотолсоор байхад шүүх энэ төлбөрийг бүхэлд нь хохирол гэж үзсэн нь дэндүү харамсалтай. Шүүх уг төлбөрөөс дутуу хийсэн ажлын төлбөр хэд, засвар хийсэн ажлын төлбөр хэд болохыг ялган тогтоож, нотлох ёстой байсан. “ХХХ” ХХК-ийн захирал Б.Б “ХХ” ХХК-ийн хийсэн ажлыг хүлээн авах, хүлээн авах үед доголдол гарвал засаж янзлуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэх ямар ч боломж олгоогүй, харин энэ байдлыг Д.З өөрийн өс хонзон, өшөө авлагадаа ашигласан. “Х” сургуулийн захирал Д.З ямар нэг хэргээр Б.Б-г буруутгах боломж хайн, эрчим хүчний яамны мэргэжилтэн П.Д-гээр “Албан шаардлага”, Эрчим хүчний яамны мэргэжилтэн нараар “Дүгнэлт” гаргуулан, эдгээрийг ашиглан Б.Б-г яллагдагчаар татуулсан байдаг. Эдгээр улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг Б.Б огт мэдээгүй бөгөөд тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн “ХХ” ХХК-ийн захирлыг байлцуулаагүй хяналт шалгалт хийгдсэн байснаас гадна 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “ХХ” ХХК ажлаа орхиод явснаас хойш 1 жил 8 сарын дараа гарсан актууд байсан. Энэ актууд цахилгааны ажлыг өөр бусад компани 90 хувь хүртэл гүйцэтгэсний дараа хийгдсэн бөгөөд Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татах үндэслэл болсон. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол хэрэгт огт байхгүй байхад Д.З-гийн хүсэлтээр хийгдсэн эдгээр албан шаардлага, дүгнэлтийг үндэслэн Б.Б-г шууд сэжигтнээр татсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан  шатны  шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан гэх гэмт хэргийг иргэн, эсхүл хуулийн этгээдийн аль нь үйлдсэн болох, тухайн гэмт хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасан эсэх, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн эсэх зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, 3 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг тус тус зөрчсөн. Тухайлбал, шийдвэр, магадлалд дурдсан гэмт хэргийг иргэн Б.Б, эсхүл “ХХХ” ХХК-ийн аль нь үйлдсэн болох, түүнчлэн гэмт хэрэг мөн эсэхийг шалган тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй. Гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалган тогтоогоогүй. Тухайлбал, шүүхийн тогтоол болон магадлалд “Х” сургуулиас “ХХХ” ХХК-д цахилгааны ажлын санхүүжилтэд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй, “ХХХ” ХХК нь туслан гүйцэтгэгч “ХХ” ХХК-иар цахилгааны ажил гүйцэтгүүлсэн бөгөөд 53,000,000 төгрөг зарцуулсан ба үүнийг өөрөө гаргасан, “ХХ” ХХК дотор цахилгааны ажлыг хийсэн тухай мэдүүлцгээж байх тул уг байгууллага буюу захирал Т.Г-гийн хийж гүйцэтгэсэн ажлын улмаас “Х” сургуульд хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг шалгах шаардлагатай, түүнчлэн хохирогч Д.З шүүх хуралдаанд ...манайх буруу хийгдсэн цахилгааны ажлыг засуулахдаа хуучин хийсэн байсан цахилгааны утас болон бусад зүйлүүд манай байгууллагад байгаа гэж мэдүүлж байх тул дээрх цахилгааны утас болон бусад зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж, уг эд зүйлд үнэлгээ хийх шаардлагатай, Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй болсон байна... гэж дүгнэсэн. Энэхүү тогтоол, магадлал нь хэрэгжих ёстой ба дээр дурдсан ажиллагаануудыг заавал хийх шаардлагатай байсан. Энэ нь шүүхийн тогтоол, магадлалыг биелүүлнэ гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1, 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Хавтаст хэрэгт цугларсан баримт болон тухайн үед үүссэн нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хуулийн “гэм буруу”-гийн тухай ойлголтыг зөв хэрэглэж чадаагүй, шүүгдэгчийн гэм бурууг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Б.Б-д ял оногдуулан шийтгэж буй “…батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар заавал гэм буруутай байх ёстой бөгөөд гэм буруу нь тогтоогдоогүй тохиолдолд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…чанар муутай барилга байгуулж ашиглалтад оруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан “чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах” гэмт хэргийн аль аль нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхээр хуульчилсан. Б.Б-д батлагдсан зураг төслөөс өөрөөр барих санаа, зорилго байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй, энэ асуудалд дүгнэлт хийлгүйгээр түүнд ял оногдуулсан байна. Хавтаст хэрэгт “Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн” гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй. Харин “ХХХ” ХХК-ийн захирал Б.Б 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Х” сургуулийн захирал Д.З-тэй уулзах үед “туслан гүйцэтгэгч цахилгааны утсыг зургийн дагуу хийгээгүй, тиймээс зургийн дагуу хийж өгөх талаар харилцан тохиролцсон” тухай уулзалтын тэмдэглэл, гэрч Т.Г-гийн мэдүүлгээр “Б.Б батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгээгүй үйлдэл, эс үйлдэхүйг санаатайгаар гаргасан” гэх нөхцөл байдал бүхэлдээ үгүйсгэгддэг. Улсын яллагч болон шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж яллах дүгнэлт үйлдэж, ял оногдуулсан. Хэрэгт авагдсан “Ха” ХХК-ийн төсөвчин н.Л-ийн дүгнэлтээр “12,084,418 төгрөг”, шинжээч н.С-ын дүгнэлтээр “16,734,304 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээнүүд байгаа. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ “М” ХХК-иас “Х” сургуульд цахилгааны ажил хийж гүйцэтгэхдээ санал болгосон “үнийн санал” 75,194,437 төгрөгийг “учирсан хохирол” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэхүү прокурорын хууль буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “75,194,307 төгрөг” болгон дураараа өөрчилсөн бөгөөд ямар үндэслэлээр ийнхүү өөрчилсөн, яагаад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 16,734,304, эсхүл 12,084,418 төгрөгийг хохиролд тооцоогүй үндэслэлээ тус тус тайлбарлаагүй, цагаатгах талын нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа “75,194,437 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос өөр хохирлын дүн гаргасан, ямар үндэслэлээр хохирлын хэмжээг ингэж тогтоосон тухайгаа мөн тайлбарлаагүй. Энэхүү 75,194,437 төгрөг бүхий “М” ХХК-ийн үнийн саналд “гүйцэтгээгүй ажлыг засах зардал болон дутуу хийсэн цахилгааны ажлыг гүйцэтгэх зардал” тус тус шингэсэн ажлын нийлбэр хөлс болохыг прокурор болон шүүх аль аль нь анхаараагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол”-ын талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ бүхнээс прокурор, шүүх өөрийн үзэмжээр хохирлын хэмжээг тогтоож, өөрчилж болох гаж буруу хандлага, жишиг бий болгох нөхцөл бүрдэж байна. Прокурор Н.М яллагдагч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдэд оногдуулах ял шийтгэхээр яллах дүгнэлтээ үйлдэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх гэсэн ноцтой алдаа гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахаар яллах дүгнэлтээ үйлдэж мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөвтгөсөн төдийгүй мөрдөн байцаах ажиллагаа бүхэлдээ Б.Б-д холбогдуулан явуулсан байхад гаргасан алдааг мөрдөн шалгах ажиллагаагаар засахгүйгээр шүүхээс үндэслэлгүйгээр өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба харин шүүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тогтоол гаргасан. Хуулийн этгээдэд оногдуулах торгох ялыг хүнд оногдуулахаар яллах дүгнэлт үйлдэгдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 болгон өөрчилсөн ба хэрвээ улсын яллагч хуулийн этгээдэд ял оногдуулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бол энэ нь 2002 оны Эрүүгийн хуулиар хуулийн этгээд нь гэмт хэргийн субьект болохгүй тул ял оногдуулах үндэслэлгүй болох байтал давж заалдах шатны шүүхээс дахин өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь мөн ноцтой алдаа болсон. Түүнчлэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Гэтэл улсын яллагч Н.М нь Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар яллах дүгнэлт үйлдсэн. Харин анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа болсон. Үүнийг давж заалдах шатны шүүх “2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ, учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарагдаж байна” гэж хууль буцаан хэрэглэх тухай ойлголтыг буруугаар тайлбарласан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хэлсэн саналдаа “...Хэрэг биш гэсэн үндэслэлээ чанаргүй барилга барьж хүлээлгэн өгсөн гэх зүйл заалтын нэрийг барьж тайлбар хэлээд байна. Дээрх зүйл заалтад чанаргүй барилгаас гадна зураг төсөлд тохироогүй барилгыг тооцно гэж заасан. Уг барилга ганцхан Д.З гэж хүнд зориулагдсан эд хөрөнгө биш юм. Олон хүн үйлчлүүлдэг газар учраас аюулгүй байдал, стандарт нэгд тавигдах ёстой. Барилгын зураг төсөл нь тухайн барилгын хувьд хууль юм. Гэтэл уг зургийг санамсаргүй байдлаар өөрчлөөд хийсэн, хүн хийсэн, би өөрөө хийгээгүй гэх зэрэг тайлбар хэлэх нь өрөөсгөл ойлголт юм. Тухайн барилгын зураг зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн. Ганцхан цахилгааны утас сольсон юм биш. Нийт 10 зөрчил үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллага болон зургийн автор нь тогтоосон. “ХХ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын алдааг хүлээхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Зураг зөрчиж гүйцэтгэсэн ажлыг буцааж зургийн дагуу болгож өөрчлөхөд 75,000,000 төгрөгийн зардал гарсан. Зургийн дагуу бус ажил хийснээс шууд үүссэн үр дагавар гэж үзэхээс өөр арга байхгүй. Хохирлын хэмжээ санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, заалт нь Өршөөлийн хуульд хамрагдах зохицуулалттай. 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас ял шийтгэл нь хөнгөрч байгаа боловч ялтай үлдэж байгаа болохоор шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг нь хэрэглэхээс өөр аргагүй байсан нь хууль буруу хэрэглэсэн асуудалд хамаарахгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнээс давсан асуудалд тайлбар хэлэх нь илүүц байх гэж бодож байна. Б.Б өөрийн гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр цагаатгуулахаар хүсэлт гаргахад ял халдаалаа гэсэн агуулгатай гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хяналтын прокурор М-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд өмгөөлөгч нар гомдол гаргаж, тухайн тогтоолыг хүчингүй болгуулсны дараа анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэн асуудал юм. Хууль хэрэглээтэй холбоотой байж болохуйц нэг зүйл нь Өршөөлийн хуультай холбоотой асуудал юм. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль хэрэглэж байгаа болохоор Б.Б-д ашигтай байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Баяраа хэлсэн саналдаа “...Энэ хэргийн тухайд гүйцэтгэгч байгууллага хариуцлагыг бүрэн хүлээх ёстой. Яагаад гэхээр гэрээний үндсэн дээр мөнгө авч байгаа компани нь “ХХХ” ХХК юм. Хямд материалаар зардлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлснээр зөрчил үүссэн. Зардал хэмнэснээс болж үүссэн зөрчлийг засах ажиллагаа нь бодит хохирол болж байна. 75,000,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримт, гүйлгээний баримт, төлбөрийн даалгавар, гэрчүүдийн мэдүүлэг, гэрээ зэрэг баримтаар хангалттай нотлогдсон. Уг асуудал нь иргэний эрх зүйд хамаарахгүй, эрүүгийн эрх зүйн харилцаа гэж шүүх шийдвэрлэсэн нь зөв юм. Барилгын ажлыг иргэний эрх зүйн харилцааны хүрээнд гэрээний дагуу хийж гүйцэтгэдэг ч зураг төсөл өөрчлөх, чанаргүй барилга барих нь эрүүгийн эрх зүйн харилцаагаар хамгаалагддаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Барилгын тухай хуулиар барилга захиалагч, гүйцэтгэгч хоёр тал заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Гэтэл гэрээтэй бол иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой гэвэл үндэслэлгүй юм. Гэрээ байгуулсан бол иргэний хэрэг гэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байхгүй болно. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн. Санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боломжтой хэрэг юм. Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Энэ хэргийг цогцоор нь авч үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нотлох баримт хангалттай бүрдсэн байна. Барилга нь цогц бүтэц юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажил нь зураг төслийн дагуу явагдаж байж цогц бүтээл бий болно. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй компаниар барилгын ерөнхий ажлыг гүйцэтгүүлээд, “ХХ” ХХК-иар цахилгааны ажлаа гүйцэтгүүлсэн байна. Гэхдээ гэрээний дагуу уг ажлуудын хариуцлагыг “ХХХ” ХХК хариуцах ёстой. Улсын байцаагч нарын дүгнэлтийг ярьж байна. Тухайн акт гаргасан байцаагч нар төлөвлөгөөт бус шалгалт хийсэн учраас эрх нь цуцлагдсан. Гэтэл захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр анхан шатны шүүх тухайн актыг хууль зөрчсөн гэж үзсэн. Харин давах болон хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь барилга зураг төслийн дагуу хийгдээгүйн улмаас чанар муутай болсон гэдгийг нотолж байна. Прокуророос Б.Б-г барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “ХХХ” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” сургуулийн өргөтгөлийг зургийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс 75,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Зураг төслийн дагуу хийгээгүйгээс болж дамжуулагчийн бүрээс хайлж, гал гарах магадлалтай, уг ажлыг авторын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн гэх боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжиж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Наранбулаг, Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Б-г барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “ХХХ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 07 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “А” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Х” бүрэн дунд сургууль нь “ХХХ” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 06-ын өдөр байгуулсан гэрээгээ цуцалж, уг ажлыг өөр компанитай гэрээ хийн гүйцэтгүүлснээр 75,194,307 төгрөгийн зардал гарсан үйл баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн тогтоожээ.

Шүүх дээрх үйл баримтад тулгуурлан Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлд заасан “Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

“Х” бүрэн дунд сургууль нь “ХХХ” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13/02 дугаартай тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “ХХХ” ХХК нь барилга угсралтын ажлыг эхэлсэн боловч захиалагч нь барилга угсралтын ажлын санхүүжилтийг тухай бүр нь олгоогүй, харин гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр захиалагч санхүүжилтээ зогсоосноос үүдэн талуудын хооронд маргаан үүсч 2013 оны 10 дугаар сард барилга угсралтын ажил зогсож, талууд гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа “Х” бүрэн дунд сургууль цагдаагийн байгууллагад, “ХХХ” ХХК иргэний хэргийн шүүхэд ханджээ.

“ХХХ” ХХК-ийн зүгээс батлагдсан зураг төслийн дагуу барилгын цахилгааны ажлын зарим хэсэг буюу цахилгааны гэрэлтүүлгийн тэжээлийн утсыг зураг төсөлд 1х2.5 мм хөндлөн огтлолтой утсаар төлөвлөснийг 1х1.5 мм хөндлөн огтлолтой утсаар хийсэн зөрчил гарсныг “Х” бүрэн дунд сургууль болон “ХХХ” ХХК аль аль нь мэдсэн бөгөөд энэхүү зөрчлийг “ХХХ” ХХК нуун далдалсан ямар нэг үйлдэл гаргаагүй байхад түүнийг нь засаж гүйцэтгүүлэх шаардлага тавилгүйгээр захиалагчийн зүгээс гэрээгээ цуцалж, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Г” ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлээд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна.

Дээр дурдсан 2013 оны 13/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” нь харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хийгдсэн байх бөгөөд уг гэрээний 7 дахь заалтад “зөрчил гарвал түүнийг засах, арилгах талаар захиалагч нь гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ”, 13 дахь заалт буюу маргаан шийдвэрлэх талаарх заалтад “аливаа маргаан, зөрөлдөөнийг гэрээний хавсралтад заагдсан эвлэрэх хугацаанд эв дүйгээр шийдвэрлэхийг талууд хичээнэ, талууд маргаантай асуудлыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна” гэж тусгажээ.

“Х” бүрэн дунд сургууль нь “ХХХ” ХХК-ийн гаргасан зөрчлийг өөрөөр нь засуулах шаардлагыг огт тавиагүй бөгөөд уг зөрчлийг үндэслэн гэрээгээ цуцалж цагдаагийн байгууллагад “ХХХ” ХХК-ийн захирал Б.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний биелэлтийг дүгнээгүй, гарсан зөрчлийг арилгах боломжоор хангаагүй байхад уг зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг, тэрхүү зөрчлийг засахад гарсан зардлыг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэн аль нь мэдсэн дээрх зөрчлийг “ХХХ” ХХК нь арилгах, “Х” бүрэн дунд сургууль зөрчлийг арилгах шаардлага тавих бүрэн боломжтой байхад тухайн зөрчлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Б-гийн дээрх зөрчил гаргасан үйлдэлд гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн аль ч хэлбэр тогтоогдоогүй байна.

Одоо барилга бүрэн ашиглалтад орсон байх бөгөөд гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

Уг асуудлыг нэгтгэн дүгнэвэл гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхад хоёр шатны шүүх Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, уг хэрэгт холбогдуулж гаргасан иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН