Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 181/2019/02413/И |
Дугаар | 181/ШШ2019/02111 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2019/02111
2019 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2019/02111 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “О.Т” ХХК-д холбогдох,
О.Т ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мөнхбилэг нь 2017 оны 07-р сарын 04-нөөс О.Т ХХК-ны Гүний уурхайн төсөлд техник үйлчилгээний хэлтсийн богино хугацааны төлөвлөлтийн техникчээр ажилд орж, өнөөг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 16-аас 22-ны өдрийг дуустал ростерийн амралттай байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой ростерын амралтаасаа ажил дээрээ очиход маргааш өглөө хүний нөөцтэй уулзана сайн амарч аваарай гэсэн зурвас ахлах ажилтнаасаа авсан.
2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөөний 07:00 цагт Хүний нөецийн ажилтан н.Цацрал болон ахлах ажилтан Томас Сечени нартай ярилцлага хийхээр өрөөнд нь орох үед миний найз охин болох Насанбаяр бид 2-ын харилцаж байсан зурвасуудаас хэрүүл маргаантай хэсгийг нь гаргаж ирж харуулаад надаас байцаалт авсан.
Тухайн өдөр хүний нөөцийн ажилтантай ярилцсаны дараа би сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд намайг төслийн талбайгаас албадан гаргасан. Үүнийгээ “Та амрах ёстой бид танд цалинтай чөлөө олгож байна, та гар утсаа унтраах эрх байхгүй дуудсан цагт ир” гэж хэлсэн. Үүнээс хойш би сэтгэл санааны хямралд орж 48 цаг нойргүй явсан. Компаний тавьсан шаардлагын дагуу SOS International эмнэлэг дээр сэтгэл зүйчтэй уулзуулна гэсэн боловч намайг хууран мэхлэж түргэний тэргэнд суулгаад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүчээр аваачсан. Тус эмнэлгийн эмч н.Наранцэцэгтэй ярилцаж надад тавьсан шаардлагын дагуу 14 хоногийн дотор 3 удаа уулзсан. Уулзалт болгоны дараа СОС эмнэлгийн сэтгэцийн эмчтэй уулзаж ярилцсан асуудлуудыг дахин лавлан асууж баталгаажуулан манай компани руу дүгнэлт бичиж явуулж байсан. Ажлын байраа алдахаас айж байсан тул энэ бүгдийг компаниас тавьж байгаа шаардлага хэмээн хүлээн авч үг дуугүй биелүүлж байсан.
Улмаар 8 дугаар сарын 16-ны өглөө 8 цагт хүлээн авч уулзсан. Уулзалтыг хүний нөөцийн ажилтан н.Цацрал уурхай дээрээс утсаар явуулсан ба уулзалтын өрөөнд ахлах ажилтан Томас Сечени цуг байсан. Уулзалтын үеэр надаас 7-р сарын 23-ны өдөр ярьсан зүйлээ баталгаажуулж гарын үсэг зурахыг шаардсан.
Ямар шийдвэр гарч байгааг асуухад гарын үсэг зурсны чинь дараа танилцуулна, зурахгүй бол яриаг чинь бичиж авсан баримт байгаа гэж сүрдүүлсэн. Тухайн үед тэмдэглэл хөтлөх зорилгоор дуу бичлэг хийж байна, энэ яриа энэ өрөөнөөс гарахгүй бичиж дууссаны дараа устгана гэж надад хэлсэн боловч бичлэг байгаа гэж сүрдүүлсэн. Гарын үсэг зурсаны дараа миний хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр цуцлаж байгааг мэдэгдэж миний ажлын үнэмлэх, төслийн талбайд жолоо барих эрхийн үнэмлэх, ажлын компьютер зэргийг хураан авсан.
2019 оны 8 дугаар сарын 19-ний даваа гаригт хүний нөөцийн ажилтан намайг Моннис цамхагт дуудаж бичиг баримтаа ирж ав, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлд гэж дуудсан. Бичиг баримтаа хүлээн авсан гэсэн гарын үсэг зуруулах гэсэн албан бичгийн толгой нь “Хүлээн зөвшөөрсөн тухай акт” гэсэн нэртэй байсан бөгөөд захирлын тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгатай байсан тул би гарын үсэг зурахаас татгалзсан боловч надаар хүчээр гарын үсэг зуруулах гэж оролдож байсан тул би НДШ, ЭМД-ийн дэвтэрээ авч тухайн цаасны буланд бичиг баримтаа авсан, тушаалын хүлээн зөвшөөрөгүй гэж гарын үсэг зурсан. Мөн 7 дугаар сарын 23-ны өдрийн он cap өдөртэй “Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл” гэсэн бичиг хамт өгсөн. Би энэ талаар огт мэдээгүй байж байгаад 8 дугаар сарын 19-ний өдөр анх удаа харсан.
Намайг буруутгаж байгаа сорилт, захидал нь миний хувийн харилцааны асуудал бөгөөд ажлын байран дээр гаргасан алдаа дутагдал биш юм. Иймд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүний уурхайн захирал Марко Пирэсийн гаргасан тушаалыг хууль бус хэмээн үзэж “...О.Т ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.М нь ажилтан Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан.
Тиймээс О.Т ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч “О.Т” ХХК-д холбогдуулан, О.Т ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажилтан Э.М “...намайг ажлаас халах үндэслэл болсон текст-сорил, захидал-мессеж нь миний хувийн харилцааны асуудал бөгөөд ажлын байран дээр гаргасан алдаа дутагдал биш, хөдөлмөрийн харилцаанд хамаатуулж намайг ажлаас халан, хөдөлмөрлөх эрхэнд ноцтой хохирол учруулж байна” гэж,
-ажил олгогч “...Э.М нь ажилтан Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан” гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс “...Гүний уурхайн захирлын хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн HR3140/17 тоот тушаал /хх-5/, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн HR3795 тоот захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-6-7/, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл /ХХ-8/, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн HR4206 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал /хх-9/, Э.Мийн ажиллаж байсан тухай тодорхойлолт /хх-10/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-11/” зэргийг,
-хариуцагчаас “... дотоод журам /хх-44-59/, “Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм” түүний орчуулга /хх-60-89/, “Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын шийтгэл ногдуулах тухай журам” түүний орчуулга /хх90-114/, гүйцэтгэх захирлын 2013.4.22-ны өдрийн 14/13 дугаар тушаал, түүний орчуулга /хх-115-116/, Э.Мтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх-117-121/, Э.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-122-127/, Э.Мээс ажилтан Б.Насанбаяр луу илгээсэн зурвасууд /ХХ-129-150/.” баримтаар,
-шүүхийн журмаар “...2019.10.24-ны өдөр ...-д хийсэн үзлэг /хх-163/” зэргийг нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.
“О.Т” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №HR 3140/17 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Э.Мийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс “О.Т” ХХК-ийн уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчээр томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.2 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-5, 122-124/
2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №HR 3795 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г сунгах тушаалаар уг албан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дээрх хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан байна. /хх-6х/
Улмаар “О.Т” ХХК-д холбогдуулан, О.Т ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16 өдрийн №HR 4206 дугаар тушаалд заасан үндэслэлээр Э.Мийг “О.Т” ХХК-ийн уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникч ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. /хх-1-2х/
Нэхэмжлэгч Э.М дээр дурдсан тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ. /хх-3х/
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа Э.М нь ажилтан Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43.1, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000.6.14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 15а, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1и заалт, “Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм”-ийн 9.1.2, 10.2.3, “Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын шийтгэл ногдуулах тухай журам”-ын 3.1.3., 3.1.10, 3.1.11-д заасныг тус тус үндэслэн тушаал гаргасан гэж тайлбарлаж байна. /хх-9х/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.
2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр; ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохирч Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникч албан тушаалыг эрхлэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна. /хх 122-127/
Энэхүү гэрээний 10.2.1и-д “Компаний аливаа бодлого, дүрэм, журам, стандартад ноцтой зөрчил гэж тооцсон ... зөрчил гаргасан бол” ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэж,
-“Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм”-ийн 9.1.2-т Бусад хүмүүстэй эелдэг боловсон харилцах, 10.2.3-т Бусадтай харилцахдаа айлган сүрдүүлэх, түрэмгий зан авир гаргах, заналхийлсэн шинж чанар бүхий үг хэллэг ашиглах, үйл хөдлөл үзүүлэх, зохисгүй байдлаар ...” гэж
-“Ажлын гүйцэтгэлийн менежмент ба сахилгын шийтгэл ногдуулах тухай журам”-ын 3.1.3-т Компаний бодлого, журам, стандартыг дагаж мөрдөхгүй байх, 3.1.10-т дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, 3.1.11-т зохисгүй зэвүүцэм үг хэллэг ашиглах” гэж заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникч Э.Мийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн.
Ажилтан Э.М нь дээрх дүрмүүд, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан сахилгын ноцтой зөрчлийг ажлын байранд ... дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, зохисгүй зэвүүцэм үг хэллэг ашигласан болох нь
-хариуцагчийн “ажилтан Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан” гэх тайлбар /хх-32/,
-гэрэл зураг “2019.3.26, 2019.3.30, 2019.3.31, 2019.4.11, 2019.5.26, 2019.6.12, 2019.7.3, 2019.7.4, 2019.7.5-ны өдрүүдэд занал хийлсэн, зүй бус үг хэллэгээр доромжилсон зурвас” /хх-129-150/,
-дуу бичлэгт хийсэн үзлэгээр “үхэж далдраач тэнэг новш бэ, битгий хуцаад бай балиар замбал новш, эргүү мал үнэхээр харамсаж байна эргүү лалар” гэх утасны яриа /хх-163-165/,
-Э.М болон “О.Т ХХК-ийн хөдөлмөрийн харилцааны зөвлөх Э.Цацрал нарын 2019 оны 7 сарын 23-ны өдрийн ярилцлагын 10, 15, 16, 31, 32-р асуултын хариулт буюу “...амиа хорлох тухай ярьж байсан зүйл 3 сард болсон явдал, хараал бичсэн байгаа ш дээ тэр болохоор намайг Брисбанд байх үеийн 4 сарын асуудал, ...намайг сонсохгүй болохоор миний гаргаж байгаа хариу үйлдлүүд, ...зохисгүй үйлдэл гэж бодож байна, ...тэр үеийн сэтгэл хөдлөл, ...намайг очиход байхгүй болчихсон байгаарай, би эсвэл чи, би биш бол чи явна гэдэг ч юм уу тиймэрхүү утгатай зүйл бичсэн” гэх тэмдэглэл /хх-117-119/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үндэслэлгүй.
Иймд тус компаний Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16 өдрийн №HR 4206 дугаар тушаал үндэслэлгүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан “О.Т” ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Э.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН