Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 189/2019/00008/И |
Дугаар | 181/ШШ2019/02322 |
Огноо | 2019-11-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2019/02322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Х.О-д холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 21.640.324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Энх-Амгалан, иргэдийн төлөөлөгч Б.Оюунсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э нь Да хүрээ худалдааны төвөөс 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн 50-57 УНИ улсын дугаартай тоёота алпард /Тоyota Alphard/ маркийн тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан авсан.
Тээврийн хэрэгсэлээ 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр хадам аавынхаа байрны гадна буюу Баянзүрх дүүрэг 18-р хороо 14-р байрны ил зогсоол дээр байрлуулсан байсан. Гэтэл үүрээр 5-7 цагийн үед Х.О гэх эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, 20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй утаа гал савалзуулан 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо хажууд зогсож байсан миний 50-57 УНИ тоёота алпард, иргэн Б.Энхбаярын 94-04 УНӨ тоёота волтз маркийн 2 тээврийн хэрэгслийг шатаасан.
Х.О-ийг утаа, гал савсалзуулсан машинтай зогсоол руу орж зогсохыг 14-р байрны орцны жижүүр харсан байдаг. Х.О нь машинаа шатаж байгааг мэдсээр атлаа шатаж буй тээврийн хэрэгсэлтэй 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо 2 талын тээврийн хэрэгсэл руу гал тархаан миний тээврийн хэрэгсэл болон ажлын тусгай хувцас, бусад эд зүйлс хамт шатаж үгүй болсон.
ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 1-р сарын 26-ны өдрийн 9/01 тоот “Шинжээчийн дүгнэлт”, гэрэл зураг зэрэг баримтаар Х.О-ийн 20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсч гал түймэр гарсан түүний буруутай болохыг тогтоосон болно. Би шатсан тээврийн хэрэгсэлээ 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Мастер үнэлгээ” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 11,545,500 төгрөгийн засвар, үйлчилгээ орно гэсэн дүгнэлт гарсан. Гэвч Х.О нь шатаад үлдсэн тээврийн хэрэгслийн эд ангийг мөн авч явж зарсан. Би тээврийн хэрэгслээ 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлээс хасалт хийлгэсэн.
Би 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарын unegvi.mn сайтаар тоёота алпард тээврийн хэрэгслийн худалдаалах үнийг судлаж үзэхэд 2006-2007 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд монголд орж ирсэн нь 19,000,000-21,500,000 төгрөгийн ханштай байна. Миний шатсан машин худалдаж аваад удаагүй дөнгөж 7 сар болж байсан юм. Х.О-ийн буруутай үйлдлийн улмаас шатсан төдийгүй эд ангийг нь хүртэл худалдсан.
Иймд Х.Оэс гэм хор учруулсан төлбөр 21.640.324 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2017 оны 1-р сарын 14-ний өдөр ...05:00 цагийн орчим ...20-00 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээ барин 13-р хороололд амьдардаг найз хүүхнийх рүүгээ явсан. Очоод зогсоол олдохгүй байсан бөгөөд нилээн хайж байгаад байрнуудын дунд ороход 1 сул зогсоолдтээврийн хэрэгслээ байрлуулсан.
Тээврийн хэрэгслээ унтраах үед хэншүү үнэртэж ... сэжигтэй зүйл мэдэгдээгүй, түгжээд найзындаа хальт ороод 10-15 минутын дараа гараад иртэл тээврийн хэрэгслээс минь уур утаа гарч байх шиг болохоор нь сандраад гүйж очтол утаа гарч байсан.
Сандраад гал унтраагуураар унтраах гэсэн боловч унтрааж дийлээгүй. Гал команд руу залгаж дуудлага өгсөн. Би маш их айж сандарч байсан ба хажууд зөндөө тээврийн хэрэгслүүд байсан тул юу ч гэсэн өөрийнхийгөө урагшуулья шатвал ганцаараа шатаг гэж бодоод хөдөлгөх гэж оролдсон боловч огт хөдлөхгүй байсан. Хүмүүсээс тусламж хүссэн боловч туслаагүй. Тэгээд гал команд ирэхэд 2 талын тээврийн хэрэгслүүд шатсан байсан.
Э.Эын шатсан тээврийн хэрэгслийн эд ангийг нь худалдан борлуулсан явдал огт байхгүй, сэгнүүдийг зайлуул гэж СӨХ-оос шаардсан болохоор манай дүү дуудлагын үйлчилгээ дуудаж хогийн цэг рүү ачуулсан.
Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, Э.Эад учирсан хохирол хэт өндөр байна. Иймд Э.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь Х.Од холбогдуулж эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 21.640.324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “...худалдаж аваад 7 сар болж байсан, Х.О-ийн буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл маань шатсан төдийгүй эд ангийг нь хүртэл худалдсан тул өөрийн тээврийн хэрэгслийн зах зээлийн ханштай харьцуулан гэм хорын 21.640.324 төгрөг нэхэмжилж байна” гэж,
хариуцагч “...үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ нэхэмжилж байна” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчээс “... “Тоёота алфард” маркийн 50-57 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-6/, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2017.01.26-ны өдрийн 9/21 тоот шинжээчийн дүгнэлт /хх-8/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017.01.29-ний өдрийн 76/192 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-9-19/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017.02.10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 1133 дугаар прокурорын тогтоол /хх-20-21/, гэрэл зураг /хх-29/, Мастер үнэлгээ ХХК-ийн 2017.02.21-ний өдрийн 7734 дугаар үнэлгээний тайлан /хх-34-46/, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулсан тухай Авто тээврийн үндэсний төвийн 2019.05.06-ны өдрийн 28 тоот тодорхойлолт /хх-103/, Шинжээчийн ажлын хөлс 320,324 төгрөг төлсөн тухай баримт /хх-104/, мемориалын баримтууд /хх-105-107/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-108-110/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019.10.30-ны өдрийн 445 дугаар үнэлгээний тайлан /хх-115-135/ ” баримтаар,
Хариуцагч “...Х.О-ийн оршин суугаа хаягийн хорооны тодорхойлолт /хх-155/, Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн хэлтсийн 2019.11.13-ны өдрийн лавлагаа /хх-156/, Иргэдэд үйлчлэх автомат лавлагаа /хх-157-158/”-г өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээхээр зохицуулжээ.
2017 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 05-08 цагийн хооронд Баянзүрх дүүрэг 18-р хороо, 14-р байрны орчим Х.О жолоочтой Тоёота кроун маркын 20-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байрны зогсоол руу орж зогсохдоо Тоёота алпард маркын 50-57 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт шатсан,
-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 76/192 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Тоёота кроун маркын 20-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулагч утсанд богино холбоо үүссэнээс гал түймэр гаргасан, улмаар уг тээврийн хэрэгслээс эхлэн гал гарч 2 талын тээврийн хэрэгсэл руу тархан дэлгэрсэн байна гэж дүгнэсэн /хх-9-19 тал/ байх ба зохигч талууд уг үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч Х.О өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Эын эд хөрөнгөд учирсан хохиролд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорыг арилгахдаа хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Э.Эын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Мастер Үнэлгээ ХХК 11,545,000 төгрөгөөр үнэлсэн /хх-34-47/, хариуцагч Х.О энэ хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарлах бөгөөд энэ үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дээрх тээврийн хэрэгсэл шатсан, улмаар төмрийн хаягдалд хариуцагч тал авч явсан, засварлах боломжгүй, хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Э.Эын Тоёота алпард маркийн тээврийн хэрэгсэл 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр худалдан авсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө Үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №445 тоот үнэлгээ /хх-116-135/-нд заасан хавтаст хэргийн 129, хүснэгт 15-д авагдсан тухайн шинж бүхий тээврийн хэрэгсэл одоогийн зах зээлийн үнэ /17,637,000 төгрөг/-ээр тооцон хохирлыг ариулгуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Х.О-ийн эзэмшилд байсан тухайн тээврийн хэрэгсэл тоногдсон, дахин сэргээх боломжгүйгээс Пүрэвдорж төмрийн хаягдалд тушаасан гэж хариуцагч тайлбарлаж байх тул засварын зардлын хэмжээгээр хохирлыг тооцох боломжгүй гэж үзэн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорыг арилгахдаа хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхөөр шийдвэрлэв.
Харин үнэлгээний зардал 320,000 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,683,324 төгрөг үлдсэнийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 2017-2019 оны хооронд төлсөн татварыг хохиролд нэхэмжлэсэн ба энэ нь гэм хорын хохиролд хамаарахгүй, үндэслэлгүйгээр татвар төлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад 320,324 төгрөг бүхий татварын маргаанаа жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.560 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 247,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Оэс 17,957,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эад олгож, 3,683,324 төгрөг үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧ Ө.УЯНГА