| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2019/0957/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 55
Н.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 959 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Б-д холбогдох эрүүгийн 1902007250265 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б-, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан гэх, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Н.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 57 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай нийт 4.8104 гр жинтэй, ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамтаар 7.4 гр жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан боловч анхан шатны шүүх Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...уг гэмт хэрэг нь олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг. Сүүлийн үед нийгмийг нилээн хамарч буй гэмт хэрэг байгаа. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг авч үзсэн. Тухайн гэмт хэрэг нь үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үед хор хохирол учруулж байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед Б- нь 5 хүүхэдтэй хамт байсан. Эххүслэн гэх хүүхэд уг бодисыг өөр газраас авч хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Нөгөө 4 хүүхэд нь хэрэглээгүй байсан. Шүүгдэгч Б-ий хувьд хадгалсан үйлдэл байгаа, бусдад өгсөн үйлдэл байхгүй. Гэтэл прокурор бусдад өгсөн гэж эрх зүйн байдлыг нь дордуулж яллах дүгнэлт үйлдсэн. Эххүслэн гэх хүүхэд Б-ээс уг бодисыг авсан гэж хэлдэггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэг дутмаг байдлаас болж анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Уг бодисыг өөр хэн нэгэнд өгч бусдад хор хохирол учруулсан нөхцөл байдал байдаггүй. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Сүүлийн үед прокуророос хар тамхины хэрэгтээ холбогдуулан хуулиас давсан журам гаргасан байна билээ. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би уг бодисыг бусдад өгөөгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Н.Б-ийг 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 57 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай нийт 4.8104 гр жинтэй, ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Н.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд дээрх үндэслэлийг нэгэн адил дурдсан улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Н.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН