Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
Хэргийн индекс | 181/2019/02340/И |
Дугаар | 181/ШШ2019/02602 |
Огноо | 2019-12-23 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2019/02602
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: С.Б-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 436,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бямбагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.Бын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 11 д үгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3-т байгаа ажлын байрыг 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зүсвэр тавилгын үйлдвэрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн юм. Энэ цаг мөчөөс хойш маш хэцүү дарамт, доромжлолын дор өнөөг хүрч байна.
Өмнө нь 2015 онд шүүхэд хандаж эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байсан. Гэтэл С.Б түрээсийн төлбөрийг хугацаанд нь өгдөггүй, 2-7 сараар хугацаа алдаж өгдөг, төлбөр авах, байр чөлөөлж өгөх шаардлага тавихад хэл амаар доромжлон элдэвээр айлган сүрдүүлдэг. Сүүлийн үед гудамжны архичнаар хүртэл дарамтлуулах боллоо. 2018 оны 6 сараас эхлэн өнөөг хүртэл ямар ч түрээсийн гэрээгүй байрыг эзэгнэн сууж тэвчихэд бэрх үг хэл үйлдлээр доромжлон дарамтлах боллоо.
Иймд 2019 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 11-р сарын 10-ны өдрөөс түрээсэлсэн ба бичгээр гэрээ байгуулж 6 жил гаруй хугацаанд түрээсэлсэн. 1 сарын төлбөрт 1.900.000-2.400.000 төгрөгийг төлж байсан. Түрээсийн төлбөрт 140.000.000 орчим төгрөг төлсөн байна. Энэ гэрээ болон гэрээний сунгалтуудаа Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлдэггүй.
Мөн дулааны мөнгө, түрээсийн мөнгөний баримт шаардахад 1 ч баримт үзүүлэхгүй тэр чамд хамаагүй гэж хэлдэг. Би 6 жил гаруй хугацаанд түрээслэхэд Б.Б ажлын байраа түрээслүүлж Иргэний хуулийн 318-326 зүйлийн дагуу түрээсийн ашиг олсон.
Б.Б Иргэний болон Татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн татварын хуулиудын заалтыг биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасны дагуу Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасны дагуу бараа ажил үйлчилгээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүргээ биелүүлээгүй.
Түрээсээ цаг хугацаанд нь өгч байхад эхнэр болон ажилчдыг загнаж, хөөж тууж муухай зан гаргаж ажил хийлгэдэггүйгээр барахгүй түрээслэгч нараа байнга хөөж хэн их мөнгө өгсөн тэр хүнийг ажлын байрандаа оруулж хүмүүст их дарамт учруулдаг. Өмнөх түрээслэгч нартаа муухай зан гаргаж, өвлийн хүйтэнд ч хамаагүй уйлуулан хөөдөг ба эдгээр хүмүүсийн оронд хямд хүмүүс оруулж мөнгөнд шунахайрдаг.
Миний бие олон удаа учирлан ярьж гуйж байсан. Мөнгөнд улайрч болохгүй, ажлын байр түрээслэж байгаа хүмүүс бүгд ар амьдралтай, ганцаараа мөнгөний төлөө явж болохгүй гэдгийг хэлдэг ч хүний үг авахгүйгээр хятад хүмүүстэй нийлэн Монгол түрээслэгч нар руугаа дайрдаг. С.Б нь олон нялх хүүхэдтэй, амьдралын төлөө мөнгөний төлөө явж байгаа хүн эцэг хүн.
2016 оны 1 сараас эхлэн Монгол улсад Е баримт гаргаж өгөх үйл ажил явагдсан ба Б.Б нь надад Е баримт гаргаж өгөхгүй өдийг хүрсэн. Би түрээсийн гэрээгээр олон жил үйл ажиллагаа явуулсан ба байрыг чөлөөлж өгөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь С.Бт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах, ажлын байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,436,000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ...түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, ажлын байрыг чөлөөлж өгөхгүй байгаа, ашиглалтын зардал төлөх ёстой гэж, /хх-1, 50/
хариуцагч ...түрээсийн төлбөр төлөх, ажиллах нөхцлийг хангаж өгөөгүй, байрыг чөлөөлж өгөх үндэслэлгүй гэж маргасан. / хх39-40, 58/
Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхайн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.07-ны өдрийн 6120 дугаартай шийдвэр /хх-5/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-6/, газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-7/, Ажлын байрны түрээсийн гэрээ /хх8-11/ баримтууд,
-хариуцагчаас ...хариу тайлбар /хх39-40, 58/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-61/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-62-66/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/840 дугаар шийтгэх тогтоол /хх-67-70/ баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж, дүгнэв.
Нэг талаас Б.Б, нөгөө талаас С.Б нар нь Б.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007121 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах 94 м.кв төвийн дулаан цэвэр ус бүхий 24 м.кв ажлын байр, 96 м.кв материалын агуулахыг хашааны хамт тус тус тавилгын үйлдвэр худалдааны чиглэлээр ашиглуулахаар түрээсийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, түрээслэгч нь нэг сарын 2.400.000 төгрөгийн хөлс төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хийгдээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, 1,500,000 төгрөг барьцаалж, харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба уг Ажлын байрны түрээсийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нотариатаар гэрчлүүлжээ. /хх-8-9/
Дээрх гэрээг талуудын хүлээх эрх үүрэг, төлбөр тооцоо хийх нөхцөл хэвээр, нэг сарын төлбөр 2.000.000 төгрөг байхаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай сунгаж, улмаар төлбөр тооцооны зөрчилгүй бол сар сараар сунгагдаж байхаар тохиролцжээ. /хх-10-11/
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Б.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6-7/-аар тогтоогдож байна.
Хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний сунгалтуудаа Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлдэггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байх ба зохигч анх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан ч түрээслэгч түрээсийн зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар үргэлжлүүлэн сунгаж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг сунгагдсан гэж үзэв. Иймд хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин төлбөр тооцооны зөрчлийн улмаас сунгаагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлах бөгөөд түрээслэгч С.Б түрээсийн төлбөр төлөхгүй, байрыг чөлөөлөхгүй гэх татгалзлын үндэслэл нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй, мөн татварын хуульд заасан зохих ёсоор төлөхгүй байгаатай, татвар төлсөн баримт өгөхгүй байгаатай холбогдуулан тайлбарлаж байгаа нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалттай хамааралтай байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ гэж тус тус заажээ.
Хуульд зааснаас үзвэл түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслэгч, түрээслүүлэгчийн хэн алинд нээлттэй ба энэ үүргийг зөвхөн хэн нэгэнд олгож хуульчлаагүй, түрээслэгч бүртгүүлэх боломжтой байна.
Талууд хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй тул уг хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул ажлын байрыг чөлөөлөх үүрэгтэй болно.
Түрээслүүлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 5-11 сар хүртэлх түрээсийн төлбөр, ашиглалтын зардал гаргуулах үндэслэлгүй тул С.Баас гаргуулах боломжгүй байна.
Харин энэ хугацаанд С.Б уг ажлын байрыг үнэ төлбөргүй ашиглах эрх бүхий этгээд бус бөгөөд талуудын тайлбараар бусдын хөрөнгийг ашигласан, ашиглуулсан хугацаанд төлбөртэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг олж авах боломжтой болох нь тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5-11 сар хүртэлх хугацааны гэрээ хүчин төгөлдөр бус болсноор хариуцагч С.Быг бусдын өмчлөлийн хөрөнгийг ашигласан хугацаагаар үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл бий болсон байх тул өмчлөгч Б.Бг өөрийн өмчлөлийн хөрөнгийг ашигласан хугацаагаар тооцож, хариуцагч С.Баас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээгээр төлбөрөө шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.
Түрээсийн хөрөнгө ашиглалтын зардал 436,000 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-д зааснаар хариуцагч С.Бын ашиглалтаас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж, 8-3 тоот хаягт байрлах 94 мкв төвийн дулаан цэвэр ус бүхий 24 мкв ажлын байр, 96 мкв материалын агуулахыг хашааны хамт чөлөөлж, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН