Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 534

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэлд 42 312 614 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 34 486 196  төгрөг  гаргуулах  тухай   сөрөг  нэхэмжлэлтэй   иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр "Ж" ХХК-тай 344.374 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 130 000 төгрөгөөр нийтдээ 44 768 620 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ байгуулан гарын үсэг зурж худалдан авагчийн хүссэн тоо, хэмжээ, чанар бүхий утсыг хүлээлгэн өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр захиалагчтай харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа 344.374 кг утсыг нэг кг бүрийг 419 юаниар тооцож бүгд 144,293 юань байхаар тохирч, төлбөр төлөх графикийг тогтоосон. Хариуцагч ноолууран утасны үнийг бүрэн төлж барагдуулаагүй учраас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №05/01 тоот гэрээгээр төлбөр төлөх графикийг дахин тохиролцсон. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2015 оны 01 дүгээр сарын 25-нд 34,642 юань, 2015 оны 02 дугаар сарын 25-нд 34,642 юанийг тус тус "Х" ХХК-д төлөхөөр тохиролцсон. Одоогийн байдлаар үлдэгдэл 80 752,36 юанийг Монгол банкны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэхэд 28 208 414 төгрөгийг төлөх дутуу. Мөн гэрээний 13.6-д алданги төлөхөөр тохиролцсон. Иймд үлдэгдэл төлбөр 28 208 414 төгрөг, алданги 14 104 200 төгрөг, нийт 42 312 614 төгрөгийг хариуцагч "Ж" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: "Х" ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр утас худалдаж авахаас өмнө 18 кг утас авч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 344 374 кг утсыг авсан. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин гэрээ байгуулагдсан боловч, нэмж утас аваагүй. 2014-2015 он дуустал дээрх утсаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2014 оны сүүлчээр зарагдсан бараанууд 2015 оноос эхлээд үйлчлүүлэгч нараас гомдол ирсэн тул Б.Бадамханд захиралд хэлэхэд “танай утас угаасаа тод өнгийн ноолуур будганд орсон учраас хэд хэдэн угаалтын дараа зөөлөрнө” гэсэн. Гомдолтой холбоотойгоор 2016 онд ажилчид хурал хийж, утсыг шинжилгээнд өгье гэж шийдвэр гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинжилгээний хариу гарч, "Х" ХХК-аас нийлүүлсэн утас ямар ч ямааны ноолуурын хольцгүй гэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнд ээрмэл утас гэж тусгасан. Эхний 2 гэрээнд ямааны ноолуур гэж байдаг, ямар нэг хольцтой гэж байхгүй. Анхнаасаа утасныхаа чанар, найрлага, бүтцийг мэдэж байсан нь тодорхой тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 онд "Х" ХХК-ийн захирал Б.Б нь "манайх түүхий эдээ Хятад руу гаргаж, ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг" гээд ноолууран утас худалдах санал гаргасан учир 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 5 098 500 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 536 200 төгрөгийн утас худалдан авч, 2014 онд дахин ноолууран утас их хэмжээгээр худалдан авсан. Тухайн утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл одоо 267 ширхэг, 21 923 000 төгрөгийн үнийн дүнтэй. Энэхүү үнийн дүнг олох байсан ашиг гэж үзэж нэхэмжилж байна. Мөн 2014 оны байдлаар Хятад хонины ноосон утас 26 000 төгрөг байсан бөгөөд утасны найрлагыг мэдээгүйгээс 12 563 196 төгрөгийг илүү төлсөн. Иймд илүү төлсөн утасны үнэ 12 563 196 төгрөг, агуулахад байгаа үлдэгдэл барааны үнэ 21 923 000 төгрөг, нийт 34 486 196 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсэгт захиалагчийн захиалсан утсыг нийлүүлнэ гэсэн байдаг. 50 хувийн орцтой ноолууран утас юм. 2014 онд утас нийлүүлсэн. Гэтэл 2016 онд гэрээг шинэчлэн байгуулсан. Үнэхээр доголдолтой утас байсан бол энэ талаар хүсэлтээ өгч болох байсан. Худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой ямар ч гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа ч гэсэн гомдол гаргаагүй.

            Иргэний хуулийн 255.1.2-д заасны дагуу нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Юуг үндэслэж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй учир Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт            заасныг баримтлан хариуцагч "Ж" ХХК-аас 42 312 614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Х" ХХК-аас 34 486 196 төгрөг гаргуулах тухай хариуцагч "Ж" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 520 төгрөг, хариуцагчаас төлсөн 330 382 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ж" ХХК-аас 369 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Ж" ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Х" ХХК нь манай компаниас ноолууран утасны үнэ, алданги нийт 42 312 614 төгрөгийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж, манай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь "Х" ХХК нь цэвэр ямааны ноолууран утас нийлүүлэхээр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчин, хууран мэхэлж, туулайны ноолуурын хольцтой хятад хонины ноосон утас нийлүүлсний улмаас манай компани энэ утсаар нэхсэн бараа бүтээгдэхүүнээс болж их хэмжээний алдагдалд орсон. Туулайны ноолуурын хольцтой хятад хонины ноосон утсыг 2014 онд хүлээн авсан боловч 2016 оны 12 дугаар сард шинжилгээ хийлгэснээр ямааны ноолуур биш гэдгийг нь мэдэх болсон. Энэ талаар 2014 онд ажиллаж байсан гурван ажилтан биечлэн, бусад ажилчид бичгээр нотолж, шүүхэд гэрчилсэн. Манай компани 2016 оны 12 сард "Х" ХХК-ийн нийлүүлсэн утсанд 2017 оны 08 дугаар сард "Х" ХХК-аас худалдан авсан ноолууран гэх ороолтны утасны бүтэц найрлаганд шинжилгээ хийлгэж, ямааны ноолуурын орцгүй болохыг баталсан. Мөн шүүхээр "Х" ХХК-аас нийлүүлсэн утасны үлдэгдэл, тухайн утсаар нэхсэн бүтээгдэхүүн, "Х" ХХК-аас худалдан авсан ноолууран ороолтонд харьцуулсан шинжилгээ хийлгэхэд утасны бүтэц адилхан буюу ямааны ноолуурын орцгүй байснаар гарал үүслийг тодорхой болгосон.

Шүүхээс Иргэний хуулийн 254.2 дахь хэсэгт зааснаар манай компани шаардах эрхээ алдаагүй. Энэ заалтыг үндэслэн "Х" ХХК-ийн нийлүүлсэн утасны үнийг бууруулан 2014 оны хятад хонины ноосон утасны бодит үнээр тооцож, сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн "Х" ХХК нь "ямааны ноолууран утас" гэж хууран мэхэлж, утас нийлүүлсэн учир Иргэний хуулийн 261.1-д зааснаар манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Манай компани "Х" ХХК-аас нийлүүлсэн утасны төлвөл зохих үнийг төлж дуусгасан ба илүү 12 563 196 төгрөг төлсөн. "Х" ХХК-аас авсан хуурамч ноолууран утсаар нэхсэн бүтээгдэхүүн манай компанийн агуулахад маш их байгаа бөгөөд худалдаанд гаргах боломжгүй, манай компанийг алдагдалд оруулсан учир олох ёстой байсан ашиг болох 21 923 000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч "Х" ХХК нь "Ж" ХХК-аас "Ноолууран утас худалдах" гэрээний дагуу худалдсан 344 374 кг ямааны ноолууран ээрмэл утасны үлдэгдэл төлбөр 28 208 414 төгрөг, алданги 14 104 200 төгрөг нийт 42 312 614 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч доголдолтой бараа нийлүүлсэн гэх үндэслэлээр анхны үнийг бууруулж зөрүү үнэ 12 563 196 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21 923 000 төгрөг нийт 34 486 196 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Худалдагч "Х" ХХК, худалдан авагч "Ж" ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 04/02 тоот гэрээ байгуулж, худалдагч нь 1 кг бүр нь 130 000 төгрөгийн үнэтэй 344 374 кг ямааны ноолууран ээрмэл утсыг худалдан авагчид нийлүүлсэн байна. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх 11-12 дахь тал/

Талууд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний үнийг гадаад валютаар буюу юаниар тооцож төлөхөөр тохиролцон, утасны нэг бүрийн /кг/ үнийг 419 юань, нийт үнэ 144 293 юань байхаар тогтоосон байна. /хх 13-14 дэх тал/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримт, хариуцагч гэрээний үүргээс 65 540,64 юань төлсөн талаар маргаагүй, харин нийлүүлсэн барааны чанарын доголдлын талаар маргаж мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.1 дэх заалтаас үзвэл худалдан авагч буюу хариуцагч нь ямааны ноолууран утсыг хүлээн авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, шалгасан акт, дагалдах бичиг баримтыг үйлдэн хүлээж авах үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ гүйцэтгэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулжээ.

Дээрхээс дүгнэхэд хариуцагчид худалдан авсан бараа доголдлын талаар шалгах хууль болон гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс шаардах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нийлүүлсэн утсыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Түүнчлэн 2014 онд нийлүүлсэн барааны доголдлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 730 тоот шинжилгээний дүгнэлт, шүүхээс томилсон шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 517, 518 тоот дүгнэлт болон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 601, 602, 603 тоот дүгнэлтүүдээр тогтоох боломжгүй.

Учир нь хариуцагч байгууллагаас 2016 онд шинжилгээний байгууллагад өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ өгч утасны орцод шинжилгээ хийлгэсэн байна.

Мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх боловч дүгнэлт гаргахад өгсөн шинжилгээний обьект буюу утас, бүтээгдэхүүнүүд нь 2014 онд нэхэмжлэгчийн худалдсан утас буюу уг утсаар хийгдсэн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй тул уг нотлох баримтууд нь доголдлыг тогтоохгүй юм.

Иймээс хариуцагч нь гэрээний 4.5, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид гэрээний 4.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрх үүссэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 369 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД