Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 03348

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/03348

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ж.ХХХКомпани,

Хариуцагч:О.БХХКомпанид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 957 819 827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, өмгөөлөгч Бат-Энх /үнэмлэх 0962/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ж.ХХХК нь Ктай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/91 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 900 000 000 төгрөгийг, сарын 0,58 хувийн хүүтэй, жилийн 7 хувийн хүүтэй, үйлдвэрлэлтийг дэмжих 888 төслийн зориулалтаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлж авсан.Банк зээлийн гэрээний 3.9-т заасан зээлдэгчийн Кны 2012009700 тоот харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 700 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Ж.ХХХК нь Ктай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 91 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 91-1 дугаартай нэмэлт барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 м.кв талбайтай, 2 давхар барилга, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, 2220 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.Зээлдэгч нь зээлийг ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 55 997 176 төгрөг, зээлийн хүүнд 199 759 214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 316 880 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 844 002 823 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 104 873 259 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8 923 744 төгрөг нийт 957 799 827 төгрөгийг, нотариатын зардал 20 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Монгол банкны Ерөнхийлөгчин 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К ХХК-ний эрх хүлээн авагчийг томилсон.Үүний дагуу Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу К, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн.Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан.Зээлдэгч Ж.ХХХК нь Ктай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/91 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 900 000 000 төгрөгийг сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн зээл зориулалтаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлсэн.Банк зээлийн гэрээний 3.9-т заасан зээлдэгчийн Кин дахь 2012009700 тоот харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 700 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. О.БХХК нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 91 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 91-1 дугаартай нэмэлт барьцааны гэрээг тус тус байгуулсан, гэрээний зорилго нь К болон Ж.ХХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар О.БХХК-ийн өмчлөл, эзэмшилд байх дараах зүйлсийг барьцаалуулсан.Үүнд:Улсын бүртгэлийн Ү-2205020409 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар Төмөр Замын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 м.кв талбайтай 2 давхар барилга, мөн хаягт байрлах 2220 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн газрыг барьцаалуулсан.Барьцааны гэрээнд Ж.ХХХК, О.БХХК-ийг төлөөлж Ж.Мөнхбаяр гарын үсэг зурсан.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн зүйл байж болно.Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг О.БХХК-д холбогдуулан гаргасан.Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 44 377 176 төгрөг, 59 мөнгө, зээлийн хүүнд 199 759 214 төгрөг, 30 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 11 316 880 төгрөг, 75 мөнгө тус тус төлсөн.Зээлийн гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:Үндсэн зээлийн үлдэгдэл 844 002 823 төгрөг, 41 мөнгө, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 104 873 259 төгрөг, 66 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8,923,744 төгрөг, 37 мөнгө, нийт 957 799 827 төгрөг, 43 мөнгө байна.Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан 20 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй юм.Иймд зээлдэгч Ж.ХХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 957 799 827 төгрөг, 43 мөнгө, нотариатчийн зардлын 20,000 төгрөгийн хамт гаргуулж, К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулах, О.БХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалагдсан О.БХХК-ийн эзэмшил, өмчлөлийн зүйлүүдийг албан дуудлагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.ХХХК нь тухайн үеийн Засгийн гараас хэрэгжүүлж байсан үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн хүрээнд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ктай зээлийн гэрээ байгуулан авсан 900 000 000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр полистрол хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан, 2015 онд үйлдвэрийг бүрэн ажиглалтанд оруулан үйлдэрлэл явуулж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөгдөх явцад компаниас үл хамаарах шалтгаан нөхцөл, хүндрэлүүд бий болсон нь зээл төлөх үүрэг зөрчигдөхөд хүргэсэн.Үүнд:2016 онд ипотекийн зээл олголт банкуудад зогсч үүнээс болж зээл олголт буурсан нь гол хүчин зүйл болсон, мөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсаас их хэмжээгээр нийлүүлсэн нь хүндрэл үүсэх шалтгаан болсон, эдгээр байдлаас болж үйдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохгүй болж, улмаар бүтээгдэхүүний үнэ ханш буурах, бартер хийх зэрэг үр ашиггүй байдал нь нөлөөлсөн.Хэргийн материалд байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх нотлох баримтад бичигдсэн хүү, үндсэн зээлийн дүн эргэлзээтэй байна, банк нь зээлийн гэрээг үл харгалзан, гэрээнд тусгагдаагүй асуудлаар банкны өөрийн дотоод хүүгийн нөхцлөөр тооцож данснаас нь мөнгө суутгасан, үүнийгээ дамжуулан зээлдэх гэрээнд заасны дагуу гэж бичгийн тайлбар өгсөн байдаг бөгөөд тухайн банкны бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь банк болон зээлдэгч тус компанийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байна.Компанид мэдэгдэж байгаагаар 17 381 862 төгрөгийг данснаас суутгасан гэдгээ банк хүлээн зөвшөөрч байх тул гэрээний үүргийн бус энэхүү хасалтыг хүлээн зөвшөөрөхгүй, ийм байдлаар хугацаа хэтэрсэн өдрөөс хойшхи хугацааны зээлд бодогдох хүүг банк өөрийн эх үүсвэртэй төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгээр буюу жилийн 27,6 хувиар тооцож суутгасан эсэх талаарх баримтуудыг банкнаас гаргуулж хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагуудын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Жавхлан Хүлэг ХХК, О.БХХК-иудад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргасан хэдий ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүйг дурдсан, иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн оролцож байна. Нэхэмжлэгч нь 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Эхний шаардлага нь Ж.ХХХК-иас зээлийн төлбөр 957 799 827 төгрөг, 43 мөнгийг гаргуулах тухай байгаа.Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.Гэрээний нэг тал нь К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч биш К юм.Гэвч Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар Кыг татан буулгаж, эрх хүлээн авагч томилогдсон.Тухайн томилогдсон эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Кийг татан буулгасан тушаал нь хэрэгт авагдаагүй.Харин эрх хүлээн авагчийг томилсон тушаал хэрэгт авагдсан.Иймд эрхийнхээ хүрээнд ийнхүү нэхэмжлэл гаргаж оролцож байна гэж үзэж байна.Мөн К нь татан буугдаагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан.Гэтэл маргаан бүхий тушаалууд нь татан буулгах тухай тушаал, эрх хүлээн авагч томилох тухай тушаал гэсэн нэртэй гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаар үндсэн зээлийн үлдэгдэл 844 002 823 төгрөг, 41 мөнгө, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 104 873 259 төгрөг, 66 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8 923 744 төгрөг, 37 мөнгө нийт 957 799 827 төгрөг, 43 мөнгийг шаардаж байна.Эдгээрийн зарим нь үндэслэлгүй гэж үзэж байна.Мөн зээлдэгчийн зээлийн дансанд байсан мөнгийг К суутгаж авсан хэдий ч шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс хасч тооцоогүй байсан.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бууруулах ёстой гэж үзэж байна.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.Тодруулахдаа нэхэмжлэлийн 2 дах шаардлагаа О.БХХК-д холбогдуулан гаргасан гэж үзэхээр байсан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэхээр байна.Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгдөг. Хариуцагч компанийн зээлийн дансны хуулга, диспозит дансны хуулга, зээлийн тооцоолуур гэх баримтуудыг гаргаж өгсөн байна.Хавтаст хэргийн 38 дугаар хуудасны ард талыг үзвэл Ж.ХХХК-ийн дансанд 40 100 000 төгрөг байршиж байсан нь нотлогдож байна.К нь хариуцагч Ж.ХХХК-ийн данснаас 17 381 862 төгрөг, 41 мөнгийг зээлийн хүүний зөрүү төлөв гэх утгатайгаар, харин 22 717 037 төгрөг, 52 мөнгийг зээл төлөв гэх утгатайгаар суутгаж авсан.Хавтаст хэргийн 26-28 дугаар хуудаст авагдсан зээл, үнийн тооцоолол гэх баримттай тулгаж үзэхэд, 17 381 862 төгрөг, 41 мөнгийг хасч бодоогүй байна.Мөн 22 717 037 төгрөг, 52 мөнгийг зээл төлөв гэх гүйлгээний утгатайгаар данснаас хассан боловч энэ үнийн дүнгээс 22,609,399 төгрөгийг зээлийн хүүнээс хассан, үлдэгдэл 107 637 төгрөгийг алданги гэж хассан.Иймд 17 381 862 төгрөг, 41 мөнгийг хассан шалтгаан тодорхойгүй байна.Иймд 17,381,862 төгрөг, 41 мөнгийг үндсэн зээлийн үнийн дүнгээс хасч тооцох нь үндэслэлтэй юм. Хариуцагч талаас балансын гадуурх хүү гэх дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан нотлох баримтаар өгсөн.Хоёрдугаарт нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл гэж 8 923 744 төгрөг, 70 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 8 сарын 25-ны өдөр дуусгавар болсон.Харин нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, гэрээний хугацаа дуусаад 18 хоног өнгөрсөн байхад нэмэгдүүлсэн хүү нь 18 хоногийн хугацаанд тооцогдохоор байна.Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор нотлогдоно.Тус тайлбарт нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш тооцно гэж тайлбарласан.Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад ийнхүү нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болно.Гэтэл зээлдэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцож эхэлсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байна.Мөн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн их бага хэмжээгээр хариуцагчийн данснаас суутгаж нэмэгдүүлсэн хүүнд төлүүлж эхэлсэн.Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 11 316 880 төгрөг, 75 мөнгийг нэмэгдүүлсэн хүү гэж хариуцагчийн данснаас суутган төлүүлсэн нь хууль зөрчсөн байна.Иймд 11 316 880 төгрөг, 75 мөнгийг нийт мөнгөн дүнгээс хасч тооцож өгнө үү.Мөн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл гэж шаардаж байгаа 8 923 744 төгрөг, 37 мөнгө нь үндэслэлгүй, энэхүү нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээр дурдсан үнийн дүнг үндсэн зээлээс хасч тооцсон бол нэхэмжлэлийн шаардлага дахь үндсэн зээл, түүний хүү буурч тооцогдоно.Балансын гадуурх хүүнд тооцож авсан 16 480 862 төгрөг, 48 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан 12 217 880 төгрөг, 75 мөнгө, нийт 28 698 743 төгрөг, 23 мөнгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 817 304 080 төгрөг, 18 мөнгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна.Үүнээс гадна хавтаст хэргийн 5 дугаар хуудаст нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдгээ нотолсон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалын үндэслэлд дурдагдсан мөн өдрийн А-96 дугаар банкыг албадан татан буулгах тушаалаар Кийг татан буулгасан гэж үзэж байна.Энэ А-96 дугаар тушаал нь хэрэгт авагдаагүй.Гэхдээ татан буулгасан тухай нь эрх хүлээн авагч томилсон тухай тушаал дээр байгаа.Иймд К татан буугдсан өдрөөс К зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас энэ өдрөөс хойш зээлийн гэрээний хүүг тооцох нь үндэслэлгүй юм.Тиймээс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зээлийн хүүг тооцсон 22 214 465 төгрөг 30 мөнгийг мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү.Хоёр дахь шаардлагын тухайд, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж улсын хураамж төлөгдөөгүй учир нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна.Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдахдаа Мөнхбаяр гэдэг хүн гарын үсэг зурсан.Гэрээ нь өндөр үнийн дүн бүхий их хэмжээний хэлцэлд тооцогдох юм.Иймд Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасны дагуу хувь нийлүүлэгчдийн шийдвэр гарч, зөвшөөрөл олгох ёстой.Гэвч ийм зөвшөөрөл олгогдоогүй, холбогдох баримт нь хэрэгт авагдаагүй байна.Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.Тиймээс хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй, хууль бус шаардлага тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ж.ХХХК болон О.БХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 844 002 823 төгрөг, 41 мөнгө, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 104 873 259 төгрөг, 66 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8,923,744 төгрөг, 37 мөнгө нийт 957 799 827 төгрөг, 43 мөнгийг нотариатын зардал 20 000 төгрөгийн хамт нийт 957 819 827 төгрөг гаргуулах, О.БХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг албан дуудлагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон байна./хх 5/

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна гэж заасан байна.

Мөн Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг заасан байх бөгөөд 69.1.2-т банкийг төлөөлөх, удирдах эрхтэй гэж заасны дагуу М.Адилбиш нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ж.ХХХК нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр К ХХК-иас 900 000 000 төгрөгийг, сарын 0,58 хувийн хүүтэй, жилийн 7 хувийн хүүтэй, үйлдвэрлэлтийг дэмжих 888 төслийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 91 дугаартай зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4-т заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх үүрэгтэй гэж талууд тохирсон байна./хх 6-9/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үндэстэй байна.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Ж.ХХХК-ийн зээл, зээлийн хүүний тооцоололоос үзэхэд зээлдэгч Ж.ХХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүйн улмаас зээлийн хүүгийн төлбөр хуримтлагдсан байх бөгөөд улмаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үүссэн байхад хариуцагч байгууллагын дансанд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр орсон 40 100 000 төгрөг нь энэ хугацаанаас өмнөх үеийн төлбөрт суутгагдан тооцогдсон гэж үзэхээр байна.

Зохигч талууд дээр дурдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар тохиролцсон байхад зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэмэгдүүлсэн хүүг тооцож авсан нь, мөн нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч Ж.ХХХК нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаа болон хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүйн улмаас зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүг шаардэх эрх үүснэ гэж талууд тохироогүй байна.

Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нотариатын зардал 20 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж үзэх үндэстэй байна.

Иймд хариуцагч Ж.ХХХК-иас 957 819 827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэх зүйтэй байна.

К ХХК болон О.БХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 91 дугаартай, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 91 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр К ХХК болон Ж.ХХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг О.БХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай,үйлчилгээний зориулалттай, 720 мкв талбай бүхий хоёр давхар барилга, мөн О.БХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, нэгж талбарын 168011/0012, 18640310436496 дугаартай, 2220 мкв талбайтай газар зэргээр хангуулахаар талууд тохирсон байна./хх 10-15/

Энэхүү ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ж.ХХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч Ж.ХХХК-ийн төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид Ж.ХХХК-иас 4 947 049 төгрөгийг, О.БХХК-иас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ж.ХХХК-иас 957 819 827 /есөн зуун тавин долоон сая найман зуун арван есөн мянга найман зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.ХХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох хариуцагч О.БХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 мкв талбай бүхий хоёр давхар барилга болон О.БХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, нэгж талбарын 168011/0012, 18640310436496 дугаартай, 2220 мкв талбайтай газрыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамижд Ж.ХХХК-иас 4 947 049 /дөрвөн сая есөн зуун дөчин долоон мянга дөчин есөн/ төгрөгийг, О.БХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН