Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0066

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А-И” ХХК,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба,

Гуравдагч этгээд: “А л” ХХК

Маргааны төрөл: “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Б, хариуцагч Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А-И” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Бын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. “А-И”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/08 дугаар шийдвэрээр тус компанийн захирлаар Л.Гыг томилж, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн “А-И” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр тус компанийн захирал Л.Г-ыг ажлаас чөлөөлж, улмаар З.Э-ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, улмаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Бын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлтээр дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны өмчлөгчөөр Л.Г, гүйцэтгэх захирлаар З.Э нар бүртгэлтэй байсан. Л.Г 100 хувийн эзэмшигч болсноор бүртгэл хийгдэх шалтгаан болсон юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 тоот дүгнэлтээр компанийн удирдлагуудыг үндэслэлгүйгээр өөрчлөөд бүртгэсэн бүртгэлийг өөрчлөх шийдвэр гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй.  Мөн прокурорын тогтоолоор хуурамчаар үйлдсэн гэж ийм шийдвэр гаргасан байдаг боловч өнөөдрийг байдлаар энэ баримт бичиг нь хуулийн хүчин төгөлдөр болсон зүйл байхгүй. Мөн хуурамчаар үйлдсэн гэх бичиг баримт нь энэ бүртгэлийг хүчингүй болгоход 100 хувь нөлөөтэй баримт бичиг биш. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар тушаах чиг үүрэг олгогдоогүй. Өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлээд албан бичиг явуулангуут хууль бус бичгийг үндэслээд хориг тавьсан мэтээр яриад байдаг. Мөн хяналт шалгалтын улсын байцаагч нь хориг тавьсан байхад бүртгэл хийсэн байна гэсэн агуулгатай дүгнэлт гаргаад байгаа юм. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр биш хориг байсан. Банк хадгаламж зээлийн хоршооноос 2 удаагийн албан бичиг явсан байдаг. Өөрөөр хэлбэл хориг тавьж явуулна уу гэх албан бичиг явуулаад байдаг. Гэсэн хэдий ч энэ хориг тавих эрх хэмжээ өөрт нь олгогдоогүй байсан. Гэтэл өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр хориг тавиулах арга хэмжээ авахуулах албан бичиг явуулаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч Л.Б-ын дүгнэлт нь үндэслэлгүй талаар тайлбар хэлье. Энэхүү дүгнэлтийг харахаар үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг удирдлага болгоно гэсэн байдаг. Энэ үндэслэлийг барих ямар ч боломжгүй. Уг  28 дугаар зүйл нь сонсгох ажиллагааг хийхгүй байх харилцааг зохицуулсан байдаг. Энэ заалтад дурдагдаж байгаа ажиллагаа нь юу вэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр байхгүй. Иймээс улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлгүй байгаа. Мөн өмнө нь тэр дүгнэлтдээ Захиргааны ерөнхий хуулийн 28.3 дахь заалтыг үндэслэл болгоод байсан. Үүнийгээ дараа нь өөрчилсөн гэж үзэж байгаа. Тус дүгнэлт нь барих ёсгүй заалтыг барьсан учир хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 1/803 дугаар бүхий албан тоот болон 24 тоот прокурорын тогтоолыг үндэслэсэн гэдэг нь шууд харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй буюу талууд эрхээ эдэлж гомдол гаргаад явж байх хугацаанд дүгнэлт гаргасан. Ийм учир улсын байцаагчийн дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Мөн нотлох баримтын тухай асуудал яригдсан. Нотлох баримтыг эцэслэн дүгнэдэг байгууллага нь шүүх. Прокурор дээр эцэслэн шийдэгдээгүй. Шүүхийн байгууллагад очоогүй байхад хүчин төгөлдөр болно гэсэн асуудал байхгүй. Иймд улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болох ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байх тул түдгэлзүүлж өгнө үү гэж гуравдагч этгээд тайлбарлаад байсан. Хэрэв түдгэлзүүлэх юм бол  хууль бус тогтоол, дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр үлдэх нөхцөл байдал бий болоод байна. Мөн нэхэмжлэгч тал төлбөр тооцоогоо дуусгасан байхад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд халдаад байна гэдгийг нэмж хэлмээр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд энэ банк хадгаламж зээлийн хоршоо гэж тодорхойлсон байгаа. Энэ хариуцагчийн хувьд ялгаагүй эцэлсэн шийдвэрлэгдээгүй байгаа тогтоолыг үндэслээд төрийн захиргааны байгууллага руу албан бичиг явуулаад байгаа нь хууль бус. Хууль хяналтын байгууллага тогтоосон гэж хариуцагч Л.Б яриад байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хяналтын байгууллагад хамаарахгүй. Хуулиа харах юм бол шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь агентлаг байгууллага болж харагдаад байгаа юм. Тэгэхээр нэг төрийн захиргааны байгууллага нь нөгөө төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцоод танайх түдгэлзүүл, шилжилт хөдөлгөөнөө зогсоо гэж арга хэмжээ авах эрх байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад сүүлд батлагдсан хуулийн заалтыг хараад уншаад байх шиг байна. Өмнөх хуульд тийм эрх хэмжээтэй гэдэг  зохицуулалт байхгүй гэдгийг хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжилт хөдөлгөөний зогсоо гээд албан бичиг ирүүлээд байх боломж эрх хэжмээ олгогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар боломж байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бус үйлдэл хийсэн байна. Төлбөр төлөхтэй холбогдолтой асуудал яриад байхад удирдлагуудыг нь өөрчлөхгүй гээд суугаад байх нь  ямар ач холбогдолтой байдаг юм бэ? Тэгэхээр компанийн дотор нь хувьцаа эзэмшигч солих асуудлыг түдгэлзүүлээд байгаа нь үндэслэлгүй юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн л шийдвэр гүйцэтгэдэг гэж ойлгоод байна. Гэтэл өнөөдөр прокурорын шийдвэрийг гүйцэтгээд байгаа юм шиг л харагдаад байна. Өөрөөр хэлбэл прокурорын өмнөөс албан бичиг төлөвлөөд явуулаад байх эрх хэмжээ байдаг  юм уу. Мөн 2015 оны бүртгэлийг сэргээсэн асуудал байгаа. Энэ бүртгэл нь Л.Б-ын дүгнэлтээс тусдаа хийгдэж байгаа асуудал гэж ойлгож байна. өөрөөр Өөрөөр хэлбэл Л.Бын дүгнэлт нь эцэслэн шийдэгдээд байгаа асуудал биш. Улсын байцаагчийн дүгнэлт нь өөрөө хууль бус гэдгийг нь би тайлбарласан.

Хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэй байсан гэдэг асуудал яригдаад байгаа.  Тус бүртгэлүүд хийгдээд байхаар л бүх зүйл дуусах юм шиг талаас нь хараад тайлбарлаад байдаг. Энэ бол үндэслэлгүй. Учир нь энэ дүгнэлттэй нэхэмжлэгч нарын зүгээс маргаагүй бол хүчин төгөлдөр гэж үзэж болно. Гэтэл энэ хүмүүсийн зүгээс маргаад явж байна. Холбогдох байгууллагуудад нь маргаад явж байна. Энэ асуудлыг эцэслэж шүүх шийдвэрлэнэ. Гомдол гаргах эрхээ эдэлсний төлөө төлөөлөх эрхгүй этгээдийн тухай ярих боломжгүй гэдгийг хэлмээр байна” гэв.

4. Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар дотоод албан бичгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар “Бүртгэл хүчингүй болгуулах тухай” албан бичиг, тус албан бичигт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2490 дүгээр тогтоолыг хавсарган Хяналт шалгалтын газарт ирүүлсэн.

Тус албан бичигт дурдсан асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан/-ийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 289 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 18-д заасныг тус тус үндэслэн хянан шалгах ажиллагаа хийгдсэн.

2/ Хянан шалгах ажиллагаа хийхэд “А-И”ХХК-ийн 9019006126 дугаартай хувийн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/36246 дугаар албан бичгээр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр “А-И” ХХК-иас 963.518.500 төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “А-И” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, хариу ирүүлнэ үү. гэж, мөн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/43415 дугаар албан бичгээр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр “А-И” ХХК-иас 963.518.500 төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого Хяналтын газарт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 6293 дугаар шийдвэрээр 218.033.351 төгрөг гаргуулж Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “А-И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа тул гэрчилгээний хугацааны сунгалт хийж, компанийн хоригийг үргэлжлүүлэн тавихыг мэдэгдье." гэж, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/4178 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрээр төлбөртэй доорх аж ахуйн нэгжийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож хариуг ирүүлнэ үү.” гэх зэрэг албан бичгүүдийг Хуулийн этгээдийн улсын түдгэлзүүлж хориг тавьсан нотлох баримт бичиг хувийн хэрэгт тус тус байдаг.

3/  “А-И” ХХК-ийн 9019006126 дугаартай хувийн хэрэгт Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1521 дүгээр албан бичгээр "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 6293 дугаар шийдвэрээр “А-И” ХХК-иас 218.033.351 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тул 2016 оны 3/4178 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн “А-И” ХХК-ийн  хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг сэргээхийг мэдэгдье” гэж, мөн Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1523 дугаар албан бичгээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр “А-И” ХХК-ний 963.518.500 төгрөгийг гаргуулж Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газарт олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тул 2015 оны 3/36246 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг сэргээхийг мэдэгдье." гэж тус тус ирүүлснээр тус компанийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн хоригийг цуцалсан нотлох баримт бичиг хувийн хэрэгт тус тус байдаг.

4/ Улмаар “А-И” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрийг өөрчлөн “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Л.Г  -ийг бүртгэсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэл, гүйцэтгэх захирал З.Э -ыг бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хийсэн  байдаг.  Түүнчлэн  “А-И” ХХК-ийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2490 дугаар тогтоолд “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2992 дугаартай дүгнэлтээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1/1523 дугаартай албан бичгийн тэмдгийн дардас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны “Хуулбар үнэн" гэх тэмдэгтэй тохирохгүй гэж тогтоогдсон ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.", мөн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өнгөрч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагчаар татаж болохгүй үндэслэл байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна" гэж дурдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 17 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн үүрэг гэж, мөн зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө." гэж заасныг, мөн хуулийн 18 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл" гэж, мөн зүйлийн 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх" гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 14 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг" гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэж, мөн зүйлийн 20.1, 10-д заасныг тус тус зөрсөн болох нь тогтоогдсон тул Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;", 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд:" гэж заалтыг тус тус баримтлан Хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт үйлдэж “А-И” ХХК-ийн хэлбэрийг өөрчилж бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл буюу “А-И”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Л.Г-ыг бүртгэсэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэл, гүйцэтгэх захирал З.Э-ийг бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэсэн.

Түүнчлэн “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд Жун Юань Жинтай худалдааны ХК 100 хувь буюу 5.817.600.00 төгрөгийн өөрийн хөрөнгийг эзэмшихээр 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн мэдээллийг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/36246 дугаар албан бичгээр шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сэргээсэн байна. Иймд “А-И ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г.Б-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан  татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ “А-И” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “А Х техник хөгжүүлэх” ХХК 100 хувь хувьцааг эзэмшиж үүсгэн байгуулсан ба 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “А Х Уул уурхайн” ХХК хувьцааг 100 хувь шилжүүлэн авч бүртгүүлсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Бээжин хот Жун Юань Жинтай  худалдааны" ХК хувьцааг “А Х Уул уурхайн ХХК” -иас 100 хувь шилжүүлэн авч мөн бүртгүүлсэн байна.

Дараа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын иргэн Л.Г эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцааг 100 хувь шилжүүлэн авч бүртгүүлсэн ба 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар иргэн З.Э-ыг томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Тус иргэн Л.Г-ын нэр дээр 100 хувь шилжсэн бүртгэл ба гүйцэтгэх захирлаар иргэн З.Э-ыг томилсон бүртгэлийг хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 тоот дүгнэлтээр хүчингүй болгосон байна.

2/ “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан.

3/ “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ийн 12.1-д “Эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийг түдгэлзүүлнэ” 12.2-т Энэ журмын 12.1-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, шийдвэр, дүгнэлт, албан бичгийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргана.  13.2-т “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1- зүйлийн 19.4.5-д заасны дагуу гарсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэл д заасны дагуу гарсан хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, мөн хуулийн 19 дүгээр улсын байцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 тоот дүгнэлтийг болгоно. Гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдийн мэдээллийн санд хяналтын үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын иргэн Л.Гыг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар иргэн З.Энх-Амарыг томилсон бүртгэлийг тус тус хүчингүй болгож, бүртгэсэн байна. Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хууль, журамд заасны дагуу улсын бүртгэл хөтөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

6. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 6293 дугаар шийдвэрээр “А-И” ХХК-аас 218,033,351 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.

2/ Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус алба нь “А-И” ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч “А-И” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлбөрийн үлдэгдлийг төлбөр  бүрэн төлсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1.3-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

3/ Тус албаны тамга, албан бланк, хуулбар үнэн тэмдэглэгээг хуурамчаар үйлдэн “А-И” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар тус албанаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар хандсаны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийхийг сэргээх тухай тус албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1523 дугаар албан тоотыг хүурамч болохыг тогтоон Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн боловч эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19- ний өдрийн 2490 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор хүчингүй болсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт болон хэрэг бүртгэлийн хэргийн явцад “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл нь хуурамч болох нь тогтоогдсон тул тус албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “А-И” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 албан тоотоор хандсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Л.Г, З.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэж өгнө үү.

“А-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б гэх иргэнээс гомдол гаргасан байдаг. Тус гомдол нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.  Ийнхүү энэ гомдлыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  271.1.4-т заасны дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газарт хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж гомдол гаргасан байдаг. Ийнхүү үүний улмаас прокурорын тогтоол гарсан байдаг. Тус тогтоолд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад албан бичиг хуурамчаар хийсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул гэмт хэргийг хааж шийдвэрлэж байна гэж дурдсан байдаг. Ийнхүү 803 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байдаг. Тухайн үед хуурамч албан бичгээр нэхэмжлэгч байгууллагын шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан байна гэдэг. Ийм учир өөрчлөлт болон албан бичиг нотлох баримтуудыг дахин нягталж үзнэ үү гэдэг байдлаар тоот явуулсан. Ийм албан бичиг явуулсны үндсэн дээр тус Л.Г болон З.Э нарыг  бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон арга хэмжээ авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох хууль журмын дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хувьцаа эзэмшигч нар нь өөрийн нэр дээр хуулийн этгээдийг шилжүүлж авсан нь хуульд нийцээгүй ба хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Мэн энэ эрүүгийн хэрэг нь дуусгавар болоогүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү. Яаж 5 тэрбум төгрөгөөр Л.Г болон З.Э нарт очсон эсэх, нотариатын үйлдэл нь үнэн зөв эсэх тухайн үйлдлийг хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол улсад байсан эсэх талаар тогтоох аж гэж байгаа нь Монгол улсын хилээр орж ирсэн эсэх нь бүртгэлтэй холбоотой эрүүгийн ажиллагаа явагдаж байгаа учир өнөөдөр бүртгэлтэй холбоотой маргааныг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч гэж явж байгаа Л.Г болон З.Э нар нь одоогийн байдлаар бүртгэлгүй болсон байгаа. Иргэн хувь хүний үүднээс нэхэмжлэл гаргаагүй ба хуулийн этгээдийн захирлаар нэхэмжлэл гараад байна. Иймд анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага гаргах ёсгүй этгээд гэж үзэж байна. 2 талд буюу эрүүгийн журмаар болон захиргааны журмаар бүртгэлтэй холбоотой маргааныг нэгэн зэрэг шийдэх нь боломжгүй. Татвар төлсөн эсэх, нотариатын үйлдэл нь үнэн зөв эсэх асуудал нь тогтоогдоогүй байхад бүртгэлтэй холбогдуулж маргана гэдэг нь боломжгүй зүйл юм” гэв.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Улсын бүртгэгч нь холбогдох хууль дүрэм журамд заасны дагуу улсын бүртгэлд хяналт шалгалт хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, мөн 2020 оны 04 дүгээр сарын 1760 дугаар дүгнэлтүүд гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид хориг тавигдсан байдаг. Гэтэл хориг цуцлах тухай албан бичгийг хуурамчаар үйлдсэн байна. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдгийг нь тогтоосон байдаг. Мөн прокурорын дүгнэлтэд тус албан бичгийн тамга болон хуулбар үнэн тэмдэг нь тохирохгүй байна гэдгийг тогтоосон ба энэ нь гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах гэж байгаа албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой албан бичиг гэж үзэж байгаа. Тодруулбал захиргааны актын шинжийг агуулаагүй эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1/ Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр “А м” ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай “А-И” ХХК-ийн  энгийн хувьцаа болон дагалдах бүх эрхийг Бээжин хотын “Жун Юань Жинтай” компанид шилжүүлж, эзэмшихээр бүртгүүлсэн.

2.1. Үүний дараа “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/08 дугаар шийдвэрээр тус компанийн захирлаар Л.Г-ыг томилж, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн “А-И”ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирал Л.Г-ыг ажлаас чөлөөлж, улмаар З.Э-ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон.

3/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/36246 дугаар албан бичгээр ... “А-И” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, хариу ирүүлнэ үү...”, тус газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн /43415 дугаар албан бичгээр ... “А-И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа тул гэрчилгээний хугацаанд сунгалт хийж, компанийн хоригийг үргэлжлүүлэн тавихыг мэдэгдье”,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өрийн 3/4178 дугаар  албан бичгээр “ ... Эрх түдгэлүүлэх тухай...”, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1521 дүгээр албан бичгээр ...2016 оны 3/4178 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг сэргээхийг мэдэгдье...”, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1523 дугаар албан бичгээр ...2015 оны 3/36246 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн “А-И ”ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийх эрхийг сэргээхийг мэдэгдье...”, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар албан бичгээр “...Бүртгэл хүчингүй болгуулах тухай...” гэх агуулгатай албан бичгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн  271.1.4-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх” гэж заасан бөгөөд уг чиг үүргийнхээ хүрээнд дээрх албан бичгүүдийг холбогдох байгууллагууд руу хүргүүлжээ.

4/ Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар албан бичгээр ...тус албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1523 дугаар албан бичгийг /тамга, албан бланк, хуулбар үнэн тэмдэглэгээг/ хуурамчаар үйлдэн “А-И” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт  оруулсан талаар дурдаж ... тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт хийсэн бүртгэлийг хүчингүй болгон хариу ирүүлэхийг хүссэн” албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1760 дугаар дүгнэлтүүд гарч энэхүү дүгнэлтээр “А-И” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон байна.

4.1. Дээрх албан бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б .......“А-И”ХХК-ийн бүртгэлийн хувийн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр  Л.Гыг бүртгэсэн  2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, тус компанийн гүйцэтгэх захирлаар З.Э-ыг бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  улсын бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосон.” гэсэн 517 дугаар дүгнэлтийг гаргажээ.  

4.2. “А-И” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгүүлэх үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1523 дугаар албан бичгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны  06 дугаар сарын 11-ний 2992 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2490 дугаар тогтоолоор хуурамч болохыг тус тус тогтоосон.

4.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл “Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг” гэж, 14.4.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”  гэж заасан байна.

4.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн  9.4-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж хуульчилсан.

Энэхүү хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг  эрх бүхий байгууллагуудаас түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг бүртгэлийн байгууллагад хориглосон, энэхүү улсын бүртгэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хүчингүй болгохоор зохицуулсан байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “А-И” ХХК-ийн зүгээс хуурамч нотлох баримт үйлдэн, хууль зөрчиж хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулуулсан үйлдлийг таслан зогсоосон  болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Харин тус шүүх үйл баримт тогтоохгүй, тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч хэн болох, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн байх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд энэ нь ердийн харьяаллын буюу иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан болно. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн  271.1.4-д заасныг тус тус баримтлан “А-И” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/803 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаар дүгнэлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1760 дугаар дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын үр дагаврыг арилгаж иргэн З.Э, Л.Г нарын улсын бүртгэлийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ