Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 604

 

Б.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт хүний дүрс бүхий 1.91 кг шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг барьцаалан 0064747 тоот зээлийн гэрээг байгуулан нийт 28 000 000 төгрөгийг зээлсэн. Уг гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг дансаар, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөгийг дансаар, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөгийг дансаар нийтдээ 11 000 000 төгрөгийг тогтмол төлсөн. Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т Барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй. “М” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр холбогдох хууль тогтоомжийг зөрчин дуудлага худалдаа явуулж, барьцааны зүйлийг худалдахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг зөрчиж зах зээлийн үнээр 500 000 000 төгрөгийн үнэтэй /шүрэн эдлэл 350 000 000 төгрөг, мөнгөн тоногтой эмээл 150 000 000 төгрөг/ эртний эдлэлүүдийг ердөө 37 480 000 төгрөгөөр худалдсан.

“М” ХХК нь барьцааны зүйлийг барьцаалуулагчтай тохиролцсон үнээр аль эсхүл зах зээлийн үнийн дагуу худалдан, борлуулж зээлийн үлдэгдэл мөнгө болон дуудлага худалдааг зохион байгуулахад гарсан зардлыг өөртөө авч үлдсэн мөнгийг барьцаалуулагчид өгөх үүргээ биелүүлээгүй, мөн дуудлага худалдаа явуулах гэж байгаагаа мэдэгдээгүй Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн.

Иймд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24 дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үнэ хаялцуулах ажиллагааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам" буюу стандарт нөхцөлтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээгээр Б.Ц нь модон суурьтай, хүний дүрстэй 1 192 грамм жинтэй шүрэн бурхан, цэнхэр яс модтой 12 чимэгтэй, их гарын эмээлийг барьцаалан, нийт 28 000 000 төгрөгийг, сарын 7 хувь буюу 1 960 000 төгрөгийн хүүтэй, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зээлж авсан.

Б.Ц нь зээлийн үүргээс нийт 11 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн.

Б.Цын төлсөн төлбөрийг "Барьцаалан зээлдүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4 дахь заалтуудыг удирдлага болгож төлсөн төлбөрийг хүү, алдангид тооцон гэрээг сунгасан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар тооцоо гаргахад нийт 137 хоног хэтэрсэн байсан бөгөөд зээл, хүү, алданги нийлээд 39 472 300 төгрөг болсон.

“М” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу зээлдэгч Б.Цд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах болсон тухай нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлж, зээлдэгчийн гэрээн дээрх 91912990, нэрийн хуудас дахь 99110354 дугаарын утас, мөн гэрээн дэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол 80-60 тоот хаяг, найз Лхамаагийн зааж өгсөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны хороолол,12 байрны урд талын орцны 2 давхрын эхний хаалга гэсэн хаягууд руу Монгол шуудангийн баталгаат захидал хүргэх үйлчилгээгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болон барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн.

Б.Ц нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.3-т заасны дагуу барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга сонгоогүй тул манай компани нь мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Цын барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарган, комисс томилсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт заасны дагуу "Үнэ хаялцуулах ажиллагаа"-г явуулахаас 30 хоногийн өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр "Зар мэдээ" болон "Өдрийн сонин"-д зар тавьсан. Улмаар 3 оролцогч бүртгүүлэн, дуудлага худалдааны доод үнийг хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-иас тогтоосон 30 480 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Г.Хосбаяр нь хамгийн өндөр үнэ 37 480 000 төгрөгөөр ялагчаар тодорсон. “М” ХХК нь "Үнэ хаялцуулах ажиллагааг" хууль журмын дагуу явуулсан.

Б.Цын гүйцэтгэх үүргийн хэмжээ нь үндсэн зээл 28 000 000 төгрөг, хүү 1 960 000 төгрөг, алданги 11 684 400 төгрөг, нийт 41 644 400 төгрөг болсон. Дуудлага худалдаагаар олсон орлого 37 480 000 төгрөг, Б.Цаас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 4 000 000 төгрөг, нийт 41 480 000 төгрөг болсон ба дуудлага худалдаа явуулсантай холбогдон хөрөнгийн үнэлгээний төлбөр 160 000 төгрөг, зар нийтлүүлсэн 60 000 төгрөг нийт 220 000 төгрөгийн зардал гарсан. Иймд “М” ХХК нь 384 400 төгрөгийг Б.Цаас авах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Модны хоёрт байрлах “Хатан сүлжээ” ХХК-ийн байранд явуулсан хүний дүрс бүхий шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээлийг худалдсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 345 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгохоор шийдвэрлэжээ.

 

    Хариуцагчийн өмгөөлөгч  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

    Шүүх Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрсний дараа үнэ хаялцуулах ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй.

    “М” ХХК нь "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам"-ыг Монгол Улсын "Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага МNS5274:2003 стандарт"-ын 8.12, 8.13-д заасны дагуу үйлчлүүлэгчдэд ил тод харагдахаар байршуулсан, стандартын 6.5-д заасанд нийцүүлж, зээлдэгчид гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц энэ тухай мэдэгдэх, харилцах хэлбэрийг сонгохдоо уг журмын 7-д "Иргэний хуулийн 286.3-т заасны дагуу мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэхдээ гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт цахим зурвасаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа борлуулахаар" гэж, 10 дугаар зүйлд "зээлдэгч утасны дугаараа солих, оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд 1 цагийн дотор өөрийн биеэр болон 91669999 дугаарын утасруу яаралтай мэдэгдэх үүрэгтэй, бүртгүүлээгүй мэдэгдээгүйн улмаас үүдэн гарах хохирлыг компани хариуцахгүй" гэж, 12 дугаар зүйлд "Үйлчлүүлэгч та энэ журамтай сайтар танилцаж тус компанийн санал болгож буй үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд үйлчлүүлэх эрхтэй" гэж тус тус оруулсан. Үүний дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан, гэрээний үүрэгтэй холбоотой мэдэгдлийг түүний утас руу мессеж илгээж, мэдэгдэж байсан.

    Тодруулбал, “М” ХХК нь зээлдэгчийн 91912990, 99110354 дугаарын утас, иргэний үнэмлэх дэх хаяг, мөн найз С.Лхамаа гэгчийн зааж өгсөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны хороолол, 12 дугаар байрны урд талын орцны 2 давхрын эхний хаалга гэсэн хаягуудаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мөн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах мэдэгдлийг “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудан хүргэх үйлчилгээгээр хүргүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Цын гэрээнд заасан хаяг руу "Барьцааны зүйлийг худалдах мэдэгдэл"-ийг баталгаат шуудангаар явуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 283.3-т заасанд нийцсэн. Гэвч Б.Цэранбал заасан хаягт амьдардаггүй гээд шуудангаас буцаж ирсэн. Зээлдэгч тал нь утасны дугаар болон оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1, "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журмын 10-д заасны дагуу зээлдүүлэгч талд тэр даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Иймд шүүх хариуцагчийг бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй.

    "М" ХХК нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаа явуулах зарыг нийтэд тавьсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "тухайн өдөр Б.Цын дүү Б.Цэрэнбат нь дуудлага худалдаа зохион байгуулагдах газарт дуудлага худалдааг зогсоохоор очсон" гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч нь ...Б Цэрэнбалд мэдэгдлийг гардуулж өгөхөөр хаягаар нь очиж эхнэрт нь хүлээлгэн өгөх гэхэд, нөхөрлүүгээ залгаж асуун Б.Ц битгий хүлээж ав гэсэн гэж хэлээд аваагүй гэсэн тайлбар өгсөн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т ямар тохиолдолд "бичгээр мэдэгдсэнд тооцох" талаар нарийвчлан зохицуулаагүй байх боловч энэ талаарх зохицуулалт бусад хуульд маш тодорхой заагдсан.

Жишээлбэл: УБЕГ-ын даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1125 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан "Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хүргүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 5, 6 дугаар зүйл, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 43.5 дахь хэсэгт тус тус заасан.

Иймд “М” ХХК нь Б.Цд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан хугацаанд гэрээнд заасан болон иргэний үнэмлэхний хаягаар нь баталгаат шуудан явуулж "бичгээр мэдэгдэх" үүргээ биелүүлсэн, харин нэхэмжлэгч нь оршин суугаа газраа өөрчилсөн талаарх мэдээллийг өгөх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна. 

Нэхэмжлэгч Б.Ц нь “М” ХХК-д холбогдуулан үнэ хаялцуулах ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн, ... зарыг нийтэд тавьсан ...” гэж маргадаг төдийгүй энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

            Талууд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0064747 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан, гэрээний дагуу Б.Ц нь “М” ХХК-иас 28 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлж, барьцаанд нь хүний дүрс бүхий сийлбэртэй шүрэн эдлэл, мөнгөн тоногтой эмээл тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-38 дахь тал/ Ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэн аль нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээс 11 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйн улмаас хариуцагч “М” ХХК-д Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан буюу барьцааны хөрөнгийг худалдан борлуулах эрх үүсчээ.

            Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулах талаар зээлдэгчид бичгээр мэдэгдсэн эсэх, үнэ хаялцуулах ажиллагаа явуулах зарыг хуульд заасан хугацаанд мэдээлж, холбогдох мэдээллийг тусгасан эсэх талаар маргаж, мэтгэлцдэг.

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг мөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 16, 24, 2017 оны 01 дүгээр сарын 31, 5 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Цын хаягаар Монгол шуудан ТӨХК-иар хүргүүлсэн байх боловч тухайн хаягт хүн байхгүй байсны улмаас гардуулж чадаагүй болох нь нотлогдож байна. /хх 155-158, 160-161 дэх тал/

Хариуцагч тал, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1, компанийн “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам”-ыг үндэслэн “ ... журмыг ил тод харагдахаар байршуулсан, нэхэмжлэгч журамд зааснаар хаягаа өөрчилсөн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй утсаар нь мэдэгдсэн” гэж мэтгэлцэх хэдий ч хэрэгт нэхэмжлэгч Б.Ц “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам”-тай танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1-д зааснаар уг журмыг талуудын гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй байна. /хх 40 дэх тал/ Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.Цд барьцаа хөрөнгийг худалдах талаар нэн даруй бичгээр мэдэгдсэн гэж үзэхгүй.

            Иргэний хуулийн 197 дугаар зүйлд үнэ хаялцуулах ажиллагаа явуулах журмыг зохицуулсан бөгөөд 197.13 дахь хэсэгт зохион байгуулагч нь үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доогүй хоногийн өмнө зарыг гаргах, уг зард ажиллагаа явуулах хэлбэр, газар, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох журам болон бусад мэдээллийг тусгахаар заажээ. Хариуцагч компани үнэ хаялцуулах ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар зарыг Зар мэдээ сонинд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, Өдрийн сонинд мөн сарын 10-ны өдөр гаргасан нь хэдий ч уг зард тусгах мэдээллийг бүрэн тусгаагүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэжээ. /хх 163-164 дэх тал/

            Түүнчлэн зээлийн барьцаанд тавьсан хөдлөх хөрөнгийн эзэн нь иргэн С.Лхамаа болох талаар зохигч талууд тайлбарлаж байхаас гадна хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээнд тэмдэглэгдсэн байна. /хх 31, 44, 172 дахь тал/

            Хариуцагч талын, барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар иргэн С.Лхамаад мэдэгдсэн талаар шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтаас үзвэл мэдэгдэх хуудас, шуудангийн байгууллагын тэмдэглэлийн огноо зөрүүтэйн гадна мэдэгдлийн агуулгад барьцааны хөрөнгийг худалдах үнийн тухай мэдээлэл тусгагдаагүй байна. /хх 41, 160 дахь тал/

Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт зааснаар барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч “М” ХХК нь уг үүргээ хэрэгжүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй учир барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хууль бус болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байна. /хх-22, 105-108 дахь тал/ Мөн нэхэмжлэгч талын тодорхойлж өгсөн утсаар Г.Хосбаярт шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй байхаас гадна нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан байх тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 165 дахь тал/

            Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/03239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Ч.ЦЭНД