Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00351

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 277 дугаар магадлалтай,  

*******гийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 61,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 61,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 51,613,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 9,511,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 486,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан *******, ******* нарын өмчлөлийн Ү-2201010925 дугаарт бүртгэлтэй, Г№00610185 гэрчилгээний дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ШЦХ 3-р байрны 3 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 277 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус үндэслэн хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 40,486,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 20,638,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...486,219 төгрөгийг... гэснийг ...360,382 төгрөгийг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 167,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас төлсөн 486,219 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...магадлалын хянавал хэсэгт ...Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал болон зээлдэгч ******* эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан эрхийнхээ хүрээнд алдангийн хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтээр зөвхөн хариуцагч нарт уг зээлээс болж хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарт зээлүүлсэн 25,000,000 төгрөгийн зээлийг бусдаас зээлж авч хариуцагч нарт өгсөн, энэ хүмүүст итгэж мөнгө өгснөөс болж бусдад их хэмжээний зээл, зээлийн хүү төлсөн, одоо ч төлж байгаа ба энэ тухайгаа ч нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, зээл, зээлийн хүү төлсөн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн буюу нэхэмжлэгч надад энэ хүмүүсээс болж үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн байхад зөвхөн хариуцагч ч нарт л хүнд нөхцөл үүссэн гэж үзэж төлбөрийн дүнг бууруулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, шударга ёсонд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. ...2019.01 дүгээр сараас 2020.03 дугаар сарын хооронд Ковид-19 цар тахалтай холбоотой эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндрэл Монгол Улсад үүсээгүй, энэ хугацаанд зээлийн үүргээ шударгаар биелүүлж, мөнгөө төлөх бүрэн боломж хариуцагч нарт хангалттай байсан гэж үзэж байна. Миний болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдахдаа хариуцагч нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд уг мөнгөөр өөрсдийн барьж байгаа байшиндаа ашиглана, байшингуудаа барьж дууссаны дараа худалдан борлуулаад чамаас авсан мөнгөө хүүтэй нь эргүүлж төлнө гэж хэлж, итгүүлж мөнгө зээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь өөрсдийн бизнестэй буюу нэг нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай бол нөгөө нь бизнесээ аваад явах бүрэн боломжтой юм. Энэ нь давж заалдах шатны шүүхийн ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэдэг дүгнэлтийг няцааж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу анзыг илт их байвал бууруулах эрх нь байдаг. Гэхдээ давж заалдах шатны шүүх алданги нь 12,363,750 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрсөн хэрнээ яг ямар үндэслэлээр алдангийг 90 хувиар бууруулж 1,236,375 төгрөг болгон бууруулсан нь ойлгомжгүй юм. ...Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн 2.г-д ....анзын хэмжээг багасгах бол зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг уялдуулж хуулийн зохицуулалтыг хэрэглэх.... гэдгийг зөвлөжээ. Хэрэгт хариуцагч нараас нэхэмжилсэн алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрээгүй, мөн хариуцагч нь 2020.06.30-ны өдөр гэхэд зээлийг бүрэн төлж барагдуулна гэсэн амлалт, баталгааны бичиг бичиж өгсөн тул миний бие 2020.06.30-ны өдөр хүртэл хүлээгээд хугацаандаа төлөөгүй тул 2020.07.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч миний бие алдангийг албаар ихэсгэсэн явдал огтхон ч биш бөгөөд гэрээнд заасны алданги шаардах эрх надад бүрэн байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр алдангийг 90 хувиар бууруулж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас 51,613,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 9,511,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 40,486,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 20,638,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.  

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019.01.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 18,750,000 төгрөг, алданги 21,875,000 төгрөг, нийт 65,625,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 4,500,000 төгрөгийг хасч, 61,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч *******, ******* нар ...зээлийн гэрээний үүргийн дагуу 40,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

11. Хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү нийт 39,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар давж заалдах шүүх шийдвэрлэсэнд зохигч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гомдолд дурдсан алдангийн хэмжээний талаар дүгнэлт хийнэ.  

12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, мөн зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилжээ. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тусгагдсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хүсэл зоригийг зөв тайлбарлан хариуцагч нарын үүргээ гүйцэтгээгүй хугацааг зөв тогтоож, *******гийн алданги шаардах эрхийн талаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалттай уялдсан байдлаар нь дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

13. Зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа болон зээлийн гэрээний хугацаа сунгасан үйл баримт, үүрэг сунгасан хугацаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа, ******* эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нараас гаргуулах алдангийг багасгасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

14. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх анзын хэмжээ илт их байвал багасгах тохиолдолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, хамтран зээлдэгчийн аль нэгний эрүүл мэндээс гадна зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдалд тулгуурлаж уг хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.  

Давж заалдах шатны шүүх хариуцагч нараас гаргуулах алдангийг багасгасан нь буруу биш боловч зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэргийг хэргийн үйл баримтаар тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийлгүй алдангийн хэмжээг оновчтой тогтоогоогүй тул залруулах боломжтой гэж үзлээ. 

15. Иймээс хоёр шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020.04.29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.07.01-ний өдөр хүртэл нийт 63 хоногийн алдангийг тооцсон 12,363,750 төгрөгийг 50 хувиар багасгаж, хариуцагч нараас 6,181,875 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

16. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын ...давж заалдах шатны шүүх алданги нь 12,363,750 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрсөн хэрнээ яг ямар үндэслэлээр алдангийг 90 хувиар бууруулж 1,236,375 төгрөг болгон бууруулсан нь ойлгомжгүй... гэсэн хэсгийг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 277 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус үндэслэн хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 45,431,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 15,693,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 385,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                    Б.МӨНХТУЯА 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД