Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/03095

 

 

 

 

 

 

 

2020            10             12                                            184/ШШ2020/03095

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт О-ын Д /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Шинэ цэргийн хотхон  дугаар байр,  тоотод оршин суух, О овогт Д-ын О /рд:/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Шинэ цэргийн хотхон  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Ц-ын Г /рд:/ нарт холбогдох

 

        Зээлийн гэрээний үүрэгт 61,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч О.Д, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч нарын өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: О.Д би Ц.Г, Д.О нартай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, алдангитайгаар зээлдүүлсэн юм. Үүний барьцаанд хариуцагч нарын нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ШЦХ 3-р байрны 3 тоотод байрлах, 39 м.кв талбайтай,  Ү-2201010925 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан баталгаажуулсны үндсэн дээр зээлдүүлсэн. Сарын 5 хувийн хүү болох 1,250,000 төгрөгийг сар бүрийн 29-ний өдөр төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн боловч 2 найз нь барилгын ажил жоохон удаашраад байна, миний найз түр хүлээж байгаач угаасаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, байшингуудаа борлуулангуутаа сар бүр төлөх ёстой 1,250,000 төгрөгийн хүүг нь бүх алдангитай  нь бүгдийг нь төлөхөө амлая, миний найз санаа зоволтгүй өөрийгөө түр аргалж байгаач гэсэн учир тэртээ тэрэнгүй байшингуудыг нь зарагдахаар бүх мөнгөө алдангитай нь авна гэж итгэн өөрөө ажил амьдралаа залгуулж явуулахын тулд хүнээс хүүтэй мөнгө зээлэн сар бүр хүүг нь төлж явсаар өөрийнхөө ч мөнгийг олж авсан зүйлгүй өнөөдрийг хүрсэн боловч мөн л 2 найз нь корона вирус гээд ажил удаашраад байна түр хүлээж байгаачээ гэх нөгөө л үгээ хэлсээр одоо шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Миний бие гадаадад хөлс хүчээ урсган байж ажиллан олсон эгчийнхээ байр авахаар цуглуулж байсан мөнгийг хүүтэйгээр өөр дээрээ хадгалан, бизнес хийж эргэлдүүлж, ашиг олох зорилгоор гуйж аван хадгалж байсан боловч тухайн үед лангуугаа булаалган бизнес маань зогссон байсан учир найдвартай хэмээн түр мөнгөө зээлдүүлсэн байсан юм. Одоо эгч маань 3 хүүхэд, нөхрийн хамт Европод ажилгүй, сар бүр өндөр байрны түрээс төлж, Монголдоо ирэхээр зардал хийх ч мөнгөгүй, Ц.Г, Д.Онарыг мөнгийг нь өгөхийг хүлээн, хүнд байдалд ороод байна. Миний бие “Сандэй” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг ба сар бүр авах ёстой хүү болох 1,250,000 төгрөгөөр бараа авах мөнгөндөө нэмэрлэн, бараа авсан мөнгөө нугалж ашиг олж, түрээс татвараа төлж ажлаа явуулах байсан бол сар бүр нэг ч төгрөгөө авч чадалгүй мөн Ц.Г, Д.О нарын хэлсэнд итгэн өөрөө хүнээс хүүтэй мөнгө зээл аван ажил, амьдралаа явуулсаар өдийг хүрлээ. Тиймээс Ц.Г, Д.Онараас аль байсан бүтэн 1,5 жилийн өмнө зээлдүүлсэн мөнгийг маань хүү, алдангийн хамт гаргуулж өгнө үү. Сая 5 дугаар сард хариуцагч нар нь өдөр шөнөгүй гуйж гувшуулан нэхүүлж байж 4,500,000 төгрөгийг увуулж цувуулан төлсөн ба одоо нийт 61,125,000 төгрөгийн төлөлт дутуу байна. Миний бие Ц.Г, Д.О нараас их хэмжээний мөнгөө авч чадахгүйн улмаас сар бүр мөнгөөрөө бараа аван, нугалж ашиг олох байсан асар их ашиг орлогоороо хохирч байгаа ба тэдний 1,5 жил төлөх ёстой байгаад төлөөгүй төлбөрийн мөнгө нь барьцаанд тавьсан 39 м.кв хуучны хаа байсан 5-н шараас цааш байрлах байрны үнээс давж гарсан тул энэхүү байрыг борлуулан мөнгийг маань яаралтай гаргуулж өгнө үү. Ц.Г, Д.Онар нь анх надаас мөнгө зээлэх үедээ Худалдаа хөгжлийн банканд байраа барьцаалж мөнгө зээлсэн байсан ба банкны зээлийн сар бүрийн төлөлт өндөр, 1 сарын л хүүгээ төлөөгүй нөхцөлд байраа алдах байсан тул би тус болж, мөнгөө итгэн зээлдүүлж, бүтэн 1 жил, 6 сар хүлээж өөрийнхөө хамаг ашиг орлогоор хохирлоо.

Тодруулсан шаардлагадаа О.Д миний бие Д.Онон, Ц.Ганбаатар нарт холбогдон гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийн утгыг дараах байдлаар тодруулж байна. Миний бие гаргасан нэхэмжлэлд зээлийн гэрээний үүрэгт 61,125,000 төгрөг гаргуулах мөн барьцаа хөрөнгө болох 39 м.кв орон сууцыг худалдан борлуулах замаар учирсан их хэмжээний хохирлыг маань барагдуулж өгөхийг хүсье гэсэн нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн утгыг илэрхийлэн бичсэн бөгөөд хуулийн нэр томъёог нарийн мэдэхгүй улмаас зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, хохирлыг маань барагдуулж өгнө үү хэмээн энэ үгээр тайлбарлан бичснийг тодруулж байна. Иймд нэхэмжлэл маань зээлийн гэрээний үүрэгт 61,125,000 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн 2 шаардлагатай болохыг тодруулж байна.

Хариуцагч Ц.Г, Д.Онар хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс болж би санхүүгийн хүндрэлд орж, эгчийнхээ мөнгийг өгч чадахгүй, өөрөө банкнаас зээл авч хүүгийн төлбөр төлж байгаа. Мөн би өөрийн эцэг эхийг асардаг, байнгын эмчилгээ, эм тарианы зардал гардаг. Ц.Г, Д.Онартай уулзах гээд очиход ээж нь гэрт нь байсан. Тийм өвчтэй, хүнээр харуулах хүн биш, эрүүл саруул сайхан хүн сууж байсан. Д.Онон ч надаас зээл авснаас хойш хагалгаа эмчилгээ хийлгээгүй, өмнө нь хийлгэсэн байсан. Надаас мөнгө зээлсэн нь энэ гэр бүлийн эрүүл мэндтэй холбогдолгүй учир хүү, алдангиас хасах боломж байхгүй.

Бид зээлийн гэрээний хугацаа дуусахад уулзаж, энэ 2 өөрсдөө гуйж байгаад 3 сараар сунгасан. Ингээд нийтдээ 15 сарын хугацааны хүү, алдангийг 50 хувиар тооцон нэхэмжлэл гаргасан байгаа. Үндсэн зээл 25,000,000 төгрөг, 15 сарын хүү 1 сарын хүүг 1,250,000 төгрөгөөр тооцон 18,750,000 төгрөг болж нийтдээ 43,750,000 төгрөг төлөөгүй, үүнээс 50 хувиар алданги тооцон 21,875,000 төгрөг нэмэгдэж 65,625,000 төгрөг болж байгаагаас хариуцагч нарын төлсөн 4,500,000 төгрөгийг хасч нийтдээ 61,125,000 төгрөг болж байгаа. Би энэ мөнгөө л нэхэмжилж байна. Үүнээс илүү хохирол алдагдал хүлээсэн байгааг хариуцагч нар ойлгох хэрэгтэй гэв.

 

Хариуцагч Ц.Г, Д.Онар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:О.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг  нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 3 дугаар байр, 3 тоот, 39 м.кв 3-н өрөө орон сууцаа барьцаалан зээл авсан уг мөнгийг 18,788,520 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499216336 тоот зээлийн данс руу О.Дгийн Хаан банкны данснаас шилжүүлж банкаас чөлөөлүүлж барьцаа хөрөнгө болох байрыг О.Дд барьцаалуулсан. Харин үлдэх 6,211,480 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд нийт 25,000,000 төгрөгөндөө зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэвч миний бие өвдөж эмнэлгээр шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт шалтаг шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн. Тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу байсан тул ажлаасаа гарч Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын тасагт Дискний ивэрхий гэсэн оношоор хагалгаанд орсон. Нурууны хагалгаа учир 1-2 сар хэвтэрт байсан учир нөхөр маань асарч ажлаа хийж чадахгүйд хүрсэн иймээс зээлээ төлж чадахгүй байсан нь үнэн билээ. Аав маань 2004 оноос хойш 3 удаа цусны даралт өвчний улмаас харвалт өгсөн. Ээж маань мөн бөөрний хавдар өвчний улмаас хагалгаанд орсон. Дүү н.Энхбаяр 4 мөчний саажилт гэсэн оноштой, 16 настай өөрөө өөрийгөө удирдах, авч явах чадваргүй тахир дутуугийн групт байдаг. Мөн 5-7 насны 2 хүүхэдтэй одоо жирэмсэн ахуй амьдрал маань иймэрхүү байна. Гэхдээ би хүнээс авсан мөнгөө, өр зээлээ аль болох хурдан төлж барагдуулна. Нөхөр маань барилгын компанид ажилладаг боловч дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал өвчний улмаас ажил нь зогсож, цалин орлого нь буурснаас өр зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Харин одоогийн нөхцөл байдлын үед бид цалин орлогоосоо О.Дд сард 1,000,000-1,500,000 төгрөг тогтмол өгч чадах болоод байгаа бөгөөд түүний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжгүй бөгөөд Үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны хүү 24 сараар 1,250,000*12= 15,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Дд зээлийн хүүнд Хаан банкны 5131207126 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сард 1,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн хүү нь 15,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа. О.Дд зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг сар болгон график гарган төлөх хүсэлтэй байх тул ойрын хугацаанаас төлөлтөө хийх болно.  

О.Дгийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. О.Дгаас 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

Би түүнд зээлийг нь /үндсэн зээл/ эхний ээлжинд төлөөд хүүнд нь 15,000,000 төгрөг төлье гэсэн хүсэлт гаргасан. Харин үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байр хэдийгээр бид хоёрын нэр дээр байдаг боловч ам бүл зургуулаа амьдардаг. Аав н.Дэмбэрэлсүрэн маань 2004 оноос хойш 3 удаа цусны даралт өвчний улмаас харвалт өгсөн. Ээж н.Сарантуяа маань мөн бөөрний хавдар өвчний улмаас хагалгаанд орсон, дүү н.Энхбаяр 4 мөчний саажилт гэсэн оноштой, 16 настай, өөрөө өөрийгөө удирдах авч явж чадваргүй тахир дутуугийн грүпт байдаг. Мөн 5-7 насны 2 хүүхэдтэй, одоо жирэмсэн амьдрал нэг иймэрхүү байна. Иймд байрыг худалдан борлуулж өгнө үү гэсэн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Дд зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг сар болгон график гарган төлөх хүсэлтэй байх тул ойрын хугацаанаас төлөлтөө хийх болно. Нөхрийн маань ах Хэнтий аймагт барилга барьж түүнд нь манай нөхөр туслаж ажиллаж байсан. Ажлын хөлсөнд байр өгнө гэсэн бөгөөд түүнийг нь зараад өрөө төлчихнө гэж тооцоолсон боловч барилгыг нь Улсын комисс хүлээж авахгүй удааширснаас болж зээлээ төлж чадахгүй болоод байна. Одоо төрчихсөн нялх биетэй хэсэгтээ ажил хийж чадахгүй, нөхөр маань наполеон тортны борлуулагчаар ажиллаж байгаа учир төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой. Алдангийг хасч, багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Г, Д.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Г, Д.Онартай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 2019 оны 01 сарын 29-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна. Мөн өдөр талуудын хооронд Барьцааны гэрээ байгуулагдаж 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Ц.Г, Д.Онарын өмчлөлийн Ү-2201010925 дугаарт бүртгэлтэй, Г№00610185 гэрчилгээний дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ШЦХ 3-р байрны 3 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Талууд дээрх хоёр гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлдүүлэгч О.Д нь зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн өгсөн, Ц.Г, Д.Онар мөнгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч О.Д нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

 Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөөгүйн улмаас талууд харилцан тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сараар сунгасан болох нь барьцааны гэрээний ард талд авагдсан “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэх баримтаар тогтоогдож байна. Талууд хэн аль нь гэрээний хугацаа сунгагдсан болохыг хүлээн зөвшөөрч, маргадаггүй.

 

Нэхэмжлэгч О.Д нь гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дууссан ба зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг, 15 сарын хүүг сарын 1,250,000 төгрөгөөр тооцон 18,750,000 төгрөг буюу нийт 43,750,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж үзэн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцон 21,875,000 төгрөгийн алдангийг нэмж нийт 65,625,0000 төгрөгийг төлөх ёстойгоос хариуцагч нарын төлсөн 4,500,000 төгрөгийг хасч тооцон нийт 61,125,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

Хариуцагч нар үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 43,750,000 төгрөг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг төлбөрөөс өөрсдийн төлсөн 4,500,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг эс зөвшөөрч, алдангиас чөлөөлүүлэх болон хасуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргадаг.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Талууд зээлийн гэрээний 2.7-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна. Хариуцагч гэрээний алданги тооцохоор тохирсон энэхүү нөхцлийн талаар маргадаггүй боловч өөрийн гэр бүлийн байдал, өрхийн орлого, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгааг дээрх хуулийн зохицуулалтад хамааруулан зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж, мөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэн шүүх багасгах үндэслэл байхгүй, боломжгүй гэж үзлээ.

Харин зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг тооцохдоо хариуцагч нараас зээлийн төлбөрт төлсөн 4,500,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн нийт төлбөр буюу 43,750,000 төгрөгөөс хасч тооцон 39,250,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна гэж үзэн үүнээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаа буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нийт 63 хоногийн алдангийг тооцон 12,363,750/1 өдрийн 196,250төгрөг * 63 хоног = 12,363,750/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр  хангуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас /416,019+70200/  486,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Д.О нараас 51,613,750 /тавин нэгэн сая, зургаан зуун арван гурван мянга, долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгож, үлдэх 9,511,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г, Д.Онараас 486,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан Ц.Г, Д.Онарын өмчлөлийн Ү-2201010925 дугаарт бүртгэлтэй, Г№00610185 гэрчилгээний дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ШЦХ 3-р байрны 3 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН