Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

                                                           

    2020           01             09                                         2019/ДШМ/66                                                  

 

Э.Б-, П.Ж-, Б.Г-,

Г.Г-, Б.Х-, М.Э-, Н.Ө- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа, шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, М.Хувцагаан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-, П.Ж-, Б.Г-, Г.Г-, Б.Х-, М.Э-, Н.Ө- нарт холбогдох 201726010872 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Э-ын Б-, Төв аймагт 1994 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, “Сорхон” сургуульд багш ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:000000000/

2. А овгийн П-гийн Ж-, Завхан аймагт 1995 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 0000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан.

3. Ц овгийн Б-ийн Г-, Орхон аймагт 1996 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн 18 дугаар дунд сургуулийн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 71 дүгээр байр 54 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Орхон аймаг Баян-Өндөр сум, 5 дугаар микро 0000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /РД: 000000000/

4. Я овгийн Г-ын Г-, Баянхонгор аймагт 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг, Мандал гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД: 0000000000/

5. Аваргууд овгийн Баянмөнхийн Х-, Завхан аймагт 1996 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, “Дум алт” ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 200а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД: 000000000/

6. Ш овгийн М-гийн Э-, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко энержи” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн “Ханс вилл” хотхоны 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД: 000000000/

7. Б овгийн Н-гийн Ө-, Улаанбаатар хотод 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 0 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД: 00000000000/

Э.Б-, М.Э-, П.Ж- нар Г.Билгүүнтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт орж дэлгүүрийн эзэн Б.Хонгорцэцэг рүү хүч хэрэглэн довтлон гарыг нь скочоор хүлж орхиод, 0,75 литрийн “Evок” архи 1 ширхэг, “Болор” архи 1 ширхэг, “Esse” тамхи 2 блок /20 хайрцаг/, “Parliament” тамхи 2 блок /20 хайрцаг/, “Samsung” загварын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө зэрэг нийт 774,000 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн,

 Б.Х-, Н.Ө-, Б.Г-, Г.Г-, Э.Б- М.Э-, П.Ж- нар Г.Билгүүнтэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-09 тоот хашаанд байрлах “Багана” хүнсний дэлгүүрт иргэн Б.Мөнхцэцэг, М.Хандсүрэн, М.Алтанбагана нарыг хүч хэрэглэн довтолж гарыг скочоор хүлж, М.Хандсүрэнгийн хоолойд хутга тулган, “Samsung s-3” загварын гар утас 1 ширхэг, “I phone s5” загварын гар утас 1 ширхэг, “Parliament” тамхи 10 хайрцаг, “Change Esse” тамхи 1 хайрцаг, “Mild seven” тамхи 9 хайрцаг, “Esse” тамхи 7 хайрцаг, “West” тамхи 8 хайрцаг, “Кеnt” тамхи 1 хайрцаг, хос ээмэг зэрэг нийт 409,700 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Б-, П.Ж-, Б.Г-, Г.Г-, Б.Х-, М.Э-, Н.Ө- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-, М.Э-, П.Ж- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-, Б.Х-, Н.Ө-, Б.Г- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар П.Жанчивсэмбийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Г.Г-, Б.Х-, Б.Г-, Н.Ө- нарыг тус бүрийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, М.Э-, Э.Б- нар тус бүрийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч П.Ж-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 жил хорих ялтай дүйцүүлэн хасч, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоног хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч П.Жанчивсэмбийн нийт эдлэх ялыг 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 65 хоног, шүүгдэгч П.Жанчивсэмбийн цагдан хоригдсон 35 хоног, шүүгдэгч Б.Г-гийн цагдан хоригдсон 20 хоног, шүүгдэгч М.Э-ын цагдан хоригдсон 65 хоног, шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 318 хоног, шүүгдэгч Б.Х-ийн цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч Н.Ө-ын цагдан хоригдсон 40 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Ө-д 3 жил 5 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд Н.Ө-д хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж, 18-70УНН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг өмчлөгч Ч.Баатархүүд буцаан олгож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 төгрөгийг тус хэрэгт шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 500,000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Б.Г-гаас 1,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын банк дахь 6352058472 дугаар дансанд байршуулсан тус барьцааны 1,000,000 сая төгрөгөөс 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-гаас гаргуулах 500,000 төгрөгт тооцон, улсын төсөвт шилжүүлж, үлдэх 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-д буцаан олгож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хяналтын камерын төхөөрөмжийг хохирогч Б.Мөнхцэцэгт буцаан олгож, бусад эд зүйл болох шалны мод, хутга, хар өнгийн маск, саравчтай малгай, скочны 2 хэсэг, скоч 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. “... Г.Билгүүн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан болох нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан нь баримтаар тогтоогдсон тул хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд “Яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол ...” гэж заасан. Гэтэл энэ хэрэгт Г.Билгүүн идэвхтэй үйлдлүүд хийсэн нь гэрчүүд, бусад сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгүүд болон өөрийнх нь мэдүүлэгт дурдсан байдаг. “Зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол ...” гэж заасан. Энэ нь Г.Билгүүний хувьд тогтоогдохгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч П.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Орхон” хүнсний дэлгүүрт гарсан дээрмийн хэрэгт би ямар нэгэн байдлаар оролцоогүй байхад шүүх уг хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Хохирогч Хонгорцэцэг нь миний гэрэл зургаар таньж байгааг гайхаж байна. Уг таньж олуулах ажиллагаа явуулах үед би цагдаагийн байгууллагад шалгагдаад байнга очиж байхад намайг оролцуулалгүй, гэрэл зургаар таниулсанд гомдолтой байна.

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Багана” дэлгүүрт гарсан хэрэгт 5 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд бид нарыг зодож мэдүүлэг авахгүйгээр бэлэн бичсэн мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан. Дараа нь хэргийн материалтай танилцаж байхад Б- бид хоёрын өгсөн мэдүүлгүүд ямар ч үг, үсгийн зөрүүгүй бичигдээд гарын үсэг зурагдсан байсан. Би цагдаагийн алба хаагч нарт зодуулсан тэр өдрөө 461 дүгээр ангид хоригдохоор очиход миний биед хийсэн үзлэгээр тодорхойлогдоно. Намайг 461 дүгээр хорих ангид хүлээн авч үзлэг хийсэн албан хаагч нь миний биед учирсан гэмтлүүдийг тэмдэглэн авсан. Үүгээр эрүүдэн шүүсэн нь тогтоогдоно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхад миний эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу ...” гэв.

 Шүүгдэгч П.Жанчивсэмбийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” хэргийг тусгаарлан хэлэлцэж болохоор хуульчилсан. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Орхон” хүнсний дэлгүүрт гарсан дээрмийн хэрэгт Г.Билгүүний мэдүүлгээр Э.Б-, М.Э-, П.Ж- нарыг гэмт буруутайд тооцсон. Гэтэл Э.Б-, М.Э-, П.Ж- нар нь уг дээрмийн хэрэгт оролцоогүй гэдэг. Уг хэрэг болон 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Багана” дэлгүүрт гарсан дээрмийн хэргүүдэд Г.Билгүүний үйлдэл оролцооны хувьд түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж хуульчилсан байна. Шүүх Г.Билгүүний оролцоогүй хэргийг шийдвэрлэх боломжгүй байхад хэргийг буруу тусгаарласан.

Таньж олуулах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн. 3 дугаар хавтас хэргийн 218 дугаар хуудаст Хонгорцэцэгээс авсан тайлбарт “Тухайн залуучууд бүгдээрээ хар бараан өнгийн хувцастай, бүгд малгайтай цамцны малгайг өмссөн, хар маск, саарал ажлын бээлийтэй байсан, нүүр царайг нь сайн анзаарч чадаагүй,  23-28 насны залуучууд байсан, эхэлж орж ирсэн хоёр залуу нь 170-180 см өндөртэй, сүүлд орж ирсэн хоёр залуу нь 160-170 см өндөртэй, эхэлж орж ирсэн залуу нь бага зэрэг махлагдуу, дараа нь орж ирсэн нь туранхайдуу байсан.”, 221 дүгээр хуудаст Хонгорцэцэгээс дахин авсан тайлбарт “Миний амыг боосон залууг харвал гадарлах байх, бусдыг нь танихгүй.”, 250 дугаар хуудас Хонгорцэцэгийн мэдүүлэгт “Хар өнгийн цамц, бээлий, масктай эхэлж орж ирсэн 2 залуугаасаа арай намхан, ер нь зүс гадарлана.” гэжээ. Энэ мэдүүлгүүдээс Хонгорцэцэг нь таних гэж байгаа хүмүүсийнхээ ямар шинж тэмдгээр таних гэж байгаа тухайгаа болон таньж олуулах ажиллагааг хийхээс өмнө тодорхойлж хэлж чадаагүй байна. Түүгээр барахгүй дэлгүүрт нь орж ирсэн хүмүүсийг танихгүй гэж байгаа нь таньж олуулах ажиллагааг хийх хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана.” гэжээ. 4 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудаст таньж олуулах ажиллагаа, 32-33 дугаар хуудаст таньж олуулах ажиллагааны гэрэл зураг хавтаст хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараахь тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болно”, 9.3 дахь хэсэгт “таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй бол” гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулахаар хуульчилсан байна. Гэтэл танигдах хүмүүс нь бүгд оролцох боломжтой байхад таньж олуулах ажиллагаанд оролцуулаагүй нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна. Таньж олуулахын өмнө таньж олох хүнийг бусад хүний дунд дуртай байрлалаа эзлэхийг хэлж, тэмдэглэлд тусгана”, мөн зүйлийн 8 дугаар хэсэгт “Тусгайлан хүмүүс бэлдэхгүйгээр олон хүн цугларсан газар таньж олох хүн байгаа эсэхийг гэрч, хохирогч, яллагдагчид харуулж таньж олуулж болно” гэж таньж олуулах ажиллагааг явуулах журмыг хуульчилсан. Таньж олуулах ажиллагааг явуулсан гэрэл зургууд нь зарим нь суугаа буюу цээж хэсэг, зарим нь босоо байрлалд, таних гэж байгаа хохирогч нь 170-180, 160-170 гэх мэтийн өндрийн талаар тодорхойлж хэлж байхад өндрийг тодорхойлсон ямар нэгэн хэмжээс байхгүй байсан. Хохирогч өндрийг хэрхэн тодорхойлж таньж байгааг таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгаагүй, танигдаж байгаа хүмүүстэй ойролцоо дүр төрхтэй хүмүүсийн гэрэл зураггүйгээр таньж олуулах ажиллагааг явуулсан. Таньж олуулах ажиллагааг явуулсны дараа авсан мэдүүлэгт мөрдөгч нь дөрвөн хүний зургийг заасан, “эдгээр хүмүүс мөн гэдэгт итгэлтэй байна уу” гэж асуухад “Би эдгээр дөрвөн залууг мөн гэдэгт итгэлтэй байна” гэж хариулсан байна. Үүнээс харахад таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ”, 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй” байхаар хуульчилсан байна.

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Багана” дэлгүүрт гарсан хэрэгт хохирогч, гэрч яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд эдгээр хүмүүсийн хүсэл зоригоос үл хамаарч хохирогч Мөнхцэцэгийн нөхөр Р.Мөнхтогоо гарч ирснээр үйлдэл нь таслан зогсоогдсон.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”. Эрүүгийн хуулийн дээрх заалтаас харахад эдгээр хүмүүсийн үйлдэл нь төгссөн завдалт байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан байхад эрүүгийн хариуцлага ноогдуулахдаа Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлаагүй.

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж заасан байхад гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоог ялгаагүй, хэн зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч болохыг тогтоогоогүй. Эдгээр хүмүүсийн үйлдэл оролцоог тодорхой болгосноор тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар байна.

Г.Г-ыг хутгатай явсан талаар бусад нь мэдээгүй гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй.” байхаар заасан. Гэтэл Г.Г- нь зөрчиж гүйцэтгэсэн эсэхийг тогтоогоогүй. Хэрэв Г.Г- нь зөрчиж гүйцэтгэсэн байвал бусад оролцогч нарын үйлдэл өөр зүйлээр зүйлчлэгдэх боломжтой.

П.Ж- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заатуудад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцоогүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг зөрчиж эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул П.Жанчивсэмбийн ял дуусгавар болсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч П.Жанчивсэмбийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан үндэслэлүүд болон анхан шатны шүүхээс хэргийг буруу тусгаарласан гэх үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Билгүүн нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Орхон” хүнсний дэлгүүрт иргэн Б.Хонгорцэцэгийн гарыг скочоор хүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, нийт 774,000 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн, шүүгдэгч Б.Х-, Н.Ө-, Б.Г-, Г.Г-, Э.Б-, М.Э-, П.Ж- нартай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Багана” дэлгүүрт иргэн Б.Мөнхцэцэг, М.Хандсүрэн, М.Алтанбагана нарын гарыг скочоор хүлж М.Хандсүрэнгийн хоолойн тус газарт хутга тулган, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, нийт 409,700 төгрөгийн хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус зохион байгуулагчаар оролцсон байхаас гадна гүйцэтгэгчээр оролцсон. Дээрх гэмт хэргүүдэд хохирогчдын амыг скочдох, гарыг нь хүлэх, үг хэлээр айлган сүрдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл оролцоо нотлогдсоор байхад Г.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан ... шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь, хэргийн бодит байдал, гэмт хэрэгт хэн ямар оролцоотой байсан, гэмт хэргийг хэн санаачлан зохион байгуулсан зэрэг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн этгээдүүдэд ял ялгамжтай оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзсэнгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд хэргийг тусгаарлаж хэлэлцэхдээ 1.1 дэх заалтад “Яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол”, 1.2 дахь заалтад “Зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж тус тус заасан үндэслэлүүд эрүүгийн хэрэгт тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгч П.Ж- нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байна. Анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуульд заасан “танхайрах” гэмт хэрэгт заасан бүрэлдэхүүний шинжүүд нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан “танхайрах" гэмт хэргийн шинжээс өөрөөр хуульчлагдсан учраас гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад шүүгдэгч П.Жанчивсэмбийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж, дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г- нарт холбогдох хэргээс шүүгдэгч Г.Билгүүнийг тусгаарлах нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна. Учир нь, шүүгдэгч Г.Билгүүний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул түүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах нь гэмт хэргийг хэн үйлдсэн, ямар оролцоотой байсан, зэвсэг хэрэглэхээр тохиролцсон эсэх талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой юм. 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Г.Билгүүн сэжигтнээр мэдүүлэхдээ “... бид нар гарахдаа хар өнгийн иштэй том балиус хутга, хар өнгийн иштэй жижиг хутга зэргийг авсан байсан...” гэж мэдүүлсэн бол бусад шүүгдэгч нар хутга хэрэглэх талаар мэдэхгүй гэдэг.

Шүүхээс шүүгдэгч Г.Г- нарт холбогдох хэргээс шүүгдэгч Г.Билгүүнийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталж  шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаартай шүүхийн тогтоолын 1 дэх заалтаар “Шүүгдэгч Г.Г- нарт холбогдох эрүүгийн 2014260005591 тоот хэргээс шүүгдэгч Г.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарласугай” гэж заасан. Гэтэл Г.Г- нарт холбогдох хэрэг нь 201726010872 дугаартай байхад ямар хэргээс шүүгдэгч Г.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хэрэв шүүгдэгч Г.Билгүүнд холбогдох 2014260005591 дугаартай хэрэг байсан бол уг хэргийг нэгтгэсэн, тусгаарласан эсэхийг шалгах шаардлагатай. Мөн шүүгдэгч Г.Билгүүнд холбогдох хэргийг тусгаарласан тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан боловч шийтгэх тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Э- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би уг хэрэгт холбогдсон 3 жилийн хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ухаарсан. Энэ хугацаанд амьдралаа шинээр эхэлж, ажил мэргэжилтэй болж, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүүтэй болсон. Би 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь миний гэр бүлд сэтгэл санааны болон санхүүгийн маш хүнд байдал үүсээд байна. Би өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, энэ хэрэгт хохирол гомдолгүй болсон  тул залуу хүний хойшдын амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 4 жилийн хорих ялаас хасч өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Б- “өрөнд орсон, мөнгөний хэрэг байна, туслаач” гэсний дагуу уг хэрэгт оролцсон байдаг. Найз охин Зулаагаа энэ хэрэгт оруулахгүй гээд гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад нь “эсрэг талын гудамжинд ороод байж бай” гэж нөгөөдүүл нь ярьсан. Дээрэм хийх үед дотогш ороогүй автомашинаар үйлчилж энэ хэрэгт холбогдсон. Э- хийсэн хэргээ хэрэг бүртгэлтийн шатнаас үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Энэ хэргийн зохион байгуулагч болон гүйцэтгэгчээр Э-ыг гэж үзсэн нь үндэслэл муутай. Учир нь, хэргийн холбогдогч Ж-, Г-, Х-, Э- нар мэдүүлэхдээ Б- “караоке ажиллуулж байгаад түрээсийн мөнгөө өгч чадахгүй, мөнгөний хэрэг гарлаа” гээд хулгай, дээрэм хийж мөнгө олохоор үг, яриа, үйлдлийг дэмжиж гэмт хэрэг үйлдсэн байдаг. Эндээс дүгнэж үзэхэд энэ хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч нь Б- болох нь тодорхой байна. Э-ыг энэ хэргийн зохион байгуулагч гэж үзэн, 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэл муутай дүгнэлт болсон. Иймд Э-ын хэрэгт оролцсон оролцоо, хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, хэргийг үйлдэх болсон сэдэлт зэргийг харгалзаж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэмт хэрэг болохоос өмнө Архангай аймгийн Цэнхэр суманд “Алтай гоүлд” ХХК-д ажилладаг байсан ... уурхай явах хувийн бэлтгэлээ хангаад ажлын тоног төхөөрөмжөө ачилцаж байтал Б- залгасан. Намайг гаргаж өгөх гэж байна гэж бодоод караокед очсон. Ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд бүгд цугларсан байсан. Бид бүгд гарсан. Би Билгүүн, Ж- хоёртой такси барьсан. Дөрвөн зам руу явж байтал  Үндэсний телевизийн буудал дээр дуудсан. Тэнд уулзаад машиндаа давхарлаж суусан. Би нойр муутай явсан учир сэрж, унтаад явж байсан учраас хаана явж байгаагаа мэдээгүй. Ө-, Э- бид гурваас бусад нь буугаад би машинд унтаж үлдсэн. Тэр хэд ирээд би сэрсэн. Маргааш нь өөрсдөө очно гэж ярьж байсан. Юу ярьсныг нь сайн ойлгоогүй гэртээ буусан. Маргааш өглөө нь Архангай аймаг явсан. Миний хувьд дээрмийн хэрэгт ямар ч амлалт өгч, дэмжлэг үзүүлээгүй байхад намайг ялласанд гомдолтой байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2 дахь хэсэгт зааснаас харвал энэ гэмт хэргийг идэвхтэй, санаатай хэлбэрээр үйлдсэн байхыг хуульчилсан байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Х- нь Б.Г-, Г.Г-, Э.Б-, М.Э-, П.Ж-, Г.Билгүүн нартай “Багана” гэх хүнсний дэлгүүрт огт ороогүй, мөн дээрх этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн эсэхийг огт мэдээгүй, мөн хохирогч Хандсүрэн, Мөнхцэцэг, Алтанбагана нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдэл огт хийгээгүй. Харин Э-, Ө- нартай хамт автомашинд, арын суудал дээр унтаж байсан. Гэтэл түүнийг дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.Х-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Б.Х-ийг хамжигчаар гэмт санаа үйлдлээрээ нэгдэн, хамтран оролцсон гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар дээрмийн гэмт хэргийг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэж үзэхээр байна. Гэтэл Б.Х- нь гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлээгүй, мөн урьдчилан амлаагүй. Харин бусдыг гэмт хэрэг үйлдэх гэж байгааг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй нь нотлогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Б.Х- нь Э.Б-, М.Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдээлээгүй учраас үл мэдээлэгч гэж үзэх  үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэг болгон өөрчилж, 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Билгүүний мэдүүлгээр ямар ч нотлох баримтгүйгээр энэ хэрэгт давтан яллагдаж байгаадаа харамсаж байна. Гэм буруугаа маш сайн ойлгож байгаа ... ” гэв.

Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Н.Ө-, Б.Х- нар энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүмүүс тул цагаатгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Г- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргадаггүй. Тэрээр үйлдэл дээрээ баригдсан. Дээрмийн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу эхэлснээр төгсдөг, хохирол шаарддаггүй гэмт хэрэг юм. Шүүгдэгч анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхээс Г.Г-д 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55¹ дүгээр зүйлд ялын доод хэмжээг заагаагүй учир эдлэх ялыг багасгаж өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч нар гурван асуудал дээр маргаж байна. Нэгдүгээрт: Г.Билгүүний хэргийг буруу тусгаарласан. Хоёрдугаарт: “Орхон”  хүнсний дэлгүүрт гэмт хэрэг үйлдээгүй. Гуравдугаарт: Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг буруу нэмж нэгтгэсэн. Мөн зарим шүүгдэгч нарын хувьд огт энэ гэмт хэргийг үйлдээгүй гэсэн байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч П.Ж-, Э.Б- нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. М.Э-, Г.Г- нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр шүүгдэгч нар гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлгээр мөн нотлогдсон. Таньж олуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Эрүүдэн шүүсэн асуудал хэрэгт баримтаар авагдаагүй, ганц шүүгдэгч Г.Г-ын биед хөхрөл тогтоогдсон. Үүнийг анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд тайлбарлахдаа Г.Г- нь хутгаа далайхад хохирогчийн нөхөр үйлдлийг таслан зогсоохоор гэмтэл учруулсан гэж үзсэн. Шүүгдэгч нар анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгд хэргээ хүлээдэг. 2 дахь байцаалтад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө бүгд мэдүүлгээсээ буцах, зөрөх асуудал гарсан. Хэдийгээр шүүгдэгч нар мэдүүлгээсээ зөрсөн ч хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Билгүүний мэдүүлгээр давхар нотлогдож байна. Харин хамжигч гэж дүгнээд ялласан асуудалд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүлэглэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Тиймээс энэ хэрэгт хамжигч, гүйцэтгэгчийн талаар асуудал яригдахгүй. Мөн хутга хэрэглэсэн, хэрэглээгүй гэж зарим өмгөөлөгч нар маргаж байна. Хутгатай байсан нь шүүгдэгч Г.Г-, Г.Билгүүн нарын мэдүүлгээр, мөн хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон. Дээрмийн гэмт хэрэг нь довтолгоон эхэлснээр төгсдөг учир завдалтын асуудал яригдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн 1122 тоот шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй ....” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-, П.Ж-, Б.Г-, Г.Г-, Б.Х-, М.Э-, Н.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Э.Б-, М.Э-, П.Ж- нар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт саравчтай малгай, амны хаалтаар нүүрээ далдлан орж дэлгүүрийн эзэн Б.Хонгорцэцэг рүү хүч хэрэглэн довтолж гарыг нь скочоор хүлж амыг нь дараад, хяналтын камерыг ажиллагаагүй болгож 0,75 литрийн “Evок” архи 1 ширхэг, “Болор” архи 1 ширхэг, “Esse” тамхи 2 блок /20 хайрцаг/, “Parliament” тамхи 2 блок /20 хайрцаг/, “Samsung” загварын гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө зэрэг нийт 774,000 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг,

Э.Б-, П.Ж-, М.Э-, Б.Г-, Г.Г- нар  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-09 тоотод байрлах “Багана” хүнсний дэлгүүрт саравчтай малгай, амны хаалтаар нүүрээ далдлан орж, хяналтын камерыг ажиллагаагүй болгон, дэлгүүрийн эзэд болох Б.Мөнхцэцэг, М.Хандсүрэн, бага насны хүүхэд М.Алтанбагана нар руу хүч хэрэглэн довтолж гарыг нь скочоор хүлж, М.Хандсүрэнгийн хоолойд хутга тулган, “Samsung s-3” загварын гар утас 1 ширхэг, “I phone s5” загварын гар утас 1 ширхэг, “Parliament” тамхи 10 хайрцаг, “Change Esse” тамхи 1 хайрцаг, “Mild seven” тамхи 9 хайрцаг, “Esse” тамхи 7 хайрцаг, “West” тамхи 8 хайрцаг, “Кеnt” тамхи 1 хайрцаг, хос ээмэг зэрэг нийт 409,700 төгрөгийн эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: 

хохирогч Б.Хонгорцэцэгийн “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны ... орой 23 цагийн үед дэлгүүрт махлагдуу гарандаа ажлын саарал бээлийтэй, амандаа хар масктай, хар малгайтай цамцтай, 27 орчим насны, 170-180 орчим өндөртэй эрэгтэй, мөн хар масктай, саарал ажлын бээлийтэй, 25 орчим насны 170-180 орчим өндөртэй, хар малгайтай цамцтай эрэгтэй хүнтэй орж ирсэн. Эхэлж орж ирсэн нь миний амыг дарж, араас нь орж ирсэн залуу камер унтраасан ... араас нь саарал цамцтай, бээлий, масктай, бас хар цамцтай, бээлий, масктай, эхэлж орж ирсэн хоёроос арай намхан хоёр залуу орж ирсэн. Миний амыг дарсан залуу “өнөөдрийн орлого хаана байна” гэхээр нь хормогчны халаасанд байгааг хэлтэл “би өөрөө авна, дуугүй байх юм бол ямар нэгэн юм болохгүй” гэж хэлээд миний халаасанд байсан 50,000 орчим төгрөгийг авсан. Камер салгасан залуу сүүлд орж ирсэн саарал цамцтай залуутай нийлээд архины лангуунаас Соёмбо, Евок, Болор архинуудыг авсан ... миний амыг дарж байсан залуу намайг арын өрөөнд оруулаад, сүүлд орж ирсэн жижиг залуу миний ам, гар хөлийг скочоор ороосон. Тэд юм ухан онгичоод байгаа нь надад сонсогдож байсан ... ” /3-р хх 249-250, 4-р хх 1/

“... эхлээд хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр нь бусдаасаа нилээд өндөр, нэг нь махлаг, нөгөө нь туранхайвтар байсан. Араас нь орж ирсэн хоёр нь жижиг биетэй, туранхайвтар хүмүүс байсан ... тухайн үед нэгнийгээ “Билгүүн”, “Билгээ” гэж дуудаж байсан ... таньж олуулах ажиллагаагаар заасан 4 хүнийг мөн гэдэгт итгэлтэй байна ...” /4-р хх 28-29/,

хохирогч Б.Мөнхцэцэгийн “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчим дэлгүүрээ хаах гэтэл охин Хандсүрэн “ээжээ олон хүмүүс ороод ирлээ” гэхээр нь камераа харахад бараан хувцастай залуучууд орж ирсэн байсан. Тэгтэл арын өрөөнд хар малгайтай цамцтай, саарал өмдтэй, хар масктай, 175-180 см өндөртэй, махлагдуу залуу манай охины хоолойд хутга тулгаад, намайг араас бариад авсан. Хажуугаар нь урагшаа унжсан халимаг үстэй, туранхай, 180 см орчим өндөртэй залуу камер салгасан ... намхан, ногоон куртиктай залуу манай охин болон намайг скочоор хүлсэн. Охиныг хүлж байхад ногоон куртиктай залуугийн өмдний арын хэсэгт хутга байхыг харсан. Бүдүүн залуу “надад мөнгө хэрэгтэй байна, та мөнгөө гаргаад өгчих” гэхээр нь “мөнгө дэлгүүрт байгаа” гэсэн. “Сейфний түлхүүрээ өг, эвээр хэлж байхад өгөхгүй бол ална шүү” гэхээр нь “өрөөний хаалганы дээд талд байгаа” гэсэн. Түлхүүрийг аваад сейфийг онгойлгох гэж оролдоод “энэ чинь машины түлхүүр байна” гэсэн ... сүүлд гаднаас дахин нэг өндөр туранхай залуу орж ирэхэд бүдүүн залуу “сейфний түлхүүр нь лангуун доор цүнхэнд байгаа гэнэ, аваад ир” гэсэн. Нөгөө залуу дэлгүүрээс миний цүнхийг аваад ороод ирсэн ба дэлгүүр дотор бас нэг залуу бараа, эд зүйл оролдоод байгаа нь сонсогдож байсан. Яг хэдэн хүн байгааг нь мэдээгүй. Ямар ч байсан арын өрөөнд 4 хүн орж ирсэн ... тэгтэл манай 1 нас 7 сартай охин цаад өрөөнөөс гараад ирэхэд нэг нь “жаахан хүүхэд байна шүү” гэж хэлэхэд “наад хүүхдээ цаашаа аваад ор” гэсэн. Нэг нь “хөөе, бас нэг хүүхэд байна” гээд манай хүү Алтанбаганыг хүл гэсэн ... би бүдүүн залуугаас “миний хүүхдүүдийг битгий оролдоорой, би хүссэн бүгдийг чинь өгье” гэж гуйсан. Бүдүүн залуу намайг сейфний хажууд авчираад байж байтал “хүн ирлээ” гэж өрөөнд байсан нэг залуу орилж, бүгдээрээ зугтсан ... би араас нь гараад буцаад  иртэл манай нөхөр нэгийг нь барьсан байсан. Миний цээжний баруун дээд хэсэгт бүдүүн залуу тохойгоороо дарсан, мөн хүзүү улайж зулгарсан байна ...” /1-р хх 45-47/,

хохирогч М.Хандсүрэнгийн “... Дэлгүүрийн хаалга дуугарч хүн орж ирэхээр нь камер хартал өндөр биетэй эрэгтэй хүн лангуу руу шууд хүрээд ирсэн. Би “хөргөгчнөөс ундаа авах гэж байна” гэж бодоод дэлгүүрт орох гэтэл өөдөөс өндөр, бүдүүн биетэй хар малгайтай цамцтай, бэлтгэлийн саарал өмдтэй, амандаа масктай залуу хоолойд хутга тулгаад “цаашаа бол мөнгөө гаргаад ир” гэсэн. Би хойшоо ухартал нөгөө бүдүүн залуу ээжийг бариад авсан. Нэг намхан залуу орж ирээд скочоор ээж бид хоёрыг хүлсэн. Намайг намхан, ногоон цамцтай залуу чирэхээр нь би эсэргүүцтэл нөгөө залуу миний хоолойг багалзуурдсан. Намайг өрөө рүү аваад ороход тэр өрөөнд манай дүү Алтанбагана байсныг харчихаад “өө бас нэг хүүхэд байна” гэтэл нэг залуу араас орж ирээд “хүлэхгүй бол болохгүй” гээд ногоон нацист куртиктай залуу манай дүүг скочоор хүлээд орон дээр байсан “I phone 5” загварын гар утсыг авсан. Ногоон цамцтай залуу нөгөө ногоон куртиктай залуугаа “чи цаашаа ор, би энэ хоёрыг харж байя” гэсэн. Удалгүй “хүн ирлээ” гээд зугтаж байгаа чимээ гарсан. Ногоон цамцтай залуу гарах гэж байхад нь аав ороод ирсэн ба тэр залуу өрөөнд унасан байсан хар иштэй том хутгыг аваад аав руу далайсан. Аав урт шалны модоор биеэ хамгаалсан ... манай арын өрөөнд 4 хүн орж ирсэн, цаана дэлгүүрт хүмүүс байх шиг байсан боловч яг хараагүй ...” /1-р хх 48/, /4-р хх 211-212/,

насанд хүрээгүй хохирогч М.Алтанбаганын “... гэрийнхээ том өрөөнд дүүгээ хараад байж байтал ээж, эгч хоёр хашгираад эрэгтэй хүний дуу хоолой сонсогдоод байхаар нь аав руу залгаад “манай дэлгүүрт хүмүүс орж ирээд ээжийг дээрэмдэж байна” гэж хэлсэн. Би айгаад тэр өрөөнд ороогүй. Тэгтэл эгчийг цаад өрөөнөөс нэг намхан, ногоон цамцтай залуу чирч орж ирэхдээ намайг хараад “энд хүүхэд байна” гэж хэлсэн. Цаанаас ногоон куртиктай залуу орж ирээд миний гар, хөлийг скочоор хүлж газар хэвтүүлээд орон дээр байсан миний гар утсыг авсан. Удалгүй аав хашгираад ороод ирсэн ...” /1-р хх 49, 4-р хх 215/,

гэрч Р.Мөнхтогоогийн “... манай хүү Алтанбагана утсаар залгаад “ээжийг хүмүүс дээрэмдэж байна” гэж шивнэж ярьсан. Би шууд гэртээ ирэхэд дэлгүүрт хар масктай нэг хүн харагдсан ... шалны мод бариад гүйгээд ороход 3 хүн дэлгүүрийн хаалгаар зугтсан. Би буцаад эргэхэд том өрөөнөөс масктай, хутгатай хүн гарч ирээд урдаас дайрсан. Би шалны модоороо эрүү орчимд нь цохиод унагахад хутга нь газар унасан. Манай найз Ганбаатар араас орж ирээд бид нөгөө залууг дэлгүүрээс авч гарсан. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн ...” /3-р хх 82-84/,

гэрч Д.Ариунсайханы “... Б- “Аялгуу” нэртэй караокег 2016 оны 10 дугаар сараас түрээсэлж байгаа. 2017 оны 1 сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөөгүй. 2 сард түрээс өгөхгүй, холбоо барихгүй алга болсон ... манай түрээсийн 2-3 сарын мөнгийг өгөөгүй ...” /4-р хх 221-223/,

шүүгдэгч Э.Б-ийн сэжигтнээр “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед “Аялгуу” караокед Хайдав, Женко, Эрдэнээ, Зулаа, Билгүүн, Гармаа, Ганаа нарын хамт уулзахад “караокег хүлээлгэж өгөх гэтэл 6-7 сая төрөг дутаад байна, би өрөнд орчихлоо, мөнгө олдохгүй байна, вьетнам засварын газар дээрэмдэх үү” гэж санаа гаргахад тэд нар бүгд зөвшөөрсөн ... замын эсрэг талын эмийн сангаас 7 ширхэг хар маск худалдан авч зүүхээр тохирсон ... Эрдэнээ “зурагтад вьетнам засвар байгаа” гэхээр нь бүгд тийшээ явсан боловч бас хаалттай байсан ... Женко, Хайдав, Билгүүнээ гурав “зурагт дээр ирсэн байна” гэхээр нь зурагт руу явсан. Тэндээс бөөнөөрөө нэг машиндаа суухад Эрдэнээ “надад мэддэг дэлгүүр байгаа, дээрэмдье” гэсэн санаа гаргаж, бүгд зөвшөөрч үгсэн тохирсон. Эрдэнээгийн заасан дэлгүүрт 23 цагийн үед очсон. Хэсэг ажиглаж урд хойгуур нь явахад цонхоор 2 хүн л харагдаж байсан. Би түрүүлж ороод худалдагч эмэгтэйг  барьж аваад караокеноос авч гарсан хар өнгийн 10-15 см урттай гал тогооны хутгаар сүрдүүлж, айлгах гэж авсан хутгаа барьж орсон юм. Эмэгтэйд “та орилж, хөдлөхгүй бол бид нар яах ч үгүй” гэж хэлсэн. Араас Ганаа, Билгүүнээ, Женко нар орж ирээд “өдрийн орлогыг нь авна” гэсэн чинь мөнгөө сейфэнд хийсэн байсан учраас удсан. Цаанаас хүүхэд гараад ирсэн. Женко, Билгүүнээ хоёрын нэг нь “хүн ирж байна” гэхээр нь бид нар дэлгүүрээс нь гараад тараад зугтаасан. Би гарахдаа 2 ширхэг хутга авсан. Шалтгаан нь вьетнамуудыг айлгах байсан ...” /1-р хх 209-210/,

 яллагдагчаар өгсөн “... Э-, Х-, Ө- гурав багажаа авахаар орсон. Тэр хооронд нь Билгүүн, Г-, Ж-, Г- бид нар тамхи авахаар дэлгүүр хайж яваад “Багана” дэлгүүрийн үүдэнд очсон. Тамхины мөнгө бага байсан учраас дэлгүүрийн цонхоор харахад хүн байхгүй байхаар нь хулгай хийх санаа төрсөн. Тэгээд Г- эхэлж ороод араас нь би орсон. Нилээд удаан зогссон боловч  хүн гарч ирээгүй. Г- бид хоёр лангууны араас тамхи авахаар явтал цаад өрөөнөөс нэг эгч гарч ирээд орилсон. Бид хоёр сандараад тэр эгчийг барьж аваад “тамхи аваад гарлаа” гэсэн чинь Г- скоч гаргаж ирээд гарыг нь хүлсэн. Тэгтэл нэг нь “хүн ирлээ” гэж хашгираад бид нар зугтсан... /4-р хх 50-51/,

яллагдагчаар дахин өгсөн “... Аялгуу караокег би түрээслэж байсан. Манайд Билгүүн бармен, Г- туслах тогооч хийдэг байсан ...” /5-р хх 13-14/,

 

шүүгдэгч П.Жанчивсэмбийн сэжигтнээр өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны 21 цаг өнгөрч байхад “Аялгуу” караоке бааранд Хайдав, Б-, Эрдэнээ, түүний найз охин Зулаа, Билгүүн, Гармаа, Ганаа нарын хамт уулзаад “4 замд байдаг вьeтнам засварыг дээрэмдэнэ” гэж хоорондоо ярилцаж тохирсон. Вьетнам засварт Б- түрүүлж орно, Ганаа, Гарамаа нар араас нь ороод хамгийн түрүүнд байгаа вьетнамыг барьж авна, би ар талын хаалгаар хүн гүйвэл барьж авахаар тохирсон юм. Тэгээд уг вьeтнам засварын газар очиход хүн байгаагүй ... Билгүүнээ “Хайдав, Эрдэнээ, бид гуравыг зурагтын тэнд байж бай” гээд Гарамаа, Б-, Ганаа, Эрдэнээ, Зулаа нар машинтайгаа яваад өгсөн. 20-25 минутын дараа нөгөө хэд буцаж ирээд машиндаа бөөнөөрөө суусан. Эрдэнээ “манай гэрийн ойролцоо мөнгөтэй дэлгүүр байдаг” гээд очиж дээрэмдэх санааг гаргасан. Эрдэнээ дэлгүүр заагаад “дэлгүүрт эрэгтэй, эмэгтэй байдаг, харин саяын дэлгүүрт нэг эмэгтэй, хүүхэдтэйгээ байдаг” гэсэн. Тэгээд нэг дэлгүүр сонгоод гадуур нь 2-3 удаа өнгөрч явсан. Б- түрүүлж ороод, араас нь Ганаа орсон. Би дэлгүүрийн дотор талын хяналтын камерын хард, цахилгаан зэрэг утсыг салгасан. Гармаа, Билгүүн хоёр мөнгө хайсан. Б-, Ганаа хоёр хутгатай байсан. Б- худалдагч эмэгтэйг барьж, Ганаа скочоор хүлсэн. Гармаа мөнгө алга, хэдэн тамхи авлаа гэж хэлсэн. Би цонхоор харсан чинь хоёр хүн ирж байхаар “хөөе хүн ирж байна” гэж орилоход хаалгаар бүгд л гарч тал тал тийш зугтсан. Гарамаа “хүн бүрэн үү” гэхэд Ганаа байхгүй байсан ... бид уг гэмт хэргийг үйлдэхдээ маск ашигласан ... би хар малгайтай цамц, хөх жинс өмд, цагаан пүүзтэй явсан ...” /1-р хх 216-217/,

            яллагдагчаар өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын эхний 7 хоногт байсан шиг санаж байна ... “Багана” нэртэй дэлгүүрт Г- эхэлж ороод араас нь хэд хэдэн хүн орсон. Би яг хэн хэн орсныг санахгүй байна ... Б- лав байсан бусдыг нь санахгүй байна ... би текний араас хэдэн ширхэг тамхи аваад гялгар уутанд хийгээд буцаад гүйгээд гарахад өөдөөс Г- ирэхээр түүнд ууттай тамхиа өгөөд гудамж руу ороод гүйсэн ... Машинаас буухад Х- унтаад үлдэж байгаа харагдсан, Э-, Ө- нар бас үлдсэн санагдаж байна ...” /5-р хх 11-12/,

            шүүгдэгч Б.Г-гийн сэжигтнээр өгсөн “... Билгээ, Ж-, Билгүүнээ, Хайдав, Билгээгийн найз Эрдэнээ, түүний найз охин, Ганаа бид нар “Аялгуу” караокегоос 18 цагийн орчимд гарсан. Манай найз Билгээ караокег ажиллуулдаг бөгөөд “түрээс төлөх хугацаа болсон, 3,000,000 төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Бид бүгд ярилцаад дээрэм хийхээр болсон. Билгээ, Ж-, Билгүүнээ, Хайдав, Эрдэнээ, түүний найз охин, Ганаа бид нар вьетнам засварын газар дээрэмдэхээр очсон боловч хаалттай байсан. Автомашинтай, Билгээгийн найз нь “Манай гэрийн ойролцоо орлого сайтай хүнсний дэлгүүр байдаг, тийшээ явах уу” гэхээр нь бид ярилцаад дээрэмдэхээр болсон. Эрдэнээ жижиг суудлын автомашинтай биднийг авч яваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы 07-09 тоотод байрлах “Багана” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа ирсэн. Эрдэнээ “Би орж болохгүй, намайг танина, та нар орчих” гэсэн. Ингээд Хайдав, Эрдэнээ түүний найз охин нар автомашинд үлдэж, Билэгээ, Ганаа, Ж-, Билгүүнээ бид хэд “Багана” хүнсний дэлгүүрт орсон. Билэгээгийн өгсөн хар нэг удаагийн маск, саарал ажлын бээлийг өмссөн. Хүнсний дэлгүүрт ороход худалдагч нь цаад талын өрөөндөө байсан. Билэгээ, Ганаа, Ж- нар хүнсний дэлгүүрийн лангууны хажуугаар тойрч худалдагч байгаа арын өрөөнд орсон. Би лангуунд өрсөн тамхинуудыг торонд хийгээд хүнсний дэлгүүрээс гарсан. Билэгээ, Ганаа, Ж- нар худалдагчийн өрөөнд ороод ирээгүй. Билгүүнээ дэлгүүрийн худалдагчийн өрөө, хүнсний дэлгүүрийн дотор талын хаалганы хооронд гүйгээд байсан. Намайг тамхи уутанд хийж байхад Билэгээ “Хүн ирж байна” гэхээр нь би хүнсний дэлгүүрээс эхэлж гараад зугтсан ... Эрдэнээ Ж- бид хоёрыг танихгvй айлын хашааны хажууд буулгаад “Та хоёр наад хашаагаа даваад дотор нь байгаа Монгол гэрт ороод нуугдаад байж бай” гэж хэлээд яваад өгсөн ... Билгээ караокены түрээсээ төлж чадахгүй байна гэхээр нь бид дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан ...” /1-р хх 203-204/,

            яллагдагчаар өгсөн “... Ж-, Билгүүн, Г-, Б- бид нар дэлгүүр дээрэмдэх гэж ороход дэлгүүрт орсон. Б-, Г- хоёр түрүүлж ороод, би лангуун дээр байсан тамхинуудыг аваад цаасан хайрцагт хийсэн. Билгүүн “чи наад улаан вест, улаан шонхороор яах гээд байгаа юм, парламент, эссэ тамхийг нь ав” гэхээр нь би ялгаж аваад уутанд хийсэн. Цаад өрөөнөөс хэнийг нь мэдэхгүй “хүн ирж байна” гэхээр хамгийн түрүүнд гарч зугтаасан. Миний араас Билгүүн, Ж-, Б- нар гүйгээд гарч ирж байсан ... Билгүүн, Б-, Г-, Ж- нар ажлын саарал бээлий өмсөж, хар маск зүүгээд, намайг “бээлий өмсөж, маск зүү” гэсэн. Б- цаанаас “найз нь түрээс төлөх гэтэл мөнгөгүй болчихлоо, туслаад өгөөч мөнгө, тамхи авна шүү” гэсэн ...” /1-р хх 225-227/,

            шүүгдэгч Г.Г-ын сэжигтнээр өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 19 цаг өнгөрч байхад “Аялгуу” караокед Билгээ, Билгүүн, Хайдав, Женко, Эрдэнээ, түүний найз охин Зулаа, Гарамаа бид нар ярилцсан. Билгээ, Женко нар шөнө явж вьетнам засварын газрыг шалгаж үзсэн ... тэгээд “вьетнам дээрэмдье” гэж анх санаачлага гаргаад бид тохиролцсон. Эрдэнээгийн найз охин Зулаагийн аавын машинд Билгээ, Гарамаа, Эрдэнээ, Зулаа бид нар суугаад явцгаасан. Эрдэнээгээс бусад нь масктай байсан ... вьетнам засвар хаалттай байсан учраас Зурагт руу хайж явсан ... Тэгээд хөлсөлж явсан таксины мөнгийг төлж нэг машинд чихэж суугаад, Эрдэнээгийн гэрийн ойролцоо орлого сайтай дэлгүүрүүд байдаг гээд түүний хэлснээр явцгаасан ... дэлгүүрийн гадаа ирээд дотор нь ямар хүмүүс байгааг шалгасан. Нэг эмэгтэй, 3 хүүхдийн хамт байсан. Билгээ ороод “та чимээгүй бай, муу юм хийхгүй, мөнгө хэрэгтэй байна, мөнгөө гаргаад ир” гэж хэлээд тэр эмэгтэйн хоолойд хутга тулгасан. Намайг “гарыг нь хүл” гэхээр нь би хутгаа ар талын нуруундаа хийчихээд эмэгтэйн гарыг скочоор хүлсэн. Мөн тэнд байсан том гэсэн хоёр хүүхдийн гарыг скочоор хүлсэн. Билгээ намайг “хүүхдүүдийг хараад зогсч бай” гэсэн. Цаад өрөөнд Женко, Билгүүнээ, Гарамаа нар мөнгө, үнэ хүрэх зүйл хайж байсан. 5-10 минут орчим болсон. Манайхан пижигнээд бүгд зугтсан. Би хүүхдүүдийг харж байгаад бүгд алга болохоор нь “хүн ирж байгаа юм байна” гэж бодоод гараад зугтах гэтэл өөдөөс хоёр эрэгтэй хүн гарч ирээд намайг бариад авсан ...” /1-р хх 212-214/,

яллагдагчаар өгсөн “... дэлгүүр дээрэмдэх санааг Э- гаргасан. Тэр хэлэхдээ “Баянхошууны дэлгүүрүүдийг бүгдийг мэднэ, тийш ээ явъя” гэсэн ... Б- надад хар иштэй хутга өгөөд “наадахаа далд хийчих” гэхээр нь би хутгыг аваад ардаа хийсэн ...” /4-р хх 233-235/,

шүүгдэгч М.Э-ын сэжигтнээр өгсөн “... Билгээ “орой нэг ажил байна хүрээд ирээч” гэсэн. 20 цаг өнгөрч байхад “Аялгуу” караокед найз охин Зулаагийн хамт очсон. Тэнд Хайдав, Женко, Билгүүн, Ганаа, нэрийг нь мэдэхгүй улаан саравчтай малгайтай нэг залуу байсан. Билгээ “нэг тийшээ явна, цаг болохоо байлаа, хурдан явъя” гээд гарцгаасан. Миний машинд Зулаа, Билгээ, Ганаа, улаан малгайтай залуу суугаад Нарны гүүрний тэр хавьцаа нэг байрны хажууд зогсч байтал “хаасан байна” гээд инээлдээд байсан. Тэндээс зурагтын буудал дээр очиход Билгүүн, Женко, Хайдав нар хүлээж байсан. Тэр хэд миний машинд суугаад бүгдээрээ Зүүн салаа орсон. Замдаа тоглоомоор ч юм уу  “дэлгүүр ухах уу, түц ухах уу” гээд байсан. Тухайн үед бараг ухах гээд байгаа юм шиг болохоор нь Зулааг гэрт нь хүргэж өгөхөөр гэрийнхээ урд талын гудамжинд явж байхад Женко, Билгээ, Ганаа, Билгүүн нар улаан малгайтай залуутай хамт буугаад гудамжны үзүүрт үлдсэн. Хайдав бид хоёр Зулааг манай гэрт буулгах гээд явж байтал тэр хэд залгаад “эсрэг талын гудамжинд байж бай” гэхээр нь Зулааг аваад явсан ...” /1-р хх 218-220/,

шүүгдэгч Г.Билгүүний сэжигтнээр өгсөн “... 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн орчим найз Б- ажил дээр хүрээд ир гэж дуудсан ... намайг очиход Б-, Г- нар байсан. Ж- араас орж ирсэн. Араас нь Гарамаа, Хайдав нар цуваад орж ирсэн. Орой нь Зулаа, нөхөр Э-ын хамт орж ирсэн. 20 цагийн орчим Б-, Гарамаа, Хайдав, Г-, Э-, Ө- бид нар вьетнамуудыг зодож айлгах талаар ярилцаад 21 цагийн орчим явцгаасан. Гарахдаа хар өнгийн иштэй том, жижиг хутга авсан байсан. Ж-, Хайдав бид нар такси бариад вьетнам засвар дээр очиход хаалттай байсан. Б- над руу залгаад “Монголын Үндэсний телевизийн замын эсрэг талд хүрээд ир” гэсэн. Очоод хүлээж байтал Б-, Э-, Гарамаа, Ө-, Г- нар ирээд Зүүн салаанд  дэлгүүр дээрэмдэхээр тохиролцсон. Ө-ын аавын машинд бүгд суугаад замдаа ямар дэлгүүрт орохоо ярилцсан. Тэгэхэд Э- “Зүүн салаанд гэр нь байдаг учраас Багана дэлгүүрт оръё” гээд уг дэлгүүрийн гадна нь машинтай очсон. Бүгд хар маск зүүсэн. Б- түрүүлж ороод, араас нь Ж-, Г-, Гарамаа нар цувраад орсон. Би хамгийн сүүлд ороод дэлгүүрийн хаалгын түгжсэн. Машинд Хайдав, Э-, Ө- нар үлдсэн. Б- дэлгүүрийн арын өрөөний наад талд худалдагч эгчийн хоёр гараас нь бариад зогсч байсан. Би арын өрөөнд ортол 18-19 насны охин, 14-15 орчим насны эрэгтэй хүүхэд хоёрын гарыг скочоор хүлсэн байсан. Цаана нь бас нэг жаахан хүүхэд байсан. Буйдан дээр “I phone 5” загварын гар утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Буцаад дээшээ гартал Б- худалдагч эгчээс сейфний түлхүүр асуугаад байсан ... “хүн ирж байна, зугтаарай” гэж орилсон ...”

“... 2017 оны 4 дүгээр сарын орчим Б-, Э-, Ж- бид нар 25 дугаар эмийн сангийн орчимд дэлгүүрт бээлий, маск өмсөж орсон. Б- худалдагчийн амыг дарсан байсан. Тэр дэлгүүрээс 200,000-300,000 төгрөг, архи, тамхи авсан...” /1-р хх 199-201/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 3-12, 3-р хх 216-217/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх 30-33/,

сэжигтнүүдийн биед хийсэн үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургууд /1-р хх 30-39/,

эд зүйлийн үнэлгээ /1-р хх 17-23, 2-р хх 218-219/,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 24-27/,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга, амны хаалт, саравчтай малгай, наалддаг тууз зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4-р хх 204-207/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э-, Б.Г-, Г.Г- нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр хэлэлцэн тохирч хохирогчийг сонгож, үүрэг оролцоогоо хуваарилан, гэмт хэргээ түргэтгэх, хэргийн газраас хурдан зайлах зорилгоор автомашин, хохирогчийг айлган сүрдүүлэх, эсэргүүцлийг дарах зорилгоор хутга, нүүр царайгаа далдлах зорилгоор хар бараан өнгийн хувцас, саравчтай малгай, амны хаалт зэргийг хайж олсон. Улмаар хэлэлцэж тохирсны дагуу хүнсний дэлгүүрийн эздийг хутга тулган айлган сүрдүүлж, хөл гарыг нь наалддаг туузаар хүлж хүч хэрэглэн эд хөрөнгийг авсан үйлдэл нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах, эсхүл хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ялыг хассан боловч уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын дагуу таваас дээш арван хоёр жил хорих ял шийтгэхээр оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоожээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э-, Б.Г-, Г.Г- нарын үйлдэлд хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинэ хуулиар ... оногдуулах ялыг хүндрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тухайн хэргийг шийдвэрлэж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э-, Б.Г-, Г.Г- нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэрэгт тохирчээ.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар шүүгдэгч нар бүгд үгсэн тохирч гүйцэтгэгчээр хамтран оролцсон байх тул шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн шүүгдэгч Э.Б-, М.Э-, Г.Г-, Б.Г- нарт хуульд зааснаас доогуур ял шийтгэхдээ шүүгдэгч М.Э-, Э.Б- нарт бусад шүүгдэгч нараас илүү хэмжээний хорих ял шийтгэсэн нь хоёр удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч П.Ж- нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан танхайрах гэмт хэрэг үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудад зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сараар хянан харгалзсан хугацаанд дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн учраас шүүх шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялтай нийцүүлэн хасч, 3 жил хорих ялаар тогтоон дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 10 хоног хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 10 хоног хорих ялаар тогтоосныг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ.” гэж гэмт хэргийн хамтран оролцоог тодорхойлон хуульчилсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар шүүгдэгч Э.Б- “... дээрэмдэх санаа гаргахад бүгд зөвшөөрсөн ... замын эсрэг талын эмийн сангаас 7 ширхэг хар маск худалдан авч зүүхээр тохирсон ... сүрдүүлж, айлгах зорилгоор караокеноос хар өнгийн 10-15 см урттай гал тогооны хутга авсан ...” гэж, шүүгдэгч П.Жанчивсэмбийн “... Вьетнам засварт Б- түрүүлж орно, Ганаа, Гарамаа нар араас нь ороод хамгийн түрүүнд байгаа вьетнамыг барьж авна, би арын хаалгаар хүн гүйвэл барьж авахаар тохирсон юм ...” гэж, шүүгдэгч Б.Г- “... Бид ярилцаад дээрэм хийхээр болсон ...” гэж, шүүгдэгч Г.Г- “... вьетнам дээрэмдье гэж анх санаачлага гаргаад бид тохиролцсон ... Б- надад хар иштэй хутга өгөөд “наадахаа далд хийчих” гэхээр нь би хутгыг аваад ардаа хийсэн ...” гэж, яллагдагч Г.Билгүүн “... бид вьетнамуудыг зодож айлгахаар ярилцсан. Гарахдаа хар өнгийн иштэй том, жижиг хутга авсан байсан...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарын үйлдэл хамтран оролцооны дээрх хууль зүйн шалгуурыг хангажээ.

Гэмт хэрэгт хамтран оролцогч нь санаатай, идэвхтэй үйлдлээр нэгддэг бол зарим оролцогч эс үйлдэхүйгээр нэгдэн хамтран оролцсон байж болно. Аль ч тохиолдолд хамтарч гэмт хэрэг үйлдэх гэсэн нэгдмэл санаа зорилгоор нэгдсэн байдаг онцлогтой.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Х-, Н.Ө- нар гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан ч санаа зорилгоор нэгдээгүй, гэмт хэрэгт ямар нэгэн үүрэг гүйцэтгэж оролцоогүй, шүүгдэгч Н.Ө- “найз залуу болох М.Э-ыг дагаж явсан”, шүүгдэгч Б.Х- “дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байсан” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөл байдал нь гэмт хэргийн хамтран оролцооны шинжийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х-, Н.Ө- нар нь бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд бусад шүүгдэгч нартай санаатай нэгдэж, хамтран оролцсон гэм буруутай гэж үзэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй, гэм буруутайд тооцоход эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр дурьдсан шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, М.Хувцагаан нарын давж заалдах гомдлууд үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянав.

Шүүгдэгч Г.Билгүүн нь шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, Монгол Улсын хилээр гарсан /5-р хх 170, 178/ тул шүүх түүнийг заавал байлцуулахгүйгээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоох, бусад шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэн /5-р хх 202-203/  холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э-, Б.Г-, Г.Г-, Б.Х-, Н.Ө- нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх зохицуулалттай нийцсэн байна. Энэ зүйл, хэсэг, заалтад заасан “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ...” гэдэг үндэслэлд шүүхийн шатнаас оргон зайлж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай тасалдуулсан тохиолдол хамаарах ба баримтаар тогтоогдсон байх учиртай. Мөн хэргийг тусгаарласнаар бусад шүүгдэгчид болон хэргийн байдлыг тогтооход саад болохооргүй байвал шүүх тусгаарлах шийдвэр гаргаж, бусад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр хохирогч Б.Хонгорцэцэг цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа “... махлагдуу, ажлын саарал бээлий өмссөн, хар масктай, хар малгайтай цамцтай, 27 орчим насны, 170-180 орчим өндөртэй эрэгтэй, мөн хар масктай, саарал ажлын бээлийтэй, 25 орчим насны 170-180 орчим өндөртэй, хар малгайтай цамцтай эрэгтэй хүнтэй орж ирсэн ... араас нь саарал цамцтай, бээлий, масктай, бас хар цамцтай, бээлий, масктай, эхэлж орж ирсэн хоёроос арай намхан хоёр залуу орж ирсэн ... Камер салгасан залуу сүүлд орж ирсэн саарал цамцтай залуутай лангуунаас архинууд авсан ... миний амыг дарж байсан залуу намайг арын өрөөнд оруулаад, сүүлд орж ирсэн жижиг залуу миний ам, гар хөлийг скочоор ороосон ... тухайн үед нэгнээ “Билгүүн”, “Билгээ” гэж дуудаж байсан ...” гэж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн гадна төрх, биеийн хэлбэр галбир, хоорондын яриа, үйлдлийн талаар маш тодорхой мэдүүлсэн нь Г.Билгүүний “... 2017 оны 4 дүгээр сарын орчим Б-, Э-, Ж- бид нар 25 дугаар эмийн сангийн орчимд дэлгүүрт бээлий, маск өмсөж орсон. Б- худалдагчийн амыг дарсан. Тэр дэлгүүрээс 200,000-300,000 төгрөг, архи, тамхи авсан...” /1-р хх 199-201/ гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар хураагдсан наалддаг туузны хэсэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх 30-33/-тай тохирч байна.

Шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э-, Г.Билгүүн нарыг цагдаагийн байгууллага олж илрүүлэхээс өмнө хохирогч Б.Хонгорцэцэг тэдний гадна төрх, нэрний талаар тодорхой мэдүүлж байжээ. Түүнчлэн эхний үйлдэл болох “Орхон” хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн арга, хэлбэр, ашигласан хэрэгсэл зэрэг нь сүүлд үйлдэгдсэн “Багана” хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн гэмт хэрэгтэй адил байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл мөн гэж үзлээ.

Хохирогч Б.Хонгорцэцэг шүүгдэгч нарыг олж тогтоохоос өмнө тэдний талаар тодорхой мэдүүлж байсныг үндэслэн таньж олуулах ажиллагаа явуулсан байна. Иймээс  уг ажиллагааг зургаар явуулсан гэдгээр хууль зөрчсөнд тооцох боломжгүй юм.

Нөгөө талаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг яллах талын нотлох баримтаар үнэлэхгүйгээр, дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-, П.Ж-, М.Э- нарын “Орхон” хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн үйлдэл хөдөлбөргүй нотлогдсон болохыг дурьдав. 

Шүүгдэгч П.Ж- давж заалдах гомдолдоо “... 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн алба хаагчид зодож, урьдчилан бэлдсэн мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулж эрүүдэн шүүсэн. Энэ нь хорих 461 дүгээр ангид хүлээлгэсэн өгсөн тэмдэглэлээр нотлогдоно ...” гэсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Тухайлбал, Э.Б- /1-р хх 72/, Б.Г- /1-р хх 119/, М.Э- /1-р хх 130/, Г.Г- /1-р хх 170/, П.Ж- /1-р хх 185/ нарыг баривчлах байранд хүлээн авсан тэмдэглэлд ямар нэгэн гэмтэл, шархны талаар бичигдээгүй байна.

            Иймээс шүүгдэгч нарыг хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн гэх үндэслэл тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учир энэ талаар гомдлоо прокурорт тусад нь гаргаж шалгуулах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон ...” гэдэгт өмнө нь дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинжээр тодорхойлон хуульчилсан эсэх нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нэршилээр бус үйлдлийн шинжээр нь гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон асуудлыг шалгаж үзнэ. Энэ талаар шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхой заасан байдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн ...” үйлдлийг танхайрах гэмт хэрэгт тооцож, энэ гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд догшин авирласан үйлдлийн хууль зүйн шинжийг “... олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ...” гэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлийн хууль зүйн шинжийг “... хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, хөдөлмөрлөх, сурах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах ...” гэж тус тус тайлбарлажээ.

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ...” үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “бүлэглэсэн, нийтийн хэв журмыг зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” тодорхой шинжүүдийг уламжлан хуульчилсан байх тул танхайрсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гарчээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол ...” хэмээн тодорхойлсон учир довтолгоон хийснээр дээрэмдэх гэмт хэрэг төгссөнд тооцно.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар хохирогчид хутга тулган айлган сүрдүүлж, гар хөлийг нь хүлснээр уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх ба цаашид хийсэн үйлдэл нь таслан зогсоогдсон эсэх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүй. Иймд шүүгдэгч П.Жанчивсэмбийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн “... шүүгдэгч нарын үйлдэл таслан зогсоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхээр завсанд тооцно ...” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа, шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэг давтан үйлдэх тухай ойлголтыг халсан байхад анхан шатны шүүх үүнийг үл анзаарч шүүгдэгч Э.Б-, М.Э-, П.Ж- нарыг давтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул тогтоолд өөрчлөлт оруулж шүүхийн алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Х-, Н.Ө- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгээс шүүгдэгч Б.Х-, Н.Ө- нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгээс “... давтан ...” гэснийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийн шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Э.Б-ээс 666,666 төгрөг, М.Э-аас 666,666 төгрөг, П.Ж-эс 666,666 төгрөг, Б.Г-гаас 666,666 төгрөг, Г.Г-аас 666,666 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа, шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х- нийт 80 хоног, шүүгдэгч Н.Ө- нийт 40 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Х-ийг нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

                         

                           ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН