Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00024

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“САЛ” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 737,997,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “САЛ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 737,997,836 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “...тийзийн үнийн санал болон тийзийн хувилбарууд ирээгүй, бичгээр зөвшөөрлийг явуулаагүй, тийз захиалгыг өгөөгүй, өөр этгээдтэй хийсэн хэлцлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “САЛ” ХХК-аас  737,997,836 төгрөг гаргуулах  “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,847,939 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,847,939 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1 Магадлалд “...Б.Золзаяа нь “...хариуцагч “САЛ” ХХК-ийн ажилтан О.Дөлгөөн “Порше хойд америк инк” нь манай АНУ-ын салбар юм байна. тийз захиалгыг нь биччих, төлбөр Монгол улсаас орохгүй гэж захирал хэл...” гэснээр тухайн захиалгыг хүлээн авсан...” гэх боловч хариуцагчийн зүгээс “...Порше хойд америк инк”-тай хамааралгүй зөвхөн тийзийн захиалга авдаг хуулийн этгээдтэй холбож өгнө үү гэсний дагуу 3 хуулийн этгээдэд электрон шууданг нь дамжуулсан, захиалга хийх эсэхэд нь баталгаа гаргахгүй гэдгээ тухайн үед мэдэгдсэн...” гэж маргааны үйл баримтын талаар өөр өөр тайлбар гаргажээ. Иймд маргаан бүхий электрон шуудангийн зорилго нь талуудын хооронд үүссэн тийз худалдах худалдан авах гэрээ хэрэгждэг байсан хэлбэрээр захиалга ирүүлсэн, эсхүл хариуцагч талаас нэхэмжлэгчид бусад этгээдийн тийз захиалах хүсэлтийг дамжуулан уламжилсан эсэх, мөн нийт 202 ширхэг тийзийн захиалга бичүүлсэн “...Порше хойд америк инк”-ийн менежер Тим Хэффэрнантай хариуцагч хуулийн этгээд харилцан хамааралтай эсэх зэрэг нь тодорхой бус байна” гэжээ.

4.2 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбар гэрчийн мэдүүлэгтэй зөрүүтэй гэсэн дүгнэлт хийж улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгчийн зүгээс гол маргаж байгаа үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу манай компанийг захиалга өгсөн гэж маргаж байгаа билээ. Харин манай компанийн тухайд “Порше хойд америк инк” компани нь манай компанитай хамааралгүй харин тухайн үед тийз захиалгын үйлчилгээ авдаг компаниудын мэдээлэл хүссэний дагуу “Э” ХХК-ийн мэдээллийг өгсөн болохыг тайлбарладаг. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогддог. Tim Hefferman гэж хүний бичсэн цахим шуудан болон бусад цахим шууданд уг хүнийг манай компанид ажилладаг болох тухай эсхүл тухайн захиалга манай компанийн захиалга мэтээр ойлгогдох ямар нэгэн цахим шуудан байхгүй, бичгээр тийм баталгаа тайлбар хүсэлт огт явуулаагүй юм. Гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдох шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан билээ. Мөн уг хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэхэд энэхүү гэрчийн мэдүүлэг, эсхүл манай компанийн байр суурь өөрчлөгдөхгүй тул уг үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн нотлох баримтуудыг үнэлсэн нөхцөл байдал нь хууль зөрчөөгүй билээ.

4.3 Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнөх тийз захиалсан хэлбэрээр захиалсан эсэх, эсхүл өөр этгээдийн хүсэлтийг дамжуулсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.2.3-д “Худалдагч талаас санал болгосон тийзийн хувилбарууд, үнийн саналтай тийз худалдах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулах ба үүний дагуу бичигдсэн тийзийн төлбөрийг хариуцах” гэж маш тодорхой заасан байдаг бөгөөд ийнхүү гэрээний дагуу тийз захиалсан талаарх нотлох баримт огт байхгүй юм. Хэрэв манай компанийг гэрээний дагуу тийз захиалсан гэж үзэж байгаа бол энэхүү нөхцөл байдлыг шүүх бус нэхэмжлэгч өөрөө нотлох шаардлагатай билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү нотлох ажиллагааг шүүх хийх мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.4 Магадлалд “...нэхэмжлэгчийн өмчлөлийн хэдий хэмжээний тийз бусдад ашиглагдан зарцуулагдсан, хэдэн ширхэг тийз буцаагдаж, түүний үнийн дүн хэрхэн хасагдсанаар дээрх 737,997,836 төгрөгийн дүн гарсан нь тодорхой бус, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй...” гэжээ. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ баримтаар нотлоогүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон бөгөөд анхан шатны шүүх мөн энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ. Энэхүү магадлалд заасан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэл биш бөгөөд давж заалдах шатны шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан нотлох баримтыг бодитой үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д тухайлбал, шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн, хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу бүрдүүлсэн гэж тодорхойлон заасан байх ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх өөр үндэслэл байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж болдог ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ямар ноцтой зөрчил гаргасан талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заагаагүй байна.

7. Нэхэмжлэгч “САЛ” ХХК хариуцагч “Э” ХХК-аас 737,997,836 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч мэйлээр санал ирүүлж, тийз захиалгыг өгсөн тул гэрээний төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч “тийз захиалгыг өгөөгүй, тийзийн үнийн санал болон тийзийн хувилбарууд ирээгүй, бичгээр зөвшөөрлийг явуулаагүй, өөр этгээдтэй хийсэн хэлцлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж маргасан байна.

8. Дээрхээс үзвэл, зохигч, тэдний хооронд 2018.05.18-ны өдөр байгуулагдсан 0016/18 дугаар “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу хариуцагч нэхэмжлэгчид нийт 202 билетийн захиалга өгсөн эсэхэд талууд маргаж, нэхэмжлэлийн энэ хүрээнд нотлох баримт гаргаж мэтгэлцсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн атал давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж хүчингүй болгов.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх энэ үүргээ биелүүлжээ.

10. “Э” ХХК болон “САЛ” ХХК-ийн хооронд 2018.05.18-ны өдөр байгуулагдсан “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь худалдах- худалдан авах гэрээний шинжийг агуулсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 2018.07.25-наас 2018.08.02-ны өдрийн хооронд худалдсан 202 тийзийг хариуцагч дээрх гэрээний дагуу захиалж худалдан авсан гэж үзэх, улмаар үнийг төлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тухай дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

11. Тухайлбал, “Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1.2, 2.1.4, 2.2.3, 3.2 дахь заалтуудад заасан тийз худалдан авах ажиллагааны буюу эхлээд “САЛ” ХХК-ийн тийз худалдан авах захиалга өгсний дагуу худалдагч “Э” ХХК нь тийзийн хувилбар, үнийн санал хүргүүлэх, улмаар захиалагч түүнээс сонголт хийсний дараа талууд зөвшилцөлд хүрч тийз бичигдэн, 2 хувийн хөнгөлөлт үзүүлэн үнийг төлөх журамтай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид энэ журмын дагуу захиалга өгч маргааны зүйл болсон 202 тийзийг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хэргийн баримтаар /Porche America/ Порше машины хойд Америка Инк компанийн менежер /Tim Heffernan/ Т Хаас 2018.07.25-ны өдөр “САЛ” ХХК-ийн захирал /Rassell Whitlow/ Рассэл Витловт өөрийнх нь гэрээт аяллын газар засвар, үйлчилгээний асуудалтайгаас “САЛ” ХХК-ийн харилцдаг аяллын байгууллагатай танилцахыг хүсч, хүсэлтийг аяллын ажилтанд уламжлахыг хүссэн электрон шуудан ирүүлсэн, үүнийг захирлын заавраар тус компанийн ажилтан О.Дөлгөөн “Э” ХХК-ийн ажилтан Б.Золзаяа руу илгээсэн байх боловч тухайн электрон шуудангаар “САЛ” ХХК тийзийн захиалга өгсөн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, Б.Золзаяа нь Т Хтэй харьцаж тийз бичиж өгч байсан, хариуцагчийн зүгээс Т Хы захиалж буй тийзийн төлбөрийг хариуцахгүй, эдгээр тийзэнд тус компанийн захиалгын үнийн хөнгөлөлт хамаарахгүйг анхааруулж байснаас үзвэл нэхэмжлэгч нь тийзийн үнийг хариуцагчаас шаардах хууль зүйн боломжгүй байна.

13. Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч “САЛ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.28-ны өдөр төлсөн 3,848,000 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД