Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,997,836 /долоон зуун гучин долоон сая есөн зуун ерэн долоон мянга найман гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ганбат, Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Старчейз автомотив лимитэд ХХК-тай 2018.05.18-ны өдөр 0016/18 дугаар Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, хамтран ажиллаж, гэрээгээр худалдагч тал болох Эйр транс ХХК нь захиалагчаас гэрээнд заасан хэлбэр буюу элекшрон шуудан, мессенжэр болон факсаар илгээсэн албан хүсэлтийг үндэслэн тийз захиалгыг бичиж өгөх, захиалагч тал болох Старчейз автомотив лимитэд ХХК нь захиалга хийгдсэн тийзийн холбогдох төлбөрийг гэрээнд заасан хугацаанд худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон билээ. Хариуцагч нь 2018.07.25-ны өдөр электрон шуудангаар тийз захиалгын хүсэлтийг манайд ирүүлсний дагуу холбогдох захиалгын ажилтан нийт 1,005,195,500 төгрөгийн дүнтэй, 202 ширхэг тийзийг бичиж өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь холбогдох тийзийн төлбөрийг нэхэмжилсэн боловч Старчейз автомотив лимитэд ХХК нь енөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Хариуцагч төлбөр төлөхгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан 006/18 дугаар гэрээнд заасны дагуу бичигдсэн тийзийн төлбөрийг хугацаанд төлөх, захиалгын дагуу бичигдсэн тийзийн төлбөрийг хариуцах үүргээ биелүүлэхгүй, гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байна. Захиалагчийн зүгээс төлбөр төлөхгүй байх үндэслэлээ манай захиалга биш, манайд хамааралгүй өөр этгээдийн захиалгыг бичсэн гэх огт үндэслэлгүй тайлбарладаг ба Эйр транс ХХК нь захиалагчаас ирүүлсэн захиалгын хүсэлт бүхий электрон шууданг үзэхэд өмнөх хугацаанд талуудын хооронд тийз захиалгын хусэлтийг харилцан солилцдог, тийз захиалга ирүүлдэг, хүлээн авдаг тогтсон хэлбэрээр буюу Старчейз автомотив лимитэд ХХК-ийн холбогдох ажилтны албан ёсны электрон шуудангаас ируүлсэн, албан ёсны зөвшөөрөгдсөн хүсэлт байдаг. Худалдагч тал нь захиалагчаас албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрийн дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тийз бичиж өгөх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байхад захиалагч төлбөрийн

үүргээ ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр биелүүлэхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчиж байна. Иргэний хуулийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрх зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг болон гэрээг үндэслэн 737,997,836 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх тийз захиалгын хүсэлтийг огт илгээгүй бөгөөд хичнээн тийзийг хэзээ захиалсныг огт мэдээгүй. Манайх тийз захиалахдаа эхлээд тийзний үнэ сонголтуудыг авч улмаар тийзны үнэ, тоо болон тийз авах хүмүүсийн баримт бичгийг илгээж түүний дараа тийзийг захиалсан болохыг бичгээр баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө төлдөг. Манайх захиалаагүй, хичнээн тийз бичиж байгааг компанид мэдэгдээгүй улмаар Роrche America компанийн Тим Хефферман гэж хүнтэй харилцаж тийз захиалгыг авч төлбөрийг тухайн бичигт дурьдсанаар Тим Хефферман гэж хүн кредитын нэхэмжлэх болон виза/мастер картаар төлөхөө илэрхийлсэн байна. Тим Хефферман нь манай компанийн ажилтан биш, манайхтай ямар ч хамааралгүй бөгөөд хэрэг бүртгэлийн шатанд шалгахад тухайн этгээд нь олон улсын цахим луйвар хийдэг этгээд байж болзошгүй байсан болох нь тогтоогдсон. Ийнхүү ямар ч баталгаагүй этгээдээс их хэмжээний захиалгыг авч улмаар манай захиалга өгсөн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Старчейз автоматив лимитэд ХХК-иас тийз захиалгын албан хүсэлтийг өгөөгүй бөгөөд Тийз Захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2.2.3-т Худалдагч талаас санал болгосон тийзний хувилбарууд, үнийн саналтай тийз худалдах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулах, үүний дагуу бичигдсэн тийзний төлбөр хариуцах гэж заасан. Манайд ямар ч тийзний үнийн санал болон тийзний хувилбарууд ирээгүй, бичгээр зөвшөөрлийг явуулаагүй байтал захиалсан тийзний төлбөрийг төлөхгүй байгаа мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,997,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Эйр транс ХХК нь гаргаж, үндэслэлээ мэйлээр санал хүргүүлж, ажилтан нь захирал зөвшөөрсөн, тийз захиалгыг өгсөн тул гэрээний төлбөрийг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь тийзний үнийн санал болон тийзний хувилбарууд ирээгүй, бичгээр зөвшөөрлийг явуулаагүй, тийз захиалгыг өгөөгүй, өөр этгээдтэй хийсэн хэлцлийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргалаа.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 0016/18 дугаар Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, Эйр транс ХХК нь хариуцагчийн захиалгыг үндэслэн тийз бичиж өгөх, С ХХК нь захиалга хийгдсэн тийзийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, баримтад гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр /Роrche America/ Поршер машины хойд

Америка Инк компанийн мужийн менежер /Tim Heffernan/ Тим Хэффэрнанаас С ХХК-ийн захирал /Rassell Whitlow/ Рассэл Витловт электрон шуудан ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

Дээрх электрон шуудангийн агуулга нь өөрийнх нь гэрээт аяллын газар засвар, үйлчилгээний асуудалтайгаас С ХХК-ийн харилцдаг аяллын байгууллагатай танилцахыг хүсч, танилцуулснаар Э ХХК-ийн үйлчилгээг түр хугацаагаар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүсэлтийг ачллын ажилтанд уламжлахыг хүсчээ.

С ХХК-ийн ажилтан О.Дөлгөөн нь Э ХХК-ийн ажилтан Б.Золзаяа руу энэхүү электрон шууданг мөн өдрөө илгээсэн, Б.Золзаяа нь /Tim Heffernan/ Тим Хэффэрнантай харилцаж, түүний захиалгын дагуу тийз бичиж өгсөн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар Э ХХК болон Поршер машины хойд Америка Инк компанийн мужийн менежер Тим Хэффэрнан нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

Зохигчийн байгуулсан гэрээний 2.1.4-т захиалагч тийз худалдан авах тохиолдолд эрх бүхий албан тушаалтны электрон шуудан, мессенжэр болон факсаар илгээсэн албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн зөвшөөрлийг үндэслэн тийзийг бичиж өгөх үүргийг худалдагч хүлээжээ.

Өмнө нь дээрх гэрээний дагуу электрон шуудангаар явах чиглэлийг захиалагч явуулаад, нэхэмжлэгч тал тийзний хувилбаруудыг электрон шуудангаар явуулж, үүнээс хариуцагч сонгоод тийз бичигддэг байсан нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Тухайн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-д С ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь электрон шуудан, мессенжэр болон факсаар албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн зөвшөөрлийг илгээсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

Э ХХК нь гэрээний 2.2.3-т зааснаар тийзний хувилбар, үнийг санал болгоогүй, захиалагч тал нь тийз худалдах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй, тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулааагүй байх тул дээрх тийзний төлбөр 737,997,836 төгрөгийг С ХХК нь хариуцах үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хойд Америкийн Поршер машины компанийн Монгол дахь салбар гэж итгэсэн, ийнхүү итгэж тийз бичсэн, хариуцагч компанийн ажилтан О.Дөлгөөнөөр дамжуулан захирлаас нь зөвшөөрлийг авсан гэж тайлбарлах ч нягтлан шалгаагүй, тохиролцсон хэлбэрээр зөвшөөрлийг авалгүйгээр Тим Хэффэрнантай харьцжээ.

Э ХХК-ийн ажилтан Б.Золзаяа нь Тим Хэффэрнантай харьцсан, Тим Хэффэрнан захиалгыг өгсөн, ажилтан О.Дөлгөөн нь төлбөрийг С ХХК нь хариуцахгүйг мэдэгдсэн буюу өөрөөр хэлбэл дээрх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн электрон шуудангийн дагуу Тим Хэффэрнан нь Э ХХК-тай харьцаж захиалга өгснөөр тийз бичсэн, төлбөрийг Америкийн компани хариуцахаар болсон нь гэрч Б.Золзаяагийн мэдүүлгээр нотлогдож байна.

Талууд гэрээний 1.2 дахь заалтаар шууд бусаар карт эзэмшин 2 хувийн хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон, хариуцагч нь захиалга бүртээ хөнгөлөлт байнга эдэлдэг байсныг гэрч мэдүүлсэн бөгөөд маргаан бүхий 202 тийзийг худалдахад энэхүү хөнгөлөлт эдлүүлээгүйгээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Гэрээний 3.2-т худалдагч нь билет бичигдэх тухай бүрт нийт үнийн дүнгээр нэхэмжлэх бичиж, захиалагчаас нэхэмжлэх, захиалагч нь нэхэмжлэхийг хүлээн авснаас

 

хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр заасан байна.

Нэхэмжлэгч нь 2018.07.25-ны өдрөөс 2018.08.02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичсэн тийзний нэхэмжлэхийг тухай бүрт илгээгээгүй байна.

Нэхэмжлэгч нь 3 баримтаар нотлогдоно гэж тайлбарлан хэрэгт Э ХХК-ийн үйл ажиллагааны дагуу харьцдаг гуравдагч этгээд рүү төлбөр шилжүүлсэн баримтыг ирүүлсэн ба 202 тийзийг захиалсан талаар баримтгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул С ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,997,836 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,320,742 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,320,742 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,997,836 /долоон зуун гучин долоон сая есөн зуун ерэн долоон мянга найман гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,847,939 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ