Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00037

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00281 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 892 дугаар магадлалтай,

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г С, С Инарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 35,194,750 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Г С, С Инарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,992,212 төгрөг, 2019.11.04-ний өдрийн байдлаар хүү 1,201,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601 төгрөг, нийт 35,194,750 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “гэрээний үүргээ биелүүлээгүй 56 хоног хэтэрсэн, үүргээ биелүүлэхийг шаардсаар байтал үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул гэрээг цуцалж, үүргийг шаардсан” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...зээлийн төлбөрт 37,866,730.94 төгрөг төлсөн. Эдгээрийн аль нь үндсэн зээл, аль нь зээлийн хүүд төлөгдсөн нь тодорхой бус, үндсэн зээлд 8,007,788 төгрөгийг тооцсон нь үндэслэлгүй, гэрээ 120 сарын хугацаатай, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй атал гэрээг цуцалж байгааг зөвшөөрөхгүй...” гэжээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00281 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г С, С Инараас нийт 34,877,712  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, үлдсэн 317,038 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г С, С Инар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ......дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ......дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-......дугаартай, ......нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г С, С Инараас улсын тэмдэгтийн хураамжид 472,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 892 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1” гэснийг хасаж, “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж, “...34,877,712 төгрөг” гэснийг “...33,343,193 төгрөг” гэж, “...317,038 төгрөг” гэснийг “...1,851,557 төгрөг” гэж, 3 дахь заалтын “...472,738” гэснийг “...324,666” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 332,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Зохигчид зээлийн гэрээнд жил бүр тооцох суурь болон хувьсах хүүгийн хэмжээг тухай бүрт нь заагаагүй байх тул жилийн хүүг 16.5 хувиар тооцох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна” гэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар “...Зээлийн гэрээний 2.2-т банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016.01.01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 20.5 хувь байна гэж тохиролцсон боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг батлаагүй, мөн нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хүүгийн хувь хэмжээг өөрчилсөн талаар зээлдэгчид мэдэгдэж энэ талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул талууд зээлийн хүүг өөрчлөхдөө бичгийн хэлбэрээр гэрээ байгуулах байсан тул анхан шатны шүүхээс зээлийн хүүг 16.5 хувиар тооцсоныг буруутгах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн байна.

4.2 “Х Б” болон хариуцагч Г С, С Инарын хооронд 2015.08.18-ны өдрийн 1080025715 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт банк, эрх бүхий  хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт бичгээр байгуулахаар хуульд заасан гэрээний хувьд талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар байгуулсан. Зээлийн гэрээний 2.2-т зээлийн хүүг банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016.01.01-ний өдрийг- хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 20.5 хувь байна гэж заасан. Зээлийн хүүг тооцох аргачлал, тухайн жилд төлөх зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг зээлийн гэрээний хавсралт 1 “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь”-т заасан бөгөөд уг хавсралтыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн байхад шүүхээс нотлох баримтаар үнэлэлгүй, эргэн төлөлтийн хуваарь байхгүй гээд банкны 2016 оны төгрөгийн жилийн суурь хүүгийн хэмжээгээр зээлийн хүүг тооцон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт тухайлан заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг тодорхой зааж, түүний үр дүнд зээлдэгч зээлээ, хүүгийн хамт төлж байсан гэдэг нь холбогдох баримт болох дансны хуулгаар нотлогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт “зээлийн хүүг банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 4 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016.01.01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 20.5 хувь байна” гэж зааснаас гагцхүү 16.5 гэсэн суурь хүүгийн хэмжээг авч үзэн суурь хүү дээр 4 хувийг нэмсэн гэх хэсгийг огт хайхрахгүй, үнэлэхгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүгээрээ анхан болон давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээнд 2 өөр зээлийн хүү тусгасан байсан мэтээр дүгнэсэн боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлахад ч зээлдэгч нь хэдэн хувийн хүүтэй зээл авсан эсэх дээр төөрөлдсөн, зээлийн төлбөрөө аль хүүгээр тооцон төлөхөө мэдээгүй гэх ямар ч нөхцөл байдал байхгүй болохыг анхаарсан ч тэр аль ч тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр 16.5 хувийн хүүтэй байгаагүй, талууд ингэж тохироогүй болох нь нотлогдож байна.

4.3 Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээ нь жилийн 20.5 хувь байхаар заасан боловч банкнаас зээлдэгчдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг жилийн 18 хувийн хүүтэй болгож 2.5 хувиар бууруулсан, үүнийгээ зээлийн хувь хэмжээний өөрчлөлт хэсэгт тэмдэглээгүй нь үнэн боловч энэ нь зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, сөргөөр нөлөөлөөгүй, зээлдэгчийн хувьд ашигтай нөхцөл байдал байсан тул банк бууруулсан хэмжээгээр хүүг тооцон 20.5 хувийн хүүтэйгээр тооцсоноос бага дүнгээр зээлийн нийт төлбөрийг шаардсан болно. Шүүхээс зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтийг бичгээр байгуулаагүй тул хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэх тохиолдолд зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөгдөөгүй гэж үзэн гэрээнд дурдагдсан хэмжээгээр буюу 20.5 хувиар тооцон гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Мөн зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өдөр буюу 2015.08.19-ний өдрөөс гэрээг цуцалсан 2019.11.05-ны өдрийг хүртэлх хугацааны үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж, уг хугацааны зээлийн хүүг бүхэлд нь жилийн 16.5 хувиар тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Банкны хувьд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “зээлийн төлбөрөө хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй заасан хугацаанд биелүүлээгүй бол банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж заасны дагуу банк зээлийн гэрээг цуцалж төлөгдөөгүй зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаартай “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжид “Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ” гэж заасны дагуу банкнаас зээлийн гэрээг цуцлах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Мөн уг зөвлөмжид “Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байх тул гэрээг цуцлахад хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4 Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцсон үндсэн хүүгийн хувь хэмжээг тодруулахгүй байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн талаар давж заалдах шатны шүүхээс аливаа дүгнэлт хийлгүйгээр нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим, зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү гэдэгт зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг ойлгохоор байна. Дээрх зохицуулалтуудаас дүгнэж үзвэл нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх талаар болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхойлох бөгөөд гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлдүүлэгч буюу банк нь зээлдэгчээс шаардах эрхтэй. “Х Б” ХХК-ийн Г С, С Инарын хооронд 2015.08.18-ны өдрийн 1080025715 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заасны дагуу зээлийн хүүг жилийн 18 хувиар тооцон, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлээ тайлбарлалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас 1,851,557 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд миний зүгээс дараах хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.1 Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, олгосон зээлийн үлдэгдэл 35,194,750 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг дагалдаж байгуулсан Баталгаат ипотекийн гэрээнүүдэд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2 шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл “Х Б” ХХК нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч нар нь 71,183,000 төгрөг төлөх ёстойгоос 37,839,807 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 33,343,193 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэжээ. Энэ нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа гэдгийг нотолж байгаа ба “Х Б” ХХК нь Иргэний хуульд заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан. Гэвч хариуцагч нарын зүгээс хэдий гэрээний үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй хэдий ч зээлийн гэрээний дагуу цаашид зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж явах хүсэл сонирхол байхгүй байсан тул нэхэмжлэгчийн гэрээг цуцлах саналыг хүлээж авсан. Хүлээж авч байгаа гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд надаар дамжуулан мэдэгдсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч 2019.11.05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж гэрээг цуцалж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул мөн өдрөөр гэрээг цуцалсанд тооцно” гэж дүгнэжээ.

5.2 Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” Гэж заажээ. Хуулийн энэ хэсгээс үзвэл үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд л барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үгийн шууд утгаар ойлгогдож байна. Гэтэл хариуцагч нарын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан тооцоолол болон дээр дурдсан үндэслэлээр гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байгаа болно. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. Анхан шатны шүүх “Х Б” ХХК болон Г С, С Инарын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлд заасан хэмжээгээр 33,992,212 төгрөгийн үндсэн зээлийг, харин “...зээлийн гэрээнд жил бүр тооцох суурь болон хувьсах хүүний хэмжээг тухай бүрт заагаагүй тул жилийн хүүг 16.5 хувиар тооцож 56 хоногийн зээлийн хүүд нийт 885,500 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзэн хариуцагч нараас нийт 34,877,712 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Зээлийн хүүгийн зарим хэсэг болон нэмэгдүүлсэн хүү тооцсон үндсэн хүүгийн хэмжээ тодорхой бусаас уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж эдгээрийг хэрэгсэхгүй болгосон байна.

8. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээг цуцлах хүртэл хугацаанд төлвөл зохих хүүгийн нийлбэр 71,183,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 37,839,807 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 33,343,193 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Зохигчийн хооронд байгуулагдсан 2015.08.18-ны өдрийн гэрээгээр хариуцагч нар 42,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 16.5 хувийн суурь хүү болон 4 хувийн хувьсах хүүтэй зээлэх, зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлбэл зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г Сийн өмчлөлд бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 257 м.кв газар, 112 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан нь тогтоогджээ. Эдгээр гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

10. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Х Б” ХХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагч Г Сийн дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд хариуцагч нар сар бүр хүү болон үндсэн зээлийн зохих хэсгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаанд үндсэн зээлд 8,007,788 төгрөг, зээлийн хүүд 29,839,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,135.94 төгрөгийг төлж, 2019.08.19-ний өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй байна. Иймээс нэхэмжлэгч зээлийн гэрээг 2019.11.05-ны өдрөөр цуцалж, уг өдөр хүртэлх гүйцэтгээгүй үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсаар байхад зөрчлийг арилгаагүй, тухайн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч нар гэрээг цуцлахыг эсэргүүцээгүй байна.

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх ба анхан шатны шүүх үндсэн зээлийн төлбөрт /нэхэмжлэгчийн тооцоолсноор/ 33,992,212 төгрөг, зээлийн гэрээг цуцлах хүртэл нийт 56 хоногийн төлөгдөөгүй хүүд нэхэмжлэгч жилийн 18 хувиар тооцож 1,201,937 төгрөг нэхэмжилснийг “жил бүр тооцох хувьсах хүүгийн хэмжээг тухай бүрт заагаагүй “гэж үзэн 16.5 хувиар тооцсон бол давж заалдах шатны шүүх “зээлийн хүү өөрчилсөн нь тодорхой бус, тухайлбал, зээлийн эргэн төлөх хуваарь батлаагүй, хүүгийн хувь хэмжээг өөрчилсөн талаар зээлдэгчид мэдэгдээгүй, бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй” гэж гэрээ үргэлжилсэн хугацаанд /4 жил 2 сар 16 хоногийн/ хүүгийн хэмжээг жилийн 16.5 хувиар тооцоолжээ. Хүүгийн хэмжээг дээрх байдлаар тодорхойлсон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, үүнийг хяналтын журмаар гаргасан гомдлын нэг үндэслэл болгосныг хүлээн авах нь зээлийн гэрээ болон хуульд нийцэхгүй гэж үзлээ.

12. Зээлийн гэрээнд жилийн суурь хүүгийн хэмжээг 16.5 хувь, хувьсах хүүг 4 хувь /гэрээ байгуулагдах үед нийт 20.5 хувь/ гэж заасан боловч жил бүр тооцох хувьсах хүүгийн хэмжээг тухай бүрт заагаагүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь зээлийн гэрээний 2.2, 2.3-т зааснаар жилийн 20.5 хувийн хүүг 2016.01.01-ний өдөр хүртэл мөрдөх, банк нь жил бүрийн 6 болон 12 дугаар саруудад зээлийн хувьсах хүүг банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн жилийн хүүг тогтоож, дараа сарын 01-ний өдрөөс мөрдөнө. Зээлийн хүүгийн хэмжээ өөрчлөгдсөн талаар зээлдэгчид амаар, бичгээр, мэдэгдэнэ. Гэрээний хувийн хавсралтад хүүгийн хэмжээний өөрчлөлтийг тэмдэглэнэ” гэж заасан хэдий ч энэ ажиллагаа хийгдээгүй атал нэхэмжлэгч нь хүүг 18 хувиар тооцон шаардсан нь тодорхой бус, үндэслэл муутай байна.

Талууд гэрээг урт хугацаатай байгуулсан, гэрээ цуцлагдах хүртэл нийт 4 жил гаруй үргэлжлэх хугацаанд банкны суурь хүүгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдээгүйгээс гадна энэ талаарх эрх бүхий этгээдийн гаргасан зохих шийдвэр баримтыг шүүхэд гаргаагүй байна. Банкнаас бусдад санал болгож байгуулсан гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ болдог бөгөөд энэ тохиолдолд гэрээний нөхцөл нь ойлгомжгүй бол гэрээний санал хүлээн авч буй талд ашигтайгаар тайлбарлах зарчмын дагуу зээлийн хүүг жилийн суурь хүү 16.5 хувиар бодсон нь хууль зөрчихгүй гэж дүгнэв.

13. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний 5.1-д “зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 19,135.94 төгрөг төлүүлснээс гадна 601 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Гэрээнд зээлийг эргэн төлөх үүргээ хариуцагч нар хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү төлөх талаар заасан боловч хариуцагч нар гэрээний аль үүргийг /үндсэн зээл эсхүл зээлийн хүү/ хэзээ, хэрхэн зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн болон төлүүлэхээр нэхэмжилсэн үндэслэлээ нэхэмжлэгч тодорхойлоогүйгээс 601 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. Иймд нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй, уг шаардлагыг гаргасан боловч зээлээ төлөхгүй байвал үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах бөгөөд албадан худалдаа зохион байгуулах этгээдийг шүүх томилно. Иймд хэрэв хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй юм.

15. Дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 892 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “......” ХХК-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатарын/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.14-ний өдөр төлсөн 44,575 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД