Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0471

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0336 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/1013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0336 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/357 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 336 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар ашиглах эрхээ сунгуулсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах 5.6 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 Дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

3.2. Нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар ашиглах эрх аваад 10 жил өнгөрсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Газар ашиглах эрхийг сунгахдаа газар ашиглагч нь газар дээрээ тодорхой барилга байгуулж бариагүй байсан ч холбогдох төрийн байгууллагаас зохих зөвшөөрлүүдийг авах, эрх бүхий байгууллагатай гэрээ хийж ажил гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт татах гэх мэт газар дээрээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа явуулж байсан бол сунгах шийдвэр гаргадаг. Энэ нь газар ашиглах эрх шинээр олгож байгаа хэрэг биш бөгөөд анх 2012 онд авсан газар ашиглах эрхийг сунгаж байгаа хэрэг. Гэтэл шүүхээс “2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан тул газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг энэ үеэс тоолох нь зүйтэй гэж үзэн 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Газрын тухай хуулийн тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.3. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсныг тогтоосон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн газрын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болсон нь үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтыг үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-154 дүгээр тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт буюу Налайх дүүргийн Горхийн баруун салаанд, 2.0 га газрыг “Т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.  

3.1. Мөн сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Т” ХХК-д Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Шар хадны энгэр нэртэй 3.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, нийт 5.6 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.

3.2. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/357 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснээр энэхүү маргаан үүсжээ.

3.3. Анхан шатны шүүх “... хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна ... нэхэмжлэгч нь газрын төлбөрт 2017-2022 онуудад нийт 37,073,199 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь маргаан бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар нэмэгдүүлж авсан байх ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2018/04 дугаартай гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга, Налайх дүүргийн Засаг дарга, “Т” ХХК нарын хооронд байгуулжээ.

4.2. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байх тул гэрээ байгуулсан дээрх хугацаанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг тооцохоор байна.

4.3. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар нэмэгдүүлж авсан байх ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2018/04 дугаартай гэрээ байгуулагдсанаас хойш газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой ажлыг хийж гүйцэтгэж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг,  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

5. Түүнчлэн хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2022 оны байдлаар буюу маргаан бүхий актыг гарах хугацаанд нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдсон байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.1. Хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд заасан дээрх үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулалгүй маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ