Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 680

 

М.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Чын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б-арт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Ч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б-- ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн шинжээчээр ажилласан. Анх хүний нөөц, удирдлагын менежертэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар жил бүр шинэчилж байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хүний нөөц, удирдлагын менежер н.Долгорсүрэн Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич Т.Дэлгэрдалай хүүхэд асрах чөлөө авсан тул чамайг оронд нь ажиллуулах боллоо гэснээр тус цехэд ажилласан. Тухайн үед ямар шалтгаантай болон удирдлагын шийдвэр гарсан эсэх талаар мэдээгүй. Тус цехэд ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралт авч, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очиход цехийн эрхлэгч “...одоохондоо ажилгүй байна, сул зогсолтын мөнгөө аваад амарч бай. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилдаа ороорой” гэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа очиход Хүний нөөц, удирдлагын менежер н.Долгорсүрэн нь “Т.Дэлгэрдалай ажилдаа орох хүсэлт өгсөн тул ажлаа хүлээлгэж өг” гэснээр ажлаа хүлээлцсэн. Тухайн үед н.Долгорсүрэн “чамаас гадна хүмүүс байгаа, та нар нөөцөд байж бай, үйлдвэрлэл эхлэхээр шийдье, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох та нарыг ажилд томилно” гэсэн. Би н.Долгорсүрэнг хэзээ дуудах бол гэж хүлээж, утсаар холбогдоход “...хүлээж бай, томилох шийдвэр гараагүй, үйлдвэрлэл эхлээгүй...” гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захирлын нарийн бичиг н.Уранчимэгтэй ярихад “...чиний халагдах тушаал гарсан..” гэсэн бөгөөд мөн өдөртөө захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалын хуулбаруудыг авч, ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Ингээд Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар очиход ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгөх хугацаа дууссан гээд хүлээж аваагүй.

Намайг 2016 оны 4 дүгээр сард Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд ажиллуулахдаа Чанар хяналт, шинжилгээний лобараторийн шинжээчийн ажлаас чөлөөлснийг мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй. Хариуцагч байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд түр гэсэн боловч хугацаагүй гэж ойлгохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа нь хуанли, он, сар, өдрөөр эсвэл жил, улирал, сараар, заах буюу ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан эргэж ажилдаа орох гэх мэт тодорхойлсон. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй, хүний оронд ажиллаж байгаагаа мэдээгүй. Мөн тушаалууд үндэслэлгүй гарсан, тушаалтай танилцуулаагүй хууль зөрчсөн тул Б-- ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд намайг Б-- ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүг мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б-ар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М.Ч нь 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Б--” ТӨААТҮГ-ын Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилон ажиллуулсан. Нэгэнт анхнаасаа байнгын орон тоон дээр, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөө авсан хүний оронд түр хугацаагаар ажилласан тул тухайн хүн ажилдаа орох тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ М.Ч мэдэж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа М.Ч нь “Би жинхэлмээр байна. Тэгвэл цалин мөнгө ахиу олгогдоно, би байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж байгаа учир нөгөө хүн маань эргээд ажилдаа орвол би ямар нэг хэл ам хийхгүй ажлаасаа шууд гарна” гэж удаа дараа байгууллагын удирдлагад санал хүсэлт тавьж байсан тул “Б--” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан О.Сэр-Од түүнтэй жинхэлсэн орон тоон дээр, түр хугацаагаар ажиллуулахаар 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.Ч нь 2012-2016 он хүртэл урьд ажиллаж байсан хүмүүсийн орон тоон дээр түр хугацаагаар ажилласан бөгөөд тухайн орон тооны жинхэлсэн ажилчид буцаад орох тохиолдолд ажлын байрыг буцаан өгдөг тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон М.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Гэвч байгууллагын удирдлага М.Чын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, жирэмсний амралт авсан Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологич Т.Дэлгэрдалайгийн оронд түр хугацаагаар ажилд авч, мөн өдрөө буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргасан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил гэж заасан бөгөөд Т.Дэлгэрдалайгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж, ажилдаа орох болсон тул М.Чтай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн. М.Ч нь 2015 онд үйлдвэрийн онцгой объектоос хаяг, шошго байхгүй био бэлдмэлүүдийг хулгайлан гарч байхдаа цагдаагийн албан хаагчид баригдаж, шалгагдаж, хулгай хийсэн нь нотлогдож, арга хэмжээ авсан боловч түүний амьдрал ахуйг бодож түр ажиллуулж байсан. Мөн М.Чыг ажиллуулахын тулд шинээр орон тоо гаргах боломжгүй, ийм эрх хэмжээ үйлдвэрийн захиралд байхгүй бөгөөд байгууллагын ажиллагсдын орон тоо, цалин хөлс, бусад асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцдаг.

Харин 2015 онд Чанар, хэмжилт шинжилгээний лабораторид шинжээчийн албан тушаалд М.Чыг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ байгууллагын архивт байхгүй боловч М.Чыг 2015 онд Чанар, хэмжилт шинжилгээний лабораторид шинжээчээр ажиллаж байсан талаар маргадаггүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч “Био комбинат” ТӨААТҮГ-д холбогдох, “Б--” ТӨААТҮГ-ын Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүг мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 7-д "...Харин энэ зүйлийн 23.2.2,-т дээрх гэрээг "талууд харилцан тохирлцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино" гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 1.3 дахь хэсгийн г-д "...түр томилох", "түр ажилд авах" гэсэн нэр томьёог хэрэглэн ажилтантай хугацаатай гэрээ байгуулах нь түгээмэл байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан нөхцөл байгаагүй талаар талууд маргаагүй тул талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэж шүүх дүгнэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд шүүхээс дээрх гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус хуулийн шинжийг агуулсан эсэхийг дүгнээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлаагүй тул хугацаатай гэрээ байгуулсан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажилтанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсгэсэн тушаалыг танилцуулах үүрэгтэй боловч танилцуулаагүй нь хүний нөөцийн ажилтны гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдох ба шүүх тушаал танилцуулаагүй байхад гардан авсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан эсэхэд дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулбар үнэн гэснийг нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан шаардлагыг хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар дээрх баримтууд нь нотлох чадвараа алдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч Б-арт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

   Гэтэл хариуцагч байгууллага эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөх журмыг зөрчин маргааны үйл баримт болсон нотлох баримтуудын хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн байхад шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтуудыг хүлээн авч шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Үүний улмаас давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

                                                      

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

           

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД