| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2017/0571/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 114
Б.Эн-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр магадлалтай 1705008620150 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Эн- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эн-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн-гаас 7.550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.На-ад олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогч Д.На- нь үйл явдал болохоос өмнө эрүү, нүүр, шүдэндээ гэмтэл авсан байсан. Эдгээр гэмтэл согогоо эмчлүүлж тухайн үед хацар, эрүү, нүүрэндээ эмчилгээний лент боолттой байсан. Энэ нь камерын бичлэгт харагдаж байгаа. Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.На-ын томографийн нарийн шинжилгээний дүнг харж анзаарсангүй. Хохирогчийн үгээр үзлэг хийж дүгнэлт гаргасан. Компьютер томографийн шинжилгээгээр Д.На- нь хуучин баруун талын нүдний ухархайн дотор хана 1,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,4 см гүн цөмөрсөн хугаралтай буюу гэмтэлтэй байсан. Энэ гэмтэл нь шүд хөдлөхөд нөлөөлсөн. Компьютерт томографийн шинжилгээгээр тархины доргилт, шүдний хөдлөлт, булгаралтын талаар юу ч гараагүй. Хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан компьютер томографийн шинжилгээний дүнг хяналт тавьж байгаа прокурор хараагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэрэгт тийм баримт байхгүй” гэж хэлээд зогсож байсан. Энэ хэргийн мөрдөгч Б.Батбаатар “хэргээ хүлээвэл хялбаршуулсан журмаар хурдан хугацаанд прокурор шийдээд өгдөг юм” гэж хуурч мэхэлж хэрэг хүлээлгэсэн тайлбарыг өөр хүнээр бичүүлж авч хэрэгт хийсэн. Б.Эн-гийн гарын үсэг, бичилт биш байгаа. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал үүссэн болох нь нотлогдсон. Мөн хохирогчид дээрх гэмтлийг шүүгдэгч Б.Эн- учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Шүүгдэгч Б.Эн- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдагдсан. Хяналтын шатны шүүхийн шатанд гэм буруугийн талаар болон хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх байсан талаар гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчийн талаас давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргаад байгаа гол учир нь эмчилгээний зардалтай уялдаж байгаа. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Эн- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” зах дотор иргэн Д.На-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эн-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн-гаас 7.550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.На-ад олгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Эн- нь Д.На-ыг цохиж тархи доргилт, нэг шүдний булгарал, хоёр шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт, уруулын зүүн буланд язарсан шарх зэрэг гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эн-гийн үйлдэл, хохирогч Д.На-ад учирсан гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Д.На-ад учирсан 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал нь шүүгдэгч Б.Эн-гийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан тул энэ талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН