Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 3135

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/03135

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я гаргасан,

Хариуцагч: О-д холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, К ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч Б, гэрч Б, А, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Я 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр О ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байсан. Гэвч талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 132,000,000.00 төгрөгөөр компанийн хувьцааг худалдахаар тохиролцсон. Тухайн үед хариуцагч тал “........худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар татвар гээд төвөгтэй байдаг юм............” гэж итгүүлэн “.............компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд, төлбөрийн асуудал дээрээ зээлийн гэрээ байгуулъя” гэдэг санал гаргаж, улмаар бид хоёр 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг байгуулсан.

Бид, бодит байдал дээр О ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ч хариуцагч Оийн ятгалгаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийж, хувьцааны төлбөрийг зээлийн гэрээгээр халхавч болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон юм.

Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хувьцааны төлбөрийг төлөх ёстой байсан хэдий ч одоо болтол энэ төлбөрийг төлөөгүй. Гэтэл тэрээр нэг ч төгрөг төлөхгүйгээр компанийн хувьцааг өмчлөлдөө шилжүүлэн авч, одоо компанийн эзэмшилд байгаа эрх, тэдгээр эрхийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж байна.

Хариуцагч О нь О ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тус компанийн нэрийг К ХХК болгон өөрчилсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг дүр үзүүлсэн болон халхавчилсан гэсэн үндэслэлээр хүчин хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгож, эдгээр хууль бус гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн К ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хууль зөрчсөн гэдгийг тус хуулийн 56.1.2, 56.1.3.-т заасан дүр үзүүлсэн, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ байгуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн утгаар тайлбарласан. Энэ компанийн хувьцааг шилжүүлэх үед нийт 350,000,000.00 гаруй төгрөгийн хөрөнгөтэй байсан, үүнийг 2014 оны санхүүгийн тайлангаар нотолсон, гэтэл ийм хэмжээний хөрөнгөтэй компанийг нэг ч төгрөгүйгээр бэлэглэсэн гэсэн хариуцагчийн тайлбар ямар ч үндэслэлгүй.

Тухайн үед О ХХК нь орон сууцны конторын чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан, компанийн хувьцааг шилжүүлэхдээ 132,000,000.00 төгрөгийг тооцохдоо үйл ажиллагаа явуулж байсан болон тусгай зөвшөөрлийн үнийг оруулсан, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой тайлбар хийгээгүй, түүнчлэн гэрээгээр ямар үр дагавар үүсгэсэн бэ гэдэгт тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.

Талуудын хүсэл зориг нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах байтал худалдах, худалдан авах гэрээний агуулга, зорилгод нийцээгүй бэлэглэлийн болон зээлийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56.4.-т зааснаар үр дагаварыг арилгуулах тухай шаардлагыг хангах ёстой. Ингэснээр нэхэмжлэгчийн компанийн хувьцааг эзэмших хууль ёсны эрх ашиг хамгаалагдана. Гэрчүүдийн тайлбараар хувьцаа шилжүүлж авснаар ямар ч төлбөр төлөгдөөгүй, зээлийн гэрээний дагуу мөнгө төлөгдөөгүй байна, мөнгө зээлдүүлэх зорилго агуулаагүй тул нэхэмжлэгч Ягаас мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй.

Иймд, дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

“Бид, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь, О ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, гадаад худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. 2012 он хүртэл хэд хэдэн хувьцаа эзэмшигчид бэлэглэлийн гэрээгээр хувьцаа нь шилжиж байсан ба 2011 онд Нийтийн аж ахуйн тухай хуульд зааснаар орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээний засвар үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийг авсан.

2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Я нь *******, ******* гэх хүмүүсээс 40, 60 хувийн хувьцааг нь тус тус бэлэглэлийн гэрээгээр авч, энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг болсон байдаг. Тухайн үед уг компани 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, татварт Х тайлан өгдөг нөхцөл байдалтай байсан.

Ингээд талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч О нь энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон. Гэвч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах байсан ч татвараас болж бэлэглэлийн гэрээ байгуулсан, тус гэрээнүүд  халхавчилсан гэрээ гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч Ягийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хувь хүний орлогын албан татварын 8 дугаар зүйлийн 8.1.-т “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна” гээд 8.1.4.-т “хөрөнгө борлуулсны орлого” гэж, мөн 20.1.2-.т хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь тооцно гэсэн тус тус зохицуулалт байдаг. Татварын жилд олсон орлогоосоо тухайн этгээд татвар төлөх ёстой тул нэхэмжлэгчийн төлөх ёстой татварыг хариуцагч төлөхгүй, одоо төлүүлээгүй гэж тайлбарлаж буй нь ойлгомжгүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дагаварт хүрэх гэж бус гадаад үр дагаврыг бий болгохыг хүсдэг. Талууд дээрх гэрээг байгуулахдаа гарын үсгээ зурж, нотариатаар батлуулан, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ гэрээний үр дагаврыг талуудын аль аль нь ойлгож байгуулсан. Ямар нэгэн үр дагавар үүсгээгүй гэх нөхцөл байдал байхгүй, маргаж буй компани 2011 онд тусгай зөвшөөрөл авсан байсан боловч 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цуцлагдах асуудал үүссэн.

Холбогдох зохицуулах зөвлөлөөс хуульд заасан шаардлага хангахгүй байгаа талаар албан ёсны мэдэгдэл өгч, мөн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын үйл ажиллагааны зардлыг нөхөж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх техник эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй тул уг шаардлагыг хангаж ажиллахыг анхааруулж байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ахин сунгаагүй байсан.

Үүнээс гадна оршин суугч нараас маш их гомдол санал ирдэг, ийм асуудалтай компанийг хариуцагч ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлж авсан. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хувьцааг шилжүүлэн авсны дараагаар хариуцагч нь тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж, компанийн нэрийг “Комфорт Монгол нэтворк” болгон өөрчилж, үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг шинээр авсан.

Бид, ямар ч үйл ажиллагаагүй явуулдаггүй байсан компанийг шилжүүлэн авч,  өнөөдрийн хүртэлх хугацаанд тогтвортой ажиллуулж байна. Гэрч Бын тайлбарласнаар 997,000,000.00 төгрөгийг олон орон сууцны хотхонтой гэрээ хийсний үндсэн дээр бий болгосон хөрөнгө юм. Нэхэмжлэгч тал анх 354,000.000 төгрөгийг дулаан цахилгааны тоног төхөөрөмжийн хөрөнгө гэж тайлбарлаж байсан бол одоо тусгай зөвшөөрөл гэж зөрүүтэй тайлбар өгч байна. Хэрэв О ХХК-ийн нэр дээр эд хөрөнгө байсан бол өмч шилжүүлэх гэрээ байгуулах шаардлага байхгүй, зөвхөн 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай өөр ямар ч эд хөрөнгө байгаагүй гэдгийг гэрчүүд болон нэхэмжлэгч нь өөрөө ч тайлбарласан.

Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтыг үндэслэж нэхэмжлэхдээ хуулиар хориглосон ямар зохицуулалтыг зөрчсөн бэ гэдгийг тодруулаагүй, талууд хүсэл зоригоо илэрхийлэн нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээгээр хариуцагчийн өмчлөлд компанийн хувьцааг шилжүүлсэн. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3.-д заасан гэрээний үр дагаврыг бий болгоогүй, зөвхөн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үр дагаврыг хүссэн.

Нөгөө талаар халхавчлагдсан гэрээ хэлцэл байх ёстой, гэвч халхавчлагдаж хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй, өмчийн хэлцэл буюу эрх шилжүүлэх гэрээнээс ангид хийгдсэн хүчин төгөлдөр гэрээг одоо үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ягаас хариуцагч Од холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, К ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ, түүнчлэн зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан бол, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс талуудын байгуулсан хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж маргасан.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Я нь хариуцагч Отэй 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, О ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээр тохирч, улмаар зохигчид тус өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан уг компанийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 6, 7, 66-69, 117 хуудас/.

            Тодруулбал, талууд О ХХК-ийн 1,000,000.00 төгрөгийн үнэ бүхий 1 бүрийн 10,000 төгрөгийн үнэтэй нийт 100 ширхэг энгийн хувьцааг хариуцагч Оийн өмчлөлд шилжүүлсэн болон түүнийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эсэх тухай маргаагүй бөгөөд гагцхүү хувьцааг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар мэтгэлцсэн /1-р х.х-ийн 75-77, 96, 109-112 хуудас/.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч О нь О ХХК-ийн хувьцааг ийнхүү шилжүүлж авсныхаа дараа компанийн нэрийг “Комфорт Монгол нэтворк” гэж өөрчилж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 997,077,400.00 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8.-д заасан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж байгаа ажээ /1-р х.х-ийн 67, 71, 73-77, 92, 96, 2-р х.х-ийн 18-21 хуудас/.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэтэл татвар төлөх ёстой болсны улмаас бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлж, зээлийн гэрээний дагуу хувьцааны үнийг төлөхөөр тохирсон, гэвч нэхэмжлэгч Ягаас хариуцагч Од 132,000,000.00 төгрөгийг өгөөгүй бөгөөд халхавчилсан болон дүр үзүүлсэн гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус” гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, төрийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох гэж байсан компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан” гэж маргасан.  

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдыг О ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед энэ компанийн 2014 оны санхүүгийн тайланд тусгагдсанаар эргэлтийн хөрөнгө /авлага, бараа материал, урьдчилж төлсөн төлбөр/-ийн хэмжээ 46,198,633.06 төгрөг, үндсэн хөрөнгө /хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, техник, газар гэх мэт/-ийн хэмжээ 356,229,200.00 төгрөг, бусдад төлөх өглөгийн хэмжээ 46,120,000.00 төгрөг, мөн татварын өр 2,152,655.95 төгрөг бол борлуулалтын орлогын дүн 202,089,311.55 төгрөг, борлуултын өртөг 148,048,533.80 төгрөг байснаас гадна тайлант үеийн алдагдал 1,540,882.81 төгрөг, эздийн өмч 354,155,177.06 төгрөг байжээ /2-р х.х-ийн 132-142 хуудас/.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй” гэж, мөн 30.2.-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж зааснаар хэдийгээр талууд О ХХК-ийн 1,000,000.00 төгрөгийн үнэ бүхий 1 бүрийн 10,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг энгийн хувьцааг шилжүүлэхээр тохирсон боловч энэ нь тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг шууд илэрхийлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү компанийн хувьцаа эзэмшигч нь тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д “Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ” гэж зааснаар компанийнхаа хувьцааг үнэлэх эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, аливаа эд хөрөнгийг бусад этгээдэд бэлэглэхэд түүнээс хариу төлбөр үл шаардах бөгөөд талуудын хооронд тухайн зүйлийг бэлэглэх үндэслэл юу байсан бэ гэдгийг тодруулах шаардлага үүсч байна.

 

Гэтэл зохигчид О ХХК-ийн хувьцааг хариу төлбөргүйгээр бие биедээ бэлэглэх хэмжээний харилцаатай байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хариу төлбөртэй буюу худалдах гэж тохирсон, хувьцааны үнийг зээлийн гэрээгээр төлөхөөр халхавчилсан гэж нотлох баримтын хүрээнд тайлбарласныг хариуцагч нь баримтаар няцаагаагүй бөгөөд талуудыг сайн дурын үндсэн дээр үнэн санаанаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдгээ нотлохгүй байна.

Иймд, талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх учир дутагдалтай байна.

 

Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Я нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Отэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 132,000,000.00 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлэхээр тохирчээ /1-р х.х-ийн 8 хуудас/.

 

Талууд уг зээлийн гэрээнээс гадна компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг тус тус 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн тойргийн 209 тоот дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримтын тухай маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус гэрээ болон гэрчүүдийн мэдүүлгээр эдгээр гэрээг нэг өдөр зэрэг байгуулсан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарт дурдсанаар зохигчид анхнаасаа О ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авахаар тохиролцсон ба ижил тэнцүү үнэ цэнэтэй зүйлийг солилцох буюу компанийн хувьцааг шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээгээр бус, харин бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь гэрээний хоорондын уялдаа, татвар төлөхөөс зугтах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулах болсон сэдэл зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид О ХХК-ийн тухайн үед нэрлэсэн бөгөөд гаргасан байсан 1,000,000.00 төгрөгийн үнэ бүхий 1 бүрийн 10,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг энгийн хувьцааг нийт 132,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон бөгөөд хувьцааны төлбөрийг зээлийн гэрээгээр, хувьцаа шилжүүлэх харилцааг бэлэглэлийн гэрээгээр тус тус зохицуулахаар тохирчээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу худалдагч Яг худалдах, худалдан авах гэрээ, түүнчлэн зээлийн гэрээний зүйлийг худалдан авагч хариуцагч Оийн өмчлөлд шилжүүлсэн үү гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа О ХХК-ийн хувьцааг хариуцагч Оийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар маргаагүй. Иймд, нэхэмжлэгч Яг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг тусдаа бие даасан гэрээ байсан, хэдийгээр энэ гэрээг байгуулсан боловч бодитоор 132,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан. Гэвч тус зээлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг сольсон харилцаа байжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Я нь 132,000,000.00 төгрөгийн үнэ бүхий хувьцааг хариуцагч Од худалдсан учраас хариуцагч тал гэрээний үнийг нэхэмжлэгчид төлөх ёстой бөгөөд тэрээр төлбөрийг тухайн үед төлөх боломжгүй байсан тул зээлийн гэрээний үндсэн дээр хожим төлөх үүргийг хүлээсэн байна. Энэ нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэнтэй зөрчилдөхгүй, учир нь нэхэмжлэгч тал 132,000,000.00 төгрөгтэй тэнцэх хөрөнгө /хувьцаа/-ийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

Үүнийг тус хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 236.1.3.-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасан байдаг. Тайлбарлавал, нэхэмжлэгч Я болон хариуцагч О нар хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг 132,000,000.00 төгрөг гэж тохирч, худалдагч буюу нэхэмжлэгч нь тус төлбөрийг хариуцагчаас авах, худалдан авагч болох хариуцагчид хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлснээр энэ гэрээний үүргийг дуусгавар болох бөгөөд зохигчид төлбөр төлөх үүргийг зээлийн гэрээгээр зохицуулахаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг сольсон байна.

Иймд, талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан О ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, зээлийн гэрээний харилцаа бий болсон гэж дүгнэв.

 Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулах ёстой байтал бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээ байгуулсан учраас дүр үзүүлсэн, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэж байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь О ХХК-ийн хувьцааг худалдах тухай худалдагч буюу нэхэмжлэгчийн анхны хүсэл зоригийг үгүйсгээгүй, үүнийг өөрийнхөн жинхэнэ хүсэл зориг байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 40.2.-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заажээ.

Тодруулбал, зохигчид хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, үйлдэл, эс үйлдэхүйгээр нөгөө талдаа мэдэгдсэнийг хандсан этгээд хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд уг хэлцэл хуульд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байх учиртай юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь талууд огт хэлцэл хийх хүсэл зорилгогүйгээр /иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох/ бусдад хэлцэл хийсэн юм шиг харагдахын тулд хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, талууд тус хэлцлийн үр дагаврыг хүсээгүй боловч хэлцэл хийсэн мэт ойлгогдох нөхцөл байдлыг үүсгэдэг.

Гэтэл зохигч нар анхнаасаа л О ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг бий болгох хүсэл зоригтой байсан тул тэдгээрийг уг хэлцлийн үр дагаварыг хүсэхгүйгээр дүр үзүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаар халхавчилсан хэлцлийн хувьд зарим тохиолдолд зорилго нь хэлцэл хийж, эрх, үүргийн хувьд холбогдох чин хүсэлтэй байдаг ч үүнийгээ илэрхийлэхдээ хэлцлийн хэлбэрийг өөрөөр тодорхойлсон байдаг.

Тодруулан хэлбэл, нэхэмжлэгч Я болон хариуцагч О нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний хэлбэрээр О ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан хэдий ч хэлцлийнхээ хэлбэрийг илэрхийлэхдээ татвар төлөхөөс зугтах байдлаар энэ хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан байна.

Энэ тохиолдолд зохигчдын хувьцаа худалдах, худалдан авах анхны хүсэл зориг хүчинтэй хэвээр бөгөөд, харин хувьцааг бэлэглэх илэрхийлэл нь тэдгээрийн жинхэнэ буюу худалдах хүсэл зоригоос өөр байсан учраас эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм, гэвч уг хэлцлийн цаад буюу халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах хэлцэл нь талуудын зорьсон бөгөөд харилцан зөвшөөрсөн үйлдэл байсан тул хүчин төгөлдөр хэвээр байх учиртай.

   Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гээд 46.1.8.-д “хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлэх ба тийнхүү гэрчлүүлэхэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлнэ.

Гэвч зохигчид дээр дурдсанаар О ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан боловч тэдгээрийн анхны хүсэл зориг нь хувьцааг худалдах зорилготой байсан, хувьцааны төлбөр төлбөр төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.-д “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно” гээд 63.1.4.-д “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр” гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч тал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь О ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зөвхөн зээлийн гэрээний үнийн дүн буюу 132,000,000.00 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлжээ.

Гэтэл тэрээр компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа бэлэглэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн ба улсын тэмдэгтийн хураамжид тус тусдаа байгуулагдсан 1,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ бүрээр 28,550.00 төгрөг буюу нийт 57,100.00 төгрөгийг дутуу төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ягийн гаргасан хариуцагч Од холбогдох О ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, К ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 57,100.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР