Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00078

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00078

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Б-д холбогдох,

компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

хууль бус гэрээний үндсэн дээр “О” ХХК-ийн хувьцааг Б-ийн эзэмшилд шилжүүлэх үеийн Монгол хотхоны 66а, 66b, 66c, 66d, 66e, 66ё, 66и байрны 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх,

Монгол хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг даалгахыг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

А- нь “О” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч бөгөөд тус компанийг Б-д 132,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед Б- нь худалдах худалдан авах гэрээ байгуулахаар татвар төлнө, төвөгтэй гэж итгүүлэн компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд төлбөрийн асуудалд зээлийн гэрээ байгуулья гэдэг санал гаргаж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Бид бодит байдал дээр “О” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилготой байсан боловч Б-ийн ятгалгаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлэн хийж, хувьцааны төлбөрийн зээлийн гэрээгээр халхавч болгон хийсэн нь хууль бус болсон байна.

Зээлийн гэрээний дагуу Б- нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хувьцааны төлбөрийг төлөх ёстой байсан боловч одоо болтол энэ төлбөрийг төлөөгүй атлаа компанийн хувьцааг эзэмшилдээ шилжүүлэн авч улмаар манай компанийн эзэмшилд байгаа эрх, тэдгээр эрхийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж байна. Б- нь “О” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тус компанийн нэрийг “К” ХХК болгон өөрчилжээ.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг үндэслэж Б- бид нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

А- нь “О” ХХК-ийг 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ү-, У- нараас компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан буюу нэхэмжлэгч уг компанийг үүсгэн байгуулаагүй. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д зааснаар эрх борлуулсан тал нь татварыг төлдөг тул компанийн хувьцаа шилжүүлсний орлогод ногдох татварыг худалдсан А- төлөх ёстой бөгөөд татвараас зайлсхийх зорилго А-д байсан. Иймд Б-ийн ятгалгаар тус гэрээнүүдийг байгуулж компанийн эрх шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй.

Зээлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг байгуулах үед “О” ХХК нь хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан, өмнө нь авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт өгөөгүй байсан. Хот суурин ус ариутгах татуурга ашиглалт үйлчилгээ эрхлэх газраас тусгай зөвшөөрөл авах сануулга болон тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд уг үйл ажиллагааг шилжүүлэх тухай албан бичиг төрийн байгууллагуудаас ирсний дагуу “О” ХХК-ийн гүйцэтгэж байсан үйл ажиллагаагаа цаашид гүйцэтгэх боломжгүй болж татварын өртэй, ажиллах боловсон хүчингүй болсон үед Б-д эрхийг шилжүүлсэн. Б- эрхийг шилжүүлж авснаас хойш шинээр тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг бүрдүүлж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “К” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тогтоол гарсан.

Монгол хотхоны 779 өрх 12 аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд хариуцан ажиллуулдаг эрх бөгөөд А- уг үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, уг эрхийг буцааж өгөхийг шаардаж буй нь үндэслэлгүй.

Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа А- 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр компанийн бүх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан нь дээрх гэрээг улам баталгаажуулсан үйлдэл болсон. Зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ба зээлийн гэрээний 2 жилийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр дууссан, энэ хугацаанаас хойш 2019 оны 1 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг огт шаардаж байгаагүй тул эдгээр гэрээ хариу төлбөргүй хийгдсэн болох нь тодорхой харагдана.

Мөн компанийн эд хөрөнгийг Б-д шилжүүлсэн талаар баримтгүй тул энэ талаар гаргасан шаардлага үндэслэлгүй.

А- нь компанийн үйл ажиллагааг явуулж чадахгүй байхдаа шилжүүлж өгсөн атлаа үйл ажиллагаа нь тогтвортой болсны дараа буцаан шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн хариуцагч Б-д холбогдох 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

“О” ХХК-ийн хувьцааг Б-ийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, Монгол хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч А-, хариуцагч Б- нарын хооронд “О” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болох нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулах болсон бодит үндэслэлийн талаар нэхэмжлэгч талын гаргасан үндэслэл баримтын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй бөгөөд гурван гэрээнд хэт ерөнхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа өөрийн өмчлөлийн “О” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдах хүсэлт зоригтой байсан эсэхийг дүгнээгүй, Өөрөөр хэлбэл, талууд гэрээний төрлийн хувьд өөр төрлийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хариуцагч “ ... “О” ХХК-ийн хувьцааг худалдан авах хүсэл зориг байгаагүй...” гэдгээ тодорхой илэрхийлсэн байхад анхан шатны шүүх “...хууль буюу нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн, субъектив байдлын хувьд дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна... ” гэж үзсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Зохигч “О” ХХК-ийн хувьцааны эрхийг шилжүүлсэн хүсэл зоригийн талаар маргаж байхад анхан шатны шүүх тэдний хооронд байгуулагдсан гурван төрлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн “...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тодорхой баримт, хууль зүйн үндэслэлээр тайлбарласан.

Талууд А-гийн “О” ХХК-ийн хувьцааг худалдах хүсэл зоригийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой атал энэ хүсэл зоригт нийцээгүй бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд бэлэглэлийн гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна.

Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч А- нь, зээлдэгч Б-д 132,000,000 төгрөгийг зээлдүүлэх зорилго байгаагүй, тиймээс ч А- тус гэрээний дагуу 132,000,000 төгрөгийг Б-д шилжүүлэн өгөөгүй, Б- ч уг мөнгийг шилжүүлэхийг шаардаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн Б-ийн тайлбараар тэрээр анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг, эрмэлзэлгүй болохыг харуулж байгаа. Энэ үйл баримтаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм.

4.3 “О” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед энэ компанийн эргэлтийн хөрөнгө 46,198,633.06 төгрөг, үндсэн хөрөнгө 356,229,200.00 төгрөг, борлуулалтын орлогын дүн 202,089,311.55 төгрөг, эздийн өмч 354,155,177.06 төгрөг тус тус байсан 2014 оны санхүүгийн тайлангаар тогтоогдсон.

Хариуцагч Б- нь дээрх хэмжээний эд хөрөнгөтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.6.7, 12.2.8-д заасан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг нэг ч төгрөг төлөхгүйгээр өөрийн өмчлөлд авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор хууль зөрчсөн, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй.

4.4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн гаргасан тайлбараар талуудын хооронд “О” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах асуудлаар бичгээр гэрээ үйлдээгүй болох нь тогтоогдсон. Харин “О” ХХК-ийн хувьцааг харилцан шилжүүлсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зориг өөр, өөр байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байгаа.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөнгө олгох хүсэл зориг байгаагүй, тиймээс ч гэрээний дагуу мөнгийг олгоогүй, зээлдэгч буюу хариуцагч нь тус гэрээний дагуу мөнгө төлөх үүрэггүй гэж маргаж байхад шүүх огт дүгнэлт хийгээгүй.

4.5. Хэрэгт авагдсан “О” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед энэ компанийн 2014 оны санхүүгийн тайланд тусгагдсанаар 46,198,633.06 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 356,229,200.00 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй борлуулалтын орлого нь 202,089,311.55 төгрөг, борлуулалтын өртөг нь 148,084,533.80 төгрөг байснаас гадна тайлант үеийн алдагдал 1,540,882.81 төгрөг эздийн өмч 354,155,177.06 төгрөг байсан бодох нь тус компанийг ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг няцаах хангалттай баримт болж байгаа.

“О” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хувьцаа шилжсэний дараа олгогдсон боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан компанийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, уг зөвшөөрлийг авахдаа бүрдүүлж өгсөн баримтуудад “О” ХХК нэртэй байх үеийн баримт мэдээллийг ашигласан нь байгааг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1 “О” ХХК-ийн үйл ажиллагаа эрх шилжүүлэхийн өмнө 2 үйлчлэгч, 1 нягтлан бодогч, 1 гүйцэтгэх захирал гэх нийт 4 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн байгууллагад 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон учраас уг зөвшөөрлийн хугацаа дууссан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос тухайн зөвшөөрлийн хугацааг сунгах материалуудыг бүрдүүлж өгөх талаар эрх бүхий байгууллагуудаас удаа дараа шаардаж байсан ч нөхцөл, шаардлагуудыг биелүүлж чадахгүй байсан учраас тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагааг зогсоож, өөр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа шилжүүлж өгөх талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Хот суурин ариутгах татвар, ашиглалтын зүйл зэрэг эрх бүхий байгууллагад удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Уг нөхцөл байдлын дагуу эрх шилжүүлэн авах үед тухайн компани ямар ч ашиггүй, алдагдалтай, үйл ажиллагаа нь доголдсон байсан.

Энэ үед нь Б- нь “Ө” ХХК-ийн орон сууцыг худалдан борлуулах зорилгоор тухайн компанийн захиралтай хамтран ажиллаж байсан тул  компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулахыг санал болгосон. Үүний дагуу компанийн эрх шилжүүлэх буюу бэлэглэлийн гэрээгээр тухайн компанийг шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авсны дараа зохих шаардлагуудыг биелүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг шинээр гаргуулан авч одоо компани ашигтай ажиллаж байна.

5.2. Санхүүгийн тайланд тусгагдсан 354,000,000 төгрөгийн эд хөрөнгөтэй гэх боловч уг хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны подволын давхар болон дээд давхрын халуун усыг дамжуулах ноцоос, худаг гзэрэг нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шилжээд явдаг. Үүний дагуу “К” ХХК  нь “хүӨ” ХХК-аас барилгын нэг бүрдэл хэсгийг шилжүүлэн авсан. Мөн уг өмчийг А-гаас Б-д шилжүүлсэн гэх нотлох байхгүй

Нэхэмжлэгчийн зүгээс 1,000,000 төгрөгийн үнэтэй хувьцаатай компанийг шилжүүлэн өгсөн болохоос биш өөр эд хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Тус компанийн 2014 оны санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгийг бодитоор шилжүүлсэн гэх баримт байхгүй.

5.3. 2015 онд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээг байгуулсан. Гэвч 2019 онд тухайн компанийн хувьцааг худалдсан бөгөөд зээлийн гэрээгээр халхавчилж худалдсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тусгай зөвшөөрөл, өмч, хөрөнгө байсан эсэх асуудал нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Мөн тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь заавал үргэлжлэх зохицуулалт биш. Мөн тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд үргэлжлэх боломжтой.

2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний шаардах эрх дуусгавар болсон ч шаардах эрхийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. “Ө” ХХК-аас   “К” ХХК -д төлөх өр төлбөрийн талаар талууд тооцоо нийлэхэд дээрх өр төлбөр яригдаагүй. “Ө” ХХК нь А-гийн 100 хувийн өмчлөлийн компани байдаг. Авлагатай байсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс авлагыг өглөгт тооцох боломжтой байсан. Тухайн үеийн хүсэл зоригоо өөрчилж байгаа нь өөр зорилготой байсныг илтгэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэл зоригоо өөрчилсөн тохиолдолд 132,000,000 төгрөгийг төлье гэж хариуцагч талаас санал гаргасан. Гэвч тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн компаниа авах зорилготой байна. Уг нөхцөл байдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

 Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу “О” ХХК-ийн хувьцааг Б-ийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, Монгол хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх,

тус компанийн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хоорондоо уялдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Учир нь А- нь “О” ХХК-ийн хувьцааг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б-ийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг үндэслэл болгон 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан.

Харин нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор “О” ХХК-ийн хувьцааг Б-ийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, Монгол хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, тус компанийн эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн үндэслэлтэй тохирохгүй байна.

 “О” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зорилгоор байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа тохиолдолд үүний үр дагавар нь “О” ХХК-ийн хувьцаа руу чиглэнэ. Өөрөөр хэлбэл, хувьцаа шилжүүлэх зорилгоор байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тохиолдолд компанийн хувьцааг буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх ёстой.

 

3.2. Нэхэмжлэгч нь “О” ХХК-ийн хувьцааг Б-ийн эзэмшилд хувьцаа шилжүүлэх үеийн 779 өрх, 12 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх эрх, Монгол хотхоны дээр дурдсан орон сууцны барилга байгууламжийн цэвэр бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн эрх, тус компанийн эд хөрөнгийн буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардахдаа “Ө” ХХК, “К” ХХК-ний хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан өмч шилжүүлэх гэрээг үндэслэсэн.

Уг гэрээгээр “Ө” ХХК нь “К” ХХК-д салбар шугам /цэвэр бохир усны/ дулааны ЦТП, цахилгааны ТП зэргийг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

Ийнхүү тухайн гэрээний оролцогч биш атлаа гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч шаардсан үндэслэл тодорхойгүй байна.

Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгдсэний дараа энэхүү шаардлага хэвээр байх тохиолдолд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмч шилжүүлэх гэрээг байгуулсан хуулийн этгээдүүдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

 

3.3. Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх болсон эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна.

 

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, мэтгэлцээнийг чиглүүлэх ажиллагааг явуулах ёстой байдаг.

Энэхүү хэргийн нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага тохирохгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                     Т.БАДРАХ