Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00107

 

О.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд  даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дүгээр магадлалтай,

 О.Оийн нэхэмжлэлтэй

Г.Жд холбогдох

 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Жгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, хариуцагч Г.Ж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Жд холбогдуулан 3,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “хариуцагч нь их сургуулийн диплом гаргаж өгнө гэж  3,900,000 төгрөг шилжүүлэн авсан боловч өгсөн диплом нь хуурамч байсан тул мөнгийг   буцаан гаргуулна”  гэжээ.

 Хариуцагч Г.Ж нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... фэйсбүүкээр ажил олгогч н.Отгонбаатартай танилцсан. Тэр  хэлэхдээ би Боловсролын яаманд ажилладаг улсын бүртгэлд ордог Их, дээд сургуулийн диплом гаргадаг, ... миний өгсөн дугаар луу залгаад захиалга ав, нэг захиалга авахад 200,000 төгрөгийн цалин өгнө гэсэн. Нэхэмжлэгчид  дипломыг нь өгөөд төлбөр болох 3,888,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. Ажлын хөлс 200,000 төгрөгийг авч, үлдэгдэл 3,675,000 төгрөгийг ажил олгогчийн  данс руу шилжүүлсэн.” гэж маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Жгаас 3,888,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.От олгож, илүү нэхэмжилсэн 12,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жгаас улсын тэмдэгтийн хураамжинд 77,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.От олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагч Г.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 1041 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” мөн уг хэрэг нь Хан-Уул дүүргийн 1-р хэлтэст 201000266 дугаартай хэрэг үүсэн шалгагдаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал болох 2020.04.08-ны өдөр уг хэргийг хариуцаж байгаа цагдаагийн ахмад Э.Золбадрах нь Ковид-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байсан учир шүүх хурал дээр уг хэргийг шалгаж байгаа гэсэн тодорхойлолт гаргаж өгөөгүй байсан тул хариуцагч Г.Ж миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 6. Нэхэмжлэгч анх хариуцагчид холбогдуулан тэдний хооронд 2019.11.16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэж үндсэн зээл 3,900,000 төгрөг, зээлийн хүү 624,000 төгрөг, нийт 4,524,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчилж, их сургуулийн диплом гаргуулах зорилгоор 3,900,000 төгрөг өгсөн, өгсөн диплом нь хуурамч байсан тул буцаан гаргуулна гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “н.Отгонбаатар гэгч Боловсролын яаманд ажилладаг, миний өгсөн утас руу залгаж захиалга аваад мөнгийг авч өгөх ажил байна, ажлын хөлсөнд захиалга бүрээс 200,000 төгрөг өгнө гэсний дагуу нэхэмжлэгчтэй холбогдсон, 3,900,000 төгрөг шилжүүлж авснаас ажлын хөлсөө авч, үлдэх хэсгийг өгсөн, энэ ажиллагаа нь хууль бус байсан гэдгийг мэдэж н.Отгонбаатарыг эрүүгийн хэрэгт шалгуулахаар цагдаад гомдол гаргасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэж маргасан байна.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3,888,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, “талууд зээлийн гэрээг зээл авах зорилгоор бус их сургуулийн диплом гаргуулах зорилгоор байгуулж мөнгийг шилжүүлсэн тул зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус, талуудын хооронд их сургуулийн диплом гаргаж өгөх тохиролцоо хийгдсэн, улмаар түүний төлбөрт 3,888,000 төгрөг шилжүүлсэн, диплом нь хуурамч байсан үйл баримт тогтоогдож байна. Иймээс хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг нь дуусгавар болсон тохиолдолд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзсэн байна.

 8. Хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт учир дутагдалтай байна.

 а/ Эрүүгийн хэргийн журмаар хэнд холбогдуулан ямар хэрэг шалгагдаж байгаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх эсэхийг шүүх тодруулах нь зөв байжээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Хэдийгээр хариуцагч нь энэ нэхэмжлэл, түүний үндэслэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч, тэрээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “өөр этгээдийн хуурамч диплом гаргаж өгөх үйл ажиллагаа, үүнтэй холбоотой Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан” гэж тайлбарласан байх ба энэ тохиолдолд уг гомдол нь зохигчийн маргаж байгаа зүйл, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх нь ач холбогдолтой байгааг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэлтэй холбоотой” гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй, энэ агуулга нь хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д тусгагдсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бөгөөд ийм нөхцөл үүсэх эсэхийг шүүх тодруулаагүй байна. Иймээс хариуцагч баримт бүрдүүлэх боломжтой эсэх, энэ талаар хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулах, эсхүл шаардлагатай нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг нэг удаа хойшлуулах нь шүүгчийн шүүн таслах ажиллагааг удирдах, чиглүүлэхэд харшлахгүй гэж үзэхээр байна. Энэ ажиллагаа хийгдээгүй байна.

 б/ Нэхэмжлэгч нь анх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан боловч уг гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн тул шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх байжээ. Зохигчийн хооронд “их сургуулийн диплом гаргуулах, гаргаж өгөх, үүний хариуд мөнгө төлөх” тохиролцоо хийгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэхүү тохиролцоог анхан болон давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзсэн аль нь болох нь шийдвэр, магадлалд тодорхой тусгагдаагүй, зөвхөн зээлийн гэрээг дээрх тохиролцоог халхавчилж хийснээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар  хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

 Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчилж хийгдсэн бол халхавчлагдаж буй “их сургуулийн диплом гаргуулах, гаргаж өгөх, үүний хариуд мөнгө төлөх” гэрээний талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх байжээ. Үүнээс улбаалж, нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай.

 Тухайлбал, уг зохицуулалтад “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн нөхцөлийг шаардсан байх бөгөөд хоёр шатны шүүх энэхүү зохицуулалтын аль нөхцөлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзсэн нь тодорхой бус болжээ. Нөгөө талаар иргэн аливаа боловсролыг сургалтаар эзэмших бөгөөд дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг болох ба дипломыг бүрдүүлэх, олгох журам нь тусгайлан гаргасан хэм хэмжээний актаар зохицуулагдана. Нэхэмжлэгчийн хариуцагчтай хийсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус аль нь болохоос хамаарч нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг дүгнэх, түүнчлэн “анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан” гэх шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байх хуулийн 492.4.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг дүгнээгүй, зохигчоос тодруулж, тэднийг хангалттай мэтгэлцүүлээгүй байна.

 Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 9. Уг нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэл бий эсэх, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэх эсэхийг бүрэн тодруулсны дараа шүүх Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1041 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Жгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.22-ны өдөр 77,160 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                             Б.МӨНХТУЯА