Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/00877

 

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/00877

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Ж-д холбогдох

 

3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Facebook зарын дагуу Г.Ж-тай холбогдож, их сургуулийн диплом гаргуулахаар тохиролцож 2019.11.16-ны өдөр 3 900 000 төгрөгийг өгч, бичгээр зээлийн гэрээ байгуулж, дансаар нь шилжүүлж өгсөн. Ингээд надад хэд хоногийн дараа диплом гаргаж өгсөн боловч хуурамч байсан. Мөнгөө авья гэж удаа дараа ярьсан боловч ажил олгогч нар мөнгийг авсан, холбогдож чадахгүй байгаа гэж тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл тул 3 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа байгуулсан зээлийн гэрээний хүү 624 000 төгрөг нэмж шаардснаасаа татгалзаж, анх шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд хариуцагч Г.Жнь цаад хүмүүстээ холбогдуулж гомдол гаргасан байх, бид энэ талаар мэдэхгүй байна гэв.

Хариуцагч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019.10.29-ний өдөр фэйсбүүкээр ажил олгогч О-тай танилцсан. Ажил олгогч хэлэхдээ Би боловсролын яаманд ажилладаг улсын бүртгэлд ордог их дээд суруулийн диплом гаргадаг гэж хэлээд чиний хий ажил миний өгсөн дугааруудтай яриад захиалга аваад 10 хоногийн дараа допломыг нь өгөөд мөнгийг нь надад авч өгөх л ажил хийнэ. Ингэхдээ нэг захиалганаас 200 000 төгрөгийн цалин авна гэж хэлсэн учраас тохиролцон уг ажлыг хийхээр болсон. Ажил олгогчийн өгсөн 98112838 гэх дугаартай ярихад нэхэмжлэгчийн нөхөр байсан. 2019.11.06-ны өдөр О-ийн нөхөртэй нь очиж уулзаад захиалга авсан. 2019.11.15-ны өдөр ажил олгогч дипломыг нь өгөөд төлбөр болох 3 900 000 төгрөгийн өөрийн данс руу шилжүүлэн авсан. Мөнгө орсон дариуд би өөрийн ажлын хөлс болох 200 000 төгрөгийг авч, үлдэгдэл 3 675 000 төгрөгийг ажил олгогчийн эхнэрийн 5848119585 Б.Э гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн боловч ажил олгогчтой 12 сарын 28-ны өдрөөс хойш холбогдох гэж үзсэн боловч чадаагүй учраас 2020.01.23-ны өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн 1 хэлтэст өргөдөл гарган уг хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд ажил олгогчийг эрэн сурвалжилж байгаа. Бодит байдал дээр О бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээ бол хуурамч гэрээ байсан. Түүний надад шилжүүлсэн мөнгийг ч би бүхэлд нь аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг, хүү 624 000 төгрөг, нийт 4 524 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, их сургуулийн диплом гаргуулахаар шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 888 000 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 11 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-д 3 900 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй байхаар зээлсэн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 4/

 

Дээрх гэрээг талууд зээлийн гэрээний агуулгаар бус их сургуулийн диплом гаргуулах зорилгоор байгуулж, түүний төлбөр болох 3 888 000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-ийн Хаан банкны  тоот дансанд 2019 оны 11 сарын 16-ны өдөр 3 888 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

Тодруулбал, талуудын хэн алинд зээлийн гэрээ байгуулж, зээл өгөх, авах хүсэл зорилго байгаагүй ба харин их сургуулийн диплом гаргуулах үйлдлийг нуух зорилгоор, түүний төлбөрт шилжүүлэх мөнгийг дээрх зээлийн гэрээгээр халхавчилж, шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Г.Ж нь ...Мөнгө орсон дариуд би өөрийн ажлын хөлс болох 200 000 төгрөгийг авч, үлдэгдэл 3 675 000 төгрөгийг ажил олгогчийн эхнэрийн Б.Э гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн боловч ажил олгогчтой 12 сарын 28-ны өдрөөс хойш холбогдох гэж үзсэн боловч чадаагүй учраас 2020.01.23-ны өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн 1 хэлтэст өргөдөл гарган уг хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд ажил олгогчийг эрэн сурвалжилж байгаа. Би мөнгийг бүхэлд нь аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх тайлбарыг гаргаж, маргасан нь үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд их сургуулийн диплом гаргаж өгөх тохиролцоо хийгдэж, улмаар түүний төлбөрт 3 888 000 төгрөг шилжүүлэн авч, диплом гаргаж өгсөн боловч тэр нь хуурамч байсан үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч О.Онь хариуцагч Г.Ж-д шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч тал гэрээний дагуу шилжүүлсэн 3 900 000 төгрөг гэж тайлбар гаргаж нэхэмжилсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаар 3 888 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж, хариуцагч Г.Ж-с 3 888 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-т олгож, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ж-с 3 888 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.О-т олгож, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж-с улсын тэмдэгтийн хураамжинд 77 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ