Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 00894

 

 

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Г -т холбогдох

 

6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Ц.Г, гэрч Ч.Т, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х нь 2018 оны 01 дүгээр сард Ц.Г тэй уулзахад Fivewindsam буюу хөрөнгө оруулалтын компанийг санал болгосон. 7 хоног бүр мөнгөө өсгөж авдаг, хөрөнгө оруулалтын компани гээд цалингийн зээл авчих,өсгөөд өгнө гэж хэлсэн. 5 000 000 төгрөгний цалингийн зээл авч, өөрийн хуримтлуулж байсан 1 000 000 төгрөгийг нэмж, нийт 6 000 000 төгрөгийг Ц.Гийн Хаан банкны 5090210211 дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж хэлээд Fivewindsam цахим хуудас руу орж шалгадаг гэсэн. Өгсөн кодоор нь орж үзэхэд евро өсөөд байдаг. Авах гэхээр авч болдоггүй. Өнөөдрийг хүртэл гар дээрээ нэг ч төгрөг аваагүй. Банкин дээр данс нээлгээгүй, виза байхгүй. Очоод уулзахаар удахгүй Монголын нэг банктай гэрээ хийгээд мөнгөө авах боломжтой болно. Мөн виза карттай болохоор мөнгө авах боломжтой болно. Мөнгө өгснөөс хойш 6 сарын дараа карт бэлэн болно гээд одоо сарын дараа гэж удаа дараа нэг нэг сараар хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Чиний мөнгө өсөөд монгол мөнгөөр 60 000 000 төгрөг болчихсон. Тэвчээртэй хүлээж бай гэдэг. Би цалингийн зээл авч энэ мөнгийг өгсөн болохоор цалин ахуй амьдралд хүрэхгүй их хэцүү байна. Цаашид дахин хүлээж чадахгүй учраас Ц.Гээс 6 000 000 төгрөгийг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр хэрэгт цугларсан бичгийн баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргана. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэрэг хүчингүй болж байсан. Хэрэгт хариуцагчийн дансны хуулга байгаа. Тэр дансны хуулгыг харахад 2018 оны 02-р сарын 14-ний өдөр Ц.Г ийн данс руу 6 000 000 төгрөгийг Хишигтогтох хийсэн байгаа. Ц.Г тэр 6 000 000 төгрөгийг тэр өдөртөө буцаагаад 14 иргэний дансанд 2.000.000 гаруй төгрөг хийсэн байсан. Энэ нь Ц.Г ийн өөрийн дансны хуулгаар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар бичгийн нотлох баримт монгол хэл дээр явагдана. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь гадаад хэл дээр буюу хуулбар хувиуд байгаа. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас харахад нэр дээр евро байршуулсан гэж харагдаж байгаа боловч хамгийн гол нь шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг Ц.Г бусдад тараагаад дуусгасан. Тэгэхээр еврог нь хаана байршуулсан юм. 6.000.000 төгрөгийг нь авч тэр мөнгөөрөө евро аваад мөнгийг байршуулсан баримт нь хаана байгаа юм бэ? тэр баримт нь байхгүй байна. Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа. Шаардах эрх нь иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар шаардах эрх гарч ирсэн. Д.Х дансанд мөнгийг хийсэн. Ц.Г харин тэр мөнгийг өөр бусдын данс руу шилжүүлсэн байна. Д.Хөмнө ямар ч үүрэг үүсээгүй. Бусдын мөнгийг хууль бусаар аваад бусдад тараах ёс суртахуун, дүрэм журам байхгүй. Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр хийсэн бүх зүйлүүдээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Уг мөнгийг хууль бусаар авсан гэж ойлгох боломжтой. Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар Ц.Г 6.000.000 төгрөг авсан. Мөнгөний үнийн дүнгийн байдлаар хөрөнгөжсөн. Харин Д.ХИргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар хүүг нэхэх боломжтой. Өгсөн мөнгөө л бодитой нэхсэн. Д.Хданс нээсэн, хүү нь бодогдсон учраас уг компанийг байдаг эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах боломжтой гэж шүүх шийдвэр гаргасан байна. Иргэн хүн өөрийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хандах төрийн байгууллагаа өөрөө сонгоно. Тэр хүн сонгоод шүүхэд хандаж байхад шүүх ингэж шийдсэн нь үнэхээр буруу байна. Хариуцагч Ц.Г хэргийн материалтай танилцаагүй байсан. Тийм учраас хариуцагчийн эрх зөрчигдсөн учраас шийдвэр хүчингүй болж байсан. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Г нь Д.Хнэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг бичиж байна. 2017 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Л.Г, Ш.Д, Н.Ц нарын гурван хүн ирж Эрдэнэт хотын иргэдэд Fivewindsam буюу Кабо Верда улсад төв нь орших хөрөнгө оруулалтын компанийн тухай танилцуулга хийсэн юм. Тус компани нь ОУ-ын түвшинд санхүүгийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын сан явуулах ажиллуулах зөвшөөрөлтэй дэлхийн зах зээл дээр 10 жил ажилласан дэлхийн 70 гаруй орны 650.000 хөрөнгө оруулагчтай маш том компани байсан. Мөн онлайн комперенц байнга хийдэг. Тайвань, Хятад, Вьетнам, Орос, Герман зэрэг оронд хийсэн болно. Дэлхийн олон хүн цолонд хүрч 20.000 -1 сая евро авсан байсан. Хувь хүний хөрөнгө оруулалтыг жилд 2-3 дахин өсгөж өгдөг. Компанийн хөрөнгө оруулалт Хятадын хүнс, хөдөө аж ахуй, Африкийн цагаан алт, алмазны уурхайд хөрөнгө оруулалт хийдэг. Д.Хгэдэг энэ залууг би сайн мэдэхгүй. Гэхдээ манай засварын газраар орж, гарч хүүг маань ахаа энээ тэрээ гээд л гүйж явдаг залуу. Би энэ залууг дуудаагүй, утасдаагүй, гэрээс нь очиж авчраагүй. Нэг өдөр өөрөө л ажил дээр ороод ирсэн. Таны энэ хөрөнгө оруулалтын ажлыг сонирхож явна гээд бидний мөнгө ногдлоороо өсч байдаг учир бид заавал энд хүн оруулах гээд байх шаардлагагүй болохыг тайлбарлаж өгсөн. Бид хүнийг шахдаггүй гэхэд “таалагдаж байна, би найз охинтой болсон бөгөөд одоо байрны мөнгөтэй болмоор байна” гэж ярьж байсан. Тэгэхээр нь “хэрэв хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол гэрийнхэнтэйгээ сайн ярилцаарай, хөрөнгө оруулалт бол эрсдэл, эрсдэлээ өөрөө хариуцдаг юм шүү, за тэгээд өөрөө л мэдэх хэрэг” гэж хэлээд гаргасан. Дахиад офисс дээр ирсэн. Тэгээд 2 430 еврогийн багц хэдэн төгрөг болох вэ? гээд бас ойр зуурын юм асуугаад гарсан. Гурав дахь удаагаа манай гэрт ороод ирсэн. Тэгээд та надад 2.430 еврогийн багц ногдол ашгаар нь буцаагаад өсгөвөл хэдий хугацаанд 7 290 еврогийн багц болох вэ? тооцоолоод өгөөч гэсэн. Ингээд би тооцоог нь гаргаж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цалингийн зээл авлаа гэхдээ 2.430 еврогийн багц авч хүрэхгүй нь 6.000.000 төгрөгөнд багц авъя гэж ирсэн. Дахин тооцоо гаргаад 2018 оны 09 дүгээр сар дуустал ногдол ашгаа авахгүйгээр өсгөөд 7.290 багцтай болох зорилго тавьсан. Ингээд мэйл хаяггүй учир хаяг нээж өгөөд Fivewindsam компанид бүртгээд хүмүүсийн ногдол ашгаас евро авч тэр өдөрт нь хөрөнгө оруулалтыг байршуулж өгсөн. Ээж маань зөвшөөрсөн гээд ээжийнхээ иргэний үнэмлэхтэй ирж ээж дээрээ 90 еврогийн багц бас байршуулсан. Үүнээс хойш 7 хоног бүр ногдолоо надаар багц руугаа хийлгэж өөрөө сайт руугаа орж харсаар яваад 2018 оны 09 дүгээр сард 7.290 еврогийн багцтай болсон. Д.Ххөрөнгө өсөөд 21 870 евор болсныг өөрөө бас мэдэж байгаа. Компани мөнгө тавиад эхлэхэд энэ залуу маш өндөр орлоготой болох юм. Энэ хугацааны ногдол ашиг нөхөж орж ирнэ гэж байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад яагаад намайг шүүхэд өгсөнд гайхаж байна. Энэ хүн 6.000.000 төгрөгт багц авах зорилгоор надад мөнгө өгсөн. Би өдөрт нь байршуулж өгсөн. Өөрөө хүсэж хөрөнгө оруулалт хийсэн. Багцаа өсгөж 7290 евро болгох зорилготой байсан бол харин энэ хугацаанд өсч 21 870 евро болсон. Өөрөө ногдол ашиг авахгүйгээр явъя гэж шийдсэн. Д.Хч, би ч бусад олон мянган Монголчууд мөн дэлхийн 70 гаруй орны 650.000 хөрөнгө оруулагчид компанийн шинэчлэл дуусахыг хүлээж байна... Fivewindsam компанид Монгол улсаас 40 000 хүн хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд гарсан байдаг. Хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийгээд өсгөх эрх нь хувь хүнд нээлттэй байдаг. Би 3 хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө 20000000 төгрөгийг байршуулсан. 7 хоногт 4-6 хувиар байршуулсан хөрөнгөөс хамаарч ноогдол ашиг олгодог байсан. Жишээ нь 1000 евро байршуулсан байлаа гэхэд 7 хоногийн ноогдол ашгийг авдаг. Хөрөнгө оруулалт нь Хятадын хүнс хөдөө аж ахуй, Африк улсын цагаан алт, алмазны уурхайд хөрөнгө оруулалт нь хийгдсэн. Бидний хувьд 200 хүн баг болоод ажиллаж байсан. Компаний хувьд дотоод гүйлгээгээр ноогдол ашгаа гаргаж авахыг зөвшөөрдөг байсан. Д.Х7 хоног болгон интернет орж үздэг байсан, миний мөнгө ингэж өсдөг байсан гэдгээ бичсэн байгаа. ... Мөнгө нь яаж өсөх талаар би хэлж өгсөн. Ээж чинь 90 еврогоор орно, араас нь чи орчихоор чиний 7 хоног болгон орж ирсэн ноогдол ашгаас ээжид чинь давхар урамшуулал ороод байна. Тэгэхээр чиний мөнгө хурдан өснө гэж хэлсэн. 2019 оны 04-р сард энэ Fivewindsam компанид асуудал гарсан. Уг компанийг хуулийн байгууллага шалгахаар болсон. Fivewindsam компани шүүхээр их шалгагдсан. Уг шүүхийн шийдвэрийг португал хэл дээр монгол талын оруулж ирсэн хүмүүс файлаар над руу явуулсан. Мөн орчуулгыг нь явуулсан. Үүнийг хэрэгт би өгсөн байгаа. Fivewindsam компани мөнгө угаалт хийгээгүй гэдэг нь тогтоогдчихсон. Бид нарт мэдээлэл ирэхдээ Fivewindsam компани шинэчлэл хийж бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, мөн байршлаа өөрчилж байгаа учраас 2020 оны 04-р сараас ажиллагаа хэвийн болж хүмүүсийн ноогдол ашгийг өгч эхэлнэ гэсэн хариу ирсэн. 6 000 000 төгрөг нь компаний данс руу орсон. Дотоод гүйлгээгээр ноогдол ашгаа авч болно гэдэг нь хүн болгонд 7 хоног болгон ноогдол ашиг ордог. Шинээр орж ирсэн хүний мөнгийг тэр хүмүүстээ тарааж, тэр хүмүүсийн 7 хоногт орсон ноогдол ашгуудыг нийлүүлж шинээр орсон хүнд евро болгож хийдэг байсан. 3 өдрийн хугацаанд хүмүүсийн ноогдол ашиг орж, тэр ноогдол ашгийг би цуглуулж Д.Хдансанд еврог байршуулж байсан.. Би нэг ч төгрөг энэ хүүхдийн мөнгөнөөс аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Fivewindsam компаний талаар сайн судлах ёстой байсан гэж бодож байна. Д.Хонлайн данс нээгдчихсэн байгаа. Үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхээд байна. Шүүх үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х-нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Хариуцагч Ц.Г нь 2018 оны 01 дүгээр сард “Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааны талаар, 7 хоног бүр ногдол ашиг хуваарилдаг, мөнгөө богино хугацаанд өсгөж авах боломжтой талаар” Д.Хтанилцуулахад нэхэмжлэгч Д.Хкомпанийн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголт авч уг Fivewindsam компанид 6000000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж, еворгийн багц авахаар Ц.Гийн Хаан банкны 5090210211 тоот дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 6000000 төгрөг шилжүүлсэн болох нь Голомт банктай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ4005113129 дугаартай цалингийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, Ц.Гийн Хаан банкин дахь 5090210211 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны зарлагын мэдүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 2-3, 5, 6, 29/

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Г-ийн Хаан банкин дахь 5090210211 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар, гэрч Д.Ц-ын мэдүүлгээр Ц.Г нь Д.Хшилжүүлсэн 6000000 төгрөгийг Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалтын компанид шилжүүлэхгүйгээр хүмүүст ногдол ашиг хэлбэрээр өөрийнхөө данснаас шилжүүлж тарааж өгсөн болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчийн “... Д.Ххаяг нээж Fivewindsam компанид бүртгээд, хүмүүсийн ногдол ашгаас евро авч тэр өдөрт нь хөрөнгө оруулалтыг байршуулж өгсөн... 6 000 000 төгрөг нь компаний данс руу орсон...” гэх тайлбар няцаагдаж байна. Мөн хариуцагчийн хариу тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Хнь мөнгөө өсгөж, ашиг олох зорилгоор Fivewindsam гэх гадаадын хөрөнгө оруулалтын компанид 6000000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ц.Г-ээр дамжуулан хийлгэхээр Ц.Г-т 6000000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч Ц.Г нь уг мөнгийг тухайн компанийн дансанд бодит байдлаар шилжүүлээгүйн улмаас Д.Х уг компаниас ашиг авч, мөнгөө өсгөх хүсэл зориг нь биелээгүй байна.

 

Хариуцагч Ц.Г нь “...би Д.Хавсан 6000000 төгрөгийг өөртөө авч зарцуулаагүй, хүмүүст ногдол ашиг хэлбэрээр тарааж өгсөн, энэ бол онлайн хөрөнгө оруулалт, Д.Хмөнгө нь өссөн, одоо ногдол ашгаа компаниас авах бүрэн боломжтой...” гэх тайлбар гаргаж, нотлох баримтаар Бүгд найрамдах Кабо Верде улсын “Fivewindsam” гэх компанийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд, Д.Хуг компанид албан ёсоор  хөрөнгө оруулагчаар бүртгэсэн гэх баримтуудыг гаргаж өгсөн боловч хэргийн 21-46, 108-140 дүгээр талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, гадаад хэл дээрх баримтыг албан ёсны эрхтэй байгууллагаар орчуулуулж, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан үндэслэл бий болсон байх тул хариуцагч Ц.Г-т шилжүүлсэн 6000000 төгрөгийг буцаан шаардах эрх Д.Х үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.Г ээс 6000000 төгрөг гаргуулан Д.Х олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г ээс улсын тэмдэгтийн хураамж 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.Г-ээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Х-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ