Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02769

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02769

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Х ХХК /РД:/-д холбогдох,

 

Бусдын хууль эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат, гэрч Д.Хишигдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов. 

 

Нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 оны 6 сард манай байгууллагаас бизнесийн зориулалтаар, эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг хүссэн, энэ дагуу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж зээлийг нь олгосон. Х ХХК нь зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, Мансардны ХВ-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг Х дүгээр байрны Мансардны ХВ-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг Х дүгээр байрны ХВ-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Х дүгээр байрны Мансардны ХВ-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнээс хойш зээлдэгч байгууллага нь үндсэн зээлээ огт төлөхгүйгээр зөвхөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тодорхой хэмжээний мөнгө төлж, 3 жил орчим хугацаа өнгөрсөн тул 2015 онд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн боловч Дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь манай байгууллагад эвлэрэн хэлэлцэх санал тавьж, шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Х ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөний оронд анх зээлийнхээ барьцаанд барьцаалж байсан, дээрх 4 үл хөдлөх хөрөнгөө манай компанид шилжүүлэхээр болсоноор шийдвэр биелэгдсэнд тооцсон. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, Мансардны ХВ-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг Х дүгээр байрны Мансардны ХВ-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн уг Х дүгээр байрны ХВ-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Х дүгээр байрны Мансардны ХВ-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц гэсэн нийт 4 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт даалгасан. Энэ дагуу Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагад Улсын бүртгэлийн гэрчилгээ 4 ширхгийг олгосон болно. Ийнхүү 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8 сар гаруйн хугацаа өнгөрөхөд Х ХХК-ийн захирал Б.Батзаяатай маш олон удаа уулзаж, дээрх 4 ширхэг орон байрыг манай компанид суллаж, чөлөөлөх шаардлагыг тухайн компани болон дөрвөн байранд амьдраад байгаа Х ХХК-ийн ажилчид гэх хүмүүст удаа дараа өгч байсан бөгөөд компанийн захирал Б.Батзаяа нь хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх 4 орон байрыг суллаж өгнө гэсэн протокол дээр өөрөө гарын үсгээ зурж өгч байсан. Уг байранд Х ХХК-ийн ажилчид амьдарч байсан бөгөөд сая шүүхийн журмаар хамтран хариуцагчаар оролцуулах ажиллагааг хийсэн боловч уг байранд Хишигдолгор гэх хүнээс өөр хүн байдаггүй юм билээ. Хороонд бүртгэл байхгүй, харин Л.Бат-Эрдэнэ нь СӨХ-тэй өөрийн нэрээр гэрээ байгуулж, төлбөрийг нь төлдөг юм билээ. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, энэ хүн нь уг байрнуудад түрээсээр хүмүүс амьдруулдаг гэсэн. Иймд хамтран хариуцагч Л.Наранцэцэг, Д.Хишигдолгор, Ц.Отгонцэцэг нараас татгалзаж, гэрчээр Д.Хишигдолгорыг оролцуулах хүсэлтийг гаргаж байна. Иймд хариуцагч Х ХХК нь дээрх 4 орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр тайлбар ирүүлээгүй байна.

 

Гэрч Д.Хишигдолгорын мэдүүлгийг сонсож, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, Мансардны ХВ-1 тоот байршил бүхий 37.50 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Мансардны ХВ-4 тоотод байршил бүхий 40.70 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн ХВ-5 тоотод байршил бүхий 40.90 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, ХВ-6 тоотод байршил бүхий 42.80 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2012 оны 06 сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсч, талууд маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж, улмаар уг зээлийн барьцаанд барьцаалсан 4 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанид шилжүүлж өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх эвлэрлийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, мансардны ХВ-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны ХВ-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны ХВ-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны ХВ-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнууд нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэр дээр 2018 оны 3 сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байх ба эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан байна./хх-ийн 6-10/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгч М ХХК нь хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, мансардны ХВ-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, уг байрны мансардны ХВ-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны ХВ-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны ХВ-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч нь дээрх орон сууцнуудад өөрсдийн ажилчид болох нэр бүхий иргэд амьдарч байгаа талаар шүүх хуралдаануудад тайлбар гаргаж байсан байх ба гэрч Д.Хишигдолгорын ...уг мансардыг Х ХХК нь ажилчиддаа зориулж барьсан бөгөөд манайх Х В-1 тоотод 10-аад жил амьдарч байна. Манай нөхөр Х ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажлаа хийж байгаад нас барсан. Захирал Л.Бат-Эрдэнэ манайд байр өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн, сар бүр 50 000 төгрөгийг Л.Бат-Эрдэнэд өгдөг. Бусад байрнуудад ямар хүмүүс амьдардагийг мэдэхгүй, түрээслээд байдаг юм шиг байна лээ. гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х ХХК нь эзэмшилдээ байлгаж, холбогдох төлбөр тооцоог хариуцан хийж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Х ХХК-ийн зөвшөөрлөөр өөрсдийн нь ажилчид тухайн орон сууцанд амьдарч байгаа, уг сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч дэмжсэн албан бичгүүд хавтаст хэргийн 30,31-р талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэх тайлбарыг өгч, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ бичгээр гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байх тул/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, Х дүгээр байр, мансардны ХВ-1 тоотод байршилтай 37,50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мансардны ХВ-4 тоотод байршилтай 40,70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны ХВ-5 тоотод байршилтай 40,90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны ХВ-6 тоот хаягт байршилтай, 42,80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Х ХХК-ийн эзэмшлээс тус тус албадан чөлөөлсүгэй.

                                         

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ