Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00108

 

Э.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд  даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаар магадлалтай,

 Э.Хын нэхэмжлэлтэй

Б.Б, “Б.М.Б” ХХК нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 32,275 ам.доллар буюу 87,099,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Б болон  “Б.М.Б” ХХК-д холбогдуулан зээл, хүү, алдангид нийт 32,275 ам.доллар буюу 87,099,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Б.Б “...“Б.М.Б” ХХК-ийн нэрийн өмнөөс 2019.04.16-ны өдөр 15,000 ам.долларыг Э.Хоос авч арилжаанд оруулж, 2019.05.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж,

 Хариуцагч “Б.М.Б” ХХК “...үндсэн төлбөр болох 15,000 ам.доллар буюу 40,078,350 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 15,000 ам.долларыг анх авахдаа хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй, 2019.05.16-ны өдөр зээлийн сунгалтын гэх гэрээг байгуулсан боловч бодитоор 19,500 ам.долларыг хүлээн аваагүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж” тус тус маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, “Бит могул блокчейн” ХХК нараас 66,380,407 /жаран зургаан сая гурван зуун наян мөнгө дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,718,733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, “Бит могул блокчейн” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 489,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Бит могул блокчейн” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,470 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг” эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа: “...Хэдийгээр гэрээний толгой хэсэгт гэрээг Э.Х, Б.Б, “Бит могул блокчейн” ХХК-ийн хооронд байгуулж байгаа талаар заасан ч гэрээний гарын үсэг зурах хэсэгт “Бит могул блокчейн” ХХК-ийг төлөөлж Б.Б гарын үсэг зурж тус компанийн тэмдгийг даржээ. Б.Б компанийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. Талууд гэрээний 4.1-д компанийн бизнес төлөвлөгөө болон гэрээний нууцлалыг хадгалахаар үүрэг хүлээсэн, гэрээнд компанийн тэмдэг дарагдсан, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг тул Б.Бат-Эрдэнийг хуулийн этгээдийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд харин тэрээр иргэнийхээ хувьд гэрээнд гарын үсэг зураагүй байна. Иймд Б.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ...” гэжээ.

4.2 Гэвч дараах үндэслэлээр хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Нэг. Зээлийн гэрээний эхлэл хэсэгт “...Нэг талаас иргэн Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ /регистр ФБ96041418/ РД:6347185 “Бит могул блокчейн” ХХК /цаашид “зээлдэгч” гэх/, нөгөө талаас Энхбаяр овогтой Хонгор /цаашид “зээлдүүлэгч” гэх/” гэж бичсэн байгаа. Энэхүү бичилтээс үзвэл зээлдэгч тал нь хоёр этгээд болох нь тодорхойлогдоно. Үүнийг ч анхан болон давж заалдах шатны шүүх зөвшөөрсөн. Зээлдүүлэгч ч эхнээсээ компани болон хувь хүнтэй буюу хоёр этгээдтэй гэрээ байгуулж байгаа гэж ойлгож байгуулсан. Зээлдэгч ч өөрөө ийм утгаар тайлбарласан байдаг. Гэвч гарын үсэг зурах хэсэгт Б.Бат-Эрдэнийн зурсан гарын үсгийг зөвхөн компаниа төлөөлж зурсан, өөрийгөө төлөөлж гарын үсэг зураагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, гэрээг иргэн Б.Бэс гадна компанитай давхар хийж байгаа учраас компанийн тэмдэг дарагдах ёстой. Тийм ч учраас гэрээний хуудас бүрт компанийн тэмдэг дарагдсан. Мөн санхүүгийн тэмдэг нь ч дарагдсан байгаа, Харин Б.Бат-Эрдэнийн гарын үсэг зурагдсан хэсэгт компанийн тэмдэг байгаа хэдий ч “компанийг төлөөлж” гэж тэмдэглэгдээгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар иргэн Б.Б болон “Бит могул блокчейн” ХХК-иуд нь хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн.

Хоёр. “...Б.Б компанийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон...” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл хариуцагч Б.Б нь хэрэг шүүхэд хянагдаж байх үед буюу 2020.01.08-нд “Бит могул блокчейн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байдаг. Харин гэрээ хийгдсэн 2019.05.16-нд “Бит могул блокчейн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Тунгалаг овогтой Тамир ажиллаж байсан. Тиймээс хариуцагч Б.Б нь “Бит могул блокчейн” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй. Давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсгийг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын “хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг” хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагч “Б.М.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч “Бит могул блокчейн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах би эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”..., мөн хуулийн 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”..., мөн хуулийн 282.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”... гэж заасны дагуу зээлийн гэрээг Э.Х болон “Бит могул блокчейн” ХХК-ийн хооронд байгуулагдсан, гэрээнд хуульд заасны дагуу бичгээр алданги төлөх талаар тусгагдсан тул 66,380,407 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд талууд Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориггүй байсан, үүнийгээ 2019.08.02-ны өдрийн тооцоо нийлсэн актад үндсэн мөнгөнөөс авах 15,000 ам.доллар, ашгаас авах мөнгө нь 6,450 ам.доллар гэсэн нь талуудын хооронд зээл бус хөрөнгө оруулалтын харилцаа байсан, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар нь 2019.04.16-ны өдөр бичгээр огт гэрээ хийгдээгүй, 2019.05.16-ны өдөр 19,500 ам.долларын хэлцэл огт хийгдээгүй дүр үзүүлсэн баримт үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

5.2 Иргэний хуулийн 282.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд шүүх тогтоосон тохиолдолд уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг нягтлах ёстой. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”... гэж заасныг анхаарах хэрэгтэй. 2019.05.16-ны өдөр 19500 ам.долларын гэрээ хийгдээгүй, уг мөнгийг зээлдэгчид өгөөгүй. Гэтэл шүүх гэрээг талууд хэдийд ч нөхөж хийх эрхтэй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, шилжүүлэгдээгүй мөнгийг зээлийн гэрээний мөнгө гэх, эсхүл өмнө сарын өмнө хөрөнгө оруулалтын аман хэлцлээр өгсөн мөнгийг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө гэх ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэхүү 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээ нь хөрөнгө оруулалтын амаар тохиролцсон хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл юм. Хариуцагчийн зүгээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзээгүй, харин анхан, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн татгалзалтай холбогдуулан тайлбарласан болно.

5.3 Байгуулаагүй зээлийн гэрээний “2019.05.16-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу сарын 10 хувийн хүү бодож”, 16500 ам.доллараас алданги бодож “Бит могул блокчейн” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Бит могул блокчейн” ХХК нь Э.Хын хөрөнгө оруулахаар амаар тохиролцож өгсөн 15,000 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн 2019.08.29-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1 ам.долларыг 2671.89 төгрөгт бодож 40,078,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 26,302,057 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б болон “Бит могул блокчейн” ХХК-аас 66,380,407 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,718,733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх Б.Б зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэн, түүнээс төлбөр гаргуулсныг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 8. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээ нь Э.Х болон хариуцагч “Бит Могул блокчейн” ХХК-ийн хооронд байгуулагдсан, харин хариуцагч Б.Б уг гэрээний оролцогч тал биш, зөвхөн тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гэрээнд гарын үсэг зурж оролцсон гэж үзсэн нь учир дутагдалтай, тус шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэв.

 10. Анхан шатны шүүхийн дүгнэснээр хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн актаар хариуцагч нар нэхэмжлэгчийн өмнө Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хамтран үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээнд нэг талаас буюу зээлдэгч иргэн Б.Б болон “Бит Могул Блокчейн” ХХК гэж, нөгөө талаас зээлдүүлэгч Э.Х гэж тусгагдсанаас гадна талуудын тооцоо нийлсэн тухай баримтад мөнгийг Б.Бд өгсөн, тэрээр буцаан төлөх гэж тодорхойлжээ.

 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог ба гэрээний талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нар хамтран үүрэг гүйцэтгэгч мөн.

 Иймд энэ талаар гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгов.

 11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Талууд анх хамтран ажиллаж хөрөнгө оруулж, олсон ашгаа хуваахаар тохирсон боловч хожим нь энэ үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, сард 10 хувийн хүү авах, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэсэнтэй нийцжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болж шинэ үүргийн харилцаа үүссэн байна.

 12. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, иймээс зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

 13. Энэ маргааны хувьд зохигч өмнөх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу мөнгө шилжигдээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 14. Харин зээлийн гэрээнд үндсэн зээлийг анх хөрөнгө оруулалт хэлбэрээр хариуцагч нарт шилжүүлэн өгсөн 15,000 ам.долларыг ашиг 4,500 ам.долларын хамт нийт 19,500 ам.доллар байхаар тусгасан хэдий ч ийм хэмжээний ашгийг хариуцагч өгөх үндэслэл тогтоогдоогүйгээс шүүх 15,000 ам.доллар, гэрээгээр тохирсон нэг сарын 10 хувийн хүү 1500 ам.доллар, гэрээний 6.2-т “хугацаа хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алдангид 8,250 ам.доллар, нийт 24,750 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 66,380,407 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 Иймд хариуцагчийн хүү, алданги гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б.М.Б” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах/-ийн 2020.05.26-ны өдөр төлсөн 289,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Х /өмгөөлөгч Г.Баасансүрэн/-ын 2020.05.25-ны өдөр төлсөн 489,900 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                Б.МӨНХТУЯА