Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02524

 

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02524

Улаанбаатар хот

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Ц ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат, гэрч Д.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц ХХК нь 2010 оноос хойш Монгол Улсын геологи хайгуулын салбарт геологи хайгуулын консалтинг, хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр эрчимтэй ажиллаж, тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж буй компани юм. Хариуцагч Т ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр манай компанитай холбогдож өөрийн эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын нутаг Х гэх газарт байрлах Х тоот хайгуулын талбайд хайгуулын ажил гүйцэтгүүлэхээр санал тавьсан. Т ХХК-ийн хүсэлтээр манай компанийн зүгээс хариуцагчийн хайгуулын талбайд соронзон гажил, цахилгаан хайгуулын зүсэлт, цахилгаан соронзон гажил тогтоогдсон хувирлын бүсийн сонирхол татах хэсгүүдэд хүдрийн биетийг хайх зорилгоор хайгуулын налуу цооног төлөвлөж, баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг, Х Х тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг манай зүгээс боловсруулж, гарын үсэг зурж, тамга даран Т ХХК-д хүргүүлсэн. Т ХХК-ийн зүгээс гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ажлын урьдчилгаа 100 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид төлж, ажлаа яаралтай эхлүүлэхийг хүссэн. Т ХХК-ийн хүсэлтийн дагуу манай компанийн зүгээс энэхүү ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн геологичид, өрөмдлөг-техникийн багийг Ховд аймгийн Булган суманд томилон ажиллуулсан. Манай ажилчид 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 2016 оны 1 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Булган сумын нутаг Х гэх газарт нийт 5 цооног өрөмдөж, тус цооногуудаа захиалагч буюу Т ХХК-ийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байдаг. Манай хийж гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 373 880 000 төгрөг болсон бөгөөд энэхүү төлбөрөөс урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 273 880 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Т ХХК-аас шаардахад удахгүй төлнө, түр хүлээгээч гэсэн хариуг хэлж өнөөдрийг хүрсэн ч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсангүй. Т ХХК-ийн хийж гүйцэтгүүлсэн ажил нь Монгол Улсын баруун хязгаарт, цаг уурын хүн нөхцөлд байсан ч манай компанийн геологичид, өрөмдлөг-техникийн баг хүчин чармайлт гарган ажиллаж ажлын үр дүнг захиалагч компанид хүлээлгэн өгсөн. Гэвч Т ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан ч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүгээ биелүүлсэнгүй. Иймд Т ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 273 880 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 11 сард Ховд аймгийн Булган сумын нутаг Х гэх газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулагдаж, харилцан тохиролцсон ёсоор 100 000 000 төгрөгийг тухайн үед ажлын гүйцэтгэлийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс ... гэх боловч талуудын хооронд ийм гэрээ байгуулагдаагүй. Мөн гэрээнд дурдагдсан 45 374 880 төгрөг гэх утга байхгүй. 2015 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2018 онд ажлыг хийж дуусгасан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар Т ХХК-иас Ц ХХК нь тухайн гэрээтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөр шаардаж, албан бичиг хүргүүүлж байгаагүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх гэрч Д.Даваадоржийн мэдүүлэгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 273 880 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц ХХК-тай урьд нь итгэлцлийн үндсэн дээрх олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд манай Т ХХК-д санал тавьсны дагуу Ховд аймгийн Ховд аймгийн Булган сумын нутаг Х гэх газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ажлын урьдчилгаа 100 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид төлж, ажлаа яаралтай эхлүүлэхийг хүссэн. Манай хийж гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 373 880 000 төгрөг болсон бөгөөд энэхүү төлбөрөөс урьдчилгаанд төлсөн 100 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 273 880 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Т ХХК-аас шаардахад удахгүй төлнө, түр хүлээгээч гэсэн хариуг хэлж өнөөдрийг хүрсэн ч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсангүй. гэх тайлбар гаргаж, нотлох баримтаар хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч тал ...Талуудын хооронд 2015 оны 11 сард Ховд аймгийн Булган сумын нутаг Х гэх газарт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулагдаж, харилцан тохиролцсон ёсоор 100 000 000 төгрөгийг тухайн үед ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2015 оны 11 дүгээр сард Т ХХК нь өөрийн эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын нутаг Х Х тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгэтгүүлэхээр Ц ХХК-д санал тавьсны дагуу нэхэмжлэгч Ц ХХК нь 29 хоногийг хугацаанд, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг ажиллаж, 5 цооногийн нийт 1 644,4 т.м ажил гүйцэтгэж, Т ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь гэрч Д.Даваадоржийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Х /Х/ талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан/2016 оны 2 сарын 04/-гаар тогтоогдож байна./1-р хх-ийн 226-250, 2-р хх-ийн /

Харин нэхэмжлэгч Ц ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ 2015 оны 11 сарын 23-ны өдрөөр Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр боловсруулж, гэрээний нийт үнийг 445 000 000 төгрөгөөр тооцож, өөрийн компанийн тамга тэмдэгээр баталгаажуулж, гарын үсэг зурж, хариуцагч Т ХХК-д хүргүүлсэн гэж тайлбар гаргаж, хүргүүлсэн гэх гэрээг хэрэгт ирүүлснийг хариуцагч Т ХХК нь бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд бид хийсэн ажлыг хүлээн авсан бөгөөд талуудын тохирсон ажлын хөлс 100 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбар гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэснээр Т ХХК-ийн захиалгаар Ц ХХК нь ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогджээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд нэхэмжлэгч Ц ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг захиалагч Т ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон талууд энэ асуудлаар маргаангүй байна.

Харин нэхэмжлэгч нь уг ажлыг гэрээнд зааснаар 445 000 000 төгрөгийн хэмжээнд төсөвлөсөн боловч яг бодит байдал дээр бид 373 880 000 төгрөгийн зардал гаргаж уг ажлыг хийсэн бөгөөд урьдчилгаанд өгсөн 100 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 273 880 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг ажлыг хийх хугацаанд гаргасан нийт зардлын тооцоог 166 780 257 төгрөг гэж нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хамт гаргаж ирүүлсэн байна./хх-ийн 161-215/

Нөгөөтэйгүүр, хариуцагч Т ХХК нь ажлын хөлсийг 100 000 000 төгрөгөөр тохирсон тул бид хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж тайлбар гаргасан хэдий ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Эдгээрээс дүгнэхэд талууд ажлын хөлсийг гэрээгээр тохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан ...ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. гэснээр тооцож, хариуцагч Т ХХК-иас ажлын хөлсийг дараах байдлаар тооцож, гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц ХХК нь Ховд аймгийн Булган сумын нутаг, Х Х тоот талбайд хайгуулын ажил гүйцэтгэхээр 2015 оны 11 сарын 24-нөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Улаанбаатар хотоос 1өөрсдийн техник, тоног төхөөрөмжийг авч очиж, нийт 29 хоногийн хугацаанд ажиллахдаа нийт 20 төрлийн /ажилчдын цалин, хоол, бензин, түлш, бараа материал гэх мэт/ зардалд 166 780 257 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ асуудлаар маргасан тайлбар гаргаагүй байна.

Түүнчлэн гэрч Д.Даваадоржийн ...өрөмдлөгийн хэмжээг 1 тууш.метр гэж нэгжээр хэмждэг бөгөөд 2015 онд 1 т.м өрөмдлөг хийхэд 100 000-130 000 төгрөгийн ханштай хийдэг байсан. Би тухайн үед Т ХХК-ийн геологичоор ажиллаж байсан, энэ компанийн хийсэн ажлыг хүлээж авсан хүн нь. гэж мэдүүлсэн, хариуцагч Т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх ажлын талаар хүргүүлсэн тайланд ...өрөмдлөг-баганат ажлын хэмжээ 1644,4 т.м зардал 100 000 000 төгрөг/2-р хх-ийн 29/гэж тайлагнажээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Т ХХК хайгуулын ажлыг 100 000 000 төгрөгөөр хийлгэсэн асуудлаар маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчид хүлээлгэн өгсөн 1 644.4 т.м газарт 5 цооног өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэхдээ гаргасан 166 780 257 төгрөгийн зардлыг ажлын хөлсөнд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 166 780 257 төгрөгийг хангаж, үлдэх 107 997 844 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 166 780 257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 107 997 844 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 526 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд 991 853 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ