Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2020/01084/И |
Дугаар | 001/ХТ2022/00128 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00128
Л.Оын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1349 дүгээр магадлалтай,
Л.Оын нэхэмжлэлтэй
Ч.Бод холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, түүний өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагч Ч.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О хариуцагч Ч.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 7,140,000 төгрөг, нийт 21,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хамтын ажиллагааны гэрээний дагуу ажлын хөлсөнд зээлийн гэрээний үүргийг тооцож дуусгавар болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Боос 20,462,581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 677,419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1349 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ч.Б би анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2017.05.25-ны өдрийн 17/0525 тоот протоколыг хүү тооцсон зээлийн гэрээ гэж дүгнэж, үндсэн зээл, хүүг гаргуулахаар шийдсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь протокол гэдэг бол ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг баримт бичиг биш бөгөөд талуудын яриаг бичгийн хэлбэрт оруулсан тэмдэглэл байдаг. Энэхүү тэмдэглэлийн “шийдвэр” хэсэгт “Батболд нь Голомт банкны зээлийн данс руу зээлээ хааж, Голомт банкнаас зээл хаасан тухай албан тоот авч, байрны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээс зээлийн барьцаанаас хасалт хийлгэсний дараа Л.Отай зээлийн гэрээ хийж, барьцаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлнэ” гэж бичсэнээс үзэхэд энэ нь хүү тооцсон зээлийн гэрээ биш, миний байрны гэрчилгээг улсын бүртгэлээс зээлийн барьцаанаас хасалт хийлгэсний дараа хүү тооцсон зээлийн гэрээг ирээдүйд байгуулахаар харилцан ярилцаж байсныг нотлох баримт юм. Гэтэл шүүх үүнийг хүү тооцохоор харилцан тохиролцсон бичгийн гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Л.О нь энэхүү тэмдэглэлийг үндэслэн 14 сая төгрөгт хүү тооцон шаардах эрхгүй юм.
4.2. Анхан шатны шүүх надад хуралдааны товыг мэдэгдээгүйгээс би өөрийн биеэр шүүх хуралдаанд биечлэн оролцож, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг олгоогүй, мөн 2020.05.04-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс захиргааны хэргийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасаар байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг хангаагүй талаар миний бие гомдолдоо бичсээр байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Анхан шатны шүүх “хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Л.Оаас 2017.05.25-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй зээлж авсан нь тогтоогдсон тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр ба талууд гэрээг бичгийн хэлбэрээр баталгаажуулсан, гэрээнд мөнгийг эргэн төлөх хугацааг тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар буюу зээлдүүлэгчийн шаардлагаар хариуцагч үндсэн зээл, хүүг төлөх үүрэгтэй, үүнээс зээлийн хүүд 677,419 төгрөг төлөгдсөн” гэж дүгнэж үндсэн зээл 14,000,000 төгрөг, хүүд 6,462,581 төгрөг, нийт 20,462,581 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж үзжээ.
8. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, түүний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, харин хариуцагч нь мөнгийг буцаан төлөөгүй гэж үзэх үйл баримтын талаарх хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.
9. Хэргийн 7-р талд авагдсан зохигчийн гарын үсэг бүхий “Протокол” гэх баримтад Ч.Б нь өөрийн “Голомт банк” ХХК-аас авсан зээлийг төлж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх зорилгоор Л.Оаас 14,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй зээлэхээр талууд харилцан тохиролцсон агуулга илэрхийлэгдсэн байх тул уг баримтыг үндэслэн шүүх талуудын хооронд зээлийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцлийг бичгийн хэлбэрээр хийсэн гэж үзнэ” гэснийг зөрчөөгүй байна.
10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан, талуудын хооронд гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй байна. Иймд “протокол” гэх баримт нь зээлийн гэрээг бичгээр байгуулсныг нотлохгүй тул хүү гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
11. Зээлийн гэрээнд зээлдэгчийн мөнгийг буцаан төлж үүргээ гүйцэтгэх хугацааг заагаагүй, нэхэмжлэгч нь гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж энэ тухай амаар тохиролцсон гэх боловч уг тайлбарын үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ тохиолдолд гэрээний хугацааг талууд тохиролцоогүй гэж үзнэ, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.
12. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хувьд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох илүү нарийвчилсан хуулийг бус үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон ерөнхий зохицуулалт буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасан “хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй биелүүлэх үүрэгтэй” гэснийг хэрэглэснээс гадна зээлийн хүүг тооцоолох хугацааг буруу тогтоосон, үүнийг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул “зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй гэх гомдлын хүрээнд” хяналтын шатны шүүхээс залруулав.
13. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар буюу ...зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Тухайлбал, үүрэг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардсанаас хойш нэг сарын дараа мөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж хугацааг тодорхойлох юм.
14. Нэхэмжлэгч нийт 34 сарын хүү шаардаж байгаа бөгөөд зохигчийн хооронд зээлийн гэрээ 2017.05.25-ны өдөр байгуулагдсан, үүнээс хойш хариуцагч нь тухайн сард төлөгдөх 7 хоногийн болон 6, 7, 8-р саруудын хүүд нийт 677,419 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар 2017 оны 11,12-р сард талуудын хооронд маргаан үүссэн, энэ үеэс мөнгөө шаардсан байх тул хүүг хуульд заасан журмын дагуу 2018 оны 1 сар хүртэл хугацаанд тооцох үндэслэлтэй. Иймд зээлийн хүүд нийт 2017 оны 9,10,11,12, 2018 оны 01-р сарын нийт 1,050,000 төгрөг /1 сарын 210,000 төгрөг х 5 сар =1,050,000 төгрөг/ гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
13. Анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчиж тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бусдаар төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцжээ.
14. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1349 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “20,462,581” гэснийг “15,050,000” гэж, 2 дахь заалтад “260,262” гэснийг “233,200” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Бын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.07-ны өдөр 263,650 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ